| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0655/З |
| Дугаар | 128/ШШ2023/0868 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2023/0868
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эрдэнэсийн эрэг ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст
Маргааны төрөл:
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/126 дугаар тушаалаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан СШ 14-1 кодтой талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгаран Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр наймганы ам нэртэй 15541.08 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020880 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27 өдрийн 441 дүгээр шийдвэрээр авсан юм. Дээр дурдсан СШ 14-1 кодтой сонгон шалгаруулалтад талбайн босго үнэ 34,874,183 төгрөг, үнийн саналд 800,000,000 төгрөг нийт 834,874,183 төгрөгийн үнийн саналыг улсын төсөвт төвлөрүүлж төлсөн байдаг. Манай компани нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-020880 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг 11,594.16 гектар, 25.63 гектар талбайгаар тус тус буцаан өгөх өргөдөл гаргасан бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 111, 139 дүгээр шийдвэрүүдээр буцаан хүлээн авсан юм.х Мен 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж хуулийн дагуу эзэмшиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг хавсарган Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр наймганы ам нэртэй ХV- 020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223.66 гектар бүхий талбайд хэсэгчлэн /25.1.1. хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт; 25.1.2. тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт; 25.1.3.энэ хуулийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр; 25.1.4.энэ хуулийн 10.1.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт; 25.1.5. хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр; 25.1.6. хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт; 25.1.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ/ хавсарган кадастрын өргөдлийн бүртгэлд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ММ-026088 дугаарт бүртгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ" гэж заасан хугацаа хэтэрсэн нь хариуцагчийн манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасныг зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 106.3.12-т заасан "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах" гэж зааснаар манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох баримтуудаа бүрдүүлэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Бид манай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсан тул эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэх гомдол гаргасан. Манай үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг учраас цаг хугацаа алдаж өнөөдрийг хүрсэн тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож өгөхийг хүсэж байгаа. Хууль тогтоомжийн дагуу холбогдох бүх баримтуудаа Ашигт малтмал, газрын тосны газар өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн талбай дээр хайгуул хийж холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаж хүсэлтээ өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газар хүсэлтийг хүлээж авснаас хойш 20 хоногийн дотор хариу өгөх ёстой байтал өнөөдрийн байдлаар бидэнд зөвшөөрсөн эсэх талаар хариу ирүүлээгүй. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэсийн эрэг" ХХК-ийн гаргасан "Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр наймганы ам нэртэй XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223.66 гектар бүхий талбайд хэсэгчлэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ММ-026088 дугаар бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт Өвөр наймганы ам" нэртэй газар орших 15541.08 гектар талбайд сонгон шалгаруулалт зарласан ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/126 дугаар тушаалыг дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр "Эрдэнэсийн эрэг" ХХК-д анх XV-020880 дугаарт тусгай зөвшөөрлийг олгосон. "Эрдэнэсийн эрэг" ХХК нь XV-020880 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон Төв аймгийн Заамар сумын нутагт "Өвөр наймганы ам" нэртэй газар орших 15541.08 гектар хайгуулын талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 11594.16 гектар, 25.63 гектар талбайг тус тус буцаан өгснийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай" 111, 139 дүгээр шийдвэрээр бүртгэж, үлдсэн 3921.28 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй." гэж заасны дагуу "Эрдэнэсийн эрэг" ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Тус өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:" гэж заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугааp зүйлийн 106.3-д "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана:" гэж, 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох." гэж заасны дагуу "Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр-наймганы ам нэртэй XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223.66 гектар бүхий талбайд хэсэгчлэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ММ-026088 дугаар бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10/4154 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч компанид 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тушаалаар хайгуулын зөвшөөрөл олгосон. Энэ хугацаанд буюу 2018 онд тусгай зөвшөөрөл олгосон хэсгийн тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргаж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай 111, 139 дүгээр шийдвэрүүд гарч 3921.28 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан. Тус өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг хянан үзэж байна гэх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу 20 хоногийн дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх хариуг өгнө. Мөн холбогдох баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд өргөдлийг хүлээж авдаггүй. Нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хугацаандаа шийдвэрлэхгүй байгаа учир нь нэгэнт захиргааны хэрэг үүсэн байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тайлбарыг өгч байгаа. Бүх өргөдлийн баримтын бүрдлийг шалгаж шаардлага хангасан тохиолдолд хүлээж авдаг. Иймд шаардлага хангасан гэж үзэж хүлээж авсан байх гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч нь анхЭрдэнэсийн эрэг ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр-наймганы ам нэртэй XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223.66 гектар бүхий талбайд хэсэгчлэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр NM-026088 дугаарт бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эрдэнэсийн эрэг ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр наймганы ам нэртэй 15541.08 гектар бүхий талбайд XV-020880 дугаартай тусгай зөвшөөрлийг Эрдэнэсийн эрэг" ХХК-д сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй. гэж заасан ба уг хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Эрдэнэсийн эрэг ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн захиргааны байгууллага нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 20 хоногт багтаан шийдвэрлэхээр зохицуулсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна: 26.1.1-д өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;, 26.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх. гэж, 26.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна:, 26.2.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх;, 26.2.2-т хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх, 26.2.3-д хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх. гэж заасан байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэж буюу тус хуулийн зохицуулалтууд заасан нөхцөл байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байх тул шүүх нэхэмжлэлийн даалгах шаардлагыг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэсэн байдлаар томьёолон хангаж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эрдэнэсийн эрэг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэсийн эрэг ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг Өвөр наймганы ам нэртэй XV-020880 дугаартай талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрдэнэсийн эрэг ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Эрдэнэсийн эрэг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ