Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00607

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00004 дугаар шийдвэртэй, Д.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр  тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.С нь Ц.Э-д 2014 оны 07 сарын 05-ны өдөр 60 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээл одоо хүртэл төлөгдөөгүй, 15 200 000 төгрөгийн зээл, 4 320 000 төгрөгийн хүү үлдсэн.  Ц.Э нь 2014 оны 08 сарын 27-ны өдөр “Хаан банк” ХХК-наас зээл авахдаа надад барьцаалуулсан орон сууцаа давхар барьцаалжээ. Ц.Э-той байгуулсан зээл болон барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Гэхдээ анхны тохиролцоо худалдах-худалдан авах байсан юм. Ц.Э-оос Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж түүнд мөнгө өгсөн, уг байрны үнийг бүрэн төлсөн тул өөрийгөө энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэж байна. Д.С-ыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.С-аас 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 60 000 000 төгрөгийг зээлж аваад тодорхой хүүгийн хамтаар буцаан төлсөөр одоогоор үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Тухайн үед албан ёсоор гэрээ байгуулаагүй бөгөөд тохиролцсон ёсоор төлбөрөө хийж байсан. Урьд нь мөнгө, төгрөг өгч авдаг байсан. Нэхэмжлэлд заасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Бид хоёрын дунд урьд өмнөх тооцоонууд байгаа тул эцэслэн гаргах шаардлагатай. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээг байгуулаагүй ба гарын үсэг нь минийх биш. Банкнаас зээл авсан бөгөөд санхүүгийн хүндрэлийн улмаас зээлээ төлөх боломжгүй байна. Д.С нь анх 2014 онд миний байрыг худалдан авахаар надад 60 000 000 төгрөг өгсөн нь үнэн бөгөөд гэрчилгээг шилжүүлэн өгөх гэсэн ч байрыг “Хаан банк” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байснаас шалтгаалан нэрийг нь шилжүүлэн өгч чадаагүй. Д.С байрыг худалдан авахаар шийдэж, нүүж орсон бөгөөд уг байранд 5 жил гаруй амьдарч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Өндөр овогт Ц.Э-д холбогдох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 43 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Боржигон овогт Д.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн Д.С давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ц.Э холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх 23-24,88/

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ц.Э-д 2014 оны 7 дугаар сарын 5-нд 60 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг зээлээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг Ц.Э буцаан төлсөн, мөн 2014 онд Ц.Э “Хаан банк” ХХК-наас зээл авахдаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалуулсан. Д.С дээрх орон сууцанд 2014 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн 5 жил амьдарч байгаа. Ц.Э “Хаан банк” ХХК-наас авсан зээлээ төлөөгүйгээс орон сууц хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа үйл баримт тогтоогджээ. /хх 64-81/

 

Дээрх маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүхээс хангаагүй гэж нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э 60 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 5-нд 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан, зээл 15 200 000 төгрөг, хүүд 4 320 000 төгрөг үлдсэн тул барьцаалагчаар тогтоолгоно гэж тайлбарлаж байснаа, анхнаасаа орон сууцыг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж  зөрүүтэй тайлбарлажээ. /хх 1-2, 23-24/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамж гаргана гэж заасан. Үүнээс үзэхэд шүүгч зөвшөөрөл болгоныг хүлээн авах биш харин боломжтой гэж үзвэл хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргахаар байна.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь илтэд зөрүүтэй тайлбар гаргаснаас гадна тухайн хэрэгт маргааны зүйл болох дээрх орон сууцыг албадан худалдаж үнийн дүнгээс Ц.Э-ын “Хаан банк” ХХК-д төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагджээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байдал шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх 65-73/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.С хариуцагч Ц.Э нарын хооронд байгуулагдсан гэх Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж дүгнэжээ. /хх 89-90/

 

Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэжээ. Дээрх шаардлагыг хангаагүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд шууд заагаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь зөрүүтэй тайлбарлаж байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа байсан нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. Тухайн маргааны зүйл болох хөрөнгийн хувьд “Хаан банк” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байхаас гадна Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй болохоос өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхгүй байгааг нэмж тайлбарлах байна.

 

Мөн анхан шатны шүүхээс талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнээс хальж дүгнэсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний үүргээс үүссэн гэж тайлбарласан бөгөөд уг үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв боловч дээрх эрх зүйн алдаатай дүгнэлтийг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нь анх 60 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий барьцааны гэрээний тал буюу барьцаалагч мөн болохоо тогтоолгохоор 457 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг суутган авч үлдэж, зөрүүг буцаан олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасан тогтоосон хэмжээнээс илүү хураасан хураамжийг буцаан олгоно гэсэнтэй нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00004 дугаар шийдвэрийн

    -тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул” гэж,

    -тогтоох хэсгийн 2 дахь заалтын “7 дугаар зүйлийн 7.1.1-т” гэсний дараа “41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 387 750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Д.С-т буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД