Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01809

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 181/ШШ2024/01809

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б.Б /РД.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Д.Ц /... /,

Хариуцагч: ... тоотод оршин ... Д.Д / .../ нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Д.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би хариуцагч Д.Ц, Д.Д нараас эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 89.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сард 120,000,000 (нэг зуун хорин сая) төгрөгөөр худалдан авсан ба худалдан авсанаас хойш орон сууцыг хүлээн авч амьдарч байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр чинь гаргаж өгнө гэсэн ба гаргаж өгөхгүй удаад байхаар нь яагаад удаад байна, хурдан гэрчилгээгээ авмаар байна гэхэд банкны барьцаанд байгаагаа хэлж, барьцаанаас удахгүй чөлөөлөөд шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөхгүй байгаагаас шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

Хариуцагч нар банкны барьцаанаас чөлөөлсөн даруйд миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулан өгсөн. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэтэл хариуцагч нар хөрөнгийг шилжүүлсэн мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхгүй намайг хохироосоор байна. Худалдсан орон сууцыг барьцаалсан байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгасан шийдвэр саад болохгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Дгийн нэр дээр байдаг боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хариуцагчаар эхнэр Д.Цыг татсан болно.

Иймд хариуцагч  Д.Ц,  Д.Д нарт эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 89.3 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Б надад шилжүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын барьцаалсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний худалдан авсан орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдан борлуулан Ариг банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдал үүсч орон сууцаа алдахад хүрсэн. Нэгэнт хариуцагч нар зээлээ төлж чадахгүй байсан тул тэдний өмнөөс би төлж орон сууцаа барьцаанаас чөлөөлөн авахаар харилцан тохиролцсоны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох 110,000,000 төгрөгийг тэдний өмнөөс төлж барагдуулсан. Иймд хариуцагч нараас 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Б миний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц, Д.Д нарт холбогдох хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа болно. Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан хүсэлт шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ц, Д.Д нарт холбогдох хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа. Талууд дараах нөхцлөөр эвлэрэн хэлэлцэв. Үүнд: 1. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 89.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлж өгнө. 2. Хариуцагч нараас 110,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч нэр хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. 3. Хугацаандаа үүргээ биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлнэ. 4. Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Ц, Д.Д нарт холбогдуулан Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, 110,000,000 төгрөг гаргуулаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрэн хэлэлцсэн талаараа шүүхэд тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039267 дугаартай, ... тоот хаягт байршилтай, 89.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэн өгөх, 110,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Д.Ц, Д.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Ц, Д.Д нар нь Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байршилтай, 89.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Бт шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэн өгөхөөр, 110,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тус тус эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 778,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Д.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 338,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болсон болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА