Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 116

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Н.Н,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ын Н-д холбогдох эрүүгийн 1735001000057 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЗ85011910, Б овгийн М-ын Н.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р тал/,

       2. Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд “Цагаан тэсгэн”-ийн худаг уруу очиход Н, Ц, Н, Б нар болон Н-ын хадам дүү гэх нэг хүн байсан. Би худаг дээр очоод хүмүүсийн мэнд асуугаад байж байтал Н “Худагны ус гардаг турбог та нар цементэлсэн байна. Чи нааш орж ирээд хар” гэхээр нь би “Юу яриад байгаа юм” гэж хэлээд худаг уруу ороход Н “Чамаас өөр хэн үүнийг цементэлдэг юм” гэж хэлээд миний толгойны ар хэсэгт ломбо шиг төмрөөр цохиход би газарт унасан. Тухайн үед миний толгой эргээд, нүд харанхуйлаад байсан. Тэндээс би яваад гэртээ очоод эхнэр Ад болсон асуудлын талаар хэлсэн. Эхнэр А миний хэлэхийг сонсчихоод “Цагаан тэсгэн”-ийн худаг дээр очиж юу болсон талаар асуухад Ч, Н, Н, Б нар “Худаг янзалж байтал танай нөхөр ирээд төмөр мөргөчихлөө” гэж хэлсэн байсан. Н-д зодуулснаас болоод миний бие өвдөөд байсан тул сум уруу дуудлага өгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Тухайн үед худаг дотор Н бид хоёр л байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Ч худагны дээвэр дээр, Б, Н, Нын хадам дүү гэх хүмүүс худагны гадна малын усан тосгуурын хажууд байсан юм. Н намайг цохих үед гаднаас хэн нэгэн орж ирээгүй юм. Одоо миний толгой эргээд, нуруу нугасаар хатгаж өвдөөд байгаа ” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13-р тал/,

      3. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р тал/,

                4. Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн төвд байхад манай холын хамаатан Г манай дүү Д-ийн 99626587 дугаарын утас уруу залгаад “Хүнээр зодуулчихлаа, эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн байсан. Тэгээд би аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт очиж Г-тай уулзахад Г надад “Би мал хариулж байгаад худаг дээр байсан хүмүүсийн хажууд очиход Н намайг худаг уруу дагуулж ороод “Чи худгийн трубо цементэлсэн байна” гэхээр нь “Би цементлээгүй” гэж хэлэхэд Н “Чи цементэлсэн” гэж хэлээд миний ар шил рүү турбо төмрөөр цохисон. Тэгээд миний бие өвдөөд байсан тул сумын эмнэлэгт дуудлага өгөөд Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэж байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

                5. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд манай нөхөр Г ус зөөж ирчихээд гэртээ хэсэг байж байгаад нар орохын өмнө мотоциклиор хониндоо явсан. Тэгээд нар орж байхад гэртээ ирсэн бөгөөд Г-ын дээлнийх нь зах энд, тэндээ цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “Намайг худаг уруу ороход Н миний араас худагны турбо цохиж байсан төмрөөрөө цохьчихлоо” гэж хэлсэн. Г гэртээ ирэхдээ нүүр нүд нь цонхийчихсон, явахдаа нуруу нь өвдөөд тонгойгоод алхаад байсан. Би машинаа асаагаад худаг дээр явж очиход Н, Н-ын ах Маамуу /Ч/, дүү Б, Н-ын хадам дүү болон Н нар байсан. Би Н-д “Чи яагаад хүн зоддог юм. Бариач авч ирж тэр хүний толгойг бариул” гэж хэлэхэд Н, Маамуу нар “Г өөрөө төмөрт цохигдсон” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд Г-ын биеийг хэсэг ажиглахад бие нь өвдөөд байсан тул сумын төвийн эмч рүү залгаж дуудлага өгсөн. Манай нөхөр Г нь толгой, тархи нь өвддөг хууч өвчинтэй байсан. Би Н-д гомдолтой байна. Нөхрийгөө эрүүл, саруул болгож авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

                6. Гэрч М.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн төрсөн дүү Н, авга ах Н, Н-ын хадам дүү Г нарын хамт “Тэсгэний худаг” дээр худагны бөглөөс гаргах гээд байж байтал 17 цагийн орчимд манай авга Г ирсэн. Тэгтэл манай дүү Н “Энэ худагны турбо руу цемент хийчихсэн байна, хэн хийсэн юм бол. Батаа ахынх, танайх хоёрын аль нэг нь хийсэн байх. Замын хүн ирээд цемент хийхгүй. Чи орж цементээ хар” гэхэд Г “Хуцаад бай пизда, би хийсэн юм уу” гэж хэлээд тэр хоёр худаг уруу орсон. Тухайн үед би худагны амбаарын дээр байсан. Гэтэл гэнэт хүн орилоод “Пизда, нохой” гэхээр нь би худагнаас буухад Б, Г хоёр худаг уруу ороод Н, Г хоёрыг гараас нь бариад худагнаас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би “Та нар ямар сүртэй юм. Ийм зүйлээс болж зодолдож, муудалцаж байдаг” гэж хэлэхэд Г бид нартай хэсэг хэрэлдээд “Та нар наадах цементээ гарга. Би дахиад таглаж хаяна, яаж таглахаа би мэднэ” гэж хэлээд явсан. Н, Г хоёрыг худаг дотор яаж зодолдсоныг би хараагүй. Б, Г бид гурав ямар нэгэн байдлаар Г-ыг цохисон асуудал байхгүй. Худаг уруу орохдоо Н урд талд нь, Г хойноос нь дагаад орж байсан. Худаг дотор хүн зодолдохоор хугацаа болоогүй. Н-д тухайн үед бэртэл, гэмтэл ажиглагдаагүй бөгөөд худгаас гарч ирэхэд хармаас нь бага зэргийн цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

                 7. Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Тэсгэний худаг” гэх газарт худаг засварлахаар очиход худагны ус гардаг турбо уруу нь цемент хийж тагласан байдалтай байсан тул Н гэрээсээ ломбо авч ирээд янзлах гэж байтал Г ирсэн. Тэгээд Н Г-д “Чи яагаад ингэдэг юм” гэхэд Г “Би яасан юм бэ, би цементлээгүй” гэж хэлээд тэр хоёр худаг уруу орсон. Худагны гадна Н, Б, Б бид нар үлдсэн. Удалгүй худаг дотор Г, Н хоёр маргалдаад байсан тул Б бид хоёр худаг уруу орж тэр хоёрыг салгасан. Н, Г хоёрыг салгахад Г-ын хүзүүний ар талаас цус гарсан, нэг нэгнийгээ заамдсан байдалтай байсан юм. Тэгээд удалгүй Г гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

                8. Гэрч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Н бид хоёр найзууд бөгөөд найзлаад 17 гаруй жил болж байна. Н ямар нэгэн илүү дутуу зангүй, даруу төлөв, үг дуу цөөтэй, аливаа хүнтэй хэрэлдэж, маргалдаад байдаггүй, зан харилцааны хувьд хүнтэй зөв харьцаатай хүн юм. Н урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн муу зуршилгүй хүн юм. Н одоо Наранбулаг сумын хужирт багт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд өөрийн эзэмшлийн 400 гаруй малтай. Н амьдрал ахуйдаа арчаатай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Мөн Н эхнэр хүүхэддээ халамжтай бөгөөд бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

                9. Гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Н-ын хүргэн ах нь бөгөөд Н одоогоор Наранбулаг сумын Хужирт багт эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Н өөрийн эзэмшлийн 400 гаруй малтай. Н ямар нэгэн илүү дутуу зангүй, даруу төлөв, үг дуу цөөтэй, аливаа хүнтэй хэрэлдэж, муудалцаад байдаггүй, зан харьцааны хувьд хүнтэй зөв харьцаатай хүн юм. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй юм. Баяр ёслолын үеэр хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн үедээ агсам тавиад байдаггүй юм. Эхнэр, хүүхэддээ халамжтай, бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/, 

      10. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №552 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Г-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, дагзанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 9-р тал/,

           11. Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн засаг дарга Н.Анхбаярын 2017.10.14-ний өдрийн 80 тоот тодорхойлолт /хх-ийн 41-р тал/,

                12. Шүүгдэгч М.Н-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/,

            13. Шүүгдэгч М.Н-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн авга ах Н, төрсөн ах Ч, төрсөн дүү Б, хадам дүү Г нарын хамт Наранбулаг сумын Хужирт багийн нутагт байх “Цагаан тэсгэн”-ийн худгийг засахаар очсон юм. Бид нар “Цагаан тэсгэн”-ийн худаг дээр очиход уг худагны дотор талд байдаг ус гардаг турбо уруу цемент хийж шавардаж бөглөсөн байсан тул би уг худагнаас 5 орчим километрийн зайд байх өөрийн гэрт очиж хар өнгийн, 1 метр орчим урттай төмөр байсныг авч ирсэн. Би гэрээсээ төмөр аваад ирэх хооронд худган дээр манай нутгийн Г ганцаараа өөрийнхөө мотоцикльтой ирсэн байсан юм. Би Г-тай мэнд мэдэлцээд Г-д “Худагны ус гардаг турбог та нар цементэлсэн байна. Чи наашаа орж ирээд хар” гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр худагны байшин уруу орсон бөгөөд Н, Б, Б, Г нар худагны гадна үлдсэн. Г худаг уруу ороод “Юу яриад байгаа юм” гэж хэлэхээр нь би Г-д “Чамаас өөр хэн үүнийг цементэлдэг юм бэ” гэж хэлээд уур хүрээд байхаар нь гартаа барьж байсан /гэрээс авч ирсэн/ төмрөөрөө Г-ын толгойны ар талын хэсэг, шилэн хүзүүн дээр нь нэг удаа чичсэн юм. Тэр үед Б, Г хоёр худаг уруу орж ирээд Г-ыг худагнаас аваад гарсан юм. Г худагнаас гарч ирчихээд бид нартай хэрэлдээд “Чи худгаа гарга, би худгийг чинь таглана” гэж хэлчихээд мотоциклоо унаад яваад өгсөн юм. Тэгээд бид нар үргэлжлүүлэн худгаа малтаж байгаад худгаа нээж чадахгүй явчихсан юм. Миний Г-ыг цохисон төмөр нь 1 метр орчим урттай, нэг талдаа иртэй, нөгөө талдаа төмөр гогцоотой, хар өнгийн төмөр байсан бөгөөд уг төмрийг цагдаа хурааж авсан. Тухайн үед Г намайг зодож цохисон зүйл байхгүй. Г бид хоёр урьд өмнө нь маргалдаж, зодолдож байгаагүй, бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлга байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Г мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Г-ыг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан явдалдаа гэмшиж байгаа. Би Г уруу утсаар залгаж уучлалт гуйж учирсан хохирлыг барагдуулж өгөх талаар хэлэхэд Г надад уурлаад “Хуулийн дагуу шийдүүлнэ, чамтай юм ярихгүй” гэж хэлсэн юм. Би Гд учирсан хохирлыг төлж барагдуулахад бэлэн байна. Би Г-ыг барьж байсан төмрөөрөө нэг удаа цохисон бөгөөд өөр ямар нэгэн байдлаар зодож цохиогүй. Би Г-ыг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.      

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч М.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Хужирт” багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Г, гэрч М.Б, Ц.Г  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Н-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №552 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч М.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын биед тархины доргилт, дагзанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч М.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй байна. Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь  зүйтэй гэж үзлээ.

                   Шүүгдэгч М.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 82 см урттай, 1,5 см-ийн диаметртэй, 1 үзүүртээ хар өнгийн хөндлөн гогцоотой төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Б овгийн М-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 82 см урттай, 1,5 см-ийн диаметртэй, 1 үзүүртээ хар өнгийн хөндлөн гогцоотой төмөр 1 ширхэгийг төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  М.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                              ДАРГАЛАГЧ,

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН