| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00210/И |
| Дугаар | 140/ШШ2024/00283 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 140/ШШ2024/00283
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... сумын ..... баг, ........... тоот хаягт оршин суух, ...............ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ............сумын ........... баг, ........... хэсэг хаягт оршин суух, .......,
Хамтран хариуцагч: .............. нарт холбогдох,
Завхан аймгийн .......... сумын ......... багийн ........ тоот Д.......... эзэмшлийн хашаан баригдсан гражийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д........, хамтран хариуцагч .......банкны Завхан салбарын төлөөлөгч Б....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.......... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр .......наас 216м2 .......... дугаартай хашаа Y-........... дугаартай байшинг худалдан авсан. Авах үедээ иргэн.....ыг энэ хашаа байшингаа ..........банкинд барьцаанд тавьж тодорхой шаардлагын дагуу хураалгасан юм байна гэж би ойлгосон. Намайг авахад гражийг буулгаж газар чөлөөлж өгнө гэж хэлсэн боловч иргэн ..........тай нэг шийдэлд хүрэлгүй одоог хүртэл байсаар байна. Би эхлээд ........ банкнаас байнга шаардаж 8 сар болсон. Сүүлдээ ....... банкны ........ нь нэхэмжлэх эрх нь танд байгаа гэснээр би иргэн Ц...........аас удаа дараа шаардсаар хамгийн сүүлд ноднин утсаар залгаж та газар чөлөөлөөд өгөөч гэхэд солиороод байгаа жингэр минь гэж доромжилсон. Үүнээс хойш би дахин шаардалгүй жил боллоо. Би газраа чөлөөлүүлж өөрийн хэрэгцээ амжиргаанд ашиглаж чадалгүй 5,8 жил болж байна.
......... гуайгаас би асууж байсан. Таны гражид гэрчилгээ байна уу гэхэд газрын кадастр нь өөр хүний нэр дээр байгаа учраас гэрчилгээ гардаггүй юм байна лээ гэсэн. Сүүлдээ ...... банк худалдаж авах гэж байсан гэж хүртэл хэлж байсан. Намайг архичин шиг авир гаргасан гэсэн. Энэ бол миний үндсэн ааш биш. Би хүнтэй муудалцах дургүй, архи уудаггүй. Захын хүнээс асуухад энэ талаар мэдэх байх. Тиймээс миний эзэмшлийн газраас иргэн Ц..н гражийг нү.......үлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Ц........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани 2013 онд .......ийн төслийн шугамаар аймгийн төвд бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан боловч тухайн үед зах зээлийн хямралын улмаас бетон борлуулалт зогсонги байдалд орж банкны эргэн төлөлтөд хүндрэл гаран банкны барьцаанд байсан эд хөрөнгүүд үл маргах журмаар гэрээний дагуу банкны мэдэлд шилжсэн. Түүний дотор Жинст баг ........ банкны зүүн талын хоёр давхар сууцны барилгыг энэ хүн худалдаж авсан байсан. Харин барьцаанд байгаагүй хоёр давхарлах зориулалтаар хийгдсэн бараг хоёр машины граж нь миний нэр дээр үлдсэн.
Тухайн үед .........д ...... газрыг нь тасдаж өгөх зүйтэй гэж даалгавар өгсөн байсан. Харин Б........ тухайн үед надтай уулзаад үл хөдлөх хөрөнгүүдийнг газар нэгдсэн хэвээр төв банк руу явчихсан одоо салгах гэхээр хүндрэлтэй байна аа. Та энэ авсан айлтай нь тохиролцоод зарах боломж байна уу гэсэн.
Миний хувьд зөвшөөрсөн ба энэ хүнд боломжийн үнийн санал тавьсан. Харин тухайн үед банкны төлөлт байна. Боломж гарахаар тантай уулзъяа ахаа гэж байсан. Гэтэл энэ хүний салсан нөхөр ...... утсаар яриад би хотод байна аймаг ороод тантай уулзъяа би гражийг чинь аваад хүүхдүүддээ өгий гээд үн мөнгөө тохироод аймагт уулзах болсон. Удалгүй аймагт ирээд ахаа манай хуучин авгай уурлаад дургүйцээд харааж зүхээд байна. Би больлоо гэсэн. Одоогоос хоёр жилийн өмнө хотруу явахаасаа өмнө би ..........ын дэлгүүр лүү уулзах гээд орсон чинь би тэр ........ граж авахуулахгүй энэ миний байшин тэр хүнд хамаагүй гээд уурлаад орилоод байсан. тэр үед би юу ч хэлэлгүй гарсан. Учир нь архи зардаггүй дэлгүүрт хоосон архины шил мөн хоёр гурван хүмүүс архи үнэртүүлэн зөрөөд гарсан. Тэр үеэс хойш энэ хүнтэй уулзаачгүй, утсаар ч яриагүй. Өнгөрсөн жил би 3 удаа хүнд хагалгаанд орж хэвтэрт байсан юун утсаар ярих хүн загнах өөрөө л жингэр гичий нохой гээд орилоод байдаг юм байна лээ. Хамаагүй хүн гүтгээд хүний хөрөнгийг дур мэдэн буулгуулж нураана гэж болохгүй байх. Харин гражийг үнэ тохирон зөвшилцөж болоно байх гэж бодож байна. Харин үүнийг зөвшөөрөхгүй бол худалдах, худалдан авах гэрээ хийсэн ....... банктайгаа урчаа олох хэрэгтэй. ........ банк энэ ......... хоёрын үл хөдлөх хөрөнгийн арилжаанд би ямар ч хамаагүй. Тус граж нь 2000 онд орон сууцны барилгатай хамт баригдсан объект юм гэжээ.
Хамтран харицагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........ банкийг төлөөлж төлөөлөгчөөр оролцож байна. Холбогдох тайлбарыг гаргая, банкны өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт нээлттэй худалдан борлуулахаар зар тавьж иргэн .......... тухайн хөрөнгийг худалдан авах хүсэлт гаргаснаар тухайн хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр худалдан борлуулсан. Банкны хувьд өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө, газрыг нэхэмжлэгч талд худалдан боорлуулсан. 44.0 сая төгрөгийн хөрөнгийг 40.0 сая болгож худалдсан. Мөн тухайн худалдан авах чадварт нь бизнесийн зээлийг урт хугацаатай олгосон. Энэ хөрөнгийн хувьд худалдан авагч нар нээлттэй байсан. Тухайн хөрөнгийг худалдах үе гуравдагч этгээдийн граж байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Банкнаас олгож байгаа зээл хугацаатай гардаг. Зээлийн шийдвэрийн хугацаанд гэрээ баталгаажиж олголт хийгээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь хаагддаг. Нэхэмжлэгч ..........д 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, Завхан аймгийн ......... сумын 1 дүгээр баг .........багт, .........банкны зүүн талд 0 гудамжинд байрлах, ........ нэгж талбарын дугаартай .......... гэсэн гэрчилгээний дугаартай, 216м2 эзэмших эрхийг .... банкнаас шилжүүлэн авсан. Газар эзэмших эрхийг талууд харилцан тохиролцож .......ын нэр дээр шилжсэн. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний 6-д худалдан авагч эд хөрөнгийг өөрийн биеэр үзэж бичиг баримтуудыг нягтлан шалгах бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авсан эд хөрөнгийн болон түүнд холбогдох эрхийн талаар маргахгүй гэснийг дурдаж байна. Мөн уг гэрээний 4-д ........ банк бусдад шилжүүлээгүй, барьцаалаагүй, битүүмжлээгүй, түрээслээгүй газрыг ........д шилжүүлсэн бөгөөд уг газар дээр гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа нь гэрээний 4-т хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл ....... нь тухайн газарт өөр хүний эд хөрөнгийг байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан буюу мэдсэн болно. Иймд хас банк ........тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 2-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Завхан аймаг, ........... тоот хаягт байрлах ......ын эзэмших хашаан дотор хууль бусаар байгаа гражийг нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 7-ны өдөр завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хамтран хариуцагчаар татах хүсэлттэй, ........ банкнаас гражийн газрыг чөлөөлж өгөхийг шаардсан байна. Гэтэл ..........банк нь тус гражийг өмчлөгч этгээд биш юм. Албадан нүүлгэх хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүрэг бүхий этгээд биш бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхгүй этгээд юм. ...... банк нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлсөн тохиолдолд энэ нь бусдын өмчлөх эрхэд халдсан хууль зөрчсөн үйлдэл болох юм. Энэ утгаараа ........ банк нь нэхэмжлэгч .......ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.Хариуцагч гэдэг этгээдэд хамаарахгүй байна. Нэхэмжлэгч нь ........ банкнаас биш гражийн өмчлөгч, тус гражийг захиран зарцуулах эрхтэй Ц......аас шаардах эрхтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч хариуцагчаас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шаардах боломжгүй бол түүнд холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны байх шаардлагаа хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна. Иймд ....... банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банк өөрийн нэр дээрх хөрөнгө болон газрыг эрхийн хүрээнд худалдан борлуулсан. Тэрнээс биш гуравдагч этгээдийн хөрөнгийг худалдаж авах, худалдан борлуулах эрх байхгүй. Иймд тухайн гражийг худалдах, захиран зарцуулах эрх нь өмчлөгч Ц.......т байгаа. Банк худалдаж авах гэж байсан гэж тайлбарт байсан. Энэ бол үндэслэлгүй худлаа гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаартай гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар, иргэний газар эзэмших эрхийн Э-........ дугаартай гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар, Завхан аймгийн ..... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, Завхан аймгийн ...........газрын нэгж талбарын дугаар:....... эзэмших эрхийн кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гражийн зураг зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл, хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Хамтран хариуцагч ...... банкны Завхан салбар нотлох баримтаар: Хариу тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний хуулбар, аж, ахуйн нэгж, байгуулагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..... нь .......т холбогдуулан Завхан аймгийн ..... сумын ....... багийн Магсаржавын гудамжны ......... тоот Д.........ын эзэмшлийн хашаан баригдсан гражийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д........ хамтран хариуцагчаар ....... банкны Завхан салбарыг татан оролцуулж, худалдах, худалдан авах гэрээний эд хөрөнгийн маргаангүй байх заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг зааж, хамтран хариуцагчаар татжээ.
Хариуцагч Ц...... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ...Манай компани 2013 онд ..........ийн төслийн шугамаар аймгийн төвд бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан боловч тухайн үед зах зээлийн хямралын улмаас бетон борлуулалт зогсонги байдалд орж банкны эргэн төлөлтөд хүндрэл гаран банкны барьцаанд байсан эд хөрөнгүүд үл маргах журмаар гэрээний дагуу банкны мэдэлд шилжсэн. ...Харин барьцаанд байгаагүй хоёр давхарлах зориулалтаар хийгдсэн бараг хоёр машины граж нь миний нэр дээр үлдсэн. ... Харин гражийг үнэ тохирон зөвшилцөж болно байх гэж бодож байна. ...үүнийг зөвшөөрөхгүй бол худалдах, худалдан авах гэрээ хийсэн Хас банктайгаа урчаа олох хэрэгтэй. Хас банк энэ ....... хоёрын үл хөдлөх хөрөнгийн арилжаанд би ямар ч хамаагүй. Тус граж нь 2000 онд орон сууцны барилгатай хамт баригдсан объект юм... гэж маргаж байна.
Хамтран хариуцагч ........ банкны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ......... банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банк өөрийн нэр дээрх хөрөнгө болон газрыг эрхийн хүрээнд худалдан борлуулсан. Тэрнээс биш гуравдагч этгээдийн хөрөнгийг худалдаж авах, худалдан борлуулах эрх байхгүй. ... .... банк бусдад шилжүүлээгүй, барьцаалаагүй, битүүмжлээгүй, түрээслээгүй газрыг .....д шилжүүлсэн бөгөөд уг газар дээр гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа нь гэрээний 4-т хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл ........ нь тухайн газарт өөр хүний эд хөрөнгийг байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан буюу мэдсэн болно. Иймд хас банк ........тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна... гэж маргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Завхан аймгийн ........ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ..........дугаартай захирамжаар газар эзэмшүүлэхээр хүсэлт гаргасан ..... банк ХХК-ны Улиастай сумын ....... багийн ...... тоотод байрлалтай амины орон сууцны зориулалттай 216 кв.м газрыг ...... овогтой ......д шилжүүлэн эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-5 хуудас/.
Дээрх Д.........ын эзэмшлийн газарт Ц.........ын барьсан гэх обьект /автомашины граж/ оршин байдаг болох нь зохигчийн тайлбар болон Завхан аймгийн ........... газрын нэгж талбарын дугаар:........ эзэмших эрхийн кадастрын зураг, гэрэл зургаар нотлогдож байна /хх-7, 12/.
Нэхэмжлэгч Д....... нь хариуцагч Ц......... холбогдуулж өөрийн эзэшмлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан обьект буюу автомашины гражийг албадан буулгуулж, эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн автомашины граж нь манай эзэмшлийн ихэнх зай талбайг эзэлж байгаа. Би энэ газар дээрээ ногооны хүлэмж барьж, ногоо тарьж амжиргаагаа залгуулмаар байна. ...түүнчлэн хариуцагч нь уг эзэмшлийн газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дураараа граж барьсан байдаг. ...иймд бидний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул уг обьектийг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд газрыг хууль ёсоор эзэмших журам, үндэслэл нь Газрын тухай хуулийн 27-34 дүгээр зүйлд зохицуулагдсан байна.
Тодруулбал, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүйг, мөн газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилжээ.
Түүнчлэн Газрын тухай хуульд зааснаар хариуцагчид маргаж буй уг газрыг эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, улмаар гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, хууль ёсоор эзэмшээгүй байгаа үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр эд юмсыг мэдэлдээ байлгаж буй эсэх нь бус харин эд юмсыг яаж олж авсан нь хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлоно.
Нэхэмжлэгч Д......... нь Завхан, ...., 1-р баг, ........ тоот хаягт байрлах, нэгж талбарын ........ дугаар бүхий 216.0 м.кв /га/ газрын эзэмшигч болох нь иргэний газар эзэмших эрхийн ......... тоот гэрчилгээгээр тогтоогдсон, уг газар дээр хариуцагч Ц.......ын авто машиныг гражийн обьект эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй баригдсан байгаа нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр Д.......ын өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан Ц........ын авто машины граж обьектыг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэдийгээр хариуцагч Ц........ын банкны барьцаанд байгаагүй хоёр давхарлах зориулалтаар хийгдсэн бараг хоёр машины граж нь миний нэр дээр үлдсэн гэх боловч уг гражийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний энэхүү тайлбар үндэслэлэгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ......... банкны Завхан салбарыг татаж, улмаар худалдах, худалдан авах гэрээний эд хөрөнгийн маргаангүй байх заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг зааж, хамтран хариуцагчаар оролцуулсан боловч, тэдний дунд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд нийцсэн ба гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байгаа учир нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчдод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.
Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 140/ШЗ2024/01012 дугаартай шүүгчийн захирамж 2024 оны 7 дугаар 02-ны өдөр гарч хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 миунтад хэлэлцэхээр товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу хурлын товыг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж баримтжуулсан байх бөгөөд хариуцагч хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ гэж заасан.
Гэвч талуудын хүсэлтийг харгалзан үзэж, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшуулж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан. Дахин шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т..........т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг байхгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.....ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1., 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д......н эзэмшлийн нэгж талбарын ........дугаар бүхий, амины орон сууцны зориулалттай 216.0 м.кв /га/ газар дээрх ......ын автомашины гражийн обьектийг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д..........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц........аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ