Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00202

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00202

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00044/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, Б.Т*** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** оршин суух, Ч.Л*** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Т***,

Хариуцагч: Ч.Л***,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д***.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т*** нь хариуцагч Ч.Л*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,380,000 (дөрвөн сая гурван зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч А.Т*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие А.Т*** 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Л*** (тухайн үед 5,000,000 төгрөг зээлээч гэхэд) 3,000,000 (гурван сая) төгрөгийг дансанд нь шилжүүлж зээлсэн. Тухайн үед удаахгүй өгнө гэж хэлээд хүү гэхгүйгээр итгээд өгсөн. Л*** нь удаахгүй гээд зээлээд 23 сар болж байгаа тул 2% хүүтэй үндсэн нэхэмжилж байна. 3,000,000 төгрөгийн хүү нь 1,380,000 төгрөг, нийт 4,380,000 болж байгаа. Энэ мөнгийг Ч.Л*** гаргуулж өгнө үү. Сүүлдээ мөнгөө авъя гэхээр шүүхдээ өг гэж үл тоосон хэллэгээр хэлдэг болсон. Энэ байдлаараа шүүх, цагдааг ч үл хүндэлсэн зан гаргадаг. Би гомдолтой байна. гэжээ.

Нэхэмжлэгч А.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цайндаа орчихоод ажил дээрээ ирээд байж байхад хариуцагч нь манай ажил дээр ирээд найздаа туслаарай чамаас өөр хүн санаад огт орж ирэхгүй байна. Манай найз залуу гааль дээр машин буулгасан чинь мөнгө хүрэхгүй байна найздаа 5,000,000 төгрөгийг зээлээч гэж ирсэн. Өмнө нь нэхэмжлэгч надаас мөнгө зээлээч гэж асууж байсан, хариуцагч надтай маш дотно харьцдаг байсан, манай гэр бүлийнхэн дотно найзалдаг, манай хүүхдүүд хариуцагчийг эгчээ гэж дууддаг хэмжээний ийм дотно байсан учраас би хариуцагчид итгээд мөнгө зээлсэн. Нэхэмжлэгч 5,000,000 төгрөг зээлээч гэсэн боловч тухайн үед надад манай хамаатны дүү би эмнэлгийн ажилтай таниас мөнгө зээлнэ шүү гэж хэлсэн байсан учраас 3,000,000 төгрөг л байна ш дээ гэж хэлэхэд зүгээрээ гэж хэлээд надаас хариуцагч зээлсэн. Найз нь гааль дээр машин буулгаад уг машиныг нь авах хүн бэлэн байгаа машиных нь мөнгийг буцаагаад шилжүүлье гэж хэлсэн болохоор би хүү ч тооцно гэж бодоогүй, хар буруу ч санаагүй хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Одоо бодоход хариуцагч нь найзаа найз гэж миний итгэлийг олж аваад надаас мөнгө зээлэх бодолтой байсан байна. Хариуцагч надтай 2021 оноос хойш илүү дотно найзалж эхэлсэн. Хариуцагч нь манай гэрт ирээд манай бууз баншийг хийж өгч, хог шороог маань цэвэрлэх үедээ цэвэрлэдэг байсан. Тухайн үед би ийм сайн хүн байдаг аа л гэж бодож байсан. Энэ хугацаанд миний ойр дотны хүмүүс надаас Л*** ямар хүн гэдгийг мэдэх үү, *** нэгдсэн зар дээр тавигдсан байна гэж хэлж байсан. Хариуцагч нь намайг нөхрөөсөө нууж надад мөнгө өгсөн гэж бичсэн байна. Би хариуцагчийг өдөрт нь өгөх юм шиг зүйл ярьсан, манай нөхөр ч хариуцагчид нэг их сайн байгаагүй учраас би нөхөртөө хэлээгүй. Хэрэв би хар санаж байсан бол өнөөдөр ингээд зогсож байхгүй байсан байх. Хүмүүс хариуцагчийн талаар надад зөндөө олон юм хэлж байсан ч би огт тоож байгаагүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг байсан. Одоо бодож байхад би тэр хүмүүсийн үгийг тоож байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан байх.

Хариуцагч машины сэлбэгийн талаар тайлбарласан байна. Энэ нь хариуцагч надаас 3,000,000 төгрөгийг зээлж авснаас хойш болсон асуудал. Би машин худалдаж аваад удаагүй байхдаа машинаа гол руу оруулаад эвдчихсэн, хариуцагч манайд ирээд чи ийм гоё машинтай юм байж яагаад унадаггүй юм бэ, манай найз машины сэлбэг оруулж ирдэг гэж хэлж байсан. Би хариуд нь үнэхээр таарч тохирох зүйл байвал найз нь авъя гэж хэлж байсан. Тухайн үед Ковид-19 өвчний үе байсан, манай нөхөр бид хоёр Улаанбаатар хотын машины сэлбэгийн газар луу ярихад RX машины сэлбэг нь маш нарийн байдаг гэж хэлж байсан боловч хариуцагч нөгөө сэлбэг чинь ирлээ гэж хэлсэн. Тэгээд одоо шүүх хуралдаанд гэрчээр оролцох гэж байгаа залуу машины сэлбэг авч ирээд манай граж руу ороод миний машинд сэлбэгээ тавих гэсэн чинь болохгүй байна гээд манай нөхөр тэр хоёр орж ирсэн. Тухайн үе нь 1 сарын сүүл 2 сарыг эхээр байсан. Манай нөхөр RX-ийн сэлбэг маш нарийн байдаг гэсэн нь үнэн юм байна гэж хэлэхээр нь би нөгөө сэлбэгээ яасан юм бэ гэсэн чинь нөгөө хүн чинь Дархан орчихоод ирээд авъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд машиныхаа сэлбэгийг ирж авахгүй болохоор нь би Лонжидоос нөгөө хүн чинь машины сэлбэгээ ирж авахгүй юм болов уу гэж асуухад би мэдэхгүй байна, нөгөө хүн рүү ярья гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу явах болоод нөгөө машины сэлбэг зарсан хүний утасны дугаарыг хариуцагчаас аваад Улаанбаатар хотод очоод залгасан боловч огт утсаа авахгүй байсан учраас нөхөр бид хоёр буцаагаад аваад ирсэн. Тэгээд ирж авахгүй байж байгаад хариуцагч өөрийн биеэр ирж манайхаас машины сэлбэгийг нь аваад явсан. Гэтэл одоо хариуцагч надаас зээлж авсан мөнгө нь машины сэлбэгний мөнгө байсан, хүн хүнд юм аа зүгээр өгөхгүй биз дээ гэх мэт сонин зүйл яриад байгааг би ойлгохгүй байна. Би бол хариуцагчид өөрийгөө тусалсан гэж ойлгож байгаа. Хэрэв хариуцагч нь миний мөнгийг өгч чадахгүй байсан юм бол надад үнэнээ хэлчих ёстой байсан, найз нь ингээд боломжгүй байгаа учир боломжоороо төлье гээд хэлсэн бол би ойлгох байсан. Хүний хүн чанар гэж ийм болчихсон юм уу? бид хоёр маш дотно найзууд байсан, манай гэрт ирдэг байсан аа над руу залгахаа больсон. Надад ийм зан гаргана гэж бодоогүй. Хариуцагч надаас мөнгө зээлснийхээ дараа ааш зан нь шал өөр болчихсон. Өнөөдөр би хариуцагчид тусалсныхаа хариуд шүүхийн өмнө зогсож байгаадаа харамсаж байна. Хариуцагчид хүн чанар гэж байдаг бол ийм зүйл хийж байгаадаа ичих хэрэгтэй. Би маш гомдолтой байна. Мөн хариуцагчийн эмнэлэг дээр ирээд 3,000,000 төгрөгөө өгчих гэж хэлсэн боловч намайг эмнэлэг дээр битгий ирээд бай гэж уурласан. Одоо бодоход хариуцагч надаас мөнгө авах гэсэн л бодолтой байсан байна. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа ууртай, бухимдсан байсан учраас зээлсэн мөнгө 3,000,000 төгрөгтөө сарын 2 хувийн хүү бодож, 4,380,000 (дөрвөн сая гурван зуун наян мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд хариуцагчаас анх зээлсэн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна... гэв.

Харицагч Ч.Л***шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч А.Т*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна.

Тэрээр нэхэмжлэлдээ Ч.Л*** намайг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг зээлээч гэхээр нь 3,000,000 төгрөг зээлсэн гэж дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ бичсэн нь огт үндэслэлгүй худал юм.

2021 оны 6-7 сарын орчимд А.Т*** нь өөрийн эзэмшлийн RХ450 маркын улаан өнгийн суудлын авто машинаа усанд оруулаад, машинаа асааж унаж чадахгүй байна сэлбэг хайгаад олдохгүй байна, короно гээд хил хаагдаад сэлбэг бүр байхгүй байна гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би чиний машины яг ямар эд анги нь эвдэрчээд хайгаад байгаа юм гэж асуухад миний машины компьютер нь усанд оруулаад 1 хоног усанд байсан учир шатчихдаг юм, хайгаад олдохгүй байна, машинаа янзлуулж л унахгүй бол дэлгүүрийн ажил гүйцэгдэхгүй хэцүү байна гэж надад хэлж байсан. Мөн манай найз Т*** гэх залууг А.Т*** нь таньдаг. Төрмандах нь Япон улсаас авто машин оруулж ирж зарж борлуулдаг бизнес эрхэлдэг байсныг мэддэг бөгөөд А.Т*** нь тухайн үед надад болон Т*** найзад маань RХ450 маркын суудлын авто машины компьютер олж өгөөч, орж ирснийг л авмаар байна гэж Т*** гуйж байсан. Т*** ч Япон улсаас сэлбэг оруулж ирдэг найз нөхдөөсөө асууж сургалъя гэж тэд хоорондоо 2021 оны 11 дүгээр сард ярилцаж байсан.

Ингээд 2022 оны 01 дүгээр сарын эхээр Т*** Япон улсаас ачуулсан авто машин Монгол Улсын гааль дээр бууж, Т*** нь гаалиас машинаа буулгаж байна, хажууд бас япон машины сэлбэгийн контейнор бууж байна А.Т*** нөгөө захиад байсан сэлбэгээ авах юм болов уу гэж надаас асууж байсан. Би Т***д Т***ын хэлсэн зүйлийг дамжуулж хэлсэн. Тэгтэл А.Т*** нь авъя гэхээр нь би Т***д машиныхаа он, арлын дугаар холбогдох сери дугаар, код номерыг нь сайн хэлж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд тухайн үед Туяасайхан нь Төрмандахтай ярьж холбогдож өөрийнх нь машинд таарах компьютер байна, худалдаж авахаар боллоо, үнэ нь 3,000,000 төгрөг гэж байна Төрмандах Хаан банкны данс байхгүй чиний Хаан банкны данс руу 3,000,000 төгрөг шилжүүлчих гэж байна дансаа өгчих гэсэн. Би Т***д дансаа өгч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг 47 минутад Т***аас нийт 3,000,000 төгрөг шилжүүлснийг би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад Т***ын Худалдаа хөгжлийн банкны данс руу интернет банкаар шилжүүлсэн.

Тухайн үед Т*** нь надад баярлалаа, тус болсонд гэж л байсан. Туяасайханы захиалж авсан машиных нь сэлбэгийг Т*** 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрөө авчирч өгч байсан. Туяасайхан нь сэлбэгээ хүлээж авсан, ингэж хүлээж авахдаа уг сэлбэгийн кодыг өөрийн машины эд анги сэлбэгийн код, сери дугаартай нь шалгаж таарч байна гэж авч байсан.

Ингээд Т*** нь надад сүүлд ярихдаа засварын газраар уг захиалж авсан сэлбэг буюу компьютерээ тавиулсан чинь асаад, алдаа заагаад болдоггүй, хотоос засварын газраас асуусан чинь олон сар гадаа хүйтэнд тавьсан, усанд оруулаад хонуулчихсан машин учир цахилгаан машины батарей нь суучихсан байдаг юм, машиныхаа батарейг цэнэглүүлж янзлуул гэж байна лээ гэж надад ярьсан. Тэрээр мөн 2022 оны 3-4 сарын орчимд машиныхаа сэлбэг худалдаж авсан хүнтэй холбогдож, Улаанбаатар хот руу ачуулахаар болсон, батерей гээд бусад юмыг нь ч үзүүлье гэж өөрөө надад ярьж байсан.

Ингээд 2022 оны 8 сард А.Т*** надтай утсаар ярихдаа би машиндаа өөр хүнээс сэлбэг аваад янзлуулсан, танай найз Т***аар захиалуулж авсан машины компьютерыг машиндаа тавиагүй, үүнийг зарж мөнгөө гаргаж авмаар байна, Т*** япон машин зарж борлуулдаг хүн юм чинь чи миний худалдаж авсан машины компьютерыг Т***ад өгөөд худалдаж авсан газарт нь буцаалгаад өгөөч гэж гуйсан. Би тухайн үед Т*** найздаа туслах гэсэн сэтгэлээр л хандаж түүний худалдаж авсан RХ450 маркын машины компьютерыг Т***руу өгч явуулсан. Гэвч Т***нь нэгэнт сэлбэг худалдаж аваад тэр дор нь буцаагаагүй, ингэж удаачихаад буцааж авахгүй гээд байна, тэгээд ч анх Туяасайханы захиалсан сери дугаар, кодоор нь л сэлбэгийг нь худалдсан гээд уг сэлбэгийг буцааж аваагүй, над руу буцаасан. Ингээд Т*** нь уг сэлбэгээ надаас аваагүй, мөнгөө нэхсээр өдийг хүрсэн.

Тухайн сэлбэгийг Т*** нь манай найз Т***хаар дамжуулан захиалж авахдаа би нөхөртөө сэлбэг захиалсан гэж хэлээгүй, манай нөхөрт битгий хэлээрэй, энэ машин миний л машин болохоор нөхөр засаж янзлуулж өгөхгүй миний юм болохоор огт санаа зовохгүй байна гээд байсан. Нөхөртөө надад мөнгө зээлсэн гэж худлаа хэлсэн гэж надад болон Төрмандахад хэлж ярьж байсан.

Миний хувьд Т***аас мөнгө зээлж авчихаад одоог болтол өгөхгүй бусдыг хохироогоод байгаа зүйл огт байхгүй. Би түүнээс мөнгө зээлээгүй, надад түүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй.

Иймд А.Т*** нь манай найз Т***аар өөрийн эвдэрсэн машиндаа сэлбэг худалдаж авахдаа миний данс руу мөнгө шилжүүлж, би уг сэлбэгийнх нь мөнгийг тэр даруйд Төрмандах руу шилжүүлж, Төрмандах түүний захиалсан сэлбэгийг тэр даруйд Т***нд хүлээлгэж өгсөн, Т*** нь өөрөө шалгаж хүлээж авсан. Сэлбэг нь таарах таарахгүй байсан машины эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Би түүний захиалж авсан сэлбэгийг нь Т*** гэх найзаа гуйж худалдаж авсан газарт нь буцааж өгөх боломж байвал буцаалгая, боломжгүй бол уг сэлбэгийг нь буцааж өгнө шүү, чи өөрөө энэ сэлбэгээ зарж борлуулж мөнгөө гаргаж авна биз л гэж хэлж байсан. Ийм л зүйл болсон. Мөн Т***ы захиалж авахуулсан машины сэлбэг машинд нь таарсан болоод машин нь асаж байсан байх. Т***ны надад өгсөн уг сэлбэг одоо надад байна. өөрөө надаас авахгүй мөнгийг нь авна гээд байдаг. Тэрээр өөрөө хүнээр захиалуулж авсан сэлбэгээ өөрөө зарж мөнгөө гаргаж авах ёстой гэж үзэж байна.

Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Л*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг гэрт нь очоод шороо, тосоыг нь арчиж, гэрийг нь цэвэрлээд, бууз баншийг нь хийж өгдөг байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Би очиж тусладаг байсан нь үнэн. Гэхдээ арай ч айлын тоос, шороо цэвэрлээд явахгүй, ингэж намайг хэлж байгаад гомдож байна. Надад бас нэр төр гэж байгаа ингэж хүний нэр төрд халдаж болохгүй байх. Би Т***нд5,000,000 төгрөг зээлээч гэж огт хэлж байгаагүй. Машин нь эвдэрчихсэн унаж чадахгүй байгаа гэдгийг нь мэдээд сэлбэгийг нь олж өгөөд туслачих юмсан гэж л бодож байсан. Т***ыг Туяасайхан танина, машины марк, хэрэгтэй сэлбэгээ захиж байсан болохоор Т***д би тэр машины сэлбэгийг нь олоод өгөөрэй гэж гуйж байсан. Тэр дагуу л Т*** Т***ны захисан сэлбэг байна авах юм уу гэж надаар асуулгасан. Туяасайхан машины сэлбэг авна гээд сэлбэгний үнэ болох 3,000,000 төгрөгийг миний дансруу шилжүүлж, би тэр даруйд нь Т***ын данс руу шилжүүлж байсан. Би Т***аас мөнгө зээлээгүй болохоор 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Нэхэмжлэгч А.Т***нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар, Т***ны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хаан банкны *** тоот депозит дансны хуулга, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШЗ2024/000*** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, дансны хуулгын хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч Ч.Л*** нь шүүхэд хариу тайлбар, * Л** 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, T*** гэх нэртэй хүнтэй харилцан бичилцсэн зурвасны хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх хариуцагч Ч.Л*** хүсэлтээр Ж.Т*** шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цайндаа орчихоод ажил дээрээ ирээд байж байхад хариуцагч нь манай ажил дээр ирээд найздаа туслаарай чамаас өөр хүн санаад огт орж ирэхгүй байна, манай найз залуу гааль дээр машин буулгасан чинь мөнгө хүрэхгүй байна гээд байна, найздаа 5,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Өмнө нь нэхэмжлэгч надаас мөнгө зээлээч гэж асууж байсан, хариуцагч надтай маш дотно харьцдаг байсан, манай гэр бүлийнхэн дотно найзалдаг, манай хүүхдүүд хариуцагчийг эгчээ гэж дууддаг хэмжээний ийм дотно байсан учраас би хариуцагчид итгээд мөнгө зээлсэн. Нэхэмжлэгч 5,000,000 төгрөг зээлээч гэсэн боловч тухайн үед надад манай хамаатны дүү би эмнэлгийн ажилтай таниас мөнгө зээлнэ шүү гэж хэлсэн байсан учраас 3,000,000 төгрөг л байна ш дээ гэж хэлэхэд зүгээрээ гэж хэлээд надаас хариуцагч зээлсэн. Найз нь гааль дээр машин буулгаад уг машиныг нь авах хүн бэлэн байгаа болохоор машиных нь мөнгийг буцаагаад шилжүүлье гэж хэлсэн болохоор би хүү ч тооцно гэж бодоогүй, хар буруу ч санаагүй хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Найз нь гааль дээр машин буулгаад уг машиныг нь авах хүн бэлэн байгаа машиных нь мөнгийг буцаагаад шилжүүлье гэж хэлсэн болохоор би хүү ч тооцно гэж бодоогүй, хар буруу ч санаагүй хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Одоо бодоход хариуцагч нь найзаа найз гэж миний итгэлийг олж аваад надаас мөнгө зээлэх бодолтой байсан байна. Би хариуцагчийг өдөрт нь өгөх юм шиг зүйл ярьсан, манай нөхөр ч хариуцагчид нэг их сайн байгаагүй учраас би нөхөртөө хэлээгүй. Хэрэв би хар санаж байсан бол өнөөдөр ингээд зогсож байхгүй байсан байх. Хариуцагч надаас 3,000,000 төгрөгийг зээлж авснаас хойш би машины сэлбэг хайж байгаагаа хэлж байсан. Хариуцагч надаас мөнгө зээлснийхээ дараа ааш зан нь шал өөр болчихсон. Өнөөдөр би хариуцагчид тусалсныхаа хариуд шүүхийн өмнө зогсож байгаадаа харамсаж байна. Хариуцагчид хүн чанар гэж байдаг бол ийм зүйл хийж байгаадаа ичих хэрэгтэй. Би маш гомдолтой байна... гэв.

Хариуцагч Ч.Л*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Би Т***нд 5,000,000 төгрөг зээлээч гэж огт хэлж байгаагүй. Машин нь эвдэрчихсэн унаж чадахгүй байгаа гэдгийг нь мэдээд сэлбэгийг нь олж өгөөд туслачих юмсан гэж л бодож байсан. Т**ыг Т*** танина, машины марк, хэрэгтэй сэлбэгээ захиж байсан болохоор Т***аас би тэр машины сэлбэгийг нь олоод өгөөрэй гэж гуйж байсан. Тэр дагуу л Т*** Т***ны захисан сэлбэг байна авах юм уу гэж надаар асуулгасан. Т***машины сэлбэг авна гээд сэлбэгний үнэ болох 3,000,000 төгрөгийг миний дансруу шилжүүлж, би тэр даруйд нь Т***ын данс руу шилжүүлж байсан. Би Т***аас огт мөнгө зээлээгүй... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч А.Ту**ны Хаан банк дахь *** тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Ч.Л***н Хаан банк дахь *** тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А.Т*** нь Хаан банк дахь *** тоот данснаасаа хариуцагч Ч.Л*** Хаан банк дахь *** тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байх бөгөөд талууд тухайн эд хөрөнгийг шилжүүлж авсан, шилжүүлсэнтэй маргаагүй.

Харин талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар маргаж байна.

Нэхэмжлэгч нь бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч надаар дамжуулж автомашины сэлбэг захьсан бөгөөд тухайн сэлбэгийн үнийг миний дансруу шилжүүлсэн даруйд нь би сэлбэг захьсан Т*** гэдэг хүний дансруу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд хариуцагчийн энэхүү татгалзал нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Т***ын: ...А.Т***тай Ч.Л***оор дамжуулж танилцсан бөгөөд надад машины эвдэрсэн сэлбэг хайж байгаа талаараа ярьж байсан. 2022 оны 01 сард гааль дээр буусан автомашины авахаар очиход автомашины сэлбэг оруулж ирдэг залууд А.Т***ны захиж байсан сэлбэг байсан. Би Ч.Л*** руу залгаад захьсан автомашины сэлбэгээ авах эсэхийг А.Т***наас асуу гэж хэлсэн. Ч.Л*** А.Т*** асуулаа авна гэж байна гэхээр нь би машины сэлбэгний үнийг Ч.Л*** дансаар дамжуулан авч, Улаанбаатар хотоос *** аймгийн *** суманд ажилтай байсан учир ажлын далимаараа ирж, А.Т***ны машинд тавьж өгсөн. Сэлбэгийг тавьхад машинд тог ирж байсан боловч асаагүй. Энэ талаар засварчин авч ирж үзүүлэхэд усанд орсон машины батарэй шатсан байдаг юм. Батарэйг нь солихоос нааш асархгүй гэж хэлсэн. Тэгээд А.Л***ын нөхөр батарэйг нь солино гээд үлдсэн... гэх мэдүүлэг, хариуцагч Ч.Л***ын Хаан банк дахь **** тоот Депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоодож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д:...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 22,080 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.Т***нд олголоо.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулга гэх баримт, хариуцагчийн гаргаж өгсөн T*** гэх нэртэй хүнтэй харилцан бичилцсэн зурвасны хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Т***аны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Л*** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 22,080 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Т***нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА