Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/01908

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 181/ШШ2024/01908

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д.Д /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Д.Т /РД:.../-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ОО ХХК нь "КБ" ХХК-иас Д.Д миний өмчлөлийн ...тоот, .... улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд тус зээлийг төлөх боломжгүй болсны улмаас "КБ" ХХК шүүхэд хандсан байдаг. Улмаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1852 дугаар шүүхийн шийдвэрээр 55,005,675.88 төгрөгийг "ОО" ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Тус зээлийг яаралтай төлөхгүй бол Д.Д миний өмчлөлийн дээрх орон сууцыг зарж борлуулах байсан тул өөрийн хамаатан болох Д.Тгөөс зээл авч КБны өрийг төлсөн болно. Д.Тгөөс 50,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус байрыг зээлийн барьцаа болгож 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Надад тэр үед өөр зээл авах боломжгүй мөнгө олдохгүй хүнд үе таарсан. Д.Т бид хоёр урьд нь бие биедээ тусалж байсан бөгөөд ах дүүгийн хүүхдүүд учраас итгээд өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн. Гэтэл Д.Т нь зээлийн төлбөрөө хийж, байраа буцааж авья гэхэд өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Миний бие тус байрыг анхнаасаа зарж борлуулах санаа, зорилгогүй байсан бөгөөд Д.Тгөөс авсан зээлээ төлж барагдуулж дуусахаар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тухай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ар талд гараар бичиж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болон байрны үнийг тогтоохдоо 5,000,000 төгрөгөөр тогтоосон зэргээс харж болно. Тус худалдах худалдан авах гэрээ нь зөвхөн зээлийн гэрээний барьцаа болгож хийснээс бус худалдах санаа зорилго байгаагүй болно.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Д.Д, Д.Т нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот, ... тоот, Ү-2203020901 улсын бүртгэлийн дугаартай орон сууц "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү... хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5- д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу ... тоот хаягт байрлах Ү-2203020901 улсын бүртгэлийн дугаартай орон сууцын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, хариуцагчид тухайн үед зээлсэн мөнгийг буцаан шилжүүлэх үр дагавар үүснэ. ..Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан дүгнэлтээр орон сууцны зээлийн ханш 85 сая төгрөг байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардаж байгаа. Орон сууцаа шилжүүлэн авч, 50 сая төгрөгийг буцаан өгөхөд боломжтой байгаа...Түвшинтэй анх зээл авах талаар уулзаагүй. Дүүжий хүргэн бид 2 энэ асуудлыг шийдсэн. 3 жилийн хугацаатай тохирсон. Шууд 80 саяаар зарахаар тийм үе байсан. Дараа 7 хоногт нь уулзахад Д.Тд үүрэг өгч мөнгө шилжүүл гэсэн. 50 сая төгрөгийг л өгье гэсэн, үлдсэн 5 саяыг өөрийн компаниас шилжүүлсэн. Хэд хоногийн дараа барьцааны гэрээ хийх хэрэгтэй гээд уулзахад худалдах худалдан авах гэрээ хийнэ гэж Д.Т хэлж аав намайг загнаад байна гээд гэрээ хийсэн. Гэрээний ард гараар тэмдэглэл хөтөлж баталгаа гаргаад тохирсон. Хоёулаа нотариатын өрөөнд гарын үсэг зуралцаад явсан. Д.Т тэгээд байраа суллаж өг гэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Д нь 2016 оны 06 дугаар сард Д.Ттэй уулзаж, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороололын 17 дугаар байрны 03 тоот орон сууцыг худалдан аваач гэсэн хүсэлтийн дагуу тухайн орон сууцыг худалдан авахаар тохирсон. Мөн тэрээр Д.Д надтай хамаарал бүхий зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулах эрх үүсэх талаар хэлсэн байдаг. Ийнхүү Д.Т нь тус байрны төлбөр болох 50,000,000 төгрөгийг Д.Дтой холбоотой зээлийн дансанд шилжүүлж, нотариатчид очиж "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хийсэн. Д.Д гэрээ байгуулахын өмнө гэрээний үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2%-ийг төлөхөд хүндрэлтэй хэцүү байна, 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж өгөөч гэж гуйсныг дагуу байгуулсан байдаг. Д.Д болон Д.Т нарын хооронд зээлийн харилцааны талаар болон барьцааны талаар ямар нэг яриа хэлцэл байгаагүй, ямар ч тохиролцоо байхгүй юм. Д.Т орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш 2022 оны 01 дүгэээр сард Д.Д хариуцагчийн аав Ч.Дүүжийгээр дамжуулан холбогдон 02 дугаар сард уулзсан. Уулзах үедээ тус орон сууцны зах зээлийн үнэ өссөн, зөрүү мөнгө өгөхийг Д.Тгөөс шаардсан. Орон сууцыг худалдан авах үед тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр байснаас гадна ямар ч засвар хийгдээгүй хуучны байр байсан. Д.Т энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Хариуцагч тухайн орон сууцыг худалдах Д.Дийн хэлсэн үнийг хүлээн зөвшөөрч, үнийг нь бүрэн төлж худалдан авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч талаас гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.3 гэж тодруулаад байх шиг байна. Халхавчлагдсан хэлцэл байхгүй байна. Талууд хоорондоо хэдэн төгрөгөөр тохирох нь чөлөөтэй, бид 50 сая төгрөгөөр гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн гуйлтын дагуу 5 сая төгрөг гэж бичсэн. Худалдагч нар бүгд оролцох ёстой. 3 нь тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал гэрээний талууд гэж үздэггүй зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг. Манайхаас худалдах, худалдан авах гэрээг гаргаж өгөөгүй, гэрчлүүлэх үед дор нь бичсэн бичиг байдаггүй. Дараа нь бичвэр гараад ирдэг, эргэлзээтэй баримт гэж үзэж байна...Нэхэмжлэгч талын яриад байгаа 2018 оны бичвэр нь Д.Тгийн өөрийн санаа зорилго гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Зохигч талуудаас болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Дийн иргэний үнэмлэхний хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 22/36 ТЗкомпанийн орон сууц худалдах үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай албан бичиг, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ард гар бичвэр бичсэн хуулбар, А.Тулгад олгосон итгэмжлэл, Орхоодой оргил ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч А.Оыг оролцуулах тухай хүсэлт, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд, Д.Чын тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Тгөөс Э.Эд олгосон итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 22/37 дугаар ТЗкомпанийн албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэлийн лавлагаа /4 хуудас/, 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх Төрийн банкны дансанд төлбөр тушаасан баримтын хуулбар, М.Штай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 6/4711 Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хавсралт 7 хуудас/, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 10/3747 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2013 Шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Чийн мэдүүлэг, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 4-157/16432 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хавсралт 7 хуудас/, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23/52 дугаартай ТЗкомпанийн албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 766 Капитал ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Шинжээчийн тайлан, Баянгол дүүргийн 19-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримт байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Тд холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Д.Д, Д.Т нарын хооронд байгуулсан ... тоот хаягт байршилтай, ... бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууц "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр... гэж тодруулсан.

 

6. Хариуцагч Д.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, мэтгэлцэж байна.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн үндэслэлдээ банканд төлөх зээлийн гэрээний 55,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн, маргаан бүхий орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулах болсон тул өөрийн хамаатан Д.Тгөөс 50,000,000 төгрөгийг зээлж, өөрийн компаниас 5,000,000 төгрөгийг гаргаж зээлийн төлбөрт шилжүүлсэн, түүний шаардсаны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний баталгаа болгож орон сууцыг эзэмшил ашиглалтад шилжүүлж өгсөн, орон сууцны зах зээлийн ханш 50,000,000 төгрөгнөөс өндөр байсан, 3 жилийн дараа буцаан авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж,

 

Хариуцагч тал нь орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан, нэхэмжлэгчийн гуйлтаар гэрээний үнийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээл болон барьцааны гэрээний талаар тохиролцоо хийгдээгүй үндэслэлээр тус тус маргасан.

 

7.2 Зохигч маргааны үйл баримт, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд маргаантай.

 

7.3 ОО ХХК нь КБ ХХК-иас маргаан бүхий ... тоот хаягт байршилтай, Ү-2203006704 бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан, зээлийн гэрээний үүрэгт 55,005,675.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банканд олгохоор шүүхийн шийдвэр гарсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар шийдвэр /тодорхойлох, тогтоох хэсэгт/-ээр нотлогдож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонд талууд маргаагүй. /хх-ийн 5-7, 34-37-р тал/

 

7.4 ОО ХХК-ийн Д.Дийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, дээрх шүүхийн шийдвэр гарах цаг хугацаанд нэхэмжлэгч гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тайлбар, шүүхийн шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 1-2, 5-7, 174-р тал/

 

7.5 Зохигч 50,000,000 төгрөгийн өгсөн, авсан үйл баримтад маргаагүй бөгөөд хэрэгт 50,000,000 төгрөгийг Д.Тгээс зээл төлөлт ОО ХХК гэсэн утгатайгаар 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн баримттай. /хх-ийн 230-р тал/

 

Түүнчлэн мөн өдрийн 5,133,654.26 төгрөгийг хүлээн авагчийн нэр түр данс: ББГАЗ, Хүлээн авагчийн банк: байгууллагын банкны газар, дансны дугаар 2200000022, гүйлгээний утга: зээл төлөлт ОО ХХК гэсэн утга бүхий 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт хэрэгт авагдсан нь нэхэмжлэгчийн тайлбартай нийцэж байна. /хх-ийн 20, 230-р тал/

 

7.6 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар шийдвэрийн дагуу шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12614 дугаар албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1107 дугаар гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор ажиллагааг үүсгэж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 511 дугаар тогтоолоор төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ./хх-ийн 212-219-р тал/

 

7.7 Өөрөөр хэлбэл зохигч шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг холбогдох дансанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн, маргаан бүхий хэлцлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 511 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д.Тгийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж зааснаар зохигч хөөн хэлэлцэх тусгай хугацааны хувьд маргасан.

 

8.1 Хариуцагч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч шүүх мөн хуулийн 75.2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

9. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Тд холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, хариуцагч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, халхавчлагдсан хэлцэл байхгүй гэж тус тус маргадаг.

 

9.1 Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт, хүсэл зоригийн илэрхийллийг тогтоохын тулд хэрэгт цугларсан нотлох баримтуудын цаг хугацаа, агуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, тайлбар тус бүрийг нотлох зохигчийн шүүхэд гаргасан баримтуудыг харьцуулан дүгнэн үзэж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Д.Д, Д.Тд нар нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний харилцааны талаар маргаантай.

 

9.1.а Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Дүүжий овогт Д.Тгийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргуулсан байна. /1-р хх-ийн 127-134-р тал/

 

Уг гэрээнд гэрээ байгуулсан хэсэгт, худалдагч талаас: Д.Д, СС.Г, Д.Ч, Д.Ч, худалдан авагч: Д.Т нар гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхний хуулбарууд авагдсан болох нь хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн гэрээнүүдээр нотлогдож байна. /8-9, 25-27/

 

СС.Г, Д.Ч, Д.Ч нар нь хамтран эзэмшигч болох...бид хамтран шийдвэрлэж Д.Тд худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан тухай үеийн ханшид үндэслэн 50 сая төгрөгөөр зарсан болно гэх тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлж, талууд гарын үсэг зурсан, түүнчлэн Д.Ч нь шүүхэд ...би өөрийн амьдарч байсан орон сууцнаас нүүсэн шалтгааныг сайн ойлгохгүй ирсэн. Би аав Д.Дийн шүүхэд хандах шалтгааныг тодорхой ойлгоогүй байсан. Аавтай ч уулзах сонирхолгүй байсан, тухайн нөхцөл байдлыг бүрэн мэдээлэл аваагүй ч Ч.Дүүжий ахыг дэмжиж, зөвхөн нэг талын тайлбарласнаар би өмнөх тодорхойлолтыг бичиж өгсөн. Яагаад энэ тодорхойлолтыг биднээс гаргуулсаныг тухайн үед сайн мэдэхгүй байна. Саяхан аав, өөрийнхөө СБД-ийн шүүхэд гаргасан тайлбараа бидэнд танилцуулсан. Энэ тайлбарт нэгэн зүйл маш тодорхой байна. Үүнд: Аав Д.Д нь Ч.Дүүжий ахаас 50 сая төгрөгийг, 3 жилийн хугацаатай буцааж эргэн төлөх нөхцөлтэйгөөр авч Капитрон банкны зээлийг төлсөн байна. Энэ төлбөрийг төлж барагдуулах хүртэл өөрийн амьдарч байсан байр, орон сууцаа барьцаалсан гэдгийг ойлголоо гэсэн тайлбарыг гаргасан. /1-р хх-ийн 171-р тал, 2-р хх-ийн 27-р тал /

 

Түүнчлэн гэрч Д.Чийн ...нэхэмжлэгчийн төрсөн хүү нь, харин хариуцагчийн ээж н.Ц нь надтай ойрын садан төрлийн хамааралтай. Би болсон үйл баримтын талаар сайн мэдэхгүй. Аав, ээж маань тусдаа амьдардаг болсон учраас ээж болон дүү бид нар энэ хэрэгт хамаагүй. Байрны талаар үйл баримтыг мэдэхгүй. Энэ болж байгаа бүх үйл баримтад бид оролцоо байхгүй учраас гомдол, санал байхгүй. Би тухайн тодорхойлолтод гарын үсэг зурсан. Гэхдээ болсон үйл баримт, гэрээ зэргийг нарийн сайн мэдэхгүй...тухайн тодорхойлолтод Д.Тгийн аав Дүүжий хүсэлт гаргасан учраас гарын үсэг зурсан. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Болсон үйл баримтын талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй мөн аавынхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. /1-р хх-ийн 189-190-р тал/

 

Дээрх тодорхойлолт гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан аливаа баримтад мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байх боловч зохигчийн хоорондын үйл баримтад маргаж буй тус хэргийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий хэлцлийн тал болж гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүд нь тус маргааны талаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгааг мэдсэн гэх үндэслэл болж байна.

 

9.1.б Зохигчийн шаардлага, татгалзлын нэг үндэслэл нь тухайн цаг үед маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээний талаар маргасан.

 

Зохигч хэн аль нь хүсэлт гаргасанд үндэслэж ТЗ ХХК нь маргаан бүхий орон сууцны 2016 оны 06 дугаар сарын байдлаар 1 м.кв-ийн дундаж үнээр тооцож нэхэмжлэгч Д.Дид 76,843,121 төгрөг болж байгаа талаар, хариуцагч Д.Тд 55,830,500 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар тус тус албан бичгээр хариу өгсөн байна. /хх-ийн 17, 33-р тал/

 

Шүүхийн журмаар, зохигчийн хүсэлтээр шүүх үнэлгээний талаар шинжээч томилон, дүгнэлт гаргуулсан. Үүнд Шинжээчийн тайлангийн дүгнэлт хэсэгт үнэлэгдэж буй ... тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 85,391,097.47 төгрөг гэж дүгнэж байна гэжээ. /2-р хх-ийн 1-17-р тал/

 

Шүүх зохигчийн маргаж буй үнэлгээний зөрүүтэй байдлаар гарган өгсөн баримтуудыг үнэлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн журмаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэн шийдвэрлэж, хариуцагчийн тайлбарт дурдсан зах зээлийн үнээс илүү үнээр худалдаж авсан гэх тайлбар үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн тухайн цаг хугацаанд зах зээлийн үнэлгээ 50,000,000 төгрөгөөс өндөр байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлт өгөв.

 

9.1.в Д.Д, Д.Тд нар нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэлцэлд маргасан учир дүгнэлт өгөх шаардлагатай.

 

"Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нэртэй хэлцлийг талууд байгуулсан. Уг хэлцлийн эхэнд ...тоот хаягт оршин суух Д.Д, нөгөө талаас ... тоот хаягт оршин суух Дүүжий овогтой Д.Т бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэснээс үзэхэд хэлцлийн талуудаар зөвхөн зохигчийг тодорхойлж, гэрээний төгсгөлд талуудад СС.Г, Д.Ч, Д.Ч нар нь нэмэгдэж гарын үсэг зурсан, гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцанд оршин суух хаягтай байжээ.

 

Талууд ерөнхий нөхцөл хэсэгт: ... тоот, 18 м.кв талбайртай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гээд хэлцлийн 2 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 5,000,000 төгрөгөөг худалдахар тохиролцов, төлбөр төлөх нөхцөл бэлнээр, хугацаа 2016.06.10-ны өдөр төлсөн гэж гол нөхцлийг тохирсон байна. /1-р хх-ийн 8, 25, 130-р тал/

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн.

 

Тухайн хэлцэл нь хариуцагч талын тайлбарлаж байгаагаар Иргэний хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхийг шалгавал: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гол шинжийг заасан.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэлцлийн гол нөхцөл болох гэрээний зүйлийн үнийг 5,000,000 төгрөгөөр тодорхойлж, 2016.06.10-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн гэж заасан нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай нийцэхгүй, баримтаар нотлогдохгүй байна.

Нөгөө талаар зохигчийн маргаж буй орон сууцны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ нь 85,391,097.47 төгрөг байсан талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсанг дурдах нь зүйтэй.

Иймд зохигчийн хооронд "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нэртэй хэлцлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Хэлцэл хийсэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, хууль зүйн үр дагавар бий болгох зорилготой, эрх зүйн дагуу үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж тус тус зааснаар шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтууд, хэрэгцээ шаардлага зэрэг бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямар нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй шинжтэй байдаг ба нэхэмжлэгч орон сууцыг худалдах хүсэл зорилгогүй зөвхөн тухайн цаг хугацаанд үүссэн төлбөр төлөгчийн үүргийг гүйцэтгэх зорилгоор хариуцагчаас 50,000,000 төгрөг холбогдох дансанд шилжүүлүүлсэн, хариуцагч нь хэлцлийн дагуу 5,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авах хүсэл зориг илэрхийлж гэрээний үнэ 5,000,000 төгрөгөөр төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасны дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа зохигчийн хооронд амаар байгуулагдсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Маргаж буй хэлцэл хэрэгт нийт 3 удаа авагдсан, нэхэмжлэгч талаас гараар бичсэн бичвэртэй, бичвэргүй хоёр гэрээг, шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нэг баримт тус тус ирсэн.

"Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хэлцлийн арын нүүрний доод талд 2018 оны 6-р сарын 10-ны хугацаа хүртэл 50.000.000 төгрөг. заагдсан үнийн дүнг төлж байр буцаан авах болно. 2018.06.10-2018.07.01, 2018.07.01-г хүртэл байрыг барьж байна. Энээс цааш Д.Т би буцаан өгөх эсэхийг ш.днэ гэх гар бичвэртэй, талуудын гарын үсэг зурагдсан./1-р хх-ийн 25-р хуудас/

Дээрх бичвэр бүх гэрээнд нэгэн адил бичигдээгүйгээс үзэхэд хожим нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригоо хоорондоо тохиролцон бичгээр илэрхийлэн тусгасан гэж үзэх үндэслэл харагдаж байна.

Уг бичвэрийн гарын үсэг хэсэгт гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шийнжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2013 дугаар шинжээчийн дүгнэлтээр: Шинжилгээнд Д.Тгийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт болон чөлөөт загвар ирүүлээгүй тул 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтын арын нүүрний доод хэсэгт байрлах гар бичвэрийг харьцуулан шинжлэх боломжгүй, Шинжилгээнд ирүүлсэн 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтын арын нүүрний доод хэсэгт зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Тий гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн. /1-р хх-ийн 154-163-р тал/

 

Хариуцагч талаас маргаан бүхий орон сууцыг эзэмшил, ашиглалтандаа ашиглаж байсан талаарх 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх Төрийн банкны дансанд төлбөр тушаасан баримтуудыг шүүхэд гарган өгч баримтаар нотлосон ба уг үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй. /хх-ийн 38-112-р тал/

 

Орон сууцны ашиглалтын зардлуудыг төлж, ашиглаж байгаа үйл баримт нь хариуцагч талын худалдах, худалдан авах гэрээний дагуу, орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор байгуулсан бодит хүсэл зориг байсан гэдгийг нотлох, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх шууд нотлох баримт биш юм.

10. Иймд дээр үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэжээ.

 

11.1 Нэхэмжлэгч маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5 дахь хэсэгт заасны дагуу ... тоот хаягт байрлах Ү-2203020901 улсын бүртгэлийн дугаартай орон сууцын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авч, хариуцагчид тухайн үед зээлсэн мөнгийг буцаан шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан болохыг дурдав.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дийн хариуцагч Д.Тд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, ... бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА