| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/05450/И |
| Дугаар | 181/ШШ2024/02147 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/02147
2024 05 22 181/ШШ2024/02147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, А.Г /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, ГЕГт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 23,054,055 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн А.Г миний Захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр НДЗХАШШ-ийн 2022 оны 2-р сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0... дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Улмаар ЗХДЗШШүүхийн 2022 оны 05-р сарын 26-ны өдрийн 324 дугаар тогтоолоор НДЗХАШШ-ийн 2022 оны 2-р сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0... дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч ГЕГын дарга нь шүүхийн шийдвэрийг огт биелээгүй байсан тул хуулийн дагуу албадан гүйцэтгэх ажиллаганд шилжсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоохдоо цалин олговор, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй талаар: ГЕГ-ын өмнөх удирдага нь шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг удтал биелүүлэхгүй байж байгаад ГЕГ-ын шинээр томилогдсон удирлага иргэн А.Г намайг ажилд эгүүлэн томилж, ийнхүү ГЕГын даргын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дугаар "Шүүхийн шийдвэр биелүүлж, А.Гэрэлмээг албан тушаалд эгүүлэн томилох тухай" тушаал гарч, нэхэмжлэгч надад 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ГЕГ-ын хүний нөөцийн ажилтан уншиж танилцуулсан бөгөөд хуулбарыг өгөөгүй болно. Харин ажилд эгүүлэн тогтоохдоо "ажилгүй басан хугацааны цалин нөхөн олговорыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх" шүүхийн хуулийн хчин төгөлдөр шийдвэрийн дээрх хэсгийг огт биелүүлэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл ГЕГын дарга нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй юм. Захиргааны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн хууль бус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үйл баримтын цаг хугацаанаас эхлээд эрх бодитойгоор сэргээгдэх хүртэлх хугацааны эрхийн хамгаалалт юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0... дугаар шийдвэрт заасан "...ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГЕГын даргад даалгасугай." гэсэн агуулгатай шийдвэрийг биелүүлээгүй учраас шүүхэд ийнхүү хандаж байгаа болно. ГЕГ-ын дарга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадлагын үр дунд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд томилохдоо "ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн Даатгалын Нөхөн бичилт" хийх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээ "...өмнөх ГЕГ-ын даргын буруутай үйл ажиллагаа учраас одоогийн удирдлага таны цалинг нөхөн олгох боломжгүй..." гэх агуулагатай тайлбарыг надад өгсөн байдаг. Иймд ГЕГаас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 432 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 41.340.475.20 төгөргийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГЕГын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
...Миний бие нэхэмжлэлийн шаардлагын дүнг 23,054,055 төгрөг болгож, анх гаргасан нэхэмжлэлээсээ 18,286,419 төгрөгөөр багасгаж байна гэжээ.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бшүүхэд олон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Ггийн ГЕГын даргад холбогдуулан гаргасан "А.Гд ГЕГаас ажилгүй байсан хугацааны цалин олговор 41.340.475.20 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГЕГын даргад даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор", 154.2.2-т "энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор" дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зохицуулсан. А.Ггийн тухайд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар Гашуунсухайт дахь г газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон өдрөөс хойш 90 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд гомдлоо гаргах байтал гаргаагүй 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу ойролцоогоор 30 хоног хэтэрсний дараа гомдлоо гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болон уг хугацаа тасалдсан, нэхэмжлэлд хавсаргасан баримтад хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн хүсэлт авагдаагүй байна.
Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж өөрийнх нь хүсэлтээр А.Гг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар Гашуунсухайт дахь г газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилж улмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/454 дүгээр тушаалаар ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны 29,187,723.00 /хорин есөн сая нэг зуун наян долоон мянга долоон зуун хорин гурван/ төгрөгийн цалинг олгож, 3,648,465.38 /гурван сая зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун жаран таван төгрөг 38 мөнгө/ төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Иймд А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжилсэн үнийн дүнгээр бид бичиг явуулсан. Хохирлын сангаас гаргуулах хүсэлт бүтээгүй. Цаг хугацааг тооцохоор 2020.02.04-2021.09.14 хүртэлх цалинг төлсөн, 2021.09.14-2023.06.14 явагдаж байгаа юм шиг байна. Өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Цаг хугацааны асуудлыг л яриад байгаа. Шууд бүхэлд нь олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 ГЕГын даргын тушаалын хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 128/ШШ2020/0... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 255 Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 128/ШШ2022/0... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 367 Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 103 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 01-153/12111 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын хуулбар,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: ГЕГын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Б/480 ГЕГын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар Б/401 ГЕГын даргын Шүүхийн шийдвэр биелүүлж, А.Гг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаар А/454 ГЕГын даргын Шүүхийн шийдвэрийг биелүүлж, А.Ггийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай тушаалын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Төлбөрийн хүсэлтийн хуулбар, , 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 01-1.2/1478 ГЕГын албан бичиг /хавсралт 2 хуудас/, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 01-1.2/1305 ГЕГын албан бичгийн хуулбар, А.Ггийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хоорондох, цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 23420078 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүсгэх тухай тогтоолын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч ГЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41,340,475.20 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 23,054,055 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
6. Хариуцагч ГЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч А.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийт хоёр удаа шүүхийн шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоогдсон, цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэргийн шүүхийн шийдвэр нэг удаа тус тус гарсан.
7.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0... дугаар шийдвэрээр ГЕГын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Гг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болох нь шийдвэр, магадлалаал тус тус нотлоглдож байна. /хх-ийн 5-22-р тал/
7.3 Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хожим ГЕГын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон хэдий ч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/642 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримтад зохигч маргаангүй.
7.4 Нэхэмжлэгч А.Г нь ГЕГын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 дугаар гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 367 дугаар магадлалаар тус тус маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болох нь шийдвэр, магадлалаар тогтоогдсон. /хх-ийн 23-35-р тал/
7.5 Нэхэмжлэгч нь эхний шүүхийн шийдвэр гарсан хугацаа буюу 2020.02.04-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хугацаа хүртэл буюу 2021.09.14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийн дагуу хариуцагч нэхэмжлэгчид цалинтай тэнцэх олговрыг олгосон болох нь зохигчийн тайлбар, шүүхийн шийдвэр, магадлалын хуулбар, ГЕГын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/454 дугаар тушаал, А.Ггийн дансны дэлгэрэнгүй хуулга, зэргээр нотлогдож, энэ үйл баримтад талууд маргаангүй. /хх-ийн 62-65/
7.6 Одоо зохигч 2022.02.21 буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдсон хугацаа буюу 2023.06.14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт маргаантай.
7.7 Нэхэмжлэгч А.Гг ГЕГын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр Шүүхийн шийдвэр биелүүлж, А.Гг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Гашуунсухайт дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон болох нь тушаал, зохигчийн тайлбараар нотлогдсон. /хх-ийн 4, 61-р тал/
7.8 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, захирамжид гомдол гаргасныг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэж захирамжийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн. /хх-ийн 37-39, 43-45-р тал/
Улмаар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан, тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 103 хуралдааны тэмдэглэл/шийдвэр гарсан болох нь баримтаар нотлогдсон байх тул хариуцагч байгууллагын тус хугацааны талаар маргасан татгалзал үндэслэлгүй. /хх-ийн 40-42-р тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэв.
7.9 Зохигч шүүхэд нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлсний хэмжээний талаарх баримтыг тооцон гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсний хэмжээнд маргаангүй, шүүхийн шийдвэрээр урьд тогтоогдсон үйл баримт байна.
7.10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0112 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаж байгаа болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нотлогдож байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь дээрх 0112 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хугацааны цалинтай тэнцэх олговрыг хасч уг хугацаанаас хойш ажилдаа эгүүлэн тогтоогдсон 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГЕГ хүргүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийг гарган өгсөн байх ба тус албан бичигт ...ажилгүй байсан хугацааны цалин 34.105.197 төгрөгийг...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн байна.
Шүүх уг баримтад тусгасан үйл баримтыг зохигчоос тодруулахад уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл цаг хугацаатай хамаралтайгаар өөр шүүхийн шийдвэр гараагүй, зөвхөн Хууль зүйн яамны хохирлын сангаас төлбөр гаргуулах яригдсан асуудлын талаар хариуцагч байгууллагын өөрсдийн тооцоолон гаргаж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээ тусгагдсан гэж зохигч тайлбарлаж, уг үйл баримтад маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
8.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцоход сард 1,515,787 төгрөг, өдрийн цалин 70,501 төгрөг байх бөгөөд нийт ажилгүй байсан 15 сар 17 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор 23,935,322 төгрөг болсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 23,054,055 төгрөгийн хэмжээнд олгох нь зүйтэй.
8.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ггийн 2022.02.21-ний өдрөөс 2023.06.14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГЕГаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 23,054,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Гд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ггийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГЕГт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА