Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/02060

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 181/ШШ2024/02060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Ч.М /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭМ ХХК /РД:.../-д холбогдох,

 

ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ш, Ө.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч.М миний бие нь ЭМ ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөдөрмөрийн гэрээг байгуулж Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байранд ажиллаж байсан. Тус компанид Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байтал 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б/22 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг үндэслэл болгон "Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэж мэдэгдэл хүргүүлж, улмаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл миний ажиллаж байсан "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтанд хамаарахгүй болно. Миний бие ажлаас халсан тушаал шийдвэрийг хууль зөрчсөн, миний эрх ашгийг хохироосон гэж үзэж "ЭМ" ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч миний гомдлыг хүлээн аваагүй. Үүний дараа хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн гурван талт хороонд хандсан боловч мөн л гомдлыг хүлээн аваагүй буюу зөвшилцөлд хүрээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосон ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б24 шийдвэр нь анхнаасаа хууль зөрчиж гарсан байна. Ажил олгогч хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл гаргасан. Мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл, 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтуудыг дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 80 дугаар зүйлийн аль үндэслэл болохыг тодорхой заах ёстой. Мэдэгдэлд 80.1.1 үндэслэсэн боловч ...эдийн засаг судалгааны хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулж...сонгон шалгаруулалтад журмын дагуу оролцоно уу гэдэг...оролцоогүй, тэнцээгүй бол дуусгавар болгох талаар ирүүлсэн. Тухайн ажлын байр хасагдсан биш, чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл нь хуулийн шаардлага хангаагүй тодорхойгүй мэдэгдэл ирсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар бөөнөөр халах нөхцөл байдал бий болсон гэж үзэж, түүнтэй холбоотой хэлцэл хийсэн гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт заасан чиг үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 бөөнөөр халах тохиолдолд 4 асуудлын талаар хэлэлцээр хийх ёстой гэдгийг тусгасан. Хүнд үйлдвэрийн салбарт хамтын хэлэлцээрийн зохицуулалт байгаа, 45 хоногийн өмнө хэлэлцээр хийх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт зааснаар хэлэлцсэн юм шиг хэрнээ хэлбэрийн төдий хэлэлцсэн гэхээс илүү үе шаттай арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангасан үйл явц болоогүй. Ажлын байр санал болгоогүй. 43.2.2 үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзэж байна гэв.

2. Хариуцагч "ЭМ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Мгийн "ЭМ" ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан "ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.4 дэх хэсэгт заасан "Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах" зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор "ЭМ" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "ЭМ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.

Дээрх тогтоолуудад үндэслэн "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ч.Мд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/975 тоот албан бичгээр, 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд "ЭМ" ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг. Ч.М нь ажил олгогчтой 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Ч.Мгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Ч.Мгийн ажиллаж байсан Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээчийн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Ч.Мгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ч.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажилтны ажиллаж байсан ажлын байрны орон тоо нь хасагдаж батлагдсан. 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 975 дугаар албан бичгээр энэ тухай 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцоогүй, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өдөр хэлцэл хийж дуусгавар болгож, 3 сарын тэтгэмж өгөхөөр ажилтантай харилцан тохиролцсон. Одоо хасагдсан ажлын байр, түүний чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ажлын байр байхгүй. Нилээн олон ажлын байр өөрчлөгдсөн. Ажил олгогч, ажилтны төлөөлөл нийт 3 удаагийн хэлэлцээрийг хийсэн. Уг хэлэлцээрээр орсон ажилтнуудад 3 сарын тэтгэмж өгье, жирэмсэн болон 3 хүртлэх насны хүүхэдтэй ажилтнуудын ажлын байрыг хадгалан үлдээж бусад ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх үндэслэлээр хасагдсан. Үүнд нэхэмжлэгч орж байгаа. Мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг болон агуулгыг тусгасан. Хүсвэл сонгон шалгаруулалтад оролцох боломжийг л мэдэгдэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх л зорилготой. Хүсэл зоригоо илэрхийлээгүй. Ажилтан санаачилга гаргаагүй. Хариуцагч компанийн Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулахаа больсон. Улсын бүртгэлээс хассан учир 45 хоногийн өмнө мэдэгдээд оролцуулах бодит боломжгүй. Ажилтнууд өөрсдөө төлөөллөө томилсон. Ч.М нь 3 сар ажиллаад ажилаас чөлөөлөгдсөн... гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дугаар Ч.Мгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, ЭМ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 01/975 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЭМ ХХК болон Ч.М нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт Албан тушаалын тодорхойлолт, итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 07 ЭМ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хуулбар, Ч.Мгийн Орхон Их Сургуулийн бакалаврын дипломны хуулбар, Ч.Мгийн Суурь мэдлэг олгох гэрчилгээний хуулбар, Ч.Мгийн дугаар 06 гэрчилгээний хуулбар, Ч.Мгийн Тангарагийн бичгийн хуулбар,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Итгэмжлэл, ЭМ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар Б/24 дүгээр тушаал, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 26 хэлцлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 01/975 ЭМ ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЭМ ХХК болон Ч.М нарын Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/144 Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалтыг батлах тухай тушаалын хуулбар /хавсралт 4 хуудас/, ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт Албан тушаалын тодорхойлолтын хуулбар, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/61 Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хавсралт 6 хуудас/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 426 тогтоолын ЭМ ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол/Хавсралт 8 хуудас/, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар А/113 тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 56 Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, итгэмжлэл, мэдэгдэл эх хувиар, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 01/13 ЭМ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ЭМ ХХК болон ЭМ ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Нод шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 19, 2023 оны 01 сарын 20-ны өдрийн ЭМ ХХК-ийн Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ЭМ ХХК-ийн ажилтнуудын тэтгэмжийн жагсаалтын хуулбар,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05/1137 ЭМ ХХК-ийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтууд, ЭМ ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 4/5794 Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч ЭМ ХХК-нд холбогдуулан ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг урьд ажиллаж байсан "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мэдэгдлийн агуулга хоёрдмол утгатай, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тодорхойгүй байсан гэж тодорхойлжээ.

 

6. Хариуцагч ЭМ ХХК нь компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан, улмаар холбогдох тогтоол, тушаалуудад үндэслэн "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

7.1 Нэхэмжлэгч Ч.М нь "ЭМ" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байранд ажиллаж байсан талаар зохигч маргаагүй.

7.2 Улмаар нэхэмжлэгч нь "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ч.Мгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/24 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь тушаал, тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 3-р тал/

7.3 Нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, тайлбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна /хх-ийн 1-2, 19-20-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасантай нийцжээ.

7.4 Хариуцагч ЭМ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/975 дугаар албан бичгээр ажилтан Ч.Мд мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг, 80.4 дэх хэсэг, ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч Ч.М танд энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

...Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан та ЭМ ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам-ын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 4, 32-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан ...ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх... үүргээ ажил олгогч биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, түүний ард танилцсан ажилтны нэр бичигдсэн зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал мэдэгдэл-д ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх талаар тусгаагүй, хоёрдмол утгатай гэж маргасан боловч хэрэгт авагдсан Эрдэнэ Монгол ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/975 дугаар албан бичиг, мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг мэдэгдсэн байна.

7.5 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор "ЭМ" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, тогтоолын 3 дахь заалтаар дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд тус тус даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 55-р тал/

7.6 Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоолоор хариуцагч компанийн орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоожээ. /хх-ийн 78-р тал/

7.7 "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болгосон болох нь тушаалууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 1-3, 40-44-р тал/

7.8  "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ч.Мгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/24 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82.1, Компанийн тухай хуулийн 83.1, ЭМ ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай" 144 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг тус тус үндэслэжээ. /хх-ийн 3, 30-р тал/

7.9 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н, нэхэмжлэгч Ч.М нар нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 26 дугаартай хэлцэл байгуулж, талууд мэдэгдэл өгсөн асуудлаар хэлэлцэж, ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцласны тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж нийт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хэлцэл нэртэй баримтаар нотлогдсон. /хх-ийн 31-р тал/

7.10 Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гүйцэтгэх захирлын шийдвэрээр 47 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг хүргүүлсэнг дурдаад, жагсаалтыг хүргүүлсэн, жагсаалтын 40 дэх мөрөнд нэхэмжлэгчийн нэр багтсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт Ажил олгогч бөөнөөр халах шийдвэрээ гаргаснаас хойш 30 хоногийн дотор харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бичгээр мэдэгдэнэ гэж заасантай нийцсэн.

Ажилтнуудаас гаргасан шаардлагын дагуу, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл уулзалт хийж хуульд заасан асуудлуудыг хэлэлцсэн болох нь Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн тэмдэглэлүүд, шаардлага хүргүүлэх тухай бичиг, тайлбаруудаар нотлогдсон.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 80.1.1т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч мэдэгдлийг хуульд заасан хугацааны өмнө мэдэгдсэн, ажилтан хүлээн авч гарын үсэг зурсан.

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт засан ажлын байр хасагдсан үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон эсэхийг шалгах шаардлагатай.

Нэхэмжлэгч тал ажлын байрны зөвхөн нэршил л өөрчлөгдсөн гэж тайлбарлаж өөрийн урьд ажиллаж байсан "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч"-ийн ажлын байрны чиг үүрэг нь Макро эдийн засгийн шинжээч ажлын байрны чиг үүрэгтэй адил гэж тайлбарлаж, хариуцагч тал уг чиг үүрэг нь тухайн байгууллагад байхгүй болсон гэж мэтгэлцэж байна.

8.2 Хэрэгт авагдсан "Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээч, Макро эдийн засгийн шинжээч ажлын байрнуудын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд:

Тус ажлын байрнуудын тодорхойлолтын 3-р зорилтод заасан 9 чиг үүрэг нь хэрэгт авагдсан нийт 3 өөр ажлын байрны тодорхойлолтод бүгд адилхан тодорхойлогдсон нь уг зорилтыг хариуцагч хуулийн этгээдийн ажилтуудын ажлын байрны тодорхойлолтод ижилхэн байдлаар тусгасан байдаг гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.

Тиймээс шүүх чиг үүрэг хэвээр шилжин хадгалагдаж байгаа гэх Макро эдийн засгийн шинжээч албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны зорилго, албан тушаалын зорилт хэсгийг харьцуулав.

"Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн шинжээчийн ажлын байрны зорилго нь: Компанийн уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, зах зээлийн боломж, олон улсын болон дотоодын зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, урт болон дунд хугацааны төлөв байдал, ашигт ажиллагаа, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, нэгдлийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүний болон хөрөнгө оруулалтын боломж судлах, түүнийг тогтвортой, тасралтгүй судалгаа хангах үүргийг хэлтсийн даргын өмнө хариуцах,

Макро эдийн засгийн шинжээч-ийн ажлын байрны зорилт нь: Нэгдлийн болон ЭМ ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэлхийн эдийн засгийн чиг хандлага, уул уурхайн чиглэрээр дэлхийн эдийн засгийн чиг хандлага, уул уурхайн зах зээлийн хандлагуудыг судлан, боломжит хувилбаруудыг тооцон, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлан, дүгнэлт гаргах гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Мгийн урьд ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ шилжиж, нэршил өөрчлөгдөн, хэвээр хадгалагдаж байна гэж үндэслэлгүй байна. /хх-ийн 45-47, 96-99-р тал/

8.3 Хөдлөмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн тэмдэглэлүүд, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар мэдэгдсэн мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байна.

9. Иймд Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч ЭМ ХХК-нд холбогдуулан ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ЭМ ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ч.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул төлөөгүйг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА