Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 147/ШШ2024/00206

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, .....р хороо, .............оотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

          ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдааны оролцогчид:

        Нэхэмжлэгч *******

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны дэлгүүрт худалдагч, кассчинаар ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

          2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн  11/45 дугаартай лавлагаа, фото зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

          3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

          4. ******* овогт ******* ******* нь Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн  11/45 дугаартай лавлагаанд “...Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988-1990 онуудад ажиллаж байхдаа авч  байсан цалингийн бичиглэл” бүхий, фото зураг, 

 

        5. Гэрч*******ийн шүүхэд өгсөн: “....Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 сард хүүхдийн бараа, хүнсний худалдагчаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Тэгээд 1988 оны 9 сард Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид өөрөө өөртөө үйлчлэх хүнсний болон гэр ахуйн дэлгүүр нээгдэж байна. ******* нь Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид өөрөө өөртөө үйлчлэх гэр ахуйн дэлгүүрт 1988 оны 10 сараас 1990 оныг дуустал худалдагч, кассчинаар ажиллаж байсан. Иймд *******тэй хамт тус дэлгүүрт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

        6. Гэрч шүүхэд өгсөн: “...******* нь 10 дугаар ангиа төгсөөд Сүхаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн өөртөө үйлчлэх барааны дэлгүүрт 1988 оны 10 сараас 1991 он хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан.Тухайн үед 10 дугаар ангиа төгсөөд 3 хүүхэд хувиарлагдан ирж байсан, түүний нэг нь ******* юм. Би Сүхаатар аймгийн Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976-1994 оныг дуустал худалдагч, кассчинаар, тэдгээрийг ахлаж, заавар, зөвөлгөө өгч хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

         7. Иймд Г.******* Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                    ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА