Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 18

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Ц.Пүрэвдагва,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү,

Шүүгдэгч Ж.Мөнхтөр,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мөнхтөрт холбогдох 201713010019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт . багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хайрхан овогт Жундаамын Мөнхтөр, /РД:/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Мөнхтөр нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагвыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Мөнхтөр нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагвыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хохирогч Ц.Пүрэвдагва нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагаас 24 цаг хүртэл замын цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 40 минутын үед постон дотор Ж.Мөнхтөр орж ирээд ширээн дээр сандайлж суусан, буу гэж хэлэхэд буухгүй байхаар нь би түрүүлээд гарах гэтэл зөрчил гаргаад шалгагдаж байсан Ж.Жаргалсайханы бичиг баримтыг өгчих гээд миний мөр лүү цохисон. Би гадаа гараад “та одоо харьж амар” гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй, зөрчил гаргаад шалгагдаж байсан Ж.Жаргалсайханы бичиг баримтыг өгчих гээд дахин миний мөр лүү цохисон. Энэ үед цагдаагийн ахмад Ж.Отгонбаяр ирээд юу болсон талаар асуухад нь болсон зүйлийн талаар ярьсан. Цагдаагийн жижүүр лүү дуудлага өгөхөд цагдаагийн дэд ахлагч Д.Бат-Өлзий, Ц.Гантулга нар “Toyota” raum маркийн 54-56 ЗАН улсын дугаартай автомашинтай ирсэн. Ж.Мөнхтөрийн автомашинд суулгаад авч явах гэтэл суухгүй гээд хэл амаар доромжлон дуудлагаар ирсэн автомашины борооны хаалтны хөмсгийг хугалж, автомашин дээр тавьсан дохиур модыг авч миний нүүрэн тус газарт 1 удаа цохиход дохиур мод хугарч тарж унасан...” гэсэн, /ХХ-ийн 20-21-р хуудас/

Гэрч Ж.Отгонбаярын: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн хэлтсийн ерөнхий эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба 20 цаг 40 минутын үед замын цагдаагийн постны хажуугаар явж байхад албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа ахлагч Ц.Пүрэвдагватай Ж.Мөнхтөр гэх хүн хэрэлдэж, муудалцаад байгаа бололтой зогсож байсан. Тэнд очоод юу болсон талаар асуухад Ж.Мөнхтөр  “хэн бэ чи, чамд хамаагүй” гэж хэлээд Ц.Пүрэвдагва болон над руу агсарч дайраад байсан. Хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан болохоор Цагдаагийн хэлтэс рүү залгаж оройн эргүүлийг дуудахад дэд ахлагч Д.Бат-Өлзий, Ц.Гантулга нар ирсэн. Ж.Мөнхтөрийг саатуулахаар авч явах гэтэл автомашинд суухгүй эсэргүүцэн, цагдаагийн алба хаагчийн унаж явсан тээврийн хэрэгслийн хаалганы борооны хамгаалалтыг хагалсан. Ж.Мөнхтөр нь Ц.Гантулгын автомашин дээр байсан дохиур модыг авч Ц.Пүрэвдагвыг цохиход уг дохиур мод хагарч газар унасан...” гэсэн, /ХХ-ийн 24-25-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ч.Чинзоригтын: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Тосонцэнгэл сумын замын цагдаагийн постны дэргэд Ж.Мөнхтөр нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа зохицуулагч Ц.Пүрэвдагва, ахмад Ж.Отгонбаяр нарыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн байсан. Уг хэрэг үйлдэгдэх явцад замын цагдаа Ц.Пүрэвдагвад төрөөс хангалтаар өгсөн дохиур мод эвдэрсэн байсан. Дохиур мод нь Завхан аймгийн цагдаагийн газрын өмч бөгөөд нэг бүрийн үнэ нь 20000 төгрөгөөр бодогдож хангалтаар ирж байсан...” гэсэн, /ХХ-ийн 37-р хуудас/

Гэрч Ц.Гантулгын: “...Би 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр томилгооны дагуу мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн жолоочоор албан үүргээ гүйцэтгэж байсан. Оройны 21 цаг 30 минутад цагдаагийн ахмад Ж.Отгонбаяр тухайн өдөр ёс журмын эргүүлийн томилгоотой байсан тул “постон дээр хүрээд ир” гэж дуудлага өгөхөөр нь өөрийн эзэмшлийн “Toyota raum” маркийн 54-56 ЗАН улсын дугаар бүхий автомашинтай постон дээр очиход Ж.Мөнхтөр нь ахмад Ж.Отгонбаяр, ахлагч Ц.Пүрэвдагва нартай хоорондоо маргалдаад зогсож байсан. Ахмад Ж.Отгонбаяр нь Ж.Мөнхтөрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэсэн.  Автомашинд суулгах гэтэл Ж.Мөнхтөр нь суухгүй гөлөгнүүд гэж орилж хашхираад байсан. Мөн автомашины буруу талын хойд хаалганы борооны хаалт хөмсгийг хагалж, салхины шилний жийрэг хаймарыг сэтэлж, хүзүүнд байсан мөнгөн гинжийг гээгдүүлсэн. Цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагва дохиур модоо автомашин дээр тавиад суулгах гэтэл дохиур модоор нь түүний толгойн тус газарт цохиж хагалсан...” гэсэн,   /ХХ-ийн 31-р хуудас/

Гэрч Б.Алтансүхийн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг өнгөрч байхад замын цагдаагийн пост руу орсон. Ц.Пүрэвдагва ах нэг хүний бичиг баримт шалгаад байж байхад Ж.Мөнхтөр ах гаднаас согтуу орж ирээд ширээн дээр суусан. Ц.Пүрэвдагва ах ширээн дээрээс бос гэж хэлэхэд босохгүй байсан. Гадаа гараад Ц.Пүрэвдагва, Ж.Мөнхтөр нар хэрэлдсэн...” гэсэн, /ХХ-ийн 41-р хуудас/

Гэрч Д.Бат-Өлзийгийн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед замын цагдаагийн постны тэнд очиход цагдаа Ц.Пүрэвдагва, цагдаагийн ахмад Ж.Отгонбаяр нартай Ж.Мөнхтөр нь хэрэлдээд зогсож байсан. Ж.Мөнхтөрийг саатуулна гэхэд “...та нар шиг хүүхдүүд саатуулж чадахгүй, чадвал аваад яв, би дошин дээрээ байна...” гэсэн. Ж.Мөнхтөр нь автомашин дээр тавьсан дохиур модыг авч цагдаа Ц.Пүрэвдагвын толгойн дундуур цохисон, тэр үед дохиур мод хугарсан...” гэсэн, /ХХ-ийн 43-р хуудас/

Гэрч Ж.Жаргалсайханы: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед бичиг баримтаа аваад постон дээр ирсэн. Гаднаас Ж.Мөнхтөр ах нэг хүнтэй орж ирсэн. Тухайн үед Ж.Мөнхтөр ах архи уучихсан байсан. Цагдаа Ц.Пүрэвдагва ширээн дээр суулаа гэж Ж.Мөнхтөр ах руу уурласан. Ж.Мөнхтөр ах ширээн дээр суугаагүй гээд тэр хоёр муудалцаад байх шиг байсан. Ж.Мөнхтөр ахыг би тэд нараас холдуулах гээд чирээд явтал Ц.Пүрэвдагва цагдаа байлгаж бай гээд байсан. Тэгтэл Ж.Мөнхтөр ах өөрөө буцаад очсон. Би Ж.Мөнхтөр ахыг хүч хүрэхгүй болохоороо “Мөнх-Оргих” дэлгүүрийн хаалганы гадаа очоод хүлээсэн. Нэг харахад цагаан өнгийн автомашинтай хэдэн цагдаа нар ирээд Ж.Мөнхтөр ахыг автомашинд суулгах гээд хүч хүрэхгүй ноцолдоод байх шиг байсан...” гэсэн, /ХХ-ийн 47-р хуудас/

Гэрч Б.Гэндэнсүрэнгийн “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед замын цагдаагийн постноос Ж.Мөнхтөр, Ц.Пүрэвдагва хоёр муудалцаад гараад ирсэн. Би Ж.Мөнхтөрийг гараад ирэхээр нь явъя гэсэн боловч үгэнд орохгүй цагдаа нар луу дайраад байсан. Цагдаа нар саатуулна гэхэд эсэргүүцээд нилээн ноцолдсон. Намайг хажууд нь байхад автомашинд суухгүй гээд хаалганы дээд ирмэгээс барихдаа хаалтыг нь хагалчихсан...” гэсэн /ХХ-ийн 53-р хуудас/ мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.    

Түүнчлэн шүүгдэгч Ж.Мөнхтөр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 20-ны орой төв замын цагдаагийн пост руу таньдаг хүн яваад орохоор нь араас нь ортол замын цагдаа Ц.Пүрэвдагва, Ж.Жаргалсайхан, түүний нөхөр, бас нэг танихгүй хүн байсан. Би ширээг нь налаад зогсоход  цагдаа Ц.Пүрэвдагва ажлын ширээн дээр суулаа бос гэснээс болж маргалдсан. Мөн би Ж.Жаргалсайханы бичиг баримтыг өгчих гэж хэлэхэд Ж.Жаргалсайханыг 60000 төгрөгөөр торгон гэхээр нь хүний амьдрал хэцүү, бичиг баримтыг нь өгчих гэснээс бид дахин маргалдсан. Би цагдаа Ц.Пүрэвдагватай шалихгүй зүйлээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлэх үндэслэл болов.    

Хохирогч Ц.Пүрэвдагва нь төрийн алба хаагч болон тухайн өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан болох нь Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай: “...Тэс сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагвыг мөн өдрөөс Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар томилсугай...” гэсэн тушаалын хуулбараар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын баталсан цагдаагийн хэлтсийн жижүүр ...саатуулах, баривчлах байранд ажиллах алба хаагчдын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн: “...ёс журмын эргүүл ахмад Ж.Отгонбаяр, замын цагдаагийн байнгын постонд нэмэгдлээр ахлагч Ц.Пүрэвдагвыг томилсон” тухай томилгооны хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Мөнхтөрт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байхын зэрэгцээ дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Ж.Мөнхтөрийн төрийн албан хаагч буюу цагдаагийн алба хаагч Ц.Пүрэвдагвын хуулиар хүлээн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний албан хэрэгцээнд ашигладаг дохиур модоор толгойн тус газарт цохисон, мөн түүнийг хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Тиймээс шүүгдэгч Ж.Мөнхтөрийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Пүрэвдагвыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Мөнхтөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Ж.Мөнхтөрд  ял  шийтгэл  оногдуулахдаа  согтуугаар   гэмт   хэрэг

үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дохиур модны хагархай, 1 ширхэг автомашины хаалганы шилний борооны хаалтны хагархайг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Мөнхтөрийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хайрхан овогт Жундаамын Мөнхтөрийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтөрт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтөрт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтөрт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Мөнхтөрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний оршин сууж байгаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай. 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Мөнхтөр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дохиур модны хагархай, 1 ширхэг автомашины хаалганы шилний борооны хаалтны хагархайг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

9. Шүүгдэгч Ж.Мөнхтөрийн өмчлөлийн хөрөнгөөс 8300000 төгрөгийн үнэлгээтэй “мужааны тоног төхөөрөмж”-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхтөрт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.