Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02891

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

181/ШШ2024/02891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............. тоотод байрлах, А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.А г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлийн гэрээний үүрэгт 3.803.108 төгрөг гаргуулахаар Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Г.А хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Г.А нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ байгуулахдаа Орхон аймаг, ...тоотод оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаар нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны 142/Ш32024/00832 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдож байна. Иймд Г.А г /../ эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/Ш32024/00832 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-7/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А ББСБ ХК нь Г.А г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Хүсэлт гаргагч цахим зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/Ш32024/00832 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд тодорхойлсон Орхон аймаг, ... тоот хаягт Г.А оршин суудаггүй болох нь тогтоогдсон, хариуцагчийн 99906008 дугаарын утас руу залгахад Г.А байхгүй гадаад явсан гэсэн ба Хил хамгаалах Ерөнхий газрын шалган нэвтрүүлэх хэлтсээс Г.А г хилээр гарсан талаар лавлагаа авахад Г.А нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингис хаан агаарын боомтоор гарсан гэх бүртгэл авагдсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2-3в/591 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагаа хийгдэх боломжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ захирамжид иргэний давхцахгүй өгөгдлийн талаар тусгагдаагүй.

3.Шүүхээс хүсэлтэд дурдсан Г.А гийн гэх ЙЮ90120537 регистрийн дугаараар бүртгэх байгууллагын хур системээс шүүхийн журмаар лавлагаа гаргуулахад ... регистрийн дугаартай Д.З гэж хүний мэдээлэл болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгчээс Г.А тай байгуулсан гэрээ, иргэний үнэмлэх зэргээр холбогдох бусад баримтуудыг нэхэмжлэлд огт хавсаргаж ирүүлээгүй, ганцхан регистрийн дугаар тодорхойлж ирүүлсэн. Гэвч иргэний давхцахгүй өгөгдөл болох регистр Г.А гийнх биш байх тул шүүх эрэн сурвалжлах боломжгүй.

Иймд зөвхөн Г.А гэдэг нэрээр эрэн сурвалжлах боломжгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Үүнээс гадна хавсаргаж ирүүлсэн 142/Ш32024/00832 тоот шүүгчийн захирамжид түүнийг Монгол Улсын хилээр гадагш гарсан талаар тусгасныг дурдав.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.А  /Регистрийн дугаар: ...-г эрэн сурвалжлуулах тухай АК ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ