Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00609

 

 

 

 

 

 

 

 

 

 “ПЭ”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00207 дугаар шийдвэртэй, “ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  “АХ”  ХХК, “О ХХК, “ЖО” ХХК-нд холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 145 390 651 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “АХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, хариуцагч “ЖО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулгаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь “АХ” ХХК-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр 2018/а/06 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр тус компанид 2018 оны 06 сард 180 120 600 төгрөг, 2018 оны 7 сард 865 438 200 төгрөг, 2018 оны 8 сард 411 404 000 төгрөг, нийт 1 456 962 800 төгрөгийн дизелийн түлш нийлүүлсэн. “АХ” ХХК нь худалдан авсан дизелийн түлшийг өөрийн хамаарал бүхий компани болох “О” ХХК-д дамжуулж хэрэглэсэн. “АХ” ХХК нь  дизелийн түлшний төлбөрт 2018 оны 08 сарын 17-нд 20 000 000 төгрөг, 2018 оны 08 сарын 21-нд 100 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 24-нд 40 000 000 төгрөг, нийт 160 000 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн. “АХ” ХХК нь 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 1 296 962 800 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан. “АХ” ХХК нь төлбөрөө төлөхгүй удааширч эхэлснээс хойш төлбөр барагдуулах талаар ярилцаж олон удаагийн цахим шуудан бичилцсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Хоёр талын уулзалтын хүрээнд 2019 оны 04 сарын 03-ны өдөр манай компани болон “АХ” ХХК, “О” ХХК, “ЖО” ХХК-ийн хооронд 2018 оны 06 сарын 19-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-ний нэмэлт гэрээ болгож, “2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд 1 296 962 800 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх, “О” ХХК нь “ЖО” ХХК-ийн захиалгат ажлыг хийж гүйцэтгэх, “ЖО” ХХК нь 1 296 962 800 төгрөгийн төлбөрийг “ПЭ” ХХК-нд төлөх, төлбөрийг гэрээний 2.2-т заасны дагуу 2018 оны 04 сараас 2018 оны 08 сарын 20-ны хооронд сар бүр тэнцүү хувааж төлөх, шинэ хуваарийн дагуу төлбөрөө барагдуулсан тохиолдолд талуудын хооронд нэмэлт төлбөр тооцохгүй гэж заасан байдаг. Мөн уг гэрээний 2.5-д алдангийн талаар тохиролцсон. Дээрх 2019 оны 04 сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулснаас хойш “АХ” ХХК-аас 300 000 000 төгрөгийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөр 996 962 800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.2, “2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээний 2.5-т заасны дагуу тооцсон алданги өнөөдрийн байдлаар 148 427 851 төгрөг болсон. “ЖО” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хэрэгт ач холбогдолгүй учир хариуцагч нараас татгалзсан. Иймд хариуцагч “АХ" ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа 50 000 000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл төлбөр 946 962 800 төгрөг, анз 148 427 851 төгрөг, нийт 1 095 390 651 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. 

 

Хариуцагч АХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “АХ” ХХК нь “ПЭ” ХХК-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан, дизелийн түлшийг “О” ХХК-нд “ПЭ” ХХК-аас авч нийлүүлэн хамтран ажиллаж байсан. “О” ХХК нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “ЖО” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр уул уурхайн ажлыг гүйцэтгэдэг. “ПЭ” ХХК-аас авсан дизель түлшний төлбөрийг “ЖО” ХХК-аас ажил гүйцэтгэсэн төлбөрөө “О” ХХК авч, “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-ний дагуу манай компани руу шилжүүлсэн даруй төлбөрийг “ПЭ” ХХК-нд шилжүүлэн ажиллаж байсан. “О” ХХК-аас төлбөрөө хугацаанд төлж барагдуулахгүй өмнө болон дараа нь “ПЭ” ХХК-аас нийлүүлсэн шатахууны төлбөр 3.7 тэрбум хүрсэн уулзахад “ЖО” ХХК-аас шууд “ПЭ” ХХК-нд үлдэгдэл төлбөр болох 1.2 тэрбум төгрөгийг өгөхөөр тохиролцож байгаа гэж хэлсэн. Үүнээс 7 хоногийн дараа “ПЭ” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний төслийг ирүүлсэн ба энэхүү гэрээний төслийг гэрээнд оролцогч талууд хүлээн зөвшөөрч “ПЭ” ХХК болон “ЖО” ХХК-уудын санаачлагаар 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 19-с-02 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээгээр төлбөр авагч “ПЭ” ХХК, худалдан авагч “АХ” ХХК, төлбөр төлөгч “ЖО” ХХК, эцсийн хэрэглэгч нь “О” ХХК байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан хуваарийн дагуу “ЖО” ХХК-аас төлбөрөө төлөөгүй байснаа “О” ХХК-нд бэлнээр 300 000 000 төгрөгийг авч ирж өгсөн ба “АХ” ХХК-аас “ПЭ” ХХК руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. “ЖО” ХХК-аас хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй нь “АХ” ХХК-нд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний хариуцлагыг хүлээх үндэслэл болохгүй юм. “ПЭ” ХХК-аас нэхэмжлэлдээ дурдсан гэрээний төлбөрийн төлөөгүй дүн 996 962 800 төгрөг гэсэн боловч 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг хасч тооцоогүй тул 946 962 800 төгрөг болохоор байна. Үүнээс 148 427 851 төгрөгөөс алданги буурч тооцогдох юм. Төлбөр, алдангийг төлж барагдуулах үүргийг “ЖО” ХХК хүлээх үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч ЖО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 сарын 03-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх нийлүүлэх 2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээг байгуулсан байх боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус, огт хэрэгжээгүй, уг гэрээ байгуулагдсаны дараа “АХ” ХХК нь 2019 оны 07 сарын 29-ний өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөгийг “ПЭ” ХХК-д төлсөн зэргээс үзэхэд  шатахууны төлбөр, алдангийг “АХ” ХХК төлөх үүрэгтэй. “ЖО” ХХК нь 2019 оны 02 сарын 25-ны өдөр “Баян-Ундарга” нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээг “О” ХХК-тай байгуулсан. “О” ХХК-тай төлбөр тооцоо хийж явдаг. “ПЭ” ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо хийж байгаагүй бөгөөд ажлын хөлсөө “О” ХХК-д төлөөд явдаг. “ЖО” ХХК нь “О” ХХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах хугацаанд уурхайн экспортын зам хаагдах, эрх бүхий байгууллагаас уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох зэрэг нөхцөл байдлын улмаас “ЖО” ХХК санхүүгийн хүнд байдалд орж, “О” ХХК-ийн ажлын хөлс хойшлогдож байгаа хэдий ч “О” ХХК-ийн зүгээс уг нөхцөл байдлыг харилцан ойлголцож төлбөр төлөлтийн асуудалд хүлээцтэй хандаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинноров шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2019 оны 04 сарын 03-ны өдрийн 19-с-02 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээний дагуу төлбөр төлөгч нь төлбөрийг худалдан авагчийн нэрийн өмнөөс худалдагчид төлж барагдуулахаар зохицуулсан. Манай компани нь жинхэнэ хариуцагч биш бөгөөд “АХ” ХХК нь бидэнд хэрэгцээт дизель түлшийг төвлөрсөн маягаар хангаж ирсэн. 19-2-02 тоот гэрээний 2.6-д төлбөр төлөгчийн худалдагчид шилжүүлсэн үнийн дүнгээр худалдан авагч, эцсийн хэрэглэгчийн хоорондын төлбөр тооцоо болон эцсийн хэрэглэгч, төлбөр төлөгчийн хоорондын төлбөр тооцоо тус тус төлөгдсөнд тооцогдох бөгөөд ийнхүү хоорондын тооцоотой холбоотой аливаа асуудлыг худалдагч хариуцахгүй болно гэж зохицуулсан. Иймд “О” ХХК-ийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЖО” ХХК-аас 1 095 390 651 /нэг тэр бум ерэн таван сая гурван зуун ерэн мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ПЭ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 50 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч “АХ” ХХК болон “О” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ПЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 884 903 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖО” ХХК-аас 5 634 903 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ПЭ” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мандуул давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч хэрэгт авагдсан нотлох баримт, үндэслэлүүдээ харгалзан төлбөрийг бүхэлд нь “АХ” ХХК-аас гаргуулахаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхээ хэрэгжүүлсэн байтал шүүх нэхэмжлэгчийн эрхэнд халдаж шийдвэр гаргалаа. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19-С-02 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх №2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нь нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд буюу тухай хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан байх бөгөөд харин шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад энэхүү гэрээнд талуудын гарын үсэг зурсан этгээдүүд нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох нь тогтоогдсон. Хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. “ПЭ” ХХК болон “АХ” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр бөгөөд энэхүү гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 2 тал тооцоо нийлж өглөг авлагаа баталгаажуулснаас хойш “АХ” ХХК нь “ПЭ” ХХК-д 2019 оны 07 сарын 26-ны өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 21 ний өдөр 50 000 000 төгрөгийн төлөлт хийсэн баримт, “АХ” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл дээрх тооцоогоор “АХ” ХХК нь 2019 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар “ПЭ” ХХК-д 946 962 800 төгрөгийн төлбөртэй болох баримт гэх мэт олон баримтыг шүүх үнэлээгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЖО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээр хариуцагч биш этгээдээс төлбөр гаргууллаа. Нэхэмжлэгч “ПЭ” ХХК нь 2020 оны 01 сарын 06-ны өдрийн хуралдаан дээр “О” ХХК, “ЖО” ХХК-уудаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлага болох шатахууны үнэ, алдангийн хамт 1 145 390 651 төгрөгийг хариуцагч "АХ" ХХК-аас бүхэлд нь гаргуулна гэдгээ амаар тайлбарлаж, мөн бичгээр бичиж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 1 145 390 651 төгрөгөөс хариуцагч "АХ" ХХК-ийн 50 000 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төлсөн байх тул хасч, 1 095 390 651 төгрөгийг "АХ" ХХК-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан. Шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний тодорхойлсон хариуцагчийг сольсон буюу хариуцагчаар тодорхойлоогүй этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Өр шилжсэн гэж үзсэн нь буруу.  Өр шилжихэд үүрэг гүйцэтгэгч өөрчлөгддөг юм бол үүрэг гүйцэтгэгч өөрчлөгдчихөөд байхад бодит байдал дээр хариуцагч "АХ" ХХК нь нэхэмжлэгч "ПЭ" ХХК-ийн өмнө үүргээ гүйцэтгэсээр байсан үйл баримтыг үнэлээгүй. Тодруулбал, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19-С-02 дугаартай "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх №2018/а/06 тоот гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөг, нийт 350 000 000 төгрөгийн төлбөр төлөгдсөнийг анхан шатны шүүх шүүх шилжүүлсэн гээд байгаа өрөнд төлөгдсөнд тооцсон. Мөн “ПЭ” ХХК нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр 19/118 тоот мэдэгдлийг хариуцагч "АХ" ХХК-д хүргүүлсэн байдаг. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19-С-02 дугаартай "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх №2018/а/06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг үндэслэх хэсэгт дурдсан. Гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс бүгд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүд байсан болох нь тогтоогдсон. Гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үндэслэлтэй. “ЖО” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн бөгөөд гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ учраас уг гэрээний дагуу үүрэг үүсээгүй, үүрэг үүсээгүй учир үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлэх, алданги тооцох зэрэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.         

 

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК нь хариуцагч “АХ” ХХК, “О ХХК, “ЖО” ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэг, анз нийт 1 145 390 651 төгрөг гаргуулахаар шаардаж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэгдэл үүрэг 946 962 800 төгрөг, анз 148 427 851 төгрөг, нийт 1 095 390 651 төгрөгийг хариуцагч “АХ” ХХК-аас тус компанитай 2018 оны 6 дугаар сарын 19-нд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд үндэслэн шаарджээ. Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх 57-59, 67,70-79, 80-81/

 

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК нь хариуцагч “АХ” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 19-нд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” нэртэй гэрээ байгуулж нийт 1 456 962 800 төгрөгийн шатахуун нийлүүлсэн, хариуцагч дээрх хэмжээний бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлд хүлээн авсанд маргаангүй. Хариуцагч “АХ” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөг, 8 дугаар сарын 21-нд 100 000 000 төгрөг, 8 дугаар сарын 24-нд 40 000 000 төгрөг, нийт 160 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-нд 300 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 22-нд 50 000 000 төгрөг тус тус төлж, шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл үнэ 946 962 800 төгрөг үлдсэн гэх хэмжээ, тооцооллын хувьд талууд маргаангүй. Мөн худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ гүйцэд төлөгдөөгүй хугацаа хэтэрч байгаад, гэрээнд анзын талаар тохиролцсонд талууд маргаангүй. / хх 119/

 

Харин зохигчид дээрх төлбөрийг хариуцагч нарын хэн нь төлөх үүрэгтэй тухайд маргажээ.

 

Нэхэмжлэгч “ПЭ” ХХК хариуцагч “АХ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийг зохицуулах бөгөөд уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх юм. Худалдагч “ПЭ” ХХК нь шатахууныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн тул худалдан авагч буюу хариуцагч “АХ” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй юм.

 

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хариуцагчийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 28 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх юм. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, “АХ” ХХК, “О ХХК, “ЖО” ХХК гэсэн 3 хариуцагч зааж байснаас “О” ХХК, “ЖО” ХХК-уудаас татгалзаж шаардлагын багасган тодорхойлсон байна. /хх 98-99 /

Шүүх нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хүрээнээс ч халих эрхгүй юм.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “АХ” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 19-нд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” нэртэй гэрээний үүрэгтэй холбон тайлбарласан байхад хамааралгүй гэрээ дүгнэх, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдаагүй этгээд болох “ЖО” ХХК-аас төлбөрийг гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчжээ.

 

Хариуцагчаар хэнийг тодорхойлох, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих зэрэг нь бүгд нэхэмжлэгчийн эрх бөгөөд түүний зөвшөөрлөөр явагдах ажиллагаа юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. Хариуцагч “О” ХХК, ““ЖО” ХХК нарын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад анхан шатны шүүх “ЖО” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан, хариуцагч “АХ” ХХК-аас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 946 962 800 төгрөг, анз 148 427 851 төгрөг, нийт 1 095 390 651 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 50 000 000 төгрөгийн хэмжээнд багасгаад байхад анхан шатны шүүхээс зөв тодорхойлоогүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. /хх 125-127/

 

Түүнчлэн “ЖО” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар “АХ” ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн оролцогч биш этгээдэд хамаарах асуудал, гэрээг шийдвэрлэсэн шинжтэй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хальсан дүгнэлт юм.

 

Төлбөр барагдуулах тухай гэх гэрээ нь энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байгаагаас гадна 2018 оны 12 дугаар сарын 31-нд тооцоо нийлснээс хойш 2019 оны 7 дугаар сарын 26-нд 300 000 000 төгрөг, 8 дугаар сарын 21-нд 50 000 000 төгрөгийг “АХ ХХК төлсөн, нягтлан бодох бүртгэлийн тооцоогоор 2019 оны 9 дүгээ сарын 30-ний өдрийн байдлаар “АХ” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө 946 962 800 төгрөгийн өртэй гэж тусгагдсан, нэхэмжлэгч нь “АХ” ХХК -аас өрөө шаардаж мэдэгдэл хүргүүлсээр байсан зэрэг үйл баримт нь талуудын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа, хүсэл зоригийн илэрхийллийг нотолж байна. / хх 112-113/

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “ЖО” ХХК-ийн “хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулсан” гэх давж заалдах гомдлыг, нэхэмжлэгчийн “гэрээг нотлох баримтаар үнэлсэнгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр” гэх давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлтэй байна. /хх 131-134,136-138/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00207 дугаар шийдвэрийн

    - тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч “АХ” ХХК-аас 1 095 390 651 /нэг тэрбум ерэн таван сая гурван зуун ерэн мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПЭ” ХХК-д олгосугай” гэж,

   -тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...“ЖО” ХХК-аас гэснийг “АХ ХХК-аас гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн төлсөн 5 634 903 төгрөг, хариуцагч “ЖО ХХК-ийн төлсөн 5 634 903 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                       Ш.ОЮУНХАНД