Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

Д.Пүрэвжанцанд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Д.Пүрэвжанцан Хохирогч С.Чимэдцогзол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Пүрэвжанцанд холбогдох 2023000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Тээвэрчдийн хэсэг 1-2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Их мянган овгийн Доржсамбуугийн Пүрэвжанцан, /Регистрийн дугаар: ИЭ80121873/

Урьд: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгний торгох ялаар шийтгэгдэж байсан. Шүүгдэгч Д.Пүрэвжанцан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Тээвэрчдийн хэсэг гэх газар байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Чимэдцогзол руу 2020 оны 02 сарын 13-ны өдөр, 2020 оны 03 сарын 09-ний өдөр, 2020 оны 03 сарын 23-ны өдөр тус тус “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Пүрэвжанцанд холбогдох 2023000000040 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, 2. Хэргийг прокурорын газарт очтол шүүгдэгч Д.Пүрэвжанцанд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээж, 3. Прокурор, яллагдагч түүний өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр би, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/79 дугаартай захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч Д.Пүрэвжанцан нь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Тээвэрчдийн хэсэг гэх газар байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Чимэдцогзол руу 2020 оны 02 сарын 13-ны өдөр, 2020 оны 03 сарын 09-ний өдөр, 2020 оны 03 сарын 23-ны өдөр тус тус “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймгийн прокурорын газраас яллагдагч Д.Пүрэвжанцанг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5/43 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд, дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд: Шүүгчийн захирамжинд: “...Шүүгдэгч Д.Пүрэвжанцан нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэгт холбогдсон ба улсын яллагч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Д.Пүрэвжанцанг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасны дагуу “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний асуудалд нийцүүлэн хэрэглэх ба 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “2 ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж заасан. Энэ хориг нь ял оногдуулсан байсан эсэх тухай үр дагаврыг шаардаагүй байна. Шүүгдэгч Д.Пүрэвжанцангийн тухайд тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн бөгөөд түүнийг өмнө санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр тэнсэх боломжгүй байна. Мөн тэрээр өмнө эхнэр С.Чимэдцогзолын эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй дахин С.Чимэдцогзолын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэхгүй. Мөн яллах дүгнэлтэд Д.Пүрэвжанцангийн үйлдэл нь харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжтэй гэж байгаа ч түүний үйлдлийн шинж нь дээрх бүх шинжийг хангаж байгаа эсэх талаар тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасантай нийцээгүй байна...” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: 1. Яллагдагч Д.Пүрэвжанцангийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” нөхцлийг бүрэн хангаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл, анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам ач холбогдлын талаар танилцуулсан байхыг шаардсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байвал хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхийг заасан байдаг тул хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн хангагдсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэснийг шүүгч хуулийн дээрх заалтыг жинхэнэ агуулгаас нь илтэд буруу тайлбарлан “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний асуудалд нийцүүлэн хэрэглэх ба 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “2 ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхгүй” гэж заасан. Энэ хориг нь ял оногдуулсан байсан эсэх тухай үр дагаврыг шаардаагүй байна” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэдэг нь яллагдагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг нэг дор үйлдсэн, эсхүл яллагдагчид холбогдох хэрэг нь давхар зүйлчлэлтэй байгаа тохиолдолд дээрх зүйл, заалт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн” хүнд хэрэглэж болохгүй гэсэн шууд заасан, хориглосон заалт байхгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”- ийн 3 дах хэсэг “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэгдэнэ” гэсэн зарчим алдагдаж, хүнийг хэлмэгдүүлэхэд хүргэж байна. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн концепци /үзэл баримтлал/ нь “гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн гэмт үйлдэлдээ нэг л удаа ял шийтгэгдэнэ” гэсэн болохыг дурьдах нь зүйтэй. - Шүүгч захирамжиндаа “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэхгүй” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. - 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг хууль тогтоогч “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэж хуульчилсан бөгөөд дээрх гэмт хэргийг “санаатай”, “болгоомжгүй” гэж ялгаж зааглаагүй. Харин Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан бусад /11.6 дугаар зүйлээс бусад/ төрлийн гэмт хэргийг санаатай болон болгоомжгүй гэж тус тусад нь зааглан хуульчилж өгсөн. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж хуулчилсан. Яллагдагч Д.Пүрэвжанцан нь тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн. Дээрх 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай, болгоомжгүй гэмт хэргийн аль төрөлд орох нь эргэлзээ үүсгэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамаарч байна. - Шүүгчийн захирамжид “яллах дүгнэлтэд Д.Пүрэвжанцангийн үйлдэл нь харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжтэй гэж байгаа ч түүний үйлдлийн шинж нь дээрх бүх шинжийг хангаж байгаа эсэх талаар тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасантай нийцээгүй байна” гэжээ. - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дхэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж хуульчилсан бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “Яллагдагч Д.Пүрэвжанцангийн үйлдсэн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, хуулинд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/79 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Д.Пүрэвжанцан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Тээвэрчдийн хэсэг гэх газар байрлах гэртээ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Чимэдцогзол руу 2020 оны 02 сарын 13-ны өдөр, 2020 оны 03 сарын 09-ний өдөр, 2020 оны 03 сарын 23-ны өдөр тус тус “ална хядна, чамайг алчихаад шоронд нь явна, аль эсвэл чамайг алчихаад өөрийгөө ална, орон гэрийг чинь шатаана” гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогдсон. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/79 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” заасныг зөрчсөн, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... 2 буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд тэнсэх журам хэрэглэж болохгүй... гэж хуульчилсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... нэг бол тэнсэж болно, эсхүл ялаас чөлөөлж болно гэж заасан. 2 буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд ялаас чөлөөлж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэж бичих гэж байгаад буруу бичсэн байсан. Үүн дээр прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэний дараа шүүгч залруулга хийсэн. Ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т заасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байх учир хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. Шүүгдэгч Д.Пүрэвжанцан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв. Хохирогч С.Чимэдцогзол давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол, санал байхгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос Д.Пүрэвжанцан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Тээвэрчдийн хэсэгт байрлах гэртээ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Чимэдцогзолтой байнга харгис хэрцгий харьцаж, улмаар догшин авирлаж, түүнийг сэтгэл санааны хувьд тарчлаасан гэх үйлдэлд хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх журмыг хэрэглэхдээ... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэх ба 7.1 зүйлийн 2 дахь хэсэгт ...2 ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ хэрэглэхгүй” гэж заасан. Шүүгдэгч Д.Пүрэвжанцан нь тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн бөгөөд түүнийг өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр тэнсэх боломжгүй байна гэж хэргийг прокурорт буцаажээ. Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана гэжээ. Энэ бүлэгт заасан тусгай журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үед шүүх энэ бүлэгт заасан нөхцөл шаардлага хангагдсан гэж үзвэл, ялыг прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах журамтай байтал энэ ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны гол зарчим нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн явдал байх бөгөөд энэ нөхцөл шаардлага хангагдсан байхад шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэдэг зохицуулалтуудыг Эрүүгийн хуулийн зорилго, зарчимтай уялдуулан тайлбарлавал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг нэгэн зэрэг санаатай үйлдсэн, Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл нь хоёр санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд аль, алинд ял шийтгүүлээгүй байх нөхцөл хамаарна гэж ойлгохоор байна. Гэтэл Д.Пүрэвжанцан нь 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн байх боловч Д.Пүрэвжанцан нь энэ гэмт хэрэгт шийтгэгдэх үед буюу 2019 оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруугийн хэлбэрийг тодорхой зааж өгөөгүй байсан байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх зүйл хэсэгт “санаатай” үйлдсэн байх гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвжанцан нь тухайн үед дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж шууд тодорхойлох нь Д.Пүрэвцанцангийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Энэ талаарх прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Б.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Пүрэвжанцанд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ