Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00608

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэртэй, Д.Ж-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж.Б-ныг гуйгаад байхаар нь 2017 оны 06 сарын 08-ны өдөр 1 700 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар Хаан банкны 5019035710 тоот өөрийн нэрийн хадгаламжийн данснаас Ж.Б-ны 5027257086 тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө зээлдүүлсэн хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Б авсан мөнгөө одоо хүртэл төлөөгүй. Мөн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааны нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 770 200 төгрөгийг шаардаж байсан боловч 70 200 төгрөгөөр шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Б-аас шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Б нь 2017 онд Д.Ж-аас 1 700 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдэж авсан нь үнэн болно. Тухайн үед 1 000 000 төгрөгийг нь буцааж өгөх гэж байтал манай компанийн захирал А.Мандах барилгын материал авах мөнгө дутаад байна, Д.Ж ахад өгөх гэж байгаа мөнгөө надад түр өгчих, би Д.Ж ахтай яриад тохирчихсон гэж хэлсэн. Энэ талаар Д.Ж-аас тодруулж асуухад надад өгөх ёстой 1 700 000 төгрөгөө А.Мандах захиралд өгчих гэсэн тул А.Мандахад бэлнээр өгсөн. Удахгүй үлдэгдэл мөнгө болох 700 000 төгрөгийг бас энэ маягаар А.Мандахад өгсөн. Д.Ж-аас зээлсэн мөнгөө А.Мандахад хүлээлгэн өгөхдөө компанийн орлогын баримт үйлдэж, А.Мандах захирлаар гарын үсэг зуруулсан. Дээрх явдлыг Д.Ж мэдэж байсан, өөрийн биеэр зөвшөөрч байсан. Тухайн үед тус компанид Д.Ж ерөнхий нягтлан бодогчоор, би тооцооны нягтлан буюу кассын няравын албыг хашиж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 1 700 000 төгрөгийг гаргуулж Д.Ж-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч зөвшөөрөл өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. “Дрийм Тауэр Констракшн” ХХК-ийн 2019 оны 11 сарын 30-ны өдрийн албан бичигт "Д.Ж-ны нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох иргэний хэргийн маргаан болох 1 770 200 төгрөгийн төлбөрийг манай компани барагдуулах болно. Уг төлбөрийн асуудлыг тухайн үед бид 3 харилцан тохиролцож шийдсэн юм" гэсэн агуулга бүхий албан бичиг, “Дрийм Тауэр Констракшн” ХХК-д 2 удаа бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд “Дрийм Тауэр Констракшн” ХХК-ийн захирлын "2017 онд Ж.Б-наас Д.Ж-д төлөх гэж байсан 1 700 000 төгрөгийг хүлээж авсан. Д.Ж тухайн үед 1 700 000 төгрөгийг хүлээн авахыг зөвшөөрч байсан гэх мэдүүлэг зэргээр нотолж байна. Шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар "Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно" гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалт нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх боломжтой болохыг тусгасан байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д "Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно" гэж заасны дагуу Д.Жаргалсайханы өмнө хүлээсэн 1 700 000 төгрөгийг төлөх үүрэг нь дуусгавар болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “үүрэг дуусгавар болсон” гэж маргажээ. /хх 1, 13-14/

Зохигч 2018 оны 6 дугаар сарын 8-нд зээлийн гэрээ байгуулж, Д.Ж 1 700 000 төгрөгийг хариуцагч Ж.Б-ы өмчлөлд шилжүүлсэнд талууд маргахгүй байна. /хх 1, 5, 13, 31/

Анхан шатны шүүхээс талуудын хооронд 1 700 000 төгрөгийн зээлийн гэрээ нь амаар байгуулагдаж мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох юм.

Зээлдүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр Ж.Б зээлийн үүргийг А.Мандахад шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагчаар Ж.Б-ныг тодорхойлж түүнээс зээлийн үүргийг шаардаж байгаа хүсэл зоригоос харахад зээлийн үүргийг А.Мандахад шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх байдал нотлогдохгүй үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, нотлох баримтыг үнэлэхэд Ж.Б-аас компанид мөнгө шилжүүлсэн баримтыг Д.Ж-ны авлага компанид шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, эзэмшигч нь зөвшөөрөөгүй байхад Ж.Б-ны өрийг компани өөртөө шилжүүлж авах эрхгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл хэрэгт авагдаагүй нотлогдоогүй гэж үзнэ.

Зээлдэгчээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 1 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 42 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД