Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01888

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Сансар үйлчилгээний төвд байршилтай “А ж т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 17 дугаар байр, 1101 байршилтай “Э х” ХХК-д холбогдох,

 

22,533,701 төгрөг гаргуулах тухай үндсэн,

184,436,109.03 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Б.У, Э.Э, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Р.П, гэрч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “А ж т” ХХК нь “Э х” ХХК-д холбогдуулан 22,533,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “А ж т” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. “Э х” ХХК нь манай Сансар супер маркеттай олон жил хамтран ажиллаж байсан харилцагч. “Э х” ХХК нь манай компанийн Сансар сүлжээ дэлгүүрийн хүнсний хэсгийн талбайг түрээсэлж бүх төрлийн ногоо, жимсийг борлуулдаг, манай компани нь кассаар борлогдсон барааны төлбөр тооцоог гэрээний дагуу дараа тооцоогоор шилжүүлдэг байсан. Талуудын хооронд 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 002-416 тоот “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байдаг.

“А ж т” ХХК нь санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд 2019 оны 10 сараас “И Б А” ХХК-ийн “Интерактив-6.0” санхүүгийн программыг худалдан авч, нэвтрүүлсэн. Гэтэл программ дээр алдаа гарч хэд хэдэн харилцагч түүний дотор “Э х” ХХК-ийн тооцоо буруу бодогдсон. Жимс, ногооны кассаар гарсан борлуулалтаас тухайн харилцагчийн барааны буцаалтыг хассан дүнгээ төлбөр тооцоог шилжүүлэх ёстой байтал программ буцаалтыг бүртгээгүйн улмаас “Э х” ХХК-ийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ний өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын төлбөр нь буцаалт хасагдаагүй дүнгээр илүү тооцогдож 23,137,071 төгрөгийг манай компани “Э х” ХХК-ийн дансанд илүү шилжүүлсэн байсан. Энэ асуудал нь жил гаран үргэлжилсэн байсан. Өөрөөр хэлбэл, касс дээр барааг буцаах үед зассан дүн нь интерактив-6.0 программ дээр залруулагдаагүй, хасалт хийгдээгүй программын алдаанаас болж буруу дүнгээр тооцоо нийлж харилцагчид илүү мөнгө шилжүүлсэн. Барааны төлбөр илүү шилжүүлсэн асуудал нь 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ний өдрийг хүртэл хугацааг хамрах бөгөөд нийт 23,137,071 төгрөгийг “Э х” ХХК-нд илүү шилжүүлсэн. Илүү мөнгө шилжүүлснийгээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай компанийн санхүү, бүртгэлийн алба бааз өндөрлөхдөө мэдсэн.

Мэдсэн даруйдаа “И б а” ХХК-нд хандахад тус компани нь шалгаад 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн болохыг баталсан. Ингээд “Э х” ХХК-нд тэр даруй мэдэгдэж “манай компани дээр ирж, баримт материалтай танилцах хэрэгтэй байна, бид илүү мөнгө шилжүүлчихжээ” гэхэд “Э х” ХХК-ийн захирал Ч.О нь шүүхээрээ яв гэсэн хариу өгсөн. Тэгээд бид 2021 оны 02 сарын 01-ний өдөр тухайн үеийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 4 шүүгч дамжин, жил гаруй болсны эцэст хариуцагч янз бүрийн шалтаг хэлж удаа дараа шүүх хуралдааны хойшлуулж, эцэст нь үл ялих шалтгаанаар хэргийг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргахад Ч.О нь шүүхээс явуулсан мэдэгдлийг буцааж, хаяг дээрээ оршин суудаггүй гэж удаа дараа худал хэлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэт шалтгаанаар бид 2021 оны 2 сараас одоог хүртэл мөнгөө буцаан авч чадаагүй хохирсоор, чирэгдсээр байна. Эцэст нь бид Сүхбаатар дүүргийн шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/  тоот захирамж гаргуулж, цагдаагийн байгууллага албан ёсоор хаягийг тогтоосон. Ингээд бид энэхүү нэхэмжлэлийг шинээр тогтоосон хаягийн дагуу гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байхад шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32021/10260 тоот захирамжаар “Ш б а” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байдаг. Шинжээч нь санхүүгийн анхан шатны баримтуудад шалгалт хийж 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн гэж дүгнэсэн. 23,137,071 төгрөгөөс нэхэмжилж байгаа нь 21,033,701 төгрөг болно. Учир нь “Э х” ХХК-аас тухайн үед манайх руу шивсэн НӨАТ-ийн дүнг хасаад 21,033,701 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. “Э х” ХХК нь тухайн үед хүлээн авсан дүнгээрээ НӨАТ-өө шивсэн тул нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсон болно.

“Э х” ХХК-ийн захирал Ч.Отэй холбогдож болсон үйл баримтын талаар тайлбарлаж, илүү шилжүүлсэн мөнгөө буцаан авах тухай, бичиг баримт, тооцоотой танилцах шаардлагатай байгаа талаар мэдэгдэхэд шаардлага хүлээн авдаггүй, төлдөггүй юм. “Э х” ХХК-ийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 492.1.1-д заасныг зөрчиж байна. Үүнээс гадна шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч “Ш б а” ХХК-ийн хөлс 1,500,000 төгрөгийг манай компани төлсөн.

Иймд "Э х” ХХК-нд илүү шилжүүлсэн 21,033,701 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөг, нийт 22,533,701 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч “Э х” ХХК хариу тайлбартаа: “А ж т” ХХК-ийн “санхүүгийн программын алдааны улмаас шилжүүлсэн 19,990,430 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай “Э х” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, жимс, хүнсний ногооны жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “А ж т" XXК-ийн Сансар сүлжээ дэлгүүр дээр жимс ногооны тасгийг түрээслэн ажиллаж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан боловч “А ж т” ХХК-ийн зүгээс жимс, ногооны тасгаа өөрсдөө ажиллуулах сонирхолтой байгаагаа мэдэгдээд 2020 оны 11 сарын 30-ны өдөр гэрээгээ цуцалсан.

Бид сар бүр тогтмол 1,356,000 төгрөг, мөн борлуулсан бүтээгдэхүүний орлогын 15 хувиар бодож түрээсийн төлбөр түрээслэгчид төлдөг байсан.

Гэрээний талууд сар бүрийн эцэст тухайн сард хийсэн борлуулалтыг тулгаж, нягтлан тооцоо нийлж баталгаажуулдаг байсан ба ийнхүү тооцоо нийлж баталгаажуулахдаа “А ж т” ХХК нь борлуулалтын орлогоос тухайн сарын түрээсийн төлбөрийг суутган авдаг байсан. Хамгийн сүүлд түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг хүлээлгэн өгөхөд “А ж т” ХХК-ийн салбарын удирдлага, аж ахуй болон санхүүгийн албаны холбогдох ажилтнууд бүх тооцоог манай компанитай нийлж, 2020 оны 12 сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, тооцоо дуусгавар болсон, “Э х” ХХК нь ямар нэгэн тооцоо өргүй болохыг баталгаажуулсан. Гэтэл одоо санхүүгийн программын алдаанаас болж 19,990,430 төгрөг илүү шилжүүлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг илүү шилжүүлсэн гэх 19,990,430 төгрөгийг барааны буцаалт гэж тайлбарлаж нь ямар ч үндэслэлгүй. Учир нь зарим цөөхөн тохиолдолд худалдан авагч нар худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд бид өөрсдөө худалдан авагч нартай шууд харилцаж тэдний гомдлыг барагдуулдаг байсан. Манай компани нь үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа “А ж т” ХХК-ийн дотоод журамд бүрэн захирагдаж, тэдний тавьсан шаардлагыг биелүүлж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч “Э х” ХХК-аас нэхэмжлэгч “А ж т” ХХК-д холбогдуулан 184,436,109.03 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:  “Э х” ХХК нь жимс хүнсний ногоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд “А ж т” ХХК-ийн Сансар сүлжээ супермаркеттай 2015 оноос эхлэн хамтын ажиллагаатай байсан. Гэтэл “А ж т” ХХК нь 2019 оны 10-р сараас “И б а” ХХК-ийн санхүүгийн программыг худалдан авч нэвтрүүлсний  улмаас программ дээр нь алдаа гарч кассаар гарсан борлуулалтын буцаалтыг бүртгээгүйн улмаас 2019 оны 10 сарын 01-ээс 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын төлбөр нь буцаалт хасагдаагүй 23,137,071 төгрөгийг тус компанийн илүү шилжүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байхад шүүгчийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 181/Ш32021/0260 тоот захирамжаар “Ш б а'" ХХК-ийн шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан, Шинжээч санхүүгийн анхан шатны баримтуудад шалгалт хийж, 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн гэж дүгнэсэн ба тухайн үед хүлээн авсан дүнгээрээ НӨАТ-өө шивсэн тул НӨАТ-ын дүнг хасаж, 21,033,701 төгрөгийг, шинжээч “Ш б а” ХХК-ийн ажлын хөлс 1,500,000 төгрөгийг 2021 оны 09 сарын 30-ны болон 2021 оны 10 сарын 08-ны өдөр төлсөн учир тус тус гаргуулна гэж тайлбарладаг. Уг илүү шилжүүлсэн гэх 21,033,701 төгрөгийг барааны буцаалт гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь: “Ш б а” ХХК-ийн дүгнэлтийн “А ж т” ХХК-ийн харьяа Сансар сүлжээ дэлгүүрийн 2019 оны 10 сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн тасгийн борлуулалтын өглөг тооцоо нийлсэн дэлгэрэнгүй бүртгэлээр нийт 3,070,569,919.68 төгрөг байна гэсэн нь борлуулалтын нийт дүн сар бүрээр хэдэн төгрөг болох гэсэнтэй нийцээгүй. Өөрөөр хэлбэл борлуулалтын нийт орлого гэдэг нь тухайн компани хэдэн төгрөгийн борлуулалт хийснийг хэлэх бөгөөд өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоогоор тооцсон нь өөрөө үндэслэлгүй, борлуулалтыг бүрэн харуулах боломжгүй юм. Гэтэл манай компани тухайн цаг хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан байдаг. Энэ дутуу тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Түүнчлэн зөвхөн нэг талын гаргасан алдаатай программтай, өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоогоор дүгнэлт гаргасан нь өөрөө эргэлзээтэй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НБОУС-д борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх зарчмыг заасан байдаг, Хариулт 2.5: ...2019 оны 10 сарын 01-ний эхний үлдэгдэл 31,488,623.53 төгрөгийн түрээсийн борлуулалт 3,070,569,919.68 төгрөг олгох ёстойгоос хоорондын тооцоогоор 3,097,193,107.21 төгрөгийг олгож, 2020 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 4,865,436 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан хэдий ч талууд кассаар борлуулалтын барааны буцаалтын гүйлгээг тооцоогүй байна гэдэг нь ойлгомжгүй байна. Асуулт 2.6 дээр “А ж т” ХХК-ийн суутгалын дүн хэд байх ёстой, суутгалын дүн суутгагдсан эсэх дээр хариулахдаа: “И б а” ХХК-аас “А ж т” ХХК-ийн Сансар сүлжээ дэлгүүрүүдэд ашиглаж байсан ERP 6.0 системийн түрээсийн тохиргоотой тасгуудаас “Э х” ХХК-ийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 31-ний өдрийн хугацааны борлуулалтын мэдээллийг өгөгдлийн сангаас буцаалтын гүйлгээг шалгаж 23,137,071 төгрөгөөр тогтоосон байна гэж дүгнэсэн. Гэтэл “И б а” ХХК нь программын хөгжүүлэлт хийдэг, “А ж т” ХХК-ийн программыг хариуцан ажилладаг компанийн гаргасан дүгнэлтээр дүгнэсэн нь аудитын компани өөрсдөө уг дүгнэлтийг гаргаагүй, зөвхөн программ хийж өгдөг, аудит хийх эрхгүй компанийн тогтоосноор дүгнэлтээ бичсэн нь өөрөө хууль бус байна. “А ж т ХХК-ийн 2020 оны 12 сарын 31-ны өдрийн санхүүгийн тайланд “Э х” ХХК-аас 19,989,175.39 төгрөгийг авлагаар бүртгэж тайлагнасан байна гэж дүгнэсэн, энэ нь нэхэмжлээд байгаа, түүнчлэн “И б а” ХХК-ийн гаргаж өгөөд байгаа өглөг авлагын тооцоолол алдаатай байгааг харуулж байна. Ямар шалтгааны улмаас программ нь алдаа заасан тухай программ хариуцсан “И б а” ХХК-аас үндэслэлтэй тайлбар ч байдаггүй. Манай компани “А ж т” ХХК-ийн борлуулалтын орлого 2019 оны 10 сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ныг дуусталх хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрсөн баримт хавтас хэрэгт ч байдаг. Иймд олгох ёстой байсан гэх уг 3,070,569,919.68 төгрөг нь 3,255,006,028.71 төгрөг байсан гэж үзэж байгаа тул 184,436,109.03 төгрөгийг “А ж т” ХХК-аас гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд "А ж т” ХХК нь 1992 оноос эхлэн 30 гаруй жил худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэг юм.

Манай компани 2019 оноос эхлэн “И б а” ХХК-ийн санхүүгийн программыг нэвтрүүлж, программын шинэчлэлт хийсэн. Программ дээр алдаа гарч 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд кассаар гарсан борлуулалтаас буцаалт 23,137,071 төгрөгийг “Э х” ХХК-ийн борлуулалтын төлбөрийг шилжүүлэхдээ хасалт хийгээгүй шилжүүлсэн нь үнэн буюу баримтуудаар нотлогдоно. Холбогдох бүх баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 184,436,109.03 төгрөгийн үнийн дүн нь ямар ч тооцооллын болон хууль зүйн үндэслэлгүй болно. “Э х” ХХК-ийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийн хугацаанд борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан гэх 3,255,006,028.71 төгрөгийг шалгахад 2019 оны 10 сараас өмнөх саруудын татварын албанд хугацаандаа тайлагнаагүй хуримтлагдсан байсан 268,814,840 төгрөгийн борлуулалтын орлого нь орсон байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 -д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заасан. Манай компани “Э х” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түүний харилцах дансанд цаг тухай бүрт нь төлбөр тооцоог шилжүүлдэг байсан боловч “Э х” ХХК нь хуулийг хэрэгжүүлдэггүй буюу хуулийн хугацаандаа борлуулалтын орлогоо татварын албанд тайлагнадаггүй Ebarimt-аа шивдэггүй, манай компаниас хүлээн авсан дүнгээр бус дурын дүнгээр, хэзээ ч хамаагүй шивдэг байсан ба тухайн алдаа нь сар бүр гарч байсан болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан зөрүү гэх үнийн дүн нь үүнтэй холбоотой. Хавсралтаар манай компани хэзээ хэзээ төлбөр шилжүүлж байсан, “Э х” ХХК нь хэзээ хэдэн төгрөгөөр борлуулалтын орлогоо тайлагнаж Ebarimt-н шивэлт хийж байсныг харуулав.

Жишээ нь: 2019 оны 01-р сард “А ж т” ХХК-аас “Э х” ХХК-ийн харилцах дансанд 5 удаагийн давтамжтай төлбөр тооцоог шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн тайлант хугацаанд “Э х” ХХК-аас Ebarim-н шивэлт огт хийгдээгүй борлуулалтын орлогоо тайлагнаагүй нь баримтуудаар нотлогдоно. Энэ нь сар бүр давтамжтай гарч байсан болно.

“Э х” ХХК нь дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлдэггүй буюу манай компаниас харилцах дансаараа хүлээн авсан борлуулалтын орлогоо татварын албанд хуулийн хугацаандаа үнэн зөв мэдүүлдэггүй Ebarim-аа шивдэггүй, сар бүр дутуу, буруу /манай компаниас хүлээн авсан дүнгээр бус дурын дүнгээр, хэзээ ч хамаагүй шивдэг/ мэдүүлж байсан байна. Энэхүү зөрчлөөсөө болж хугацаа хоцорч мэдүүлсэн борлуулалтын орлогоо /2019 оны 10 сараас өмнөх саруудад Ebarim шивэлт хийгээгүй татварын албанд тайлагнаагүй үнийн дүнгүүдийг 10 сараас хойш борлуулалтын үнийн дүнд оруулан тайлагнасныгаа/ манай компаниас дутуу мөнгө авсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс “А ж т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Итгэмжлэл /хх-6, 3хх-125, 164, 4хх-7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-25/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс /хх-26/, Түрээсийн гэрээ /2хх-19-27/, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй /2хх-28-30/, Тооцоо нийлсэн акт /2хх-31/, Орлого, зарлагын баримтын тайлан /2хх-32-33/, Тооцоо нийлсэн акт /2хх-34-88/, Төлбөрийн даалгавар /2хх-146/, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй тайлан /2хх-147-168/,  “И б а” ХХК Албан бичгийн хариу хүргүүлэх тухай /2хх-169-181/, “И б а” ХХК-ийн Тодорхойлолт /2хх-182/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /2хх-183-185/, Шинжээчийн дүгнэлт /2хх188-3хх-44/, Төлбөрийн баримт /3хх-45-68/, Мемориалын баримт /3хх-69-70/, Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /3хх-169-174/, Төлбөрийн  даалгавар /3хх-175-222/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас “Э х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-30/, Итгэмжлэл /хх-34, 3хх-71/, Сөрөг нэхэмжлэл /3хх-106-18/, Борлуулалтын орлого хүснэгт /3хх-109/, Санхүүгийн байдлын тайлан-баталгаажсан (нотлох баримтын шаардлага хангаагүй) /3хх-128-148/, Төлбөрийн баримт /3хх-149-163/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Э х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-41/, Нэхэмжлэл гардуулсан баримт /хх-42/, Эрх үүрэг тайлбарласан баримт /хх-43, 44/, Хариу тайлбар /хх-45/, Хөрөнгийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-46-48/, Тооцоо нийлсэн акт /хх-49-54/, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /хх-55-60, 77/, Төлбөрийн баримт /хх-61-76, 78/, “И б а” ХХК /хх-88/, “И б а” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-89/, Баримт /хх-90/, Орлого зарлагын баримтын тайлан (Бараагаар) /хх-91-106, 107-133/, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх-133-177/, Төлбөрийн даалгавар /хх-178-201/, Шинжээчийн дүгнэлт /хх-202-242/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /2хх8-10/, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “А ж т” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Барааны төлбөр илүү шилжүүлсэн асуудал нь касс дээр барааг буцаах үед зассан дүн нь интерактив-6.0 программ дээр залруулагдаагүй, хасалт хийгдээгүй программын алдаанаас болж буруу дүнгээр тооцоо нийлж харилцагч “Э х” ХХК-д 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ний өдрийг хүртэл 21,033,701 төгрөгийг илүү шилжүүлсэн, мөн шинжээчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөг, нийт 22,533,701 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч “Э х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...“А ж т" XXК-ийн Сансар сүлжээ дэлгүүр дээр жимс ногооны тасгийг түрээслэн ажиллаж байсан бөгөөд “А ж т” ХХК-ийн жимс, ногооны тасгаа өөрсдөө ажиллуулах сонирхолтой байгаагаа мэдэгдээд 2020 оны 11 сарын 30-ны өдөр гэрээгээ цуцалсан. 2020 оны 12 сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, тооцоо дуусгавар болсон, “Э х” ХХК нь ямар нэгэн тооцооны өргүй болохыг баталгаажуулсан. Гэтэл одоо санхүүгийн программын алдаанаас болж 19,990,430 төгрөг илүү шилжүүлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” маргажээ.

4. Хариуцагч “Э х” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Манай компани “А ж т” ХХК-ийн борлуулалтын орлого 2019 оны 10 сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд олгох ёстой байсан гэх уг 3,070,569,919.68 төгрөг нь 3,255,006,028.71 төгрөг байсан гэж үзэж байгаа тул 184,436,109.03 төгрөгийг “А ж т” ХХК-аас гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч “А ж т” ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...“Э х” ХХК-ийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийн хугацаанд борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан гэх 3,255,006,028.71 төгрөгийг шалгахад 2019 оны 10 сараас өмнөх саруудын татварын албанд хугацаандаа тайлагнаагүй хуримтлагдсан байсан 268,814,840 төгрөгийн борлуулалтын орлого нь орсон байна. “Э х” ХХК нь дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлдэггүй буюу манай компаниас харилцах дансаараа хүлээн авсан борлуулалтын орлогоо татварын албанд хуулийн хугацаандаа үнэн зөв мэдүүлээгүй Ebarimt-аа шивээгүй, сар бүр дутуу, буруу /манай компаниас хүлээн авсан дүнгээр бус дурын дүнгээр, хэзээ ч хамаагүй шивдэг/ мэдүүлж байсан байна. Энэхүү зөрчлөөсөө болж хугацаа хоцорч мэдүүлсэн борлуулалтын орлогоо /2019 оны 10 сараас өмнөх саруудад Ebarim шивэлт хийгээгүй татварын албанд тайлагнаагүй үнийн дүнгүүдийг 10 сараас хойш борлуулалтын үнийн дүнд оруулан тайлагнасныгаа/ манай компаниас дутуу мөнгө авсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж няцаасан.

 

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Зохигчид 2019 оны 01 сарын 01-ний өдрийн 005 тоот, 2020 оны 5 сарын 05-ны өдөр 002-416 тоот Түрээсийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “А ж т” ХХК нь Сансар супермаркетын 8 салбарт 2 м.кв талбайг бүх төрлийн жимс, ногооны зориулалтаар “Э х” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “Э х” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөрөнгийг ашигласны төлбөрт 1 сарын 1,358,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

8. Талууд гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг  цуцалсан талаар маргаагүй, харин гэрээний хугацаанд касс дээр барааг буцаах үед зассан дүн нь интерактив-6.0 программ дээр залруулагдаагүйгээс хариуцагчид 21,033,701 төгрөгийг илүү шилжүүлсэн, мөн олгох ёстой байсан орлогын зөрүү 184,436,109.03 төгрөгийн  талаар маргаж байна.

 

9. Нэхэмжлэгч “А ж т” ХХК нь санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор “И б а” ХХК-ийн санхүүгийн программыг нэвтрүүлж, программын шинэчлэлт хийсэн гэх тайлбар нь “И б а” ХХК-ийн 2021 оны 3 сарын 26-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Дээрх тодорхойлолтод “...2018 оноос хойш “А ж т” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн санхүү, хүний нөөц, бараа удирдлага мөн Сансар сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалтын систем ERP 6.0 программыг хариуцан ажилладаг. “Э х” ХХК-ийн борлуулалтын мэдээллийн өгөгдлийг шалгаж үзэхэд барааны буцаалт болон барааны жинг орон андуурч бичсэн алдааг засварласан кассын залруулга /буцаалт/ нь 23,137,071 төгрөг байна. ...23,137,071 төгрөгийг нийт борлуулалтын дүнгээс хасагдах ёстой байсан боловч программ буцаалтыг зарлага гэж бүртгээгүйн улмаас борлуулалтын нийт дүнд орж бүртгэгдсэн байна.” гэжээ. /хх-88/

 

Мөн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2021/10260 дугаар шүүгчийн захирамжаар “Ш б а” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /2хх8-10/

 

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд  “...Сансар сүлжээ дэлгүүрийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх жимс, ногооны тасгуудаас нийт 23,137,071 төгрөгийн барааны борлуулалтын буцаалт хийгдсэн байна. Дээрх хугацаанд жимс, ногооны тасгуудаас санхүүгийн программд жин хэмжээг алдаатай оруулснаас Салбар-22 болон Салбар-40 салбарууд дээр томоохон зөрүү үүссэн байна. ...Аудитаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын сар бүрийн тооцоо нийлсэн актын дэлгэрэнгүй гүйлгээг, “И б а” ХХК-ийн баталгаажуулсан бараа буцаалтын гүйлгээтэй тулган шалгахад “А ж т” ХХК нь “Э х” ХХК-аас салбаруудын бараа борлуулалтын буцаалтын нийт 23,137,071 төгрөгөөс, НӨАТ-ын 2,103,370 төгрөг, авлагын 21,033,701 төгрөгийг хоорондын өр төлбөрийн дүнгээс суутгаагүй байна.” гэжээ. /хх208-212/

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “А ж т” ХХК нь өөрт учирсан хохирлоо “Э х” ХХК-аас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн “…Илүү мөнгө шилжүүлснийгээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай компанийн санхүү, бүртгэлийн алба бааз өндөрлөхдөө мэдсэн.” гэх тайлбар нь харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй, орлого, зарлагын баримтын тайлан, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

 

“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ. 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл программ буцаалтыг бүртгээгүйн улмаас борлуулалтын төлбөр нь буцаалт хасагдаагүй дүнгээр илүү тооцогдож нэхэмжлэгч “А ж т” ХХК-аас хариуцагч “Э х” ХХК-д 21,033,701 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

11. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж баримтаар нотлоогүй болно. Мөн шинжээчийн ажлын хөлс 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

12. Иймээс хариуцагч “Э х” ХХК-аас буцаалт хасагдаагүй дүнгээр илүү шилжүүлсэн 21,033,701  төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,500,000 төгрөг нийт нийт 22,533,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ж т” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

13. Түүнчлэн, хариуцагч олгох ёстой байсан гэх 3,070,569,919.68 төгрөг нь 3,255,006,028.71 төгрөг байсан гэж үзэж байгаа тул 184,436,109.03 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

“Ш б а” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “А ж т” ХХК-ийн харьяа Сансар сүлжээ дэлгүүрийн 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн тасгийн борлуулалтын өглөг тооцоо нийлсэн дэлгэрэнгүй бүртгэлээр нийт 3,070,569,191.68 төгрөг байна гэжээ. Гэтэл хариуцагчаас манай компани дээрх хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн.

 

Хариуцагч “Э х” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн Санхүүгийн байдлын тайлан-Баталгаажсан баримтууд нь захирлын гарын үсэг, тамга тэмдэггүй буюу хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Мөн төлбөрийн баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр баримтаар нэхэмжлэгчээс борлуулалтын орлогын үлдэгдэл 184,436,109.03 төгрөгийг шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс “...Манай харилцах дансаар хүлээн авсан борлуулалтын орлогоо татварын албанд хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлдэггүй, Ebarimt-аа шивдэггүй, сар бүр дутуу, буруу мэдүүлж байсан байна. Энэхүү зөрчлөөсөө болж хугацаа хоцорч мэдүүлсэн борлуулалтын орлогоо манай компаниас дутуу мөнгө авсан мэтээр нэхэмжилж байна.” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

14. Иймд нэхэмжлэгч “А ж т” ХХК-д холбогдуулан 184,436,109.03 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,618 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,080,131 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,618 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э х” ХХК-аас 22,533,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А ж т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А ж т” ХХК-д холбогдуулан 184,436,109.03 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,618 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,080,131 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,618 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ