Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 115

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

       Шүүгдэгч: Д.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Д-гийн Д-д холбогдох эрүүгийн 1735001050055 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5 эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 8-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОО90073014, Т овгийн Д-гийн Д.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Увс аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Цагаанхайрхан сумын “Үзүүрийн булаг” гэх газраас өөрийн 25 тооны адуугаа алдаад хайж байтал Тэс сумын “Шар үзүүр”-ийн заставаас манай сумын цагдаа уруу утсаар ярьж эзэнгүй адуу байгаа талаар мэдэгдсэн байсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Шар үзүүр”-ийн застав дээр очиж хошууч Б гэх хүнээс адуугаа хүлээж аваад тэр шөнө Тэс сумын 10 дугаар багт байх С-ын Б ахынд очиж хоносон юм. Би ах З-ын хамт мотоцикльтой явж адуугаа тууж явсан. Тэгээд Б ахынд хоноод 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө З ах бид хоёр адуугаа туугаад Зүүнговь сумын “Бөөрөг” гэх газарт явж байгаад би З ахыг “Та мотоцикльтой түрүүлж яваад нэг газар очоод амарч бай. Би араас чинь адуугаа туугаад очъё” гэхэд З ах мотоцикльтой түрүүлээд явсан. Би морь унаж адуугаа туугаад явж байхад мотоцикльтой хоёр залуу урдаас ирээд мэнд ч асуулгүй Д гэх залуу нь “Чи ямар овоо залуу вэ?. Тэс сумаас хэн ч адуугаа олж авч байгаагүй юм. Чамайг энд алж хаячихаад адууг чинь туугаад явахад хэн ч мэдэхгүй” гэж хэлээд намайг “Мориноосоо буу” гэхэд нь би “Буухгүй” гэж хэлэхэд Д “Чи мориноосоо буудаггүй ямар зэвүүн пизда вэ” гэж хэлээд намайг татаад мориноос буулгасан. Тэгээд гараараа миний зүүн хацар уруу хоёр удаа цохисон, Би Д-аар цохиулаад зогсож байхад хажуунаас Ц гэх хар царайтай, мөнгөн шүдтэй залуу ирээд “Чи хүн цохиж байхад хөдөлдөггүй ямар шазруун зантай залуу вэ?” гэж хэлээд миний өмсөж явсан куртикны захаар миний хоолойг боож унагаахад Д гэх залуу нь миний толгой уруу өшиглөж, Ц миний гэдэс үрүү өшиглөсөн. Энэ үед би ухаан алдсан. Нэг мэдэхэд Г гэх залуу ирчихсэн тэд гурвуулаа байсан. Тэгээд би сэргээд хэвтэж байхад тэр гурав явсан бөгөөд Д явахдаа “Бид гурвыг дурсаж яваарай” гэж хэлээд явсан. Тэд нарыг явсны дараа миний бие өвдөөд газарт хэвтэж байхад З ах ирээд “Юу болов” гэж асуухад нь би болсон асуудлын талаар хэлсэн. З ах надад “За хоёулаа юу ч гэсэн адуугаа гэртээ хүргэчихээд цагдаад мэдэгдье” гэж хэлээд мотоциклоороо адуугаа тууж яваад замдаа хээр хоноод 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ очсон. Гэрт очиход манай ээж О, эгч С нар гэрт байсан. Тухайн үед миний гэдэс, толгой, хоёр гуя маш их өвдөж байсан тул Цагаанхайрхан сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлага өгөөд хоёр цагийн дараа эмч Тунгалаг ирээд миний биеийг үзэж шууд сумын эмнэлэг рүү авч яваад хэвтүүлж эмчилсэн. Цагаанхайрхан сумын эмнэлэгт намайг 4 хоног хэвтүүлж эмчилж байгаад “Чиний биед гэмтэл их байх шиг байна. Чи Улаангом орж хэвтэж эмчлүүл” гээд Улаангомын эмнэлэгт хэвтүүлсэн. Би Д, Ц, Г гэх залуучуудыг өмнө нь таньдаггүй байсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө Б ахын гэрт хоноод Б ах З ах бид хоёрыг Тэсийн шинэ гүүрэн дээр гаргаж өгч байхад Д, Ц, Г нар ирж бид нартай танилцаж, уулзаж байгаад “Зүүнговь уруу явж байна” гэж хэлээд явсан. Түүнээс биш урьд өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй залуучууд юм. Д эхлээд миний зүүн шанаа уруу гараараа хоёр удаа цохьсон. Ц намайг боож унагаагаад гэдэс болон гуя уруу өшиглөсөн. Намайг газарт унахад Д миний толгой уруу өшиглөж байсан. Намайг зодуулж байсныг З ах хараагүй. Д, Ц, Г нар над дээр ирэхийн өмнө нь З ахтай уулзаад ирсэн байсан. Тэд нар намайг яагаад зодсоныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн 4-5-р тал/,

                 Хохирогч С.О-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн:“ Би урьд нь мэдүүлэг өгөхдөө “Намайг Тэс сумын харъяат Д, Ц нар бүлэглэж зодсон” гэж мэдүүлсэн юм. Д намайг зодож байгаад унагаахад бид хоёрын хажууд Ц зогсож байсан. Тийм болохоор Ц-ийг намайг уначихсан байхад өшиглөсөн гэж бодож байсан. Сүүлд бодоод байхад Ц Д-ыг надаас салгаж авах гээд Д уруу уурлаж байсан. Тийм болохоор Ц намайг зодож цохиогүй байх гэж бодож байна. Д намайг мориноос татаж буулгаад миний толгой, гэдэс рүү өшиглөж өвдөглөж зодсон. Ц намайг зодож цохиогүй. Ц-д миний зүгээс ямар нэгэн гомдол, тэмцэл байхгүй. Д миний унаж явж явсан шарга азаргыг сонирхоод “Чи унаж яваа азаргаа зарах уу?” гэхээр нь би “8 адуугаар ав” гэж хэлсэн. Тэгэхэд Д “8 адуугаар аваад байхдаа яадаг юм. 3 адуугаар авъя” гэхээр нь би түүнд “Тэгвэл болихгүй юу, зарах гэсэн хэн байгаа юм” гэж хэлэхэд Д “Чи ямар зэвүүн зантай залуу вэ” гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд намайг мориноос татаж буулгаад миний баруун шанаа уруу гараараа гурван удаа цохиод миний өмсөж явсан куртикны захаар хоолой бооход би газарт суусан. Тэгтэл миний гэдэс рүү хоёр удаа өшиглөж, цээж рүү нэг удаа өвдөглөж зодсон. Энэ үед миний цээжээр өвдөж амьсгаа авч чадалгүй газарт хэвтсэн. Тэгээд би газарт хэвтэж байхад Ц ирээд Д-ыг загнаад аваад явсан. Тэгээд би цээж өвдөөд байхаар нь тэр газраа хэвтэж байтал З ах ирэхээр нь би түүнд “Хоёр залуу ирээд зодчихоод явлаа” гэж хэлсэн. Гэхдээ би Д, Ц хоёр ирээд хоёулаа зодлоо гэж хэлээгүй. Хоёр залуу ирээд намайг зодлоо гэж хэлсэн. Мөн гэрт очоод ч гэсэн “Хоёр залуу ирээд намайг зодлоо” гэж хэлсэн. “Хоёр залуу ирээд зодлоо” гэж хэлснийг манай ээж болон З ах нар хоёр залуу бүлэглэж зодсон байна гэж ойлгосон байх. Би Д-д зодуулсны улмаас Цагаанхайрхан сумын эмнэлэгт гурван хоног хэвтэж эмчлүүлж байгаад Улаангом сумын эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эм тариа болон замын зардалд 600.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Д-аас гаргуулж авмаар байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,

                2. Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү О адуугаа алдаад хэдэн өдөр хайж явж байгаад Тэс сумын “Шар үзүүр”-ийн заставд адуу байгаа талаар сураг гарахаар нь О ах З-ын хамт Тэс сум руу мотоцикльтой явсан юм. Удалгүй 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө О над уруу утсаар ярьж “Манай адуу мөн байна. З ах бид хоёр адуугаа туугаад явж байна” гэж  хэлсэн. Тэгээд өдрийн 12:00 цагийн үед О над уруу өөрийнхөө утаснаас дахин залгаад “Адуугаа туугаад явж байтал Тэс сумын Д, Ц, Г гэх гурван залуу ирээд намайг зодлоо” гэж хэлэхээр нь би “Яагаад чамайг зодож байгаа юм” гэж асуухад О надад “Тэдгээр залуучууд “Тэс суманд ирсэн адууг буцааж авч явдаг хүн байдаггүй юм, чи яахаараа адуугаа авч явж байдаг юм” гэж хэлээд намайг зодлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд оройхон “Зүүнговь сумын ойролцоо явж байна” гэж О ярихаар нь би “Бие чинь гайгүй уу” гэж асуухад “Явж болж л байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад О, З хоёр адуугаа тууж ирсэн. О “Бие өвдөж байна” гэж хэлээд хөлөө чирсэн, бөгтийчихсэн хүн орж ирсэн. О-ыг ирээд удалгүй би Цагаанхайрхан сумын эмнэлэгт дуудлага өгөхөд эмч ирж үзээд “Эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийхгүй бол болохгүй” гэж хэлээд О-ыг аваад явсан. Тухайн үед О-ын нүүрэнд ямар нэгэн шарх, сорви байгаагүй. Харин “Цээж, гэдэс, 2 гуя өвдөж байна” гээд ёолоод байсан. О-ын биед ямар нэгэн шалбарсан, хөхөрсөн зүйл байхгүй байсан. Дотор гэмтэл байсан байх гэж бодож байна. Тэгээд О Цагаанхайрхан сумын эмнэлэгт 3 хоног, Улаангом сумын эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Би О-аас “Чамайг ямар хүмүүс зодсон юм бэ” гэж асуухад “Тэс сумын Д, Ц, Г гэх залуучууд зодсон” гэж хэлсэн. Ямар шалгааны улмаас дээрх залуучууд хүүг маань зодох болсныг мэдэхгүй байна. Яагаад хүүг мааны зодох болсныг шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

                3. Гэрч Э.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний мотоциклоор О бид хоёр Тэс сум уруу явсан. Тэгээд Тэс сумын “Шар үзүүр”-ийн заставд очоод адууг үзэхэд О-ын алдагдсан адуунууд мөн байсан тул оройхон “Шар үзүүр”-ийн заставаас адуугаа хүлээж аваад тэндээ О-ын хүргэн ах Б-ийн гэрт очиж хоносон. Тэгээд өглөө нь эртхэн босоод Цагаанхайрхан сум уруу адуугаа тууж явсан. Б бид хоёрыг гаргаж өгнө гээд хамт адуу туулцаад явж байтал замд 2 мотоцикльтой 3 залуу тааралдсан. Нэг мотоциклийнх нь дугуй хагарчихсан байсан. Тэгээд бид нар тэд нартай танилцаад жаахан юм ярьж сууцгаасан. Тэр гурван залуу өөрсдийгөө “Г, Д, Ц” гэж танилцуулж байсан. Тэгээд тэр гурван залуу 1 мотоциклоо үлдээгээд, 1 мотоцикльдоо гувруулаа сундлаад явцгаасан. Бид гурав ч адуугаа туугаад “Бөөрөгийн элс” хүрэхэд Б буцаж явсан. Харин О бид хоёр мотоцикль, мориор ээлжлээд адуугаа тууж явсан. Би О-т “Мотоцикльтой түрүүлж яваад жаахан зайтай очоод амарч байя” гэж хэлээд түрүүлээд явсан. Намайг явж байхад замд Г, Д, Ц нар зогсож байсан ба нэг нь морьтой, нөгөө хоёр нь мотоцикльтой байсан. Тэд нарын хажууд мөн нэг мотоцикльтой хүмүүс байсан ба би тэр хүмүүсийг нь таниагүй. Тэгээд би тэд нараас зөрж яваад зогсож амарсан. Хойноос ирж байсан О ирэхгүй болохоор буцаад замыг нь тосоод очиход О газарт хэвтэж байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад “Г, Д, Ц нар ирээд “Манай сумаас адуу тууж явдаггүй юм. Чи ямар овоо муу гар вэ” гэж хэлээд хоёр залуу нь намайг зодлоо” гэж хэлсэн. Г гэх залууг гайгүй, цохиогүй байх гэж хэлсэн. Намайг очиход О-ын нүүрэнд нь ил харагдах шарх сорви, цус гарсан зүйлгүй байсан. Тэгээд О унаж явсан морио адуундаа тавиад бид хоёр мотоциклоороо адуугаа тууж Зүүнговь сумын ойролцоо хээр хоноод маргааш нь Цагаанхайрхан суманд очсон. Замд О “Бие муу байна, өвдөөд байна” гэж хэлээд явж байсан. Бид хоёр ямар ч байсан “Адуугаа тууж гэртээ очъё” гэж ярилцаад О-ыг эмчид үзүүлэхгүй адуугаа туугаад явсан юм. О гэртээ очоод хөдөлж чадахгүй “Гэдэс дотор өвдөөд байна” гэж хэлэхээр нь сумын эмч дуудаж үзүүлсэн юм. О надад хэлэхдээ “Тэр тэгж цохилоо, энэ ингэж цохилоо” гэж хэлээгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/

                4. Гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байтал Г над уруу утсаар ярьж “Тулгаа миний морийг Зүүнговь сумаас хөтлөөд ирж байгаа. Чи мотоциклоороо намайг хүргээд өгөөч” гэхээр нь би эхнэр О-гийн хамт Д-ын гэрт мотоцикльтойгоо очсон. Тэндийд очиход Д эхнэртэйгээ, Г нар байсан. Тэгээд тэднийд хагас шил архи байсныг Д, Г нар хувааж уусан. Би тухайн архинаас нь уугаагүй юм. Архи дуусаад Г бид хоёр явах гэтэл Д хамт явахаар болж бид гурав 2 мотоцикльтой Д-ын гэрээс гараад явж байгаад замдаа хоёр залуу адуу туугаад явж байхтай тааралдсан. Тэгээд тэр хоёртой уулзаад хаанаас явж байгаа талаар асуухад “Цагаанхайрхан сумаас адуугаа алдаад “Шар үзүүр”-ийн заставаас аваад буцаж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр хоёр залуутай танилцсан бөгөөд тэр хоёртой хамт Тэс сумын Б гэх залуу явж байсан. Бид гурав тэд нартай хэсэг ярилцаж байгаад нэг мотоциклийн дугуй хагарсан тул мотоциклио  үлдээгээд нэг мотоцикльдоо сундлаад явж Зүүнговь сумаас ирж байгаа Тулгааг “Гурав дахь зэл” гэх газарт тосож уулзсан юм. Бид дөрөв уулзаад Г 1 шил архи гаргасныг хувааж ууцгаасан бөгөөд архи ууж дуусаад Тулгаа морьтойгоо буцаад, Г морио унаад, Д бид хоёр мотоцикльтой түрүүлээд явсан. Тэгээд замд явж байтал цэргийн ангийн автомашинтай хүмүүс тааралдаад тэр хүмүүстэй юм яриад зогсож байтал Цагаанхайрхан сумын адуу тууж явсан хоёр залуугийн нэг нь мотоцикльтой ирсэн. Би тэр залууд “Зүүнговь сумын 1 хүн адуу авч ирж өгчихөөд явж байгаа. Тэр хүнийг олж уулзаад хамт адуугаа туугаад явахгүй юу” гэхэд тэр залуу уг адуу тууж ирж өгсөн хүнтэй уулзана гээд явсан. Бид нар ч гэсэн хөдлөөд явсан бөгөөд явж байгаад Цагаанхайрхан сумын адуу тууж яваа нэг залуутай нь тааралдсан. Д мотоциклоос буугаад тэр залуутай тамхилсан бөгөөд тэр үед би мотоцикль дээрээ сууж байсан. Цагаанхайрхан сумын залуу шарга азарга унаж явахаар нь Д “Чи азаргаа зарах уу” гэж асуухад тэр залуу хариуд нь “Миний азарга найман медальтай хурдан адуу юм. Найман бодоор ав” гэж хэлэхэд Д “Наад азарга чинь найман бодын азарга биш байна. Гурван бодоор авья” гэхэд тэр залуу “Тэгвэл болихгүй юу. Зарах гэсэн хэн байгаа юм” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Д “Азаргыг чинь унаад үзье” гэхэд тэр залуу “Унах ямар шаардлагатай юм. Зарах гэж байгаа биш” гээд дахин маргалдсан. Тэгж байгаад Д уурлаад тэр залуугийн цээж рүү нэг удаа өвдөглөж өшиглөхөд тэр залуу  цулбуураараа хоёр удаа Д-ыг цохисон. Би тэр хоёрт “Та хоёр одоо больцгоо. Холын хүнийг чи яах гэж ингэж байдаг юм” гэж Д уруу уурлаад мотоцикль дээрээ сууж байсан. Тэгээд Д-ыг салгаад аваад явсан юм. Би Цагаанхайрхан сумын О гэх залууд ямар нэгэн зүйл хэлж, зодож цохисон зүйл байхгүй. Би мотоциклоосоо ерөөсөө буугаагүй юм. Д тэр залуутай маргалдаж, зодолдож байхад Г бидний хажууд байгаагүй. Цаанаас ирж байсан юм. Тухайн үед Д жаахан халамцуу байсан бөгөөд тэр залуугийн цээж рүү нь гараараа цохиод, гуя руу нь нэг удаа өвдөглөж байсан. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Би тэр залууг өмөөрч Дыг загнаж, уурлаж байснаас тэр залууг зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

                 5. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хадам ээжийнх Цагаанхайрхан сумын Даланхуруу багт байдаг юм. Ээжийнх 2017 оны 09 дүгээр сарын эхээр адуугаа алдаад хайж байх үед Тэс сумын “Шар үзүүр”-ийн заставд хэдэн адуу хилээр гарах гэж байгаад баригдсан талаар сонсоод хадам дүү О, З гэх залуугийн хамт уг адууг үзэхээр мотоцикльтой ирсэн юм. Тэгээд уг адуунуудыг үзэхэд О-ын алдсан адуу мөн байсан тул адуугаа хүлээж аваад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой манайд ирж хоносон. Маргааш нь О, З хоёр адуугаа туугаад явахаар нь би тэр хоёрыг Зүүнговь сумын нутаг хүргэж өгөхөөр адууг нь туугаад хамт явсан. Бид нар адуугаа туугаад “Нарийний гол”-ын гүүр гараад цааш явж байтал 2 мотоцикльтой 3 хүн ирсэн бөгөөд уг 3 хүн манай сумын Д, Ц, Г нар байсан. Бид нар ямар учиртай адуу хаанаас туугаад явж байгаагаа хэлсэн бөгөөд тэр гурав  “Зүүнговь сумаас нэг хүн адуу хөтөлж ирж байгааг тосохоор явж байна” гэж байсан. Тэд нар архи амссан бололтой жаахан халамцуу байцгаасан бөгөөд бид нартай хэсэг хугацаанд юм ярьж байгаад тэр газарт нэг мотоциклоо үлдээгээд, нэг мотоцикль дээрээ гурвуулаа суугаад явцгаасан. Би ч гэсэн О, З хоёрыг “Сайн яваарай” гэж хэлээд буцсан юм. Тэгээд гэрт ирээд байж байгаад оройхон Оын гар утас уруу залгаж ярихад “Би өглөө уулзсан мотоцикльтой хүмүүст зодууллаа. Д гэх залуу нь намайг “Тэсээс адуу авч гардаг хэн бэ. Тэс рүү орж ирсэн адуу буцах ёсгүй” гэж хэлээд зодлоо. Одоо Зүүнговь сумын хажууд явж байна” гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш Г, Ц, Д нартай уулзаагүй. О надад “Өглөө уулзсан 3 залууд зодуулсан” гэж хэлсэн бөгөөд яг хэн нь зодсон талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,               

                   6. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө эрт морьтой сумын төвөөс гараад замдаа Д гэх залуугийн гэрт цай уух гэж буусан. Намайг Д-ын гэрт байхад Ц мотоциклтой эхнэр О-ийн хамт ирсэн. Тэгээд бид нар цай уучихаад Ц бид хоёр Д-ын гэрээс гараад явж байтал “Нарийний гол”-ын хөвөөнөөс баруун тийш хэдэн адуу туусан 1 морьтой хүн,  мотоцикльтой 2 хүн, нийт 3 хүн явж байсан. Тэгэхээр нь Ц “Тэр хүмүүстэй очиж уулзья” гэж хэлээд бид 2 очиж уулзахад Цагаанхайрхан сумын 2 залуу байсан. Тэр хоёр “Цагаанхайрхан сумаас адуу алдаад Тэс сумаас олж аваад буцаж байна” гэж хэлсэн. Тэр хоёр залуутай хамт манай сумын Б гэх залуу хамт явсан ба “Энэ 2 залууг гаргаж өгч байна” гэж байсан. Ц бид 2 тэд нартай уулзаад сууж байхад Д мотоцикльтой бид нар дээр ирсэн. Тэгээд Ц бид хоёрыг явах гэтэл Д “Би бас та хоёртой хамт яваад ирье. Би Тулгаатай уулзах хэрэг байна” гэж хэлээд бид гурав Цийн мотоцикль дээр гурвалж суугаад явсан. Тэгээд бид 3 яваад цаанаас ирж байгаа Тулгаатай уулзаж би үрээгээ авч унаад би Тэс сум руу явсан. Ц, Д 2 мотоцикльтой надаас түрүүлээд буцаад явсан ба би үрээгээ унаад хойно нь хоцорсон. Тэгээд би тэр хоёрын нэлээн хойно хоцорч бараг нэг цаг орчим явж байхад надаас нэлээн зайтай нөгөө Цагаанхайрхан сумын нэг залуу мотоцикльтой, нөгөө нь морьтой хоёулаа адуугаа  тууж зөрсөн. Би үрээгээ унаад Д-ын гэрт очиход Д эхнэртэйгээ хоёулаа байсан бөгөөд тэднийд цай уугаад сумын төвөөс унаж ирсэн морио аваад гэрлүүгээ буцсан. Д надад Цагаанхайрхан сумын хоёр залууг зодож цохисон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Түүнийг архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Д, Ц бид гурав хамт байхдаа архи, дарс уугаагүй. Тэгээд хэд хоногийн дараа Д-ын ээж надтай уулзаж “Та нар хүн зодсон юм уу. Чамайг морь авч явахад адуу туусан хүмүүс таарсан юм уу” гэж асуухад нь би “Тэр хүмүүс адуугаа туугаад явж байхад би эндээс явж байгаад уулзсан” гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/,

                   7. Гэрч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-нд Зүүнговь сумаас “Шар үзүүр”-ийн завстав руу манай ангийн 3 нэгж техникийн цуваа явж байгаад Тэс сумын нутаг “Бөөрөгийн элс” гэх газарт зогсож амарч байхад мотоцикль, морьтой гурван залуу ирж бид нартай мэнд мэдээд, танилцаад “Хаанаас хаа хүрч явна” гээд ярилцаад явцгаасан. Мотоцикльтой хоёр залуу нь бид нарт зам зааж өгнө гэж хэлээд түрүүлээд яваад алга болсон. Морьтой залуу нь бас морио унаад явсан. Тэр гурван залуу бид нарын хажууд ямар нэг хүн зодож цохиогүй. Би адуу тууж яваа хүнийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

                   8. Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэгээд маргааш нь адуугаа тууж яваад “Тэс сумын хүмүүст зодуууллаа” гэж О ээжтэй гар утсаар ярихдаа хэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр О, З хоёр мотоцикльтой ирсэн. О гэрт ирээд “Замд цусаар бөөлжлөө, бие өвдөөд байна” гэхээр нь Цагаанхайрхан сум уруу дуудлага өгч эмчид үзүүлсэн. Эмч үзээд дотуур гэмтэл байж магадгүй гэж хэлсэн бөгөөд тухайн үед О-ын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Харин гуя нь хөхөрчихсөн байсан. О надад түүнийг хэн гэдэг залуу, яаж зодсон талаар тодорхой юм яриагүй. Би О-ыг ямар хүмүүс зодсон гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,  

                    9. Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Д бид хоёр 10 жилийн нэг ангид 8 жил хамт суралцсан, нэг нутгийн залуучууд юм. Бид нар гэр бүлийн сайхан найзууд юм. Д зан аашийн хувьд аливаа хүнтэй нээлттэй, тоглоом шоглоомоор тоглож их харьцдаг, хүнд тусархаг, эхнэр гурван хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг хүн юм. Өөрийн гэсэн хэдэн тооны малтай, хувийн УАЗ-469 машинтай. Д-ыг хүнтэй маргалдаж, зодолдож байхыг урьд өмнө нь харж, сонсож байгаагүй. Хүнтэй их эелдэг зөөлөн харьцдаг хүн юм. Урьд өмнө нь хүнтэй зодолдож хэрэг төвөгт оролцож байгаагүй. Спорт их сонирхдог залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

            10. Гэрч Л.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний найз Д нь эхнэр, гурван хүүхдийн хамт Тэс суманд мал маллаж амьдардаг. Би Тэс суманд очихоороо Д-ын гэрт байнга очдог юм. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. Түүнийг хүн зодсон хэргээр Улаангомд ирсэн гэхээр нь би гайхаж “Чамаас бас ийм зан гардаг юм уу” гэж асууж байсан. Найз нөхөд бид нартай харьцахдаа сэтгэлээрээ, хөгжилтэй найрсаг харьцдаг. Д-д онгироо сагсуу зан байдаггүй. Хүнд их тусархаг залуу бөгөөд  хүнтэй маргалдаж зодолдож байхыг нь харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

            11. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №557 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч С.О-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хэвлийн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/,

           11. Хохирогч С.О-ын Өвчний түүх /хх-ийн 42-47, 52-56-р тал/,  

           12. Шүүгдэгч Д.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/,

           13. Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн засаг дарга Ц.Цэцэгмаагийн 2017.10.21-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 51-р тал/,

           14. Шүүгдэгч Д.Д, хохирогч С.О нарын сайн дураар эвлэрсэн, хохирогч хохиролд 600.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол тэмцэлгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 55-р тал/,

            15. Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г ах манай гэрт өглөө 10 цагийн үед ирсэн. Г ах “Зүүнговь сумаас наашаа нэг морь авахуулж байгаа. Тэр морио тосож авах гэж явж байна” гэж хэлээд морьтой манайд ирсэн. Г ах мориор явах гэж байгаад Ц-ийн мотоциклоор явахаар болоод Ц-ийг Г ах гар утсаар ярьж дуудахад Ц удалгүй эхнэрийн хамт мотоцикльтой ирсэн. Тэгээд манай гэрт цай, хоол идэж нэг шил 0,5 литер архийг Ц, Г бид гурав хувааж ууж дуусгаад Ц, Г хоёр “Морио тосно” гээд явсан. Би араас нь мотоциклоор хонио эргүүлэхээр гэрээс гарсан юм. Тэгээд би хонио эргүүлчихээд Ц-ийн гэрлүү явж байхад “Нарийний гол”-ын гүүрнээс холгүй Ц, Г хоёр адуу тууж яваа хүмүүстэй уулзаж байхыг хараад тэнд очсон юм. Адуу тууж яваа гурван залуу байсан ба нэг нь манай сумын Б гэх залуу байсан. Б нь Цагаанхайрхан сумын адуу тууж яваа хоёр залууг гаргаж өгч байсан. Би Цагаанхайрхан сумаас яваа гэх хоёр залуутай танилцахад өөрсдийгөө “О, З” гэж танилцуулж байсан ба тэр хоёр “Адуугаа хулгайд алдчихаад “Шар үзүүр”-ийн заставаас аваад явж байна” гэж хэлсэн. Бид нар тэнд нэг их удаагүй бөгөөд Ц, Г хоёр явлаа гэхээр нь би мотоциклоо тэндээ орхиод тэр хоёртой хамт сундлалдаад явсан. Тэгээд Ц, Г бид гурав “Бөөрөг” гэх газарт адуу авч ирж байгаа хүнтэй тааралдсан юм. Г-ийн адууг Зүүнговь сумын Т гэх залуу авч ирж Г-д өгсөн. Г адуугаа авахдаа нэг шил 0,5 литер архи задалж Т-д өгсөн ба уг архийг бид нар хувааж уугаад Г морио унаад Ц бид хоёр мотоциклоороо буцаад явсан. Ц бид хоёр буцаад явж байхад “Шар үзүүр”-ийн застав явж байна” гээд гурав, дөрвөн машинтай хүмүүс зогсож байхаар нь очиж уулзчихаад явж байтал замд нөгөө Цагаанхайрхан сумын хоёр залуугийн З гэх залуу нь мотоцикльтой зөрсөн. Мотоцикльтой залуу зөрөөд явсны дараа Ц бид хоёр элсэн толгой дээр гараад Г ахыг хүлээж байхад адуу туусан залуу гараад ирсэн. Бид хоёр яг замд нь мотоцикльтойгоо зогсож байсан болохоор адуу туусан О гэх залуу бид хоёрын хажууд ирсэн. Би түүнээс “Гайгүй явж байна уу?” гэж асуухад тэр “Гайгүй” гэж хэлээд мориноосоо буусан бөгөөд О нэг шарга азарга унаж явсан. Тэр азаргыг харахад сайн азарга шиг байхаар нь би “Чи унаж яваа азаргаа зарах уу?” гэж асуухад “Найман адуугаар ав” гэж хэлэхээр нь би түүнд “Арай их байна. 3 адуугаар авъя” гэхэд О “Миний унаж яваа азарга хурдан азарга. Найман адуугаас буухгүй. Миний азаргыг доош нь хийгээд байна уу. Тэгээд ч зарах гэж байгаа хүн алга” гэж хэлэхээр нь би түүнд “Чи надтай юм ярих гээд байна уу” гээд түүнийг зогсож байхад нь хэвлий цээж рүү нь нэг удаа гараараа цохиод, нүүрэнд нь  гараараа нэг удаа алгадаж, гуя руу нь нэг удаа өвдөглөсөн юм. Энэ үед Ц бид хоёрыг “Боль” гэж салгасан. Намайг О-ыг цохиж байхад Ц мотоцикль дээрээ сууж байсан. Ц О-ыг зодож цохиогүй. Бид хоёр О-тай уулзаж байхад Г морьтой явж байсан болохоор бид нарын хажууд байгаагүй. Тэгээд Ц бид хоёрыг салгахад О мориндоо мордоод адуугаа туугаад явчихсан. Ц бид хоёр ч явж би замаараа мотоциклоо аваад гэртээ ирсэн. Тухайн үед О “Толгой өвдөж байна” гэж хэвтэж, суугаагүй бөгөөд зүгээр босоод явчихсан. Гэхдээ миний хийсэн үйлдэл буруу. О бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн. Би О-т учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.       

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Увс аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.О, гэрч Ц нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Д-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №557 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Д.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О-ын  биед тархины доргилт, хэвлийн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Д.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Д нь хохирогч С.О-т 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хохирогч нь хохирол төлүүлж авсан болон нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.                    

                   Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа арилгасан зэргийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Т овгийн Д-гийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  аргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ,

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН