Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Э.Нямбат, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхбаатарын Нямбатад холбогдох эрүүгийн 1730000000030 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Од Орд” ХХК-д засалч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуйн 11-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 5 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЭ83020672 дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхбаатарын Нямбат

 

                                Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Энхбаатарын Нямбат нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах “Од” кабелийн телевизийн байранд хууль бусаар нэвтэрч, улмаар ширээний шүүгээнд байсан 122.000 төгрөгийн хулгайлж, бусдад 122.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Нямбатын:  

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Баттүвшингийн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ гараатай байсан. Би өглөө 10 цагт өнгөрч байхад ажил дээрээ ирсэн түүнээс хойш хүмүүс дуудлага дуудаад байсан тэгэхээр нь дуудлагаа олон болгож байгаад явъя гэж бодоод 12 өнгөрөөгөөд дуудлагандаа яваад ирэхэд 12 цаг өнгөрч байсан. Тэгээд би шууд гэрлүүгээ очоод цайгаа уугаад сууж байсан чинь нэг эмэгтэй хүн залгаад ажлын чинь хаалга онгорхой байна, хаалгыг чинь эвдчихсэн байна гээд ярьсан. Би шууд гэрээсээ гараад ажил дээрээ яваад очиход ажлын хаалга эвдчихсэн, ширээний шүүгээг эвдээд дотор байсан 122000 төгрөг хулгайлаад явсан байсан болохоор цагдаад хандсан юм. Тэнд байсан 120,000 төгрөг орлогын  мөнгө байсан юм. Түүнийг барагдуулвал хохиролгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Э.Нямбатын:

“...Би 2017 оны 08 сарын 06-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Эмийн сан орох гээд явж байхад Эрдэнээ гээд залуутай таарсан чинь намайг хайрга буулгалцаад өгөөч гэхээр нь би хамт яваад Хөгжил хотхонд Хайргаа буулгасан. Эрдэнээ надад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би гэрлүүгээ  буцаад явж байхад микроны буудал дээр өмнө нь онгоцны буудалд хамт ажиллаж байсан Болдбаяр гэх залуутай дайралдаад ойрд уулзаагүйн байна гээд надад 0.33 мл ерөөл архи авч өгсөн. Бид хоёр тэр архиа микроны буудлын шатан дээр хувааж ууж дууссан юм. Тэрээр би нөгөө 10.000 төгрөгөөрөө ахиад 0,33 мл архи авч өгсөн. Тэрийг уучихаад Болдбаяр хотын унаанд суугаад явсан би үлдээд урагшаа гэрлүүгээ явж байгаад Од кабелийн телевизийн байр орж гэрийнхээ кабелийг үзүүлэх гээд Од кабелийн телевизийн хаалгыг татсан онгойсон. Тэгэхээр нь хүн байна уу гэхэд байхгүй байсан. Тэгтэл хаалганых нь хажуу талд ширээ байсан. уг ширээний дээд талын шургуулгыг татаад онгойлгосон чинь дотор нь мөнгө байхаар нь аваад явсан...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

3.3. Мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

3.4. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

3.5. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15/

3.6 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/,

3.7. Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 52, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 125, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 162, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 17-29 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.Нямбат нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах “Од” кабелийн телевизийн байранд хууль бусаар нэвтэрч, улмаар ширээний шүүгээнд байсан 122.000 төгрөгийн хулгайлж, бусдад 122.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Г.Баттүвшингийн ...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ гараатай байсан..., ...12 өнгөрөөгөөд дуудлагандаа яваад... ...би шууд гэрлүүгээ очоод цайгаа уугаад сууж байсан чинь нэг эмэгтэй хүн залгаад ажлын чинь хаалга онгорхой байна, хаалгыг чинь эвдчихсэн байна гээд ярьсан. Би шууд гэрээсээ гараад ажил дээрээ яваад очиход ажлын хаалга эвдчихсэн, ширээний шүүгээг эвдээд дотор байсан 122000 төгрөг хулгайлаад явсан байсан...,

сэжигтэн, яллагдагч Э.Нямбатын ...Од кабелийн телевизийн байр орж гэрийнхээ кабелийг үзүүлэх гээд Од кабелийн телевизийн хаалгыг татсан онгойсон. Тэгэхээр нь хүн байна уу гэхэд байхгүй байсан. Тэгтэл хаалганых нь хажуу талд ширээ байсан. уг ширээний дээд талын шургуулгыг татаад онгойлгосон чинь дотор нь мөнгө байхаар нь аваад явсан..., гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Нямбатыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүх Э.Нямбатад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин нэг бүлэгт заасан санаатай буюу хулгайн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэж түүний хувийн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, тогтоосон ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Нямбат цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

Харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэнийг, шүүгдэгч Э.Нямбатаас 122.000 /нэг зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Баттүвшинд олгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатыг бусдын хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатад энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбат цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатаас 122.000 /нэг зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан “Од” кабелийн телевизийн засварчин ажилтай хохирогч НЭ85122111 дугаарын регистртэй, Боржигон овгийн Гансүхийн Баттүвшинд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Энхбаатарын Нямбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН