Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00105

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2023/01161/И/

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК,

Хариуцагч:  *** ОНӨГ,

Нэхэмжлэлийн шаардлага: *** худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ***,

Хариуцагчийн төлөөлөгч: ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ***аймгийн *** нарт холбогдуулан *** худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Манай *** л хариуцлагатай компани нь *** сумын ЗДТГ-т 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр товлогдон зарлагдсан*** эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдаанд шалгарсан бөгөөд нийт 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Монгол Улсад 1960 онд ашиглалтад орсон гэх эмийн сангийн барилга, эм, эмнэлгийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, дагалдах тавилга тоног төхөөрөмж, эд хогшил бараа материал зэргийг худалдан авахаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЭЭС\РА-2022 02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн компаний өмчлөлд шилжүүлэн авсан.

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг *** аймгийн ***сумын Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай захирамжаар ***эргэлтийн эмийн сан ОНӨХК-д эмийн сангийн үйлчилгээний зориулалтаар *** дугаар бүхий 639(0.06м2) га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн боловч нэгж талбарын 102370 дугаартай дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа урьд дууссан гэх үндэслэлээр *** хязгаарлагдмал хариуцлагатай компанид газрыг шилжүүлэхээс татгалзсан тул манай байгууллага ***аймгийн *** суманд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн.

Анх манай компанийг тус дуудлага худалдаанд оролцон шалгарч, худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед дээрх газрын эзэмших хугацаа дууссан талаар гэрээний нөгөө тал болох*** аймгийн *** газраас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, бидний зүгээс урьдчилан мэдэх боломжгүй байсан.

Гэтэл ***аймгийн ***р нь дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж, зориуд биднийг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуун дарагдуулах замаар эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг бидэнд худалдаалсанд маш их гомдолтой байна.

Манай компани эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсад Эмийн сан үүсч хөгжсөний 90 жил болох гэж байгаатай холбоотой тухайн эмийн сангийн барилгыг худалдан авч үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Манай байгууллага тухайн барилгыг худалдахаар зар тавигдсан байх үед очиж үзэхэд тухайн эмийн сангийн барилгыг хашаалсан байсан болохоор бид газартай л гэж ойлгож байсан. Газаргүй байсан бол манай байгууллага анхны үнэ нь 10,601,605.87 төгрөгөөр тогтоогдсон барилга, дагалдах эд хөрөнгө, эм эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 80,000,000 төгрөг хүртэл өсгөж, худалдаж авахгүй байсан...гэв.

Хариуцагч *** аймгийн *** газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** эмийн эргэлтийн сан ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоох тухай тогтоолд батлагдсанаар *** сумын эмийн эргэлтийн сангийн дуудлага худалдааны хөрөнгийн нэр төрөлд газар байгаагүй. Эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг Фэйр-валуэшн ХХК үнэлгээ хийж, дуудах доод үнийг тогтоосны дагуу дуудлага худалдаа зохион байгуулагдсан ба дуудлага худалдааны үнэлгээнд газар ороогүй. Тухайн үед дуудлагын худалдаанд оролцогчид зарлагдсан хөрөнгийн мэдээллийг авч дуудлага худалдаанд оролцсон.

Дуудлага худалдаа зохион байгуулагдахад орон нутгийн өмчийн бүртгэлд *** сумын эмийн эргэлтийн сангийн нэр дээр газар бүртгэлгүй байсан. ***сумын эмийн эргэлтийн сангийн газар нь тухайн сумын эмийн эргэлтийн сангийн нэр дээр байгаа тухай мэдээллийг ***сумын эмийн санч нь нуун дарагдуулж байсныг *** ХХК- ийн захирал бидэнд 2023 оны 9 сард газрын гэрчилгээг харуулахад мэдсэн.

Уг дуудлагын худалдааг зохион байгуулахад баримталсан Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан Дуудлага худалдаа зохион байгуулах журмын 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулахтай холбогдсон хууль тогтоомж, журмын заалт, эд хөрөнгө худалдах тухай шийдвэр, дуудлага худалдааг зохион байгуулж, явуулах ажлын хэсгийг томилсон шийдвэрийг танилцуулж, дуудлагын худалдаа эхэлснийг мэдэгдэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ., Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3 дугаар зүйл Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна., 43 дугаар зүйлийн 3.1-т Худалдан авсан эд хөрөнгийн нэр төрөл гэж заасан ба дуудлагын худалдаа зохион байгуулагдаж, гэрээ байгуулагдахад нэр төрөлд газар ороогүй байсан тул *** ХХК-д газрыг олгох нь боломжгүй юм. Хэрвээ **сумын эмийн эргэлтийн сангийн нэр дээр тухайн газар байгаа бол дахин дуудлагын худалдааг зарлаж худалдах нь зүйтэй байна.

Иймд дуудлага худалдаа газаргүйгээр зарлагдаж, зохион байгуулагдсан байхад газрыг авна гэх ***ХХК-ийн нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн худалдааны хөрөнгийн жагсаалтад газар ороогүй байсан талаар мэдээгүй, бид бүгдийг төөрөгдүүлсэн гэж тайлбарладаг. *** аймгийн Эргэлтийн эмийн сан Орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоол дээр дуудах хөрөнгийн нэр, төрөл, жагсаалтыг баталж өгсөн ба тухайн тогтоолын хавсралтад газар ороогүй байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор дуудлага худалдаа явуулах журмыг баталж өгсөн. Тухайн журамд дуудлага худалдаа зохион байгуулагдахад оролцогч тал дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн нэр төрөл, ажлын хэсгийн шийдвэрийг танилцуулах журамтай байдаг. Тэр журмынхаа хүрээнд уг дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгээс жагсаалтыг бүрэн танилцуулсан бөгөөд газар ороогүй талаар тухайн үед мэдэгдсэн учир нэхэмжлэгч тал газар ороогүй талаар мэдээгүй байх боломжгүй. гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар ***, *** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ХААН банкны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, * аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангийн орон нутгийн өмчит ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/49 дүгээр албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдах, худалдан авах тухай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ЭЭС/РА-2022/02 дугаар гэрээ, түүний хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч шүүхэд хариу тайлбар, *** аймгийн *** газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 23 өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/34 дүгээр албан тоот, *** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан ** аймгийн *** сумын Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар захирамж, Газар эзэмших тухай хүсэлт зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Тухайн өдөр дуудлага худалдаа нь бүх сумдад зэрэг явагдсан ба уг дуудлага худалдаанд манай төв байгууллагын захирал, хуулийн зөвлөх нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж оролцсоноос ** аймгийн ***суманд явагдсан дуудлага худалдаанд төв байгууллагын хуулийн зөвлөх оролцсон. Тэрээр барилга нь газаргүй байх боломжгүй гэж үзсэний үндсэн дээр барилгыг худалдаж авсан. Дуудлага худалдаа дууссаны дараа сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нартай уулзаж төр өөрийн өмчөө хүний газар дээр барина гэж байхгүй, манайхаас энэ талаар асуудал ярина, шалгуулна гэж хэлсэн байсан. Үүнээс хойш манайх газрын асуудлаар 2 жил явж байна. Тухайн дуудлага худалдаанд манай хуулийн зөвлөх өөрөө оролцсон, тухайн барилга нь төрийн өмч учир газаргүй байх ямар ч боломжгүй. Хэрвээ газаргүй байсан бол манай байгууллага анхны үнэ нь 10,601,605.87 төгрөгөөр тогтоогдсон барилга, дагалдах эд хөрөнгө, эм эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 80,000,000 төгрөг хүртэл өсгөж, худалдаж авахгүй байсан...гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд:...Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн худалдааны хөрөнгийн жагсаалтад газар ороогүй байсан талаар мэдээгүй, бид бүгдийг төөрөгдүүлсэн гэж тайлбарладаг. *** аймгийн Эргэлтийн эмийн сан Орон нутгийн өмчийн компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоол дээр дуудах хөрөнгийн нэр төрөл жагсаалтыг баталж өгсөн ба тухайн тогтоолын хавсралтад газар ороогүй байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор дуудлага худалдаа явуулах журмыг баталж өгсөн. Тухайн журамд дуудлага худалдаа зохион байгуулагдахад оролцогч тал тухайн дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн нэр төрөл, ажлын хэсгийн шийдвэрийг танилцуулах журамтай. Тэр журмынхаа хүрээнд уг дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгээс жагсаалтыг бүрэн танилцуулсан бөгөөд газар ороогүй талаар тухайн үед мэдэгдсэн учир нэхэмжлэгч тал газар ороогүй талаар мэдээгүй байх боломжгүй...гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХААН банкны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, *** аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоол, *** эмийн эргэлтийн сангийн орон нутгийн өмчит ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний хавсралт, *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/49 дүгээр албан бичиг зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдах, худалдан авах тухай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ЭЭС/РА-2022/02 дугаар гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *** хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын хооронд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭЭС/РА-2022/02 дугаар Худалдах, худалдан авах тухай гэх гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр худалдан авагч тал буюу нэхэмжлэгч нь *** аймгийн*** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Рашаант сумын эргэлтийн эмийн сангийн сандал 1 ширхэг, чийг хэмжигч 1 ширхэг, Тертометр 1 ширхэг, ширээ 1 ширхэг, эмийн шкаф 1 ширхэг, гоожуур 1 ширхэг, батецидын ламп 1 ширхэг, самбар 1 ширхэг, гэр интернет 1 ширхэг, лангуу 1 шихрэг, лангуу 1 ширхэг, нэрмэл усны аппарат 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, шилэн тавиур 1 ширхэг, комъпютер 1 ширхэг, кассын программ 1 ширхэг, барилга 64 м2, метоклопрамид 1мг шах/пиралин/ 30 ширхэг, антенолол-ДЕНК 50 мг шах код 4031571053146 10 ширхэг, зүү 3г, №100, код 30001 300 ширхэг, гаж нөлөөний хайрцаг 1, галын булан 1, допамин гидрохлорид 40мг/мл 3 амп, окситоцин 5 ME/мл 1 м №10, код 4602565018580 3 амп, аспирин 10, код 8656898947204 299 ширхэг, мэс лент no11, 5 ширхэг, тенсира 300мг, 10, элетрон жин 1 ширхэг зэргийг худалдан авч, худалдан авагч тал эд хөрөнгийн төлбөр болох 80,000,000(наян сая) төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлснөөр өмчлөх эрх үүсэхээр гэрээний нөхцлийг тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний шинж агуулагдаж байх тул талуудын хооронд Худалдах-Худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд худалдах худалдан авах гэрээ байгуулсантай гэдэгтэй маргаагүй бөгөөд тухайн гэрээ нь хуульд заасан гэрээ байгуулахад тавигдсан шаардлагатай зөрчилдөөгүй.

Харин тухайн худалдах худалдан авах гэрээнд тусгагдсан барилга газартай байсан эсэх нь маргааны гол зүйл болжээ.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болохыг хуульчилсан.

Худалдан авагч тал болох *** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эмийн сан, эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага бөгөөд *** аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн хөрөнгийг худалдан авч эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор дээрх худалдах худалдах авах гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн...манай байгууллага тухайн барилгыг худалдахаар зар тавигдсан байх үед очиж үзэхэд тухайн эмийн сангийн барилгыг хашаалсан байсан болохоор бид газартай л гэж ойлгож байсан. Газаргүй байсан бол манай байгууллага анхны үнэ нь 10,601,605.87 төгрөгөөр тогтоогдсон барилга, дагалдах эд хөрөнгө, эм эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэргийг 80,000,000 төгрөг хүртэл өсгөж, худалдаж авахгүй байсан...гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхийг олгосон.

Худалдан авагч тал буюу нэхэмжлэгч *** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь *** аймгийн *** сумын 5 дугаар багт байрлах *** эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Монгол Улсад 1960 онд үйлдвэрлэсэн /нийт 62 жил ашигласан/ эмийн сангийн барилгыг газартай гэж ойлгож, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээ хийснийг хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын хооронд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ЭЭС/РА-2022/02 дугаар Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн *** газраас 557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар *** ХХК-ийн *** аймгийн ***газартай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЭЭС/РА-2022/02 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн ***газраас 557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА