Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөг

Маргааны төрөл: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0072348 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Н.Мөнгөнхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0072348 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

Гомдол гаргагчаас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөг нь "УБТЗ ХНН-ийн Амгалан-Туул зөрлөг хоорондын төмөр замын 416-418 км-ийн торон хашаан доторх өвс ургамал шатсан гэж үзэж 0072348 дугаартай 1,000,000 төгрөгийн торгууль оногдуулах тухай шийтгэлийн хуудас ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөг нь шийтгэлийн хуудсыг Дархан татах хэсэгт ногдуулжээ. Дархан татах хэсэг нь "УБТЗ" ХНН-ийн салбар нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна", Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ" гэж мөн "УБТЗ ХНН-ийн Дүрмийн 19 дүгээр зүйлд "Замын дарга нь төмөр замын ашиглалтын бүх ажлыг биеэ дааж удирдах ба энэ дүрмээр тогтоогдсон хувь нийлүүлэгчдийн хамтарсан хурал буюу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны эрх мэдэлд холбогдох хэргүүдээс бусад нийгэмлэгийн өдөр тутмын бүх ажил хэрэг болоод хөрөнгө хогшлыг тусгай итгэмжлэлгүйгээр эрхлэн барина" гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь тус байгууллагын Замын дарга байна. /Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийг хавсаргав./ Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т "хуульд үндэслэх" зарчмыг зөрчсөн байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж заасан. Гэтэл гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөг нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа холбогдогчийг буруу тогтоосон байна.

3. Эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа холбогдогчоо зөв тодорхойлоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул дээрх захиргааны акт нь биелэгдэх боломжгүй илт хууль бус байна.

Өөрөөр хэлбэл энэ шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж заасан мөн зүйлийн 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж зааснаар илт хуль бус захиргааны акт байна.

Иймд гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн оногдуулсан №0072348 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн Шийтгэлийн хуудсанд гомдол гаргах харьяаллыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргахаар заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар төмөр зам ХНН нь ганцхан хуулийн этгээд бөгөөд салбар төлөөлөгчийн газар гэж байхгүй. Улаанбаатар төмөр зам ХНН нь төмөр замын бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учраас Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл дархан байдалтай, 88 цех тасгаас бүрддэг. Гэтэл хариуцагч огт байхгүй Дархан татах хэсэг гэх этгээдэд шийтгэлийн хуудас ногдуулсан. Шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төлөөлөх эрх бүхий этгээд болох замын даргаас итгэмжлэл авсан этгээдийг оролцуулаагүй. Үйл баримтын талаар хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдэл мэдэгдэхгүйгээр хуулийн этгээдийн эрхгүй Дархан татах хэсэгт шийтгэлийн хуудас ногдуулж байгаа нь илт хууль бус захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл Дархан татах хэсэг гэдэг хуулийн этгээд, салбар, нэгж байхгүй.

Хариуцагч Н.Мөнгөнхөлөгөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол- Оросын хувь нийлэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Ариунаа нарын гаргасан гомдолтой танилцлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гэрээт Гал Түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Нанжид овогтой Мөнгөнхөлөг би Онцгой байдлын ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нарын байгуулсан "Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч гэрээгээ ажиллуулах тухай А/18/124 Дугаартай гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сараас хойш тасралтгүй 6 дах жилдээ ажиллаж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Амгалан-Туул хоорондын төмөр замын 416-418 дугаар километрт 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төмөр замын хамгаалалтын торон хашаан доторх өнжмөл шар өвс ургамал шатсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17 дах заалт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалд заасан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 хэсгийн удирдлага болгож хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн болно. Тус гал түймрийн зөрчлийг гаргасан холбогдогч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн эзэмшилт байдаг М62УМ-002 илчит тэрэг техникийн галын аюулгүй байдал хангагдаагүй галт тэрэгний цуваанд аяалж байхдаа гал түймэр гаргасан байсан тул хариуцагч байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх талаар Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн дарга П.Тайванбаярт 86114240 дугаарын утсаар нь мэдэгдсэний дагуу Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчид хандсан 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 74/965 дугаартай албан бичгээр Дархан татах хэсгийн Технологийн ахлах инженер Батцэрэн овогтой Бат-Эрдэнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж ирүүлсэн болно.

Иймд миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн хууль ёсны төлөөлөгчөөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Технологийн ахлах инженер Батцэрэн овогтой Бат-Эрдэнэ миний байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны 215 тоот өрөөнд хүрэлцэн Ирэхэд Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/77 дугаартай тушаалаар батлагдсан "Эрх зүйн хэлбэрийн загвар, жагсаалт"-ын ЗХБ-44 загварын байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж баримтжуулан, холбогдогчийн төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авч, Галын аюулгүй байдлын тухай 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт зөрчсөн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийг 1000 нэгж буюу 1000000 (нэг сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах 0072348 дугаартай шийтгэх хуудас (маягт-2) бичиж, гарын үсэг зуруулан, нэг хувийг өгч, ногдуулсан торгох шийтгэлийн төлбөрийг Төрийн сангийн 100200000903 тоот дансанд сайн дураар төлж барагдуулах талаар мэдэгдэж ажилласан болно.

Дээрх гал түймрийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 06 дугаартай материалыг 2023 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Тээврийн прокурорын газарт хүргүүлэн, бүртгэлд бүртгүүлэн, хянуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгасан болно.

Хамтран байгуулсан АҮГ/18/124 гэрээний 5.1, 5.6 дах заалтыг үндэслэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хариуцсан хэсэглэлийн хэмжээнд галын аюулгүй байдалд улсын хяналт хэрэгжүүлж, гал түймэр гарсан тохиолдолд Галын аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцох гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-802 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 13.4 дэх заалтын дагуу Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчаар зөрчилд хариуцлага тооцох заалт тусгагдсан байгаа болно. (Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаалын холбогдох хэсгийн хуулбарыг хавсаргав).

Цаашид Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар нэгж, ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн галын аюулгүй байдал хангаагүй, гал түймрийн хэрэг, зөрчил гаргасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаж, хуулийн хариуцлага хүлээлгэх хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гаргасан гомдлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж, миний ногдуулсан шийтгэлийн төлбөрийг төлүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Н.Мөнгөнхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Онцгой байдлын ерөнхий газар болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга нарын байгуулсан Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч гэрээгээр ажиллуулах тухай АҮГ/18/124 дугаартай гэрээний дагуу ажилладаг. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн салбар нэгжид гарсан гал түймэрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тооцсон. Миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хойд болон төвийн хэсгийг хариуцдаг. Урд хэсгийн өөр улсын байцаагч хариуцдаг байсан боловч тэтгэвэрт гарсан тул ганцаараа хариуцаж байгаа. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А802 дугаар тушаал 06 дугаар сард батлагдсан бөгөөд уг тушаалаар гал түймрийн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

Тус тушаалыг хариу тайлбартаа хавсарган шүүхэд нотлох баримтаар өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Гомдол гаргагч 70 гаруй цех хэсэгтэй гэж тайлбарлаж байна. Тус 70 гаруй цех тасаг нь тодорхой итгэмжлэлтэй салбар нэгжүүд үйл ажиллагаа явуулж өөрсдөө тодорхой хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг.Замын даргын итгэмжлэлийн дагуу үйл ажиллагаа, өдөр тутмын аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж ажилладаг. Би улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтын үеэр зөрчил арилгах талаар албан шаардлагыг өгч, хэрэгжилтийг хангуулж ажилладаг.

Галын аюулгүй байдлын дүгнэлттэй холбоотой гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Дархан татах хэсэг болон гал түймэр хариуцсан албуудад албан бичиг хүргүүлж байсан. Урьдчилан сэргийлэх ажиллагааг хийж байсан. Салбар нэгжүүд техникийн бэлэн байдал, аюулгүй байдал, үзлэг, шалгалт, засвар хийж байх үүрэг нь тухайн салбар нэгжид байдаг. Энэхүү үүргээ биелүүлээгүй тул зөрчил гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Улаанбаатар төмөр зам ХНН нь Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0072348 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0072348 тоот шийтгэлийн хуудсаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Амгалан-Туул зөрлөг хоорондын төмөр замын 416-418 дугаар километрийн торон хашаан доторх өнжмөл шар өвс ургамал шатсан гэх зөрчил буюу Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дархан татах хэсгийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:, 17.2.1-д холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох; гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.

Гомдол гаргагч нь Дархан татах хэсэг нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн салбар нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд шийтгэл оногдуулсан нь хууль бус, Улаанбаатар төмөр зам ХНН-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь зөвхөн тус байгууллагын Замын дарга тул №0072348 дугаартай шийтгэлийн хуудас илт хууль бус, хариуцагч нь шийтгэлийн хуудас оногдуулахдаа холбогдогчийг буруу тогтоосон тул маргаан бүхий шийтгэлийн хуудас илт хууль бус гэсэн агуулгаар маргаж байна.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дархан татах хэсэг нь бие даасан хуулийн этгээд биш буюу хуулийн этгээдийн эрхгүй болох нь тогтоогдож байх хэдий ч Дархан татах хэсэгт шийтгэл ногдуулсан нь шийтгэлийн зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн, түймэр гарсан болох нь бодитоор тогтоогдсон буюу бодит байдалд нийцсэн холбогдогч зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байх тул 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №0072348 тоот шийтгэлийн хуудас илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна., 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино. гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, зөрчил гаргасан болох нь бодит байдалд бодитоор тогтоогдсон нөхцөлд хариуцлага хүлээх нь буюу шийтгэл оногдуулах нь зайлшгүй, гарцаагүй юм.

Түүнчлэн Дархан татах хэсэгт шийтгэл ногдуулсан нь шийтгэлийн зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн, түймэр гарсан болох нь бодитоор тогтоогдсон, холбогдогч зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байх байх тул гомдол гаргагчийн маргаж байгаа хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд шийтгэл оногдуулсан гэх үндэслэл нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий алдаатай хууль бус захиргааны актыг ойлгох ба маргаан бүхий шийтгэлийн хуудаст илт хууль бус захиргааны актын шинжүүд тогтоогдохгүй байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнхөлөгийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0072348 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ