Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0678

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Батсарай” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын хоорондын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, Б.Болормаа, Д.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.  

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Батсарай” ХХК нь шүүхэд “Гаалийн Ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. “Батсарай” ХХК нь анх “Гашуун-Сухайт хилийн боомтод ажиллах “Батсарай” ХХК-ийн Татваргүй барааны дэлгүүр нээх Бизнесийн ерөнхий төлөвлөгөө” гэх огноо, гарын үсэггүй, хаана хандаж гаргаж буй нь тодорхой бус бичгийг гаргасан. /Х.х-н-33/. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавт 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 011/158 тоот албан бичгээр Гашуун-Сухайт хилийн боомтод салбар дэлгүүр нээн ажиллуулах хүсэлтдээ “Манай компани өөрийн хөрөнгөөр орчин үеийн, тохилог, өнгө үзэмжтэй дэлгүүр байгуулж сайн чанарын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх болно” гэж тусган дэлгүүрийн барилгын зураг, төслийн хамт ирүүлжээ. /Х.х-н-125/ 

3. Татваргүй барааны салбар дэлгүүр нээх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж  “Батсарай” ХХК-д “...Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд тус компанийн татваргүй барааны дэлгүүрийн салбар байгуулахыг зарчмын хувьд зөвшөөрч, уг зөвшөөрлийг барилга байгууламж бэлэн болсон үед олгохоор шийдвэрлэв” гэсэн 19/03 дугаартай хуралдааны тэмдэглэлийг гаргасан. Уг хуралдааны тэмдэглэлд М.Өлзийбат “Банкнууд тэр хавьд барилга байгууламжаа бариулах санал гаргаад байгаа юм билээ” гэхэд Д.Баасан “Батсарай” ХХК-ийн хувьд нэлээд том барилга бариад банк болон бусад газруудыг ч байрлуулах боломжтой талаар мэдэгдсэн” гэжээ.  /Х.х-н-34-39, 118/ 

4. Улмаар “Батсарай” ХХК нь Гаалийн ерөнхий газарт хандан “...Гашуун-Сухайтын боомтод 12м X 12м-ийн буюу нийт 144 м2 талбайд зөөж авч явж болох сендвичин түр барилга барьж татваргүй барааны үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул манай компанид зохих зөвшөөрлийг олгоно уу” гэх хүсэлтийг дэлгүүрийн барилгын төсөл, зургийн хамт 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13/14 тоот албан бичгээр ирүүлжээ.  /Х.х-н 119-124/ 

6. Үүний дагуу  Гаалийн Ерөнхий газрын даргын  2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/32 дугаар тушаалаар “Батсарай” ХХК-д Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосон./Х.х-н-40/

7. Мөн “Батсарай” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа өдрөөс эхлэн гурван жил, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/203 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа өдрөөс эхлэн хоёр жил, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/299 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар тус тус сунгасан байдаг./Х.х-н-41-43/

8. Улмаар Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Батсарай” ХХК-ийн Гашуун-Сухайт дахь гаалийн газарт байрлах татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” 01-10/06 дугаартай хуралдааны тэмдэглэл /Х.х-н-44/- ийг гаргаж “Батсарай” ХХК-ийн захирал Л.Аззаяад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-1/820 тоот “... танай компанийн дээрх байршилд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн болохыг мэдэгдье.” гэх албан бичгийг 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр “Батсарай” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүр хариуцсан нягтлан бодогч Ө.Баярмааг сонсох ажиллагаанд биечлэн оролцуулж, гардуулсан байна./Х.х-н-45-46/

 9. Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дах хэсэгт Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэж заасныг зөрчиж сонгон шалгаруулалтгүй олгосныг Гаалийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор “Батсарай” ХХК-ийн Гашуун-Сухайт боомтын нүүрс тээврийн гарах урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэхүү тушаал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болгосон./Х.х-н-14/

10. Улмаар “Батсарай” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ./Х.х-н-1-2/ 

11. Нэхэмжлэгч “Батсарай” ХХК тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар үндэслэлдээ: Манай компани анх татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Гаалийн тухай хууль болон 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /хүчингүй болсон/ -д заасны дагуу хуулийн хүрээнд тухайн үед үйлчилж байсан хуульд заасны дагуу материалаа бүрдүүлэн, Гаалийн ерөнхий газарт хандан Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр нээлгэх тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрч, Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар "Батсарай" ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон. Ингээд Гаалийн ерөнхий газрын даргын 2018оны 4 дүгээр  сарын 30-ны  өдрийн А/79 дүгээр тушаал гарч тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/299 дүгээр тушаалаар хугацааг дахин 3 жилийн хугацаагаар сунгасан. Манай компанийн зүгээс уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж алдаа дутагдал гаргалгүй өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба энэ нь удаа дараагийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж байсан баримт болон Гаалийн ерөнхий газарт гаргаж байсан манай компанийн хүсэлт хавсаргаж өгсөн баримт зэргээр нотлогдоно.

Уг Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомт нь ямар ч барилга байгууламжгүй, дэд бүтэцгүй зорчигч тээвэр явдаггүй боомтын бус газар байсан ба тухайн үед эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан ч манай компани ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гарган засаж сайжруулан барилга байгууламж, зам талбай, дэд бүтэц зэргийг шийдэж үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд манай компани ямар ч ашиггүй ажилласан ба одоо ч барилга байгууламж, зам талбай, дэд бүтэц зэргийг шийдэхэд зарцуулсан мөнгө гаргаж авч чадаагүй байгаа. Одоо л дөнгөж үйл ажиллагаа нь арай хийн жигдрэх шатандаа орж эхлэх гэж байхад манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.

Гаалийн ерөнхий газрын дарга нь манай компанийг хуульд заасан ямар ч зөрчил алдаа дутагдал гаргаагүй байхад татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгосон байна. Учир нь Гаалийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаа татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан байдаг. Гэтэл манай компани зөвшөөрлөө хүчингүй болгуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.гэжээ./Х.х-н-1-2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр нээх хүсэлтээ 2011 онд Гаалийн ерөнхий газрын даргад Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйл болон холбогдох журам, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлж өгсөн. Үүний дагуу Галийн ерөнхий газрын даргаас сонгон шалгаруулалтын үндсэн дээр манай компанид олгосон. Гаалийн ерөнхий газраас сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гээд байгаа юм. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан байгаа. Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав удирдаад, Дэд дарга, Төрийн хамтын ажиллагааны газрын дарга, Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, Эрсдэлийн удирдлага, үнэлгээ бүрдүүлэлтийн, хэлтийн дарга гэх мэтчилэн 12 хүний бүрэлдэхүүнтэй буюу Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүдийн мэргэжлийн зөвлөлийн хурлын хуралдаанаар манай компанид сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгосон. Яагаад сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэж хэлээд байна вэ гэвэл Гаалийн ерөнхий газраас сонгон шалгаруулалтгүйгээр олгосон. 2003 оноос хойш Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомт дээр татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахаар ямар нэгэн компаниас хүсэлт гаргаж байгаагүй гэдэг. Гэтэл хүсэлт гаргаад 2 компани сонгон шалгаруулалтад ороод, хоёулаа тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон байдаг. Нэг нь “ДФ” гээд компани, нөгөөх нь “Батсарай” гэж компани байгаа. “ДФ” ХХК нь өмнө нь сум, буу зөвшөөрөлгүйгээр оруулсантай холбоотой түр хугацаанд азнаж байгаад зөвшөөрлийг олгоход татгалзах зүйл өгсөн байдаг. Манайхыг 100 хувийн саналаар дэмжээд, манайд тусгай зөвшөөрлийг олгосон. 2011 онд Д.Цэвээнжав гэж дарга байхдаа зөвшөөрсөн. 2014 онд О.Ганбат гэж дарга, 2018, 2021, 2022 онуудад Б.Асралт дарга байхдаа манай зөвшөөрлийн хугацааг сунгаад явсан. Одоогийн байдлаар манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 онд дуусна. Мэдээж удаа дараагийн хугацаа сунгасан асуудлууд байгаа. Манай үйл ажиллагааг шалгаж тогтоогоод зөвшөөрлийн хугацааг сунгаж явж байсан үйл баримтууд хэрэгт хангалттай авагдсан байгаа учраас энийг давхардуулж яриад байх шаардлагагүй гэж бодож байна.

Манайх татваргүй барааны үйл ажиллагаагаа Гашуун-Сухайтын боомтын гарах чиглэлд явуулдаг. Гаргах чиглэл гэхээр тухайн үед 2011 онд боомтын нөхцөл байдал тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад ямар нэгэн дэд бүтэцгүй байсан. Бид тухайн бүх газарт дэд бүтэц олгосон гэхгүй ч гэсэн бид зөвхөн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг явуулахын тулд цахилгаан татахаас эхлээд 2 чингэлгийг авчирч тавьсан. Нэг нь ажилчдын чингэлэг. Зөвхөн тамхи зарах зориулалттай тусгай зөвшөөрөл эзэмшдэг учраас нэг нь тамхиа зардаг 40 тонн контейнер авчирсан. Нөгөөх нь 20 тонн контейнер. Нийтдээ 10 гаруй ажилчин тэнд ажилладаг. Тогтмол цалин орлогоо аваад, 2014 оноос хойш ажиллаж байгаа юм. Тэгээд тухайн орчныхоо асфальтан зам, тэр хэсгийг тохижуулж, өөрсдийнхөө бараа, ажил үйлчилгээгээ явуулахын тулд бас тохижилтын ажлыг явуулсан. Анх тусгай зөвшөөрлийг авч байхдаа бид багагүй хэмжээний ашиг олохоор төлөвлөсөн байсан боловч тухайн үеийн боомтын нөхцөл байдал нь шороогоороо эргэсэн байсан юм байна лээ. Материалууд, зураг хөрөг, бичлэгийг нь үзсэн.  Нөхцөл байдал нь ямар болчхоод байгаа вэ гэвэл тухайн үеийн боомтын дарга нь  солигдоод Н.Булгантамир гэж хүн байгаа гэсэн. Өмнөговийн Гашуун-Сухайт боомт нь, Замын-Үүд боомт шиг боомт болох юм байна лээ. Боомтын нөхцөл байдал тийм болохтой зэрэгцээд манай тусгай зөвшөөрлийг танайд сонгон шалгаруулалтгүйгээр олгочихсон байна гэдэг. Сонгон шалгаруулалт явуулах үүрэг нь хэнд байдаг вэ гэвэл Гаалийн ерөнхий газарт байгаа. Бид нар зөвхөн хүсэлтээ л гаргасан, материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга та нар сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна гэдэг. Хэрвээ тэр үедээ, эсвэл магадгүй 2014, 2018, 2021, 2022 онд Гаалийн ерөнхий газрын дарга, мэдээж захиргааны байгууллагын үйл ажиллагаа явж байгаа учраас тухай бүрд нь хяналтаа тавиад, тухай бүрд нь зөрчил байсан бол зөрчлийг нь арилгуулаад явах байсан байх. Манай тухайд 2011-2023 онд гийн нөхцөл байдал хүртэл ямар нэгэн байдлаар Гаалийн тухай хууль болоод холбогдох бүх хуульд заасан ямар ч зөрчлийг гаргаж байгаагүй.

Манайх 1996 онд анх байгуулагдсан. 2007 оноос хойш татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй. Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйл дээр, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл дээр, Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр журмын 7.3 дээр байгаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нийт 5 тохиолдол байгаа. Зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө хүсэлт гаргасан, эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, аж ахуй нэгж татан буугдсан, эсвэл түдгэлзүүлсэн үндэслэл буюу зөрчил нь арилаагүй, эсвэл удаа дараа зөрчил гаргаж байгаа тохиолдлуудыг хүчингүй болгохоор заасан. Энийг Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль дээрээ ч, Гаалийн тухай хууль дээрээ ч тодорхой дурдаад өгчихсөн байна. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга ямар үндэслэл байсан болоод манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байгаа юм бэ гэхээр хуульд заасан ямар ч үндэслэл тогтоогдохгүй байгаа. Гагцхүү 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаал дээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 гээд байгаа. Энэ нь ерөнхий ойлголт байгаа. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 буюу сонгон шалгаруулалт явуулахыг үгүйсгээд байгаа. Үгүйсгээд байгаа үндэслэлийг нь үзэхээр мэргэжлийн зөвлөлийн хурал дээр 2 компани ороод хоёуланд нь тусгай зөвшөөрөл олгосон. Сонгон шалгаруулалтгүйгээр явуулсан. Гэтэл  Гаалийн ерөнхий газрын даргаас ирсэн албан бичиг байгаад байгаа шүү дээ. Ямар ч компани Гашуун-Сухайтад үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргаж байгаагүй. Гэтэл 2 компани хүсэлт гаргачхаад байна. Манай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Гаалийн ерөнхий газрын дарга магадгүй архивд байгаа бичиг баримтуудаа дутуу үзсэн байхыг бид үгүйсгэх боломжгүй. Мэргэжлийн зөвлөлийн хурлын протокол дээр 2 компани орсон гэдэг нь тодорхой байна. Ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт зарласан болоод л 2 компани орсон байгаа. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тушаал гарахаас өмнө 03 дугаар сарын 10-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурал болсон байдаг. Үүн дээр манай “Батсарай” ХХК болоод бусад гаалийн татваргүй барааны дэлгүүр эзэмшдэг нэр бүхий 10 компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг ярьсан байдаг. 31 хуудас бүхий хурлын тэмдэглэл үйлдэгдсэн боловч  шүүх дээр 5 хуудас ирсэн. Үүн дээр 10 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байгаа юм. Ингээд сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаа дээр бид сонгон шалгаруулалтын үндсэн дээр тухайн үед материалаа бүрдүүлээд өгсөн гэдэг тайлбарыг бид гаргасан. Гэтэл зөвхөн энэ 10 компаниас манай л зөвшөөрлийг хүчингүй болгосон. Нөгөө 8 компанийнх нь зөвшөөрөл буцааж сэргэчихсэн. Нэг компани нь болох “Изинис-Эйр вэйз” нь түдгэлзчихсэн буюу зөрчлөө арилгасан. Ийм хурлын протокол үйлдэгдээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг цуцалсан. Хардах үндэслэлийнхээ дагуу бодохоор магадгүй тухайн үед энэ нөхцөл байдал буюу ямар ч боомтын биш газар байсан учраас тэнд хэн ч булаацалдахгүй байж л дээ. Гэтэл  Хятадын талаас билүү, хөрөнгө оруулаад тэр боомтыг засаж сайжруулаад гоё болох юм гэсэн. Түүнтэй холбоотойгоор хүмүүсийн шунал ч юм уу, тийм асуудлууд байсныг үгүйсгэхгүй. Иймд шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэн Гаалийн ерөнхий газрын даргын 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

12. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохоор заасны дагуу хилийн боомт болон нутгийн гүнд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах байршлыг зааж, тухайн байршилд татваргүй барааны дэлгүүрийн тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага сонгон шалгаруулалт зохион байгуулдаг.

Хилийн боомт болон нутгийн гүнд татваргүй барааны дэлгүүрийн тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах байршлыг зааж, зөвхөн тухайн байршилд гаалийн удирдах төв байгууллага шударга, ил тод, нээлттэй өрсөлдөх боломжоор хангах зарчмыг баримтлан олон нийтийн хяналт дор сонгон шалгаруулалт зохион байгуулдаг.

 Гэтэл Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэж заасныг зөрчиж сонгон шалгаруулалтгүй олгосныг Гаалийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор "Батсарай" ХХК-ийн Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн гарах урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Иймд “Батсарай” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ./Х.х-н-13/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр 2 компани байгаагаас манайх зөвшөөрөл авсан нь мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр байгаа гэж тайлбарлаад байна. Гэтэл мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр сонгон шалгаруулалт явуулсан тухай ямар ч үг, үсэг байхгүй. Тухайн “Батсарай” ХХК-нд зөвхөн татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал хэлэлцсэн болохоос биш сонгон шалгаруулалтын тухай огт дурдаагүй. Тухайн 2011 онд Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 29-ний 174 гэдэг тушаал хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмыг баталсан. Энэ 3 дахь хэсэгт нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай бүлэг заалт бий. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг тухайн үед сонгон шалгаруулалт хэрвээ явуулсан бол нэгдүгээрт Гаалийн ерөнхий газар тухайн сонгон шалгаруулалтыг явуулахтай холбоотой урилгыг бүх нийтэд түгээсэн. Тэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлсэн байх ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед сонгон шалгаруулалт явуулах тухай ямар ч урилга зарлагдаагүй. Хоёрт нь, хэрвээ сонгон шалгаруулалт явуулахаар урилга зарлагдаад тухайн “Батсарай” ХХК холбогдох сонгон шалгаруулалтад орохоор баримт материалаа ирүүлсэн бол сонгон шалгаруулалтыг Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр байгуулсан комисс зохион байгуулах ёстой. Энэ хугацаанд Гаалийн ерөнхий газарт ямар ч татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс батлагдсан тушаал шийдвэр огт байхгүй. Гуравдугаарт нь, тухайн сонгон шалгаруулалтад хэрвээ энэ аж ахуй нэгж оролцсон бол сонгон шалгаруулалтын хураамж төлөх ёстой. Сонгон шалгаруулалтад оролцогчид Гаалийн ерөнхий газарт бүртгүүлээд хураамж төлөхөөс гадна мянган ам долларын баталгааг банкны байгууллагаар гаргуулсан байх ёстой гэсэн заалтууд байх ёстой. Гэтэл ямар ч хураамж төлсөн баримтууд “Батсарай” ХХК-нд байхгүй. Гаалийн байгууллага ч “Батсарай” ХХК-аас сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч төлбөр хураамж огт байгаагүй. Мөн ийм банкны баталгаа гаргасан баримт ч байхгүй. Энэ бүхнээс үзэхэд тухайн үед Гаалийн байгууллага 2011 оны “Батсарай” ХХК-нд татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл олгох үед Гашуун-Сухайтын гаалийн нутагт татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлүүлэхээр тусгай зөвшөөрөл олгохоор ямар ч сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй. Түүнд ямар ч аж ахуй нэгж оролцоогүй. Иймд тус компани сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл авсан байна гэдэг нь нотлогдож байна. 2011 оны 11 дүгээр сарын 17-нд нэхэмжлэгчийн хэлээд байгаа Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тус компанид татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Тухайн үед “Батсарай” ХХК 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 011/158 гэсэн дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан. Тэр хүсэлтдээ Гашуун-Сухайт дахь гаалийн газарт татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаагаа өргөжүүлээд, өөрийн хөрөнгөөр орчин үеийн тохилог үзэмжтэй 2 давхар татваргүй барааны дэлгүүр барина гээд, татваргүй барааны дэлгүүрийн зураг төслөө ирүүлсэн. Өргөтгөж байгаа тухайн том барилга байгууламжид нь боомт дээр зөвхөн татваргүй барааны дэлгүүр ажиллуулахаас гадна тухайн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа банк, бусад байгууллагуудыг байршуулаад үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Ийм учраас манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгооч ээ гэдэг хүсэлт ирүүлсэн байдаг. Энэ хүсэлтийг бол Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, тухайн барилга байгууламж баригдсаны дараа татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоё гэж шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үед тус компанийн захирал Л.Баяндалайд шийдвэрээ Гаалийн ерөнхий газар 03/4625 дугаартай албан бичгээр хүргүүлснээс хойш 2 жилийн дараа “Батсарай” ХХК 2013 оны 01 дүгээр сарын 29-нд 13/14 гэсэн бичиг, мөн 2013 оны 10 дугаар сарын 28-ны 13/239 гэсэн дугаартай албан бичгүүдээр Гашуун-Сухайт боомтод 2 давхар барилга барина зураг төсөл ирүүлээд байсан. Түүнээсээ буцаад манайх зөөж явах түр барилга барьж байгаад татваргүй барааны дэлгүүрээ ажиллуулъя гэдэг хүсэлт ирүүлсэн байсан. Үүнийг үндэслээд Гаалийн ерөнхий газар 2014 оны 02 дугаар сарын А/32 дугаартай тушаалаар тухайн үедээ Гашуун-Сухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд нь татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосон. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг 3 удаа сунгасан. Зөвшөөрлийг дуусгавар болох хугацаанаас 3 жилээр, 2 жилээр гээд 3 удаа сунгасан байсан. Үүнийг бид бүхэн өнгөрсөн оны 2023 оны 1 дүгээр улиралд Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн газар боомтод Гаалийн хууль тогтоомж, бодлогын бичиг баримтын хэрэгжих явц байдалтай танилцан, чиг үүргийн шинжилгээ хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх шалган зааварчлах ажиллагааг зохион байгуулсан. Энэ шалган зааварчлах ажиллагааны хүрээнд энэ зөрчил илэрсэн. Гашуун-Сухайт боомтод татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс “Батсарай” ХХК нь Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлд дурдсан сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан гэдэг зөрчил илэрсэн. Үүнийг Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар зөвхөн “Батсарай” ХХК асуудлыг хэлэлцээгүй. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 11 аж ахуй нэгж гэж яриад байна. Тэр нь татваргүй барааны дэлгүүрийн зөрчилтэй холбоотой 11 аж ахуй нэгжүүд байсан. Тэр бүгдийн гаргаж байгаа зөрчил болгон тус тусдаа өөр байсан. Зөрчилд холбогдох баримт, гарсан. зөрчлийн талаар мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд, зөрчил бүрд тохирсон арга хэмжээ авахаар шийдвэр гаргасан. Түүний дагуу “Батсарай” ХХК нь сонгон шалгаруулалтгүйгээр энэ үйл ажиллагааг эрхэлж байсан учраас хуульд нийцүүлэх үүднээс үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүнийгээ 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/01820 гэсэн дугаартай албан бичгээр “Батсарай” ХХК-нд мэдэгдэж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Энэ тухай баримтаа нотлох баримтаар хэрэгт өгсөн. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасан гаалийн баталгаат бүсэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны нэг төрөлд 138.1.6-д татваргүй барааны дэлгүүр ажиллуулах гэж заасан. Мөн хуулийн 138.3 дээр 138.1-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно гэж хуульчилсан байдаг. 174 дүгээр тушаалыг би сая дурдсан. Энэ дээр сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах тухай зөвшөөрөл олгох тухай нарийвчилсан тушаалаар зохицуулсан. Дээрх хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад орох ёстой байтал ямар ч сонгон шалгаруулалтад оролцоогүйгээр, татваргүй барааны дэлгүүрийг ажиллуулахад тавих нөхцөл шаардлагыг хангахгүй хэр нь “Батсарай” ХХК нь Гашуун-Сухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг нь эрхлэх тусгай зөвшөөрөл авсан явдал нэг талаасаа. Нөгөө талаасаа тус компанид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа нь хууль тогтоомжоо бол зөрчсөн байна гэж дүгнэсэн. Гаалийн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа шалгалт хийгээд ингэж дүгнэлт хийсэн. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг заасан. Энэ захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга байх, ардчилсан ёс, шударга, ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Хууль дээдлэх болон тэгш байдал бидний үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим. Энэ зарчим алдагдсан байна. “Батсарай” ХХК-нд хуульд нийцээгүй, бусдаас давуу байдал олгож, тэгш байдлыг алдагдуулж, хуульд нийцэхгүйгээр гаалийн байгууллагаас татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах энэ зарчмаа зөрчсөн байна гэж үзсэн. Иймээс өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг хуульд нийцүүлэх үүднээс залруулж, өмнө нь хууль зөрчиж олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Нөгөө талаасаа нэхэмжлэгч уншсан, 174 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн нэг дээр нь тусгай зөвшөөрлийг авах үедээ гаргаж өгсөн баримт нь хуурамч болох нь тогтоогдсон гэсэн заалт байгаа. Одоо Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 276 дугаар тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмыг гаргаж мөрдөж байна. Энэ журмын 5 дугаар зүйлийн 3.2-т нь татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бол татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан. Энэ заалтыг үндэслээд тус компанийн татваргүй барааны дэлгүүр эрхлэх үйл ажиллагааг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрэн бүрэлдсэн. Учир нь 2011 оны 11 дүгээр сарын 17-нд 011/158 дугаартай бичиг баримтаар анх татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл авахдаа энэ компани хилийн боомтод өөрийн салбар дэлгүүрээ ажиллуулахдаа 2 давхар барилга байгууламж барьж, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллуулна гэдэг. Үүн дээр төрийн бусад байгууллагуудыг орж ажиллуулах боломжоор хангана гэдэг амлалт, ийм мэдэгдэл хийж баримт бичиг бүрдүүлж өгсөн байсан. Тухайн үед Гашуун-Сухайт боомтод төрийн байгууллагуудын ажиллах нөхцөл боломж, барилга байгууламжийн хувьд хомс, тааруу байсан учраас “Батсарай” ХХК-ийн гаргаж ирж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжинэ гэдэгт нь гаалийн байгууллагаас итгэл найдвар өгөөд, үнэхээр Гашуун-Сухайт боомтод 2 давхар барилга байгууламж бариулах зураг төслөө ирүүлээд байгаа, үүнд нь төрийн байгууллагууд тодорхой хэмжээгээр орж ажиллах, үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл хангагдах юм байна гэдэг итгэл үнэмшил бий болсон учраас энэ тусгай зөвшөөрлийг тухайн үедээ олгосон байсан. Гэтэл тус компани тийм барилга байгууламжийг огт бариагүй. Өөрсдөө сая хэлсэн. 2 чингэлэгт үйл ажиллагаагаа явуулсаар байгаад сая боомтын үйл ажиллагаатай холбоотойгоор 2 чингэлгээ нүүлгэж аваад явсан. “Батсарай” ХХК боомт дээр хийсэн, бүтээн байгуулсан, барьж байгуулсан зүйл байхгүй. Энэ нь нотлох баримтаар харагдана. Гашуун-Сухайт боомтоос ирүүлсэн энэ талаарх баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн. “Батсарай” ХХК нэхэмжлэлдээ дурдсан байсан. 2019 оны 275 дугаар тушаалын 5 дугаар хавсралтад татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам, зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдлыг заасан. Уг тохиолдлыг зөрчөөгүй байтал дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгосон гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Энэ 275 дугаар тушаалын зөвшөөрлийг хүчингүй болгох бусад заалтууд “Батсарай” ХХК-ийн хувьд хамаарагдахгүй гэж үзэж байгаа. Учир нь тухайн заалтууд нь хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтад оролцоод, хууль ёсны дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд хамааралтай заалтууд юм. Энэ компанийн хувьд анхнаасаа хууль зөрчсөн, сонгон шалгаруулалтад огт орохгүйгээр зөвшөөрөл авсан. Хоёрт 5.3-д нь өгсөн баримт хуурамч худал болсон гэдэг үндэслэлээр зөвшөөрлийг цуцалсан. Ийм учраас “Батсарай” ХХК-ийн нэхэмжлэл хуульд нийцэхгүй. Өөрсдийнх нь гаргаад байгаа тайлбар нь нотолгоогүй. Ямар нэгэн үндэслэл, нотлох баримтгүй тайлбар гаргаж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх дээр бодох биш, бодит байдлыг нотлох баримтаар үндэслэж дүгнэлт хийх байх гэж найдаж байгаа. Гаалийн байгууллагын хувьд Н.Булгантамир гэдэг дарга огт байхгүй. Нөгөө талаасаа Н.Булгантамир гэдэг дарга чингэлгийг зөө гэснээс болоод тамхины хугацааг дууссан, хохирол учирлаа гэж ярьж байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Н.Булгантамир гэдэг дарга байхгүй. Хоёрт, чингэлэг зөөснөөс болоод тамхины хүчинтэй хугацаа дуусахгүй байх. Үүнийг бодитой гаалийн байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотойгоор учирсан шууд хохирол гэж үзэх нотлох баримт, нотолгоо огт байхгүй. Өмнө нь хэлсэн дээрээ дахиад нэмээд хэлэхэд гаалийн байгууллага сонгон шалгаруулалт зарлаагүй учраас аж ахуй нэгжүүдийн ирүүлсэн хүсэлт дээр үндэслэж сонгон шалгаруулалт огт явуулдаггүй. Урьдчилаад сонгон шалгаруулалтаа зарлаад, тендерийн урилгаа зарласны дараа ирүүлсэн байсан баримт дээр үндэслэж шийдвэр гаргадаг.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Батсарай” ХХК 2021 оны 10 дугаар сард Гашуун-Сухайт боомтын 40 тонн чингэлэгт хадгалагдаж ирсэн 60 мянган долларын тамхийг бүгдийг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаад “Прогресс Транс” гээд гаалийн баталгаат агуулахад татсан. Энэ бол 750 горимд байршуулаад Улаанбаатар хот руу агуулахад бүх тамхиа татсан гэдэг нь 31-ний гаалийн мэдүүлгээр батлагдана. Агуулахад оруулсан бараагаа “Батсарай” ХХК хилийн чанад руу буцаагаад гаргаж болно. Эсвэл татвараа төлөөд гаалийн нутаг дэвсгэрт оруулж болно. Сонгох горим нь бүгд боломжтой байгаа. Агуулахад хадгалагдаж байгаа тамхины хувьд гаалийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа нь дуусаагүй. Горимоо сонгох боломж нь нээлттэй байсан. Түүнээс гадна өнөөдөр Гашуун-Сухайт боомтын 4 эгнээ нүүрсний замаар өдөртөө 1300 орчим жолоочид, хүмүүс тээвэр гарч байгаа. Энэ 4 эгнээ зам дээр ямар ч явган хүний гарц, тэмдэглэгээ байдаггүй. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар кабиндаа зорчигч суулгаж Хятадын хилээр орохыг Хятадын тал зөвшөөрдөггүй. Жолооч нар өглөө Хятадын тал хилээ нээнгүүт гараад нүүрсээ Хятадын боомтын хяналтын талбай дээр нүүрсээ буулгачхаад оройдоо буцаад ороод ирдэг. Гаалийн ерөнхий газрын даргын 350 дугаартай тушаалаар батлагдсан зорчигчийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт байгаа. Тухайн хилээр өглөө гараад нүүрсээ, буулгаад оройдоо буцаж орж ирж байгаа. 24 цагийн дотор хилээр орж ирж байгаа зорчигчид татваргүй барааны дэлгүүрийн 2.3.1-д заасан заалтууд үйлчилдэггүй. Гашуун-Сухайт боомтын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Батсарай” ХХК тодорхой мэдээлэлтэй байсан. Цаашдаа энэ нүүрсний талбайг бид 10 замтай болгохоор төлөвлөж байгаа. Нүүрсний жолооч нар талбайгаас буух шаардлагагүй. Жишээ нь боомт руу орж гарах жолооч нарын бүх хөдөлгөөн нь RPAD 5 буюу автомат ухаалаг системийн тоног төхөөрөмжөөр бүртгэгдэж байгаа. Мөн талбай дээр суурилуулсан тоног төхөөрөмжийн мэдээллүүд нь бүгд хүний оролцоогүй, гаалийн байгууллагын автомат системээр шийдэгдэж байгаа учраас тэр талбай дээр нэг ч жолооч талбай дээрээс буухгүй. Мөн хилийн хяналтын албан хаагч нар ч талбайгаар явах ямар ч шаардлагагүй болсон. Бүх юм нь автоматаар цахимжсан. Шинэ төлөвлөлт дээр тухайн аж ахуй нэгжийн 40 тонн чингэлгийг байрлах ямар ч төлөвлөлт байхгүй. 10 эгнээ зам дээр мөн явган зорчигчийн зам, гарц тэмдэглэгээ төлөвлөгдөөгүй: Өнөөдрийн жишээгээр харахад 4 эгнээ замын захад нь 40 тонны чингэлэг дэлгүүрт тавьсан байлаа. Нүүрсний машинууд өндөр бараг вагон шиг л 20 тонны, 40 тонны чингэлэг аччихсан машинууд байдаг. Жолооч нарын гол эрмэлзэл нь Хятадын тал өглөө нээнгүүт гялс амжиж нүүрсээ буулгаад, буцаад оройдоо орж ирэх зорилготой байдаг учраас хоорондоо бараг хүн явах зайгүй болтлоо шахаж явдаг. Тэгээд алсаас харахад Гашуун-Сухайт боомтоор гарч байгаа нүүрсний машинууд урсаж байгаа юм шиг харагддаг. Өөр аль ч боомт дээр ачаалалтай ийм хөдөлгөөн байхгүй. Тэгэхээр би 2 дугаар эгнээн дээр явж байгаа жолооч машинаасаа буугаад дэлгүүр рүү гүйх юм бол миний арын эгнээ тэр чигтээ зогсоно. Тэгэхээр том машинтай байгаа жолооч нар учраас өдөртөө гарч амжихын тулд урд талынхаа эгнээний жолоочийн машин эвдэрчихсэн байна гэж ойлгоод хажуугаар нь дайрах үйлдэл хийдэг. Үүнээс болоод тэр машин унах юм бол 4 эгнээ ханараад алга болдог тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр ачааны хэсэгт зорчигчид үйлчлүүлэх зориулалттай дэлгүүрийг ажиллуулаад, 4 эгнээ замаар 1300 гарч байгаа бол цаашдаа 10 эгнээ болох юм бол 2000 жолооч гарах боломжтой. Зориулалтын бусаар төлөвлөгдөөгүй дэлгүүрийн үйл ажиллагааг ажиллуулаад, хэрвээ жолооч нар дэлгүүрээр үйлчлүүлэх зорилгоор зам хөндлөн гарч гүйх юм бол хилээр гарч байгаа 2000 жолоочийн амь нас, эрүүл мэндийн хувьд маш их эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. “Батсарай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “Манай компани анх татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Гаалийн тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу материалаа бүрдүүлэн Гаалийн ерөнхий газарт хандан Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр нээлгэх тухай хүсэлтийг гаргасан, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журамд заасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргаж байна.

2. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно” гэж заасан байх бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр тушаалаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг 8 үзүүлэлтээр гаргаж, эдгээрийг нотолсон баримт материалыг ирүүлэхийг тусгажээ. Сонгон шалгаруулалтын комисс нь Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдаж, сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд зарлан мэдээлж, сонгон шалгаруулалтын баримт бичгийг урилга нийтлэгдэхээс өмнө бэлэн болгож, оролцогчдод сонгон шалгаруулалт зохион байгуулах өртгөөр үнэлж, худалдахаар журамд заажээ. Мөн сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахгүй нөхцөл, хүчингүйд тооцох, сонгон шалгаруулалтыг нээх, дүгнэх, зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг харилцаануудыг уг журмаар зохицуулж өгчээ.

3. Шүүхээс “Батсарай” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт анх гаргаж өгсөн материалыг шаардахад “Батсарай” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 011/158 дугаар албан бичиг, татваргүй барааны дэлгүүрийн барилгын зургаас өөр баримт байхгүй /х.х-н 125-132/, Гаалийн ерөнхий газраас сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу зохион байгуулсан эсэх талаарх баримтыг шаардахад сонгон шалгаруулалт 2011 онд явагдаагүй гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн.

4. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гаалийн тухай хууль хуульд заасны дагуу материалаа бүрдүүлэн өгсөн гэсэн тайлбар үүгээр няцаагдана.

5. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан журамд заасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус, хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөж байна гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

6. Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/276 дугаар тушаалаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ын Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох заалт нь хууль ёсны дагуу буюу сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хамааралтай.

7. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэл хамгаалах зарчим” нь хууль ёсны дагуу үүссэн эрх, энэ тохиолдолд сонгон шалгаруулалтын дагуу авсан тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд хэрэгжих хуулийн зарчим юм.

8. Иймд  Гаалийн Ерөнхий газрын даргын  2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/32 дугаар тушаалаар “Батсарай” ХХК-д Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын гаалийн хяналтын бүсийн нүүрс тээврийн гарах урсгалд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 “хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох”, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно”, 138.1.6 “татваргүй барааны дэлгүүр ажиллуулах” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

9. “Батсарай” ХХК-д Гашуун сухайт хилийн боомтод татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 3 жилийн хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл олгосон байх ба зөвшөөрлийн хугацааг бүтэн 1 жил өнгөрсний дараа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа огнооноос эхлэн сунгасан. Энэхүү 2018 оны А/79 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан байх ба дахин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай  мөн 1 жил 8 сарын дараа буюу  2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/203 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа өдрөөс эхлэн тус тус сунгасан байна. Үүнээс үзэхэд “Батсарай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад нөхөж сунгаж байснаас үзэхэд тусгай зөвшөөрөлгүй үедээ татваргүй барааны дэлгүүрээ ажиллуулж байсан гэж үзэхээр байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компани ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гарган засаж сайжруулан барилга байгууламж, зам талбай, дэд бүтэц зэргийг шийдэж үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан бичлэг, фото зургаас үзвэл 40 тонн, 20 тонны 2 чингэлгийг нүүлгэн авч явсан байх бөгөөд энэ нь Гашуунсухайт дахь Гаалийн газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 01/312, 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 01/353 дугаар албан бичгүүдээр давхар нотлогдоно. /Х.х-н 103-105/

11. Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалаар Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах” эрхийн хүрээнд, сонгон шалгаруулалтгүй олгосон зөвшөөрлийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий гарсан байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн  138.1.6, 138.3,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг тус тус баримтлан “Батсарай” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ӨЛЗИЙЖАРГАЛ