Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 57/ДШМ/2017

 

И.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Оюунцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

 нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолтой И.Мт холбогдох 2017 19000 0325 дугаартай 155 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

 Шүүгдэгч И.М нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн усны аж ахуйн 8-04 тоотод байрлах Б.Ганбилэгийн гэрт Б.Бг согтуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн И. Мыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Боржигон овгийн И. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн И. Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн И. Мын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 40 минутаас эхлэн баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч И.Мын цагаан өнгийн шорт 1 ширхэгийг, хар өнгийн дотоож 1 ширхэгийг, саарал оруулгатай хар өнгийн майк 1 ширхэгийг, хохирогч Б.Бгийн хар, нил ягаан, цагаан өнгийн толботой фудволка, цэнхэр өнгийн урдаа цахилгаантай цамц, шар ногоон өнгийн цэцгэн хээтэй орны бүтээлэг, саарал өнгийн шар судалтай орны бүтээлэг зэргийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг эд мөрийн баримт устгах комисст хариуцуулж, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн өмдийг хохирогч Б.Бд буцаан олгохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн И. Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 282 тоот шийтэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. И.М нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Б.Бг хүчиндэж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Одоо ялтан И.М архидан согтуурсны улмаас хохирогч бид хоёр хоёулаа тохирсон байсан. Би Бг хүчиндэж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч Бгийн биед учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд И.Мт хорихоос өөр төрлийн ял тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруугаа ойлгоогүй хохирогчид учирсан хохирлыг төлөхийг илэрхийлээгүй учир нь шинжээч эмч миний биеэс өвчин илрээгүй гэсэн тул буруугаа хүлээгээгүй байсан, гэм буруугаа хүлээж байна” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “... хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч И.М нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн усны аж ахуйн 8-04 тоотод байрлах Б.Ганбилэгийн гэрт иргэн Б.Бг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч И.М /хх-82-85/, хохирогч Б.Б /хх-21-22/, 25-26/, гэрч Б.Ганбилэг /хх-23, 28-30/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6668, 6 дугаар сарын 23-ны өдрийн 5254 дугаар шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч И.Мын 2017 оны 05 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийн шинжид хамаарч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Үүнээс үзвэл хуучин, шинэ хуулийн оногдуулах ялын хэмжээ өөрчлөгдөөгүй харин гэмт хэргийн ангиллын хувьд “хүчиндэх” гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж хөнгөрсөн байна. Иймээс анхан шатны шүүх И.Мын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой харьцуулан судалсны үндсэн дээр И.Мын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заажээ. Шүүгдэгч И.М анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6 000 000 төгрөгт тооцон Toyote Chaser маркын суудлын автомашин 1 ширхэг болон 1 ширхэг зурагт шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох ... хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно” гэсэн эрх хэмжээнийнхээ хүрээнд И.Мт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4. дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овгийн И. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн И. Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4, 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч Э.М 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ний өдөр хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Э.Мыг сулласугай. 4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай .

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА Т.ЭНХМАА