Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 16

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн,

Улсын яллагч Б.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самдансүрэн

Шүүгдэгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхөн овогт Пүрэвдуламын Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 201713010010 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 07-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 2 дугаар багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ГИ80040713 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Өндөрийнхөн овогт Пүрэвдуламын Амгаланбаатар нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртийн Ар эрээн гэх газрын ойгоос хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 264.352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Амгаланбаатар  нь зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр буюу “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас 4 метрийн урттай 52 ширхэг нийт 3.7657м3 хар мод /шинэс/ бэлтгэж, тус модыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-нд шилжих шөнө Б.Баярболдын эзэмшлийн 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 264.352 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эдгээр байдлууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэрч Г.Галбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд байхад манай  хадам ээж Ш.Лхагва миний гар утас руу залгаад манай өвөлжөө буюу Баян-Улаан багийн нутаг Урд шивэртийн Ар эрээн гэдэг газраас ЗИЛ-131 маркийн автомашинтай хүмүүс мод бэлтгэж, ачаад явлаа гэж хэлсэн. Тэгтэл Хожуулын голын гүүрээр 12-45 СЭҮ улсын дугаартай 4 метрийн урттай хэрэглээний мод ачсан ЗИЛ-131 маркийн автомашинтай үл таних дөрвөн залуу явж байхаар нь би хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад Шивэртийн эх гэх газраас мод бэлтгэсэн гэж хэлсэн. Дараа нь би өвөлжөөн дээрээ очоод тухайн мод бэлтгэсэн гэх газрыг үзэхэд ЗИЛ-131 маркийн автомашины мөр байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сард хаваржаандаа нутаглаж байхад манайхтай айл байдаг Г.Мягмаржаргал гэх хүү хонинд явж ирэхдээ танай өвөлжөөний хажуу талаас ЗИЛ-131 маркийн автомашинтай хүмүүс мод бэлтгэж ачаад явлаа гэж хэлэхээр нь би хүү Г.Галбаярт хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн  Сольжирохын  Булууны ар гэх газарт тусгаарлалт хийлгүүлсэн. Эдгээр хүмүүс тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэж ирж уг асуудалд холбогдсон. Уг модыг бэлтгэсэн өдрийн өглөө тусгаарлалт хийгдсэн талбайд хүрч чадахгүй буцаж байна гэж Б.Баярболд хэлсэн ба тусгаарлалт хийсэн талбай руу явахад Урд шивэрт гэх газраар дайрахгүй явдаг. Б.Баярболд надтай холбогдоод “мод бэлтгээд ирж байтал танихгүй хүн ирчихээд явуулахгүй байна” гэж хэлсэн тэгэхээр нь яваад очтол Б.Баярболд, Х.Пүрэвтөр, П.Амгаланбаатар, Д.Алтанхуяг нар нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газраас мод бэлтгээд ирсэн нь тодорхой байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Мягмаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртийн Ар эрээн гэх газарт үхрээ хайгаад явж байтал модон дотор бор ногоон өнгийн чиргүүлтэй ЗИЛ-131 маркийн автомашинтай хүмүүс мод бэлтгэж байгааг харсан. Тэгээд гэртээ ирсэн чинь Ш.Лхагваа эгч моторт хөрөөний дуу гараад байх юм хаана мод хийж байна гэж асуухаар нь тэр мод бэлтгэж байсан газрыг хэлсэн. Мод бэлтгэж байсан газар нь Ш.Лхагваа болон Г.Галбаяр нарын өвөлжөө байдаг юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Товгорын нуруу” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Тосонцэнгэл сумын Рашаант багийн Баруун эхийн Сольжирохын Булуу гэх газарт 5 га талбайд мод бэлтгэх тусгаарлалт хийлгүүлсэн. Уг талбайгаас хэрэглээний мод 91.2 м3, 25.6 м3 хэмжээтэй галын мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон ба 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тусгаарлалтын талбайгаас 7 м3 хэмжээний хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг 12-45 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар тээвэрлүүлэхээр Ж.Гансүхэд өгсөн. “Товгорын нуруу” ХХК нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртийн эх “Ар эрээн” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Баттулгын “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ойн ангийн даргын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самдансүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан “... Засаг дарга Улаанбаатар хотод албан ажилтай явж байгаа учраас би засаг даргын орлогчийн хувьд шүүх хуралдаанд оролцож байна. Хохирлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Ө.Чинсэтгэлийн “...Мод бэлтгэх эрхийн бичгийг хуулийн дагуу авсан байсан боловч эрхийн бичигт заасан газраас мод бэлтгэхгүйгээр өөр газраас мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулинд зааснаар бол хууль зөрчсөн гэж үзэхээргүй байсан. Харин энэ үйлдэл нь мод бэлтгэлийн журам, технологийн горим зөрчсөн үйлдэл юм...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн:

1. Иргэн П.Амгаланбаатар нь  нь Ойн тухай хууль тогтоомж зөрчөөгүй, харин мод бэлтгэлийн технологийн горим зөрчсөн байна.

2. БОАЖ-ын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39000 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин 70200 төгрөгөөр бодож нийт 3.7657 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 264.352 төгрөг болж байна.

3. Ойгоос 3.7657 м3 мод /хуурай, шатсан шинэс/ бэлтгэж, тээвэрлэсэн байна.

4. Мод бэлтгэсэн Баян-Улаан багийн нутаг Хойд шивэртийн эх Ар эрээн гэдэг газар нь ойн сангийн 2 дугаар мужид хамаарна гэсэн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг битүүмжилсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргын “...П.Амгаланбаатар нь өрхийн амьжиргааны түвшний оноо нь 360, 567-оос доогуур болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/16  дугаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн байх боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ буюу 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн байна.

2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ багассан өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх тул шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Амгаланбаатар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч П.Амгаланбаатарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч П.Амгаланбаатарын “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанхуяг, Б.Баярболд, Х.Пүрэвтөр бид дөрөв Б.Баярболдын эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 12-45 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Сольжирох гэх газраас мод бэлтгэхээр явсан боловч зам намаг, шавар ихтэй байсан тул очих газраа очиж чадаагүй, тэгээд Тосонцэнгэл сум руу эргээд явж байтал ой руу автомашин орсон шинэ зам байхаар нь хархад мод бэлтгэсэн газар байсан тэгэхээр нь бид дөрөв хоосон буцаж байхаар ядаж шатахууны зардал хийе гээд тэр ойгоос газарт булгарч унасан моднуудаас 4 метрийн урттайгаар 52 ширхэг мод бэлтгэсэн...” гэж мэдүүлж байгаа нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын  Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Д.Алтанхуяг, П.Амгаланбаатар, Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарыг зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр буюу “Урд шивэртийн эх Ар эрээн” гэх газраас 3.7657м3 хар мод /шинэс/ бэлтгэж, тээвэрлэж, ойн санд 264.352 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 201613010040 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарт холбогдох хэсгийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Б.Баярболд, Х.Пүрэвтөр нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Харин 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоолоор П.Амгаланбаатарт холбогдох хэсгийг 201713010010 дугаар эрүүгийн хэрэг болгон тусгаарлаж  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/16 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ой ангийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нийт бэлтгэж, тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг 264.352 төгрөгөөр тогтоож дээрх экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 264.352 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр                                               нараас гаргуулж төрийн сангийн 100090400952 дугаар дансанд оруулахаар шийдвэрлэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иймд шүүгдэгч П.Амгаланбаатараас дахин хохирол тооцож төлүүлэх нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нар нь хохирлыг дээрх гэмт хэргийг үйлдсэн шүүхээр гэм буруутай нь тооцогдсон ялтнууд хувь тэнцүүлэн төлөх ёстой гэж үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар П.Амгаланбаатараас нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Х.Баттулга нь   шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг нэхэмжилж байна, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Самдансүрэн нь нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэж мэдүүлсэн байх боловч гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирлыг өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нараар төлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Амгаланбаатарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ногдуулах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож ногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхөн овогт Пүрэвдуламын Амгаланбаатарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.  

2. Өндөрийнхөн овогт Пүрэвдуламын Амгаланбаатарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөрийнхөн овогт Пүрэвдуламын Амгаланбаатарыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч П.Амгаланбаатарын үйлдсэн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн улмаас ойн санд 264.352  төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирлыг тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Баярболд, Х.Пүрэвтөр нараас гаргуулж төрийн сангийн 100090400952 дугаар дансанд оруулахаар шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч П.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОТГОНХИШИГ