Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01817

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 181/ШШ2024/01817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: АЧ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК -д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 5,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "АЧ" ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 5209 УАМ улсын дугаартай Dayun CGC4250 маркийн зүтгүүр болон чиргүүлийг Хүнд даацын авто тээврийн хэрэгслийг "МД" ХХК-ийн 22201/936 дугаартай гэрээгээр 1 жилийн хугацаатай даатгуулсан. Уг тээврийн хэрэгсэлтэй Хайчинхүү Үнэнбат нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Өмнгөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд зорчих хэсгийн зүүн тал руу 2-р чиргүүлээ унагааж зам тээврийн осол гарсан болно.

Тухайн үеийн зам тээврийн ослын "ХЭ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №12017/ДД№24835048 дугаартай үнэлгээний тайланд "... Уг чиргүүл нь зүүн талаараа унаж бөлдөг хагарсан, эмээл тасарч гулзайсан, тонголзуурын нумны сорочк тасарсан, зүүн 2 дугуй хагарсан, зүүн хойд шаврын хаалт гулзайсан гэсэн тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож, 5,035,000 төгрөгийн хохирол учирсан..." болохыг үнэлсэн. "АЧ" ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг "МД" ХХК-аас 22201/936 дугаартай 1 жилийн хугацаатай даатгалын гэрээний дагуу нөхөн төлүүлэх өргөдөл гаргасан боловч тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм.

 

Тиймээс дахин уг асуудлыг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан бөгөөд тус хорооны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/209 дугаартай албан бичигт "... Талуудаас ирүүлсэн баримтаас үзэхэд, тухайн тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байх ба холбогдох эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тодорхойлолтод эргэлзсэн, гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн дээр үндэслэл нь материалд авагдсан баримтаар тогтоогдсонгүй тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь тус зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг Өмнөговь аймаг дах Цагдаагийн газрын /Гашуунсухайт/ Гэрээт Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Оын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолтод"... жолооч Х.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн зүүн тар руу 2-р чиргүүлийг унагааж зам тээврийн осол гаргасан байна. гэж дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрсдэл болох "зам тээврийн осол үүссэн болох нь нотлогдож байх тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх үндэслэн даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэнэ үү..." гэсэн. Гэтэл "МД ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/12-86 дугаартай албан бичгээр даатгуулагч нь тухайн үед тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлсэн тул уг гэрээний 9.13-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн. Иймд "МД ХХК-аас 22201/936 дугаартай Хүнд даацын Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу хохирлын үнэлгээгээр тогтоосон 5,035,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Жилд нэг удаа авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлтээр орж эрхээ авдаг, зориулалтын заагдсан замд л явах эрхтэй. Тээврийн хэрэгслийн болон албан журмын даатгалыг хийлгэсэн байсан. Шороон замаар явдаггүй байсан. Гарц, уулзвар нэвтрэх үед замын хажуу талын том чулууг анзааралгүй учраас 2-р чиргүүлээ унагасан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахад тусгай борлуулалтын албуудаар авдаг. Тээврийн хэрэгслийн даатгалыг сонгож даатгуулсан. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн. Даатгалын гэрээний 2.1.12 гэрээнд заасан. 52-09 тээврийн хэрэгслийн төрөл ямар стандартаар тээвэр хийх ёстойг заасан. Гэрээндээ стандаартаа мөрд гэсэн бид мөрдөж ажилласан. Зөвлөх инженерийн тодорхойлолт нь өөрөө эргэлзээтэй байгаа.

2. Хариуцагч МД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "АЧ" ХХК нь манай компаниас даатгалын нөхөн төлбөрт 5,035,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: АЧ ХХК нь Dayun CGC4250 маркийн ... улсын дугаартай зүтгүүр болон чиргүүлийг 2022 оны 09 сарын 19-ний өдөр 22201/936 дугаартай гэрээний дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай даатгуулсан. Х.Ү нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлийн бүсэд ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын зорчих хэсгийн зүүн талруу 2-p чиргүүлээ унагааж осол гаргасан.

Даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөл байдалтай холбоотойгоор даатгуулагчаас ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, чиргүүл, чиргүүл 2-ын гэрчилгээ, ослын талаарх фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд ачаа ачих даац хэмжээг хэтрүүлсэн байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул даатгагчийн зүгээс талуудын хооронд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн "Даатгагчийн эрх, үүрэг гэж заасны 7.1.7-д Даатгалын тохиолдол болсон үед даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын шалтгаан, нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоолгох зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах..." гэж заасны дагуу ачаа ачих даац хэмжээний талаар тодорхойлолт гаргуулсан.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч, зөвлөх инженер, доктор (Ph.D) И.Бгийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 2022/12-1 тоот тодорхойлолтын дүгнэлт хэсэгт "1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд авагдсанаар зүтгүүр, хоёр чиргүүлийн өөрийн жин 29640кг, бүх жингийн нийлбэр хэмжээ 119965кг тус тус болно. 2. Зүтгүүр болон хоёр чиргүүлээр тээвэр хийх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их даац 90325кг бөгөөд үүнээс их хэмжээний ачаа тээвэрлэсэн тохиолдолд хөдөлгүүр, хүч дамжуулах анги явах ангийн ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийг жолоодох, тоормослоход хүндрэлтэй байдал үүсэж, улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болохыг тодорхойлов" гэж дүгнэсэн. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний 24.1-д Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна" гэж мөн, даатгалын гэрээний 9 дүгээр зүйл "Нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах нөхцөл" хэсгийн 9.13-д ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол" гэж нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчаас тухайн тохиолдолд осол гарсанд маргаагүй. Харин гэрээний 9.13-т зааснаар эрсдэл үүссэн боловч олгохоос татгалзах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Техникийн тодорхойлолтыг дагаж мөрдөөгүй. Нэхэмжлэгч тал даац хамаагүй, техникийн тодорхойлолт хамаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ тодорхойлолт нь жин, даац, ачаа ачих боломжийг заадаг гол баримт юм. Ачааг 44т хэмжээгээр хэтрүүлсэн байсан. Бид мэргэжлийн байгууллага, эрх бүхий этгээдээр шинжилгээ хийлгэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийлгэж болно гэж заагаад 8.2.1 дэх хэсэгт заасан этгээдээр дүгнэлтээ гаргуулсан. Санхүүгийн зохицуулах хороо бол урьдчилан шийдвэрлэж байгаа л газар. Даатгуулагч гэрээний 7.2.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй... Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: АЧ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, АЧ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үын иргэний үнэмлэхний лавлагаа, С.Үын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХЭ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 12017 Авто машин техникийн үнэлгээний тайлан, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын /гашуунсухайт/ гэрээт цагдаагийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 23 тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 0265328 Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 01/12-86 МД ХХК-ийн албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 9/209 Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, АЧ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлт гаргах тухай албан бичиг, МД ХХК-ийн дугаар 22201/936 Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, хавсралт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13678 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шилжүүлгийн мэдээллийн баримт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар А-22/221 Премиум ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар ... ММК ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, тодорхойлолт, пүүний баримт, техникийн тодорхойлолтууд, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт,

 

3.2 Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд: МД ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн И.Бгийн тодорхойлолт, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн А.Мөнхзул шүүгчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 3132 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тоотын хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 3131 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тоотын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 1-197/2023 ГСАЗ ХХК-ийн албан бичгийн хуулбар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондох тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч АЧ ХХК нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь даатгалын тохиолдол үүссэнд маргаагүй боловч даатгалын гэрээний үүргээ зөрчиж ачаа ачих даац хэтрүүлсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж, эс зөвшөөрсөн.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Нэхэмжлэгч "АЧ" ХХК, хариуцагч МД ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 52-09 УАМ улсын дугаартай Dayun CGC4250 маркийн тээврийн хэрэгслийг, 1 жилийн хугацаагаар даатгуулах Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 15-20-р тал/

6.2 Уг даатгалын гэрээнд хураамжийн дүнг 1,425,000 төгрөг гэж заасан ба зохигч даатгалын гэрээ байгуулсан харилцаанд болон, хураамжийн талаар маргаангүй.

6.3 Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох Даатгалын гэрээний 9.13 дахь хэсэгт ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол" мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

6.4 Даатгалын гэрээний хугацаанд даатгалын зүйл, уг тээврийн хэрэгслийг Х.Ү нь жолоодож явж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Өмнгөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд зорчих хэсгийн зүүн тал руу 2-р чиргүүлээ унагааж зам тээврийн осол гаргасан үйл баримтад талууд маргаангүй.

 

7. Зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 52-09 УАМ улсын дугаартай Dayun CGC4250 маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаагаар даатгасан, Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр зохицуулсан байх ба тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

7.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

7.2 Даатгалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон.

8. Нэхэмжлэгч АЧ ХХК нь даатгалын гэрээнд заасан хураамж төлөх үүргээ биелүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед зам тээврийн осол болж даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон байна.

8.1 Нэхэмжлэгч тал буюу даатгуулагч даатгалын гэрээний 2.1.12 дахь хэсэгт заасан MNS 6278:2011 Монгол улсын стандартад заасан шаардлагыг хангасан хүнд даацын авто тээврийн хэрэгсэл нь жил бүр авто тээврийн улсын байцаагчийн хяналтаар орж зөвшөөрөл авдаг, стандарт, журмын дагуу, заасан замын чиглэлд ачаа тээвэрлэдэг учир даац хэтрүүлээгүй нөхөн төлбөр авах эрхтэй гэж,

8.2 Хариуцагч МД ХХК нь даатгалын гэрээнд заасан эрхийн хүрээнд эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулахад даац хэтэрсэн болохыг нотлосон учир гэрээний 9.13 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн гэж тус тус мэтгэлцэж байна.

9. Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын зүйл хэсэгт: Энэхүү гэрээний хавсралтад нэг бүрчлэн дурдсан хүнд даацын авто тээврийн хэрэгсэл C, C1, E (хагас чиргүүл, чиргүүл) нь даатгалын зүйл байна гээд гэрээний хавсралт хүснэгтийн 1т 52-09 УАМ улсын дугаартай, Dayun CGC4250 маркийн тээврийн хэрэгсэл, хураамж 748,500, даатгалын үнэлгээ 149,700,000 гэжээ./хх-ийн 15, 20-р тал/

Даатгалын гэрээний 9.13 дахь хэсэгт Ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол нь даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах нөхцөл болохоор заасан. /хх-ийн 19-р тал/

Хариуцагч нь МД ХХК нь даатгалын гэрээний 7.1.7 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах эрхээ хэрэгжүүлж дүгнэлт гаргуулсан гэх үйл баримтад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Харин уг дүгнэлт буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/12-01 дугаар тодорхойлолт гэх баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Монгол улсын зөвлөх инженер И.Б нь МД ХХК-ийн тээврийн хэрэгслийн даацыг тодорхойлуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийн дагуу ...хоёр чиргүүлийн холбогдох материалтай танилцаад дараах тодорхойлолтыг гаргаж байна... тээврийн хэрэгслийн гэрчилгээнд авагдсанаар зүтгүүр, хоёр чиргүүлийн өөрийн жин 29640 кг, бүх жингийн нийлбэр хэмжээ 119965 кг тус тус болно. Зүтгүүр болон хоёр чиргүүлээр тээвэр хийх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их даац 90325 кг бөгөөд үүнээс их хэмжээний ачаа тээвэрлэсэн тохиолдолд хөдөлгүүр, хүч дамжуулах анги, явах ангийн ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийг жолоодох, тоормослоход хүндрэлтэй байдал үүсэж, улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болохыг тодорхойлов гэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг тодорхойлолт гэх баримтыг даатгуулагчийг даатгалын гэрээнд заасан Ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөн үйлдлийг нотлох баримт гэж үзэх эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер И.Б нь гаргасан тодорхойлолтдоо ...улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болохыг тодорхойлов гэсэн нь тухайн үйл баримтын талаар эцэслэн тогтоосон дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй.

10. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нөхөн төлбөр 5,035,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

"ХЭ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №12017/ДД№24835048 дугаартай үнэлгээний тайланд хохирлын хэмжээг 5,035,000 төгрөг гэж үнэлсэн байна./хх-ийн 8-9-р тал/

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 95,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 95,510 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

12. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэрээ байгуулсан гэрээний тал нь гүйцэтгэх захирал нь биш гэж тайлбарласан, Даатгалын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд даатгуулагчийг төлөөлж С.Б гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирал Г.Жавхланбаярыг 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс бүртгэсэн бүртгэл бичигдсэн байх боловч гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байх тул шүүх маргаагүй харилцаанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн түүнчлэн гэрээ байгуулах тухайн цаг мөчид тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хамтран ажиллах гэрээний талууд байсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5,035,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АЧ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 95,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 95,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА