| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00303/И |
| Дугаар | 129/шш2024/00308 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 129/шш2024/00308
129/ШШ2024/00308
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот ....байранд байрлах ЖДҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн ӨУ сумын ...оршин суух Ж овгийн М.Ц
Хариуцагч: А аймгийн ӨУ сумын Бэлхи багт оршин суух Х овгийн Ж.Э нарт холбогдох
“51,830,487.2 / тавин нэгэн сая найман зуун гучин мянга дөрвөн зуун наян долоо) төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов. Хариуцагч М.Ц, Ж.Э нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЖДҮГ нь хариуцагч М.Ц, Ж.Э нарт холбогдуулан 51,830,487.2 / тавин нэгэн сая найман зуун гучин мянга дөрвөн зуун наян долоо) төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ЖДҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалыг үндэслэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг ЖДҮГт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт “ Эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж зохицуулсны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч иргэн Жадамба ургийн овогтой Мягмарсүрэнгийн Цоггэрэл / рд: АД78040518/, хамтран үүрэг гүйцэтгэгч Хоолт ургийн овогт Жарантайн Эрдэнэтуяа /рд: АД83011505/ нар нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан / цаашид газар гэх/-аас 2018 оны 06 сарын 06-ны өдөр 88/2018/3-51 тоот зээл болон 88/2018/Б-51 тоот барьцааны гэрээ байгуулан 37,000,000 / гучин долоон сая/ төгрөгийг “Бяслагийн үйлдвэр” төслөөр 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 1. Жадамба ургийн овогтой Мягмарсүрэнгийн Цоггэрэлийн А аймгийн ӨУ сумын 4-р багийн Бэлхи Тээлийн гүүр хороолол 2-р гудамж 7 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0105000223, 000535287 гэрчилгээний дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 162 мкв үйл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөөс хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зэлээ төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1.Иргэн М.Цээс 51.830.487.82 төгрөгийн төлбөрийг гаргуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгуулах. Үндсэн зээлийн төлбөрт 34,245,090.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 422,352.82 төгрөг, алданги 17,122,545.00 төгрөг, нотариатын зардал 40,500.00 төгрөг. 2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон тус компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.
1.2. Хариуцагч М.Ц, Ж.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 51,830,487.82 төгрөг гаргуулах тухай болон зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон тус компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг харнгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 51,830,487.82 төгрөгийг 2024 оны 09 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 10 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 11 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 12 сард үлдэгдэл төлбөр 6,830,487.82 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ. Бид шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул бидний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлбөрийг хувааж төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримт:
- 88/2018/3-51 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 4-7х/,
-88/2018/Б-51 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 8-11х/,
-М.Ц, Ж.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягтын хуулбар /хх-ийн 12-14х/,
-М.Цийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000535287 дугаартай гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зураг / хх-ийн 15-17х/
-Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны 08 сарын 24-ний өдрийн 1/531 дугаартай шаардлага хүргүүлсэн мэдэгдэл / хх-ийн18х/
-Жижиг дунд үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-нчы өдрийн 49 дугаартай тогтоол, Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайдын 2020 оны 08 сарын 21-ний өдрийн А273 дугаартай тушаал / хх-ийн 19-22х/
-тооцооны үлдэгдлийн баримт / хх-ийн 23х/
4. Хариуцагч нараас өгсөн нотлох баримт:
-Бяслаг худалдан авах гэрээ, бэлтгэн нийлүүлэх нөхцөл, гэрээний хавсралт худалдан авах бяслагийн үзүүлэлт, сүү нийлүүлэх айл өрхийн судалгаа / хх-ийн 40-44х/
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч М.Ц, Ж.Э нар “Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 51,830,487.82 төгрөг гаргуулах тухай болон зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон тус компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 51,830,487.82 төгрөгийг 2024 оны 09 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 10 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 11 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 12 сард үлдэгдэл төлбөр 6,830,487.82 төгрөгийг төлж барагдуулна” гэсэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааны шатанд зөвшөөрсөн, хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М.Ц, Ж.Э нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүх хуралдааны шатанд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 417,102 (дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун хоёр) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ц, Ж.Э нарт холбогдох иргэний хэрэгт 51,830,487.82 төгрөгийг 2024 оны 09 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 10 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 11 сард 15,000,000 төгрөг, 2024 оны 12 сард үлдэгдэл төлбөр 6,830,487.82 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон компанийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ц, Ж.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 417,102 (дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун хоёр) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЖДҮГ, хариуцагч М.Ц, Ж.Э нар давж заалдах хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахиж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН