Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Энхжаргал |
Хэргийн индекс | 102/2024/00403/И |
Дугаар | 102/ШШ2024/01931 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/01931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, хаягт оршин суух Х овогт Н Н /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, , өөрийн байранд оршин байрлах У Т З холбогдох,
Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч У Т З холбогдуулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“Н.Н нь У Т ЗЗамын 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн тор засагчаар 2011 оноос эхлэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба сахилгын хариуцлага хүлээж байгаагүй болно.
Гэтэл ажил олгогч буюу У Т ЗЗамын 3 дугаар ангийн дарга Ж.А нь надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Н.Нгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Н.Н нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр У Т ЗЦагдаагийн газрын төлөөлөгч Говьсүмбэр аймгийн Чойр суманд ирж зөрчлийн гомдол мэдээлэл шалгаж байна, ирж тайлбар мэдүүлэг өг гэж дуудсан тул шууд удирдах албан тушаалтан болох хэсгийн ахлагч Г.Бд “төмөр замын цагдаагаас дуудаж байна, би оччихоод ирье” гэхэд “ харин тиймээ надруу бас ярьсан та явчхаад ир гэж амаар чөлөө өгсөн. Ингээд Чойр орж мөрдөгчтэй уулзаж, мэдүүлэг өгчхөөд ирэхэд төмөр замын гарам руу 2 ямаа орж дайруулсан байсан ба намайг чөлөө авсан байх үед хэсгийн мастер орны хүнийг томилж, гармын хаалтыг хаалгаагүй байсан.
Ажил олгогч нь чөлөө авсан хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг нягтлан шалгалгүйгээр, бүр үүн дээр нэмж өөрийн эзэмшлийн малыг торон хашаанд удаа дараа орсон, ажлын ур чадвар хангалтгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалтыг үндэслэсэн нь буруу байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалттай хамт хэрэглэгдэх ёстой зохицуулалт юм. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалтад “ Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, эсхүл албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн ажилдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ ирсэн” гэх зөрчил байх бөгөөд 5.3 дахь хэсэгт энэ зөрчлийг гаргасан бол ноцтой зөрчилд тооцож. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан байна. Дээрх байдлаар ажил олгогчийн тушаал нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэлд хамаарах хууль зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болох нь тогтоогдож байна. Ажил олгогч хууль үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хуулийг буруугаар хэрэглэж, үндэслэлгүйгээр өөр ажлын байр буюу замчнаар байнга оршин суудаг газраас 200 км зайд байрлах өөр хэсэг рүү шилжүүлсэн нь Н.Нгийн эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж байна.
Иймд хууль зүйн үндэслэлгүй У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 угаар сарын 10-ны өдрийн 6/417 дугаар "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, У Т ЗЗамын 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт эхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Улаанбаатар-Чойр чиглэлд аялалд явсан 3632 дугаар галт тэрэг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Наран-Элгэн Оорцог-энгэр хоорондын замын 596 дугаар км-ийн 6 дугаар зуутад галт тэрэгний зам дээр 2 тооны ямаа дайрч яаралтай зогсолт хийн 17:32-17:42 минутын хооронд галт тэрэг 10 минут саатсан. Дайрагдсан мал нь иргэн Ц.Д болон нэхэмжлэгч Н.Н нарын эзэмшлийн мал байсан ба малыг төмөр замын аюултай бүс рүү хараа хяналтгүй нэвтрүүлсэн, тухайн хэсэглэлийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтан болох Н.Н нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажлын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс мал төмөр зам руу нэвтэрч дайрагдан галт тэрэг яаралтай тоормос хийх шалтгаан нөхцөл болсон. “УБТЗ” ХНН нь төмөр зам дагуух малчин айл өрх, иргэдтэй төмөр замын аюултай бүсэд мал хариулахгүй байх, зам руу малаа оруулахгүй байх чиглэлээр гэрээ хэлцэл байгуулдаг ба төмөр зам хөндлөн малаа гаргах тохиолдолд гүүрэн гарц болон хоолойтой хэсгээр өөрсдийн хяналтан дор нэвтрүүлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулдаг ба энэхүү гэрээг иргэн Ц.Дтай 2023.08.22-ны өдөр, Н.Нтай 2023.04.13-ны өдөр тус тус байгуулсан. Гэрээний 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар өөрийн малаа төмөр замын торон хашаанаас 2 тийш 500 метрээс ойр зайнд малаа бэлчээхгүй, зам хөндлөн гаргахдаа тодорхой хэсгүүдээр буюу гүүрэн хоолойгоор гаргах, гаргах бүртээ тухайн хэсэглэл хариуцсан төмөр замын ажилтанд мэдэгдэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл 2023.10.05-ны өдөр 17:32 минутын үед иргэн Ц.Д, Н.Н нарын мал сүрэг төмөр замын 596 дугаар км-т хариулгагүй бэлчиж төмөр замын торон хашаа нэвтэрч галт тэргэнд дайрагдсан зөрчил гарсан ба тухайн хэсэглэлийн торон хашаа руу мал, амьтан оруулахгүй байх, хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтан болох Н.Н нь өөрийн ажлын байраа орхиж явсан байснаас өөрийнх нь мал өөрийнх нь хариуцан ажиллаж байсан хэсэглэл рүү хяналтгүй нэвтэрч тухайн зөрчил гарсан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын 3-т галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн зорилттой байхаас гадна 2.5, 2.8, 2.9 дэх заалтуудаар хийж гүйцэтгэх ажлуудыг тодорхой заасан боловч хариуцсан ажилдаа хангалтгүй, бүрэн хийж гүйцэтгээгүйгээс галт тэрэгт мал дайрагдан яаралтай тоормос хийж 10 минутын турш зогсолт хийсэн.
Тухайн асуудлыг Замын 3 дугаар ангийн дарга 2023.10.09-ний өдөр хэлэлцэж Н.Нгийн УБТЗ-д ажилласан байдал зэргийг харгалзан ажлаас халалгүйгээр албан тушаал бууруулж замчнаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байтал Н.Н нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, төмөр замчин хүнд баймгүй ёс зүйгүй хандаж байна. Тухайн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээс харахад Н.Н нь 2023.10.05-ны өдөр чөлөөтэй байсан гэж тайлбарладаг боловч хувийн чөлөө авах харилцааг зохицуулсан “УБТЗ” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёсоор чөлөөг албан ёсоор аваагүй болно. Н.Нтай 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.11-д “Хувийн чөлөө олгох асуудлыг Хамтын гэрээ, Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмаар зохицуулна”, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.10-д “Ажилтан өвчилсөн, хувийн чөлөө авсан, томилолтоор ажилласан эсхүл ажилтанд хүндэтгэн үзэх шалтгаан гарсныг зохих шатны эмчийн магадалгаа, хувийн чөлөө олгох хуудас, томилолтын хуудас эсхүл холбогдох баримтаар баталгаажуулсан байвал зохино" 10.1-д “Ажилтанд хувийн чөлөө хүссэн өргөдөл, холбогдох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн хувийн чөлөө олгож болно. Тээвэрлэлт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлийг харгалзан ажилтанд хувийн чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 10.4-т “ажлын 1-5 өдрийг дуусталх хугацааны хувийн чөлөөг эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан хувийн чөлөө олгох хуудсаар ... олгоно” гэж тус тус заасан. Н.Н нь чөлөө авах тохиолдолд чөлөө олгох хуудсаар хувийн чөлөөг баталгаажуулж өөрийн ажлаа орлон гүйцэтгэх ажилтанд хүлээлгэн өгч ажлын байраа орхих эрхтэй байтал журмын 10.4-т зааснаар чөлөөний хуудсаа аваагүй, түр орлох ажилтанд ажлаа хүлээлгэн өгөөгүй тул чөлөөтэй байсан гэх тайлбар үндэслэлгүй болно. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн дотоод журмаас гадна ажилтанд чөлөө олгох асуудлыг УБТЗ-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/781 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хувийн чөлөө олгох хуудас”-аар чөлөө авах байсан тул чөлөө авсан гэх тайлбар үндэслэлгүй болно. Н.Нгийн эзэмшлийн мал төмөр зам руу нэвтэрсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн зөрчил зөвхөн нэг удаа биш бөгөөд өмнө 4 удаагийн зөрчил гаргаж байсныг шүүхээс анхаарахыг хүсч байна. Өмнө 4 удаа өөрийн малыг төмөр зам руу хараа хяналтгүй нэвтрүүлж байсан зөрчилд тухай бүр анхааруулах, сануулах чиглэлээр удаа дараа анхааруулж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба өмнө дурдсанчлан Н.Н нь төмөр замын бүс рүү малаа оруулсан зөрчил зөвхөн нэг удаа биш зөрчил бүр тус тусдаа тул давтан зөрчлөөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болно. Тушаалд албан тушаал бууруулахтай холбоотой хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг үндэслэсэн тул тушаал хуулийн болоод бодит байдалд нийцсэн хууль хэрэглээний алдаагүй болно.
Иймд Н.Н нь сахилгын давтан зөрчил гаргасан нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-3/, У Т Ззамын 3 дугаар ангийн даргын тушаал /хх-4/, Ажлын байрны тодорхойлолт /хх5-7/, Хөдөлмөрийн гэрээ /хх8-11/, У Т ЗХөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааныг тэмдэглэл /хх12-16/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх17-19/, Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны төмөр замын цагдаагийн газар /хх-20/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-61/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-23/, Хариу тайлбар /хх28-30/, Шуурхай мэдээллийн хүснэгт /хх-31/, Малчин айл өрх, иргэдтэй байгуулах гэрээ хэлцэл /хх32-33/, Баримт /хх34-38/, Ц.Дын тодорхойлолт /хх-39/, Хурлын тэмдэглэл /хх40-42/, У Т Здаргын тушаал Хувийн чөлөө олгох хуудасны загвар батлах тухай /хх-43-44/, У Т Здаргын тушаал Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх тухай /хх-45/, У Т ЗХөдөлмөрийн дотоод журам /хх46-48/, Ажлын байрны тодорхойлолт /хх49-51/, Төмөр замын гарам ашиглах журам /хх52-54/, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэл /хх55-58/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Ажил олгогч чөлөө авсан хүндэтгэх үзэх шалтгааныг нягтлан шалгаагүй, өөрийн эзэмшлийн малыг торон хашаанд удаа дараа орсон, ажлын ур чадвар хангалтгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь бодит байдалд нийцээгүй, уг тушаал нь сахилгын шийтгэлд хамаарах хууль зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн ба үндэслэлгүйгээр өөр ажлын байранд шилжүүлсэн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Н.Н нь хувийн чөлөө авах харилцааг зохицуулсан “” ХНН Хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг албан ёсоор аваагүй, өөрийн малын төмөр замруу хараа хяналтгүй нэвтрүүлж байсан зөрчилд тухай бүр анхааруулж, сануулах чиглэлээр удаа дараа анхааруулсан. Нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан. Давтан зөрчлөөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний алдаагүй.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заажээ.
Нэхэмжлэгч Н.Н нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 56 дугаартай шийдвэрээр “...талууд харилцан тохироогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
6. Нэхэмжлэгч Н.Нг Тор засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Н.Нг У Т ЗЗамын 3 дугаар ангийн Тор засагчаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан талаар талууд маргаагүй.
7. У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар Н.Нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 123 дугаар зүйлийн 123.2.4, Замын 3 дугаар ангийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т ЗХөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.4, Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-д заасныг тус тус үндэслэн Замын 2 дугаар хэсгийн тор засагч Н.Н нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан гармыг цагийн хуваарийн дагуу хаагаагүйн улмаас мал орж галт тэрэг яаралтай тормоз хийсэн дутагдал гарсан, мөн өөрийн эзэмшлийн мал торон хашаанд удаа дараа орсон, ажлын ур чадвар хангалтгүй тул 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс замын 9 дүгээр хэсэгт замчин (2-р зэрэг)-аар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
8. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг албан ёсоор аваагүй, өөрийн малыг төмөр замруу хараа хяналтгүй нэвтрүүлж байсан зөрчилд тухай бүр анхааруулж, сануулах чиглэлээр удаа дараа анхааруулсан, сахилгын давтан зөрчил гаргасан тул У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар “Н.Нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байна.
9. Ажилтныг албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
Хариуцагчийн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлүүдийг авч үзвэл:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”,
83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна.”, 83.3 дах хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана.”,
123 дугаар зүйлийн 123.2.4-т “албан тушаал бууруулах”,
Хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т “Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, эсхүл томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн ажилдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ ирсэн”, /хх-10/ гэжээ.
Хариуцагч дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч Замын 3 дугаар ангийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т ЗХөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.4 дэх заалтын талаар баримтгүй, тушаал ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
10. Тодруулбал, нэхэмжлэгч Н.Н нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр У Т ЗЦагдаагийн газрын төлөөлөгч Говьсүмбэр аймгийн Чойр суманд ирж зөрчлийн гомдол мэдээлэл шалгаж байна, ирж тайлбар мэдүүлэг өг гэж дуудсаны дагуу шууд удирдах албан тушаалтан болох Г.Бд “төмөр замын цагдаагаас дуудаж байна, би оччихоод ирье” гэхэд “харин тиймээ надруу бас ярьсан та явчхаад ир гэж амаар чөлөө өгсөн...” гэх тайлбар нь Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.9-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй болсон, томилолтоор явсан, сургалттай, гадуур ажилтай зэргээр ажлын цагаар ажлын байранд байгаагүй шалтгаанаа шууд харьяалах албан тушаалтан болон цахим бүртгэл хариуцсан ажилтанд мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт заасан шууд харьяалан удирдах албан тушаалтан болох Замын мастер Г.Баас ажлын цагийн чөлөө авсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-49/
2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хурлын тэмдэглэлд мастер ПД-2 Г.Б “10 дугаар сарын 05-ны өглөө тор засагч нарт зааварчилгаа олгон ажилд нь гаргасан. 11 цагийн үед Төмөр замын Цагдаагаас залган тор засагч Н.Нгаас мэдүүлэг авах шаардлагатай байна гэсэн. Тор засагч Н.Нг мэдүүлгээ өгчхөөд гялс ажлын байран дээрээ ирээрэй гэж хэлсэн. 14 цагийн үед Н.Н дахин залгаад цагдаа нь байхгүй байна гэсэн гялс дуусгаад ажлын байран дээрээ ирээрэй гэсэн үүргийг өгсөн. 16:30 байцаалт дууссан. Энэ үеэр 17:32 минутын үед гармаар бог мал орон галт тэрэгт дайрагдсан асуудал үүссэн...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Н.Нг өөрийн хариуцсан гармыг цагийн хуваарийн дагуу хаагаагүйн улмаас мал орж галт тэрэг яаралтай тормоз хийсэн дутагдал гарсан гэж үзэх үндэслэлгүй ба шууд харьяалах албан тушаалтан хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах байжээ. /хх-40/
Мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13-3д/2062 дугаар Цагдаагийн Ерөнхий газар Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын Цагдаагийн газрын албан бичигт “Тус цагдаагийн газарт шалгагдсан зөрчлийн ЗМ-402 дугаартай хэсгийн тор засагч Н.Н нь тус газрын Чойр зангилааны хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12.00 цагаас 16.25 цагийн хооронд байсан болохыг тодорхойлов.” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Н нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ажлын байр буюу Оорцог-Энгэр гэх газраас Чойр хэсгийн Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-20/
11. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Хувь нийлүүлсэн нийгэмлэг “У”-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.10-д “Ажилтан өвчилсөн, хувийн чөлөө авсан, томилолтоор ажилласан эсхүл ажилтанд хүндэтгэн үзэх шалтгаан гарсныг зохих шатны эмчийн магадалгаа, хувийн чөлөө олгох хуудас, томилолтын хуудас эсхүл холбогдох баримтаар баталгаажуулсан байвал зохино" 10.1-д “Ажилтанд хувийн чөлөө хүссэн өргөдөл, холбогдох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн хувийн чөлөө олгож болно. Тээвэрлэлт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлийг харгалзан ажилтанд хувийн чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 10.4-т “ажлын 1-5 өдрийг дуусталх хугацааны хувийн чөлөөг эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан хувийн чөлөө олгох хуудсаар ... эрх бүхий албан тушаалтны тушаалаар олгоно” гэж тус тус заасан, мөн Чөлөө олгох хуудаснаас үзэхэд үгийн шууд утга нь 1-5 өдрийг дуусталх, 6 өдрөөс 1 жил дуусталх хугацааны чөлөө олгох асуудлыг зохицуулсан гэж үзэхээр бөгөөд харин ажлын цагийн чөлөө олгох асуудлыг тухайлан зохицуулаагүй байх тул хариуцагч У нь нэхэмжлэгч Н.Нг хувийн чөлөө авах харилцааг зохицуулсан “У”-ын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёсоор чөлөөг албан ёсоор аваагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн зүйлийн 123.3 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.
Гэтэл У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаалд бичигдсэн “...Н.Н нь өөрийн эзэмшлийн мал торон хашаанд удаа дараа орсон” гэсэн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дах хэсэгт заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл ажилтан Н.Нг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан талаарх хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
13. Түүнчлэн, хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Н болон түүний нөхөр н.Д нартай айл өрх төмөр замын аюултай бүсэд мал хариулахгүй, оруулах байлгахтай холбогдуулан Малчин айл өрх, иргэдтэй байгуулах гэрээ хэлцлийг байгуулсан байх бөгөөд н.Д нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр торон хашаанд мал оруулж, гэрээний үүргээ зөрчсөн болон гэрээнд заасан хариуцлага хүлээхээр тодорхойлолт гаргасан нь талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралгүй гэж үзлээ. /хх-39/
14. Иймд У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Нг У Т ЗЗамын 3 дугаар ангийн замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
15. Шүүх нэхэмжлэгч Н.Нг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.
Н.Нг ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 6,357,226 /6,357,226 : 3 сар = 2,119,075 / төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 98,561 /2,119,075 төгрөг : 21,5 хоног = 98,561/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-61/
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 7, 8, 9 саруудын цалингаас тооцсон болно.
16. Иймээс нэхэмжлэгч Н.Нг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 119 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11,728,835 /119 хоног х 98,561 төгрөг = 11,728,835/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
17. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч У Т З даалгах үндэслэлтэй байна.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 202,611 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагч У Т ЗЗамын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Нг У Т ЗЗамын 3 дугаар ангийн замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,750,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Н.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч У Т З даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202,611 төгрөгийн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ