| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01236/И |
| Дугаар | 155/ШШ2024/00263 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00263
| 2024 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00263 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/01236/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Б***,
Хариуцагч: А.Б*** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,278,356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,857.72 төгрөг, нийт 12,378,213.89 (арван хоёр сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З***,
Хариуцагч: А.Б*** (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д***.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ш.Б*** эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Ш.Б***, А.Б***нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 (арван сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,278,356.17 (хоёр сая хоёр зуун далан найман мянга гурван зуун тавин зургаан төгрөг арван долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,857.72 (ерэн есөн мянга найман зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, нийт 12,378,213.89 (арван хоёр сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Хариуцагч нар нь Х***аймгийн *** сумын Х банкнаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2022**2 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай мал худалдаж авахаар зээлсэн. Үүнээс хойш хариуцагч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ямар ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй.
...Иймд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20224**5752 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Ш.Б***, А.Б***нараас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,278,356.17 (хоёр сая хоёр зуун далан найман мянга гурван зуун тавин зургаан төгрөг арван долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,857.72 (ерэн есөн мянга найман зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, нийт 12,378,213.89 (арван хоёр сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч А.Б***нь уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байгаа учир түүнийг хариуцагчаар татахаас татгалзах боломжгүй гэв.
Хариуцагч Ш.Б*** нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Б*** би Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хамтран зээлдэгч А.Б*** нь энэ зээлийн төлбөрийг төлөхгүй. Миний бие Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 12,378,213.89 төгрөгийг төлж барагдуулна. 2022 оны 8 сард *** тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг мөнгийг аваад Х банкны эдийн засагч М**-д бэлэн авч өгсөн. гэжээ.
Хариуцагч А.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тухайн зээлээс өөртөө нэг ч төгрөг авч зарцуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн дансны хуулгыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Анх намайг явж байхад бид нар өөрсдөө төлж барагдуулна та хамтран зээлдэгчээр ороод өг, дараа нь ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь л хамтран зээлдэгчээр орж өгсөн. Хариуцагч Ш.Б***в нь тухайн зээлийг би төлж барагдуулна гэж тайлбарласан байсан. Би тухайн мөнгийг төлж барагдуулах боломжгүй. Тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдэгтэй маргах зүйлгүй, гарын үсэг зурсан нь үнэн. гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар 269***, Х банк ХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х банк ХК-ийн гүйцэтгэх захирал Р.М***ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/3526 дугаар итгэмжлэл олгох тухай, Х банк ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.С***н 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/3552 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б***ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5890/699 дүгээр итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х банк ХХК, зээлдэгч Ш.Б***, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Б*** нарын хооронд байгуулагдсан №ЗГ/202248825752 зээлийн гэрээ, №БГХ20***48825752 барьцааны гэрээ, Ш.Б***ын Х банкинд гаргасан зээлийн хүсэлтийн маягт, Ш.Б***, А.Б*** нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Б***ын Х банкны *** дугаар дансны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагч Ш.Б*** шүүхэд хариу тайлбарыг,
Хариуцагч А.Б*** шүүхэд хариу тайлбар, ***-ын Х банк дахь 5***дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З***гийн хүсэлтээр хариуцагч А.Б***д нэхэмжлэлийн хувь гардуулах, зохигчийн эрх үүргийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар авах, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулж, баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажиллагааг *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З*** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Хариуцагч нар нь Х***аймгий*** сумын Х банкнаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20224***52 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай мал худалдаж авахаар зээлсэн. Үүнээс хойш хариуцагч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ямар ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй...
...Иймд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,278,356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,857.72 төгрөг, нийт 12,378,213.89 төгрөгийг хариуцагч Ш.Б***, А.Б*** нараас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Ш.Б*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин хариуцагч А.Б*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: ...Би тухайн зээлээс өөртөө нэг ч төгрөг авч зарцуулаагүй. Анх намайг явж байхад бид нар өөрсдөө төлж барагдуулна та хамтран зээлдэгчээр ороод өг, дараа нь ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь л хамтран зээлдэгчээр орж өгсөн. Би тухайн мөнгийг төлж барагдуулах боломжгүй. Зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсантай маргах зүйлгүй... гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн регистрийн дугаар 269***, Х банк ХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банк ХК-ийн гүйцэтгэх захирал Р.М***ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/3526 дугаар итгэмжлэл олгох тухай, Х банк ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.С***н 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/3552 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Х банк ХХК, Ш.Б***, А.Б*** нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/202248825752 зээлийн гэрээ, №БГХ2022***2 барьцааны гэрээ, Ш.Б**ын Х банкинд гаргасан зээлийн хүсэлтийн маягт, Ш.Б***, А.Б*** нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Б***ын Х банкны 5*** дугаар дансны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б*** нь нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч Х банк ХХК, зээлдэгч Ш.Б***, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Б***нарын хооронд зээлдэгч нар нь 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг, №ЗГ/202248825752 зээлийн гэрээ, №БГХ2022488*** барьцааны гэрээ тус тус байгуулж, Х банк ХК-аас зээлсэн бөгөөд зээл олгогч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу Х банк ХК шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч А.Б*** нь тухайн зээлийг би захиран зарцуулаагүй, хариуцагч Ш.Б***в өөрөө төлж барагдуулна гэсэн тул төлөхгүй гэж маргаж байх боловч хариуцагчийн энэ татгалзал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т: Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн...хүлээн зөвшөөрч болно. гэж заасан ба хариуцагч Ш.Б***, А.Б*** нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй маргаагүй байна.
Иймд хариуцагч Ш.Б***, А.Б*** нараас зээлийн гэрээний үүрэгт 12,378,213.89 (арван хоёр сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-нд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 213,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б***, А.Б***нараас 213,003 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 2 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-нд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Б***, А.Б*** нараас үндсэн зээлийн төлбөр 10,000,000 (арван сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,278,356.17 (хоёр сая хоёр зуун далан найман мянга гурван зуун тавин зургаан төгрөг арван долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,857.72 (ерэн есөн мянга найман зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө) төгрөг, нийт 12,378,213.89 (арван хоёр сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б***, А.Б***нараас 213,001 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 2 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардууснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА