Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 117

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Хохирогч Ч.У,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Ч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,

       Шүүгдэгч: Д.Ж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Д-гийн Ж-д холбогдох эрүүгийн 1735000840052 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Увс аймгийн Сагил сумын “Өндөр мод” багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОО95020711, Ц овгийн Д-ийн Ж.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 3-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол урчуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хохирогч Ч.У-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Ж өвс хадуулчихаад гэртээ ирээд хоол идээд сууж байгаад  “Чи маргааш хамт яваад өвс бухалдаадах” гэж надад хэлэхээр нь “Би өвс бухалдаж чадахгүй” гэж хэлтэл нөхөр маань  уурлаад над уруу таваг шидсэн. Би гараараа хаатал миний баруун гарын бугалга орчимд цохисон. Тэгснээ Ж босож ирээд “Чамайг ер нь алчихъя” гэж хэлээд над уруу давшлаад миний дагз орчимд нэг удаа цохисон. Тэр үед манай хажуу айлын Ч, С нар салгасан юм. Тэгээд тэр оройдоо унтаж амраад маргааш өглөө нь би босож цайгаа чанаад Ж-д тавагтай боорцог тавьж өгтөл “Би боорцог иддэг хүн биш” гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд би гэрээс гараад хажуу талын айл болох С-гийн гэр лүү сав авахаар орж явтал Ж араас ирээд миний толгойны ар хэсэгт нэг удаа цохиход миний толгой эргээд нүд харанхуйлаад явчихсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд С дундуур орж ирж салгасан. Энэ хооронд Ж миний нуруу, дал орчимд цохиод байх шиг байсан. Түүнээс хойш миний толгой эргээд босож явж чадахгүй байсан тул намайг гэрт хэвтүүлээд байсан юм. Би өөрт байсан утсаараа аав руугаа ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тиймээс маргааш нь С гэх хамаатны эгч рүү утасдаж болсон явдлыг хэлж “Аав, ээжид минь хэлж өгөөч” гэж гуйсан юм. Миний нөхөр Ж надтай гэр бүл болоод 2 жил болж байна. Бид 1 ой 6 сартай охинтой. Би Ж-той гэр бүл болохоос өмнө үерхэж байхдаа жирэмсэн болсон бөгөөд бид 2015 оны 10 сард гэр бүл болж, би 2016 оны 02 сарын 27-нд амаржсан. Энэ хооронд буюу 2015 оны 12 сарын дундуур жирэмсэн байхад миний толгой, бөөр орчимд нөхөр маань цохисноос зүүн нүд хөхөрч, бөөр орчимд хөндүүрлэж өвдөх болсон. Тэр үед нүд арай гайгүй болж хавдар нь буусан ч толгой эргээд байсан тул Ц гэдэг бариач хүнээр толгойгоо бариулчихаад нөхрийн хамт эцэг, эхийнхээ гэрт очиж байсан юм. Тухайн үед гэр бүл болоод удаагүй байсан тул эцэг, эхдээ зодуулсан талаар хэлэлгүй нуугаад өнгөрсөн юм. Түүнээс хойш Ж намайг удаа дараа зодож, цохиж байсан. Зодохдоо дандаа толгой, бөөр орчимд цохидог байсан. Тухайн үед би нөхөртөө зодуулсан гэдгээ нууж, хүүхэд доошилсон гэсэн шалтгаанаар сумын эмнэлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан. Тэр үед эмч нарт зодуулснаа хэлдэггүй байсан бөгөөд “Халуурч, гэдэс өвдөж байна” гэж хэлдэг байсан. 2016 оны 03 сард /амаржаад 10 орчим хонож байтал/ нөхөр маань хүнээр морины ташуур хийлгэж байсан бөгөөд түүнийгээ очиж авна гэхээр нь би “Чи хүүхдийн даавуу угаачих, хаачих гээд байгаа юм” гэхэд “Би чиний хажууд байнга байж байх ёстой юм уу” гэж хэлээд уурлаад миний нуруу, бөөр орчимд нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгж явснаасаа хойш 3 хоног ирээгүй бөгөөд 3 хоногийн дараа согтуу над уруу утасдаад “Яатуу минь чи намайг очихоос өмнө гэрээс явчихсан байгаарай. Очиход гэрт байх юм бол ална шүү” гэж заналхийлсэн тул би айгаад эцэг, эхдээ “Ирж ав” гэж утсаар хэлэхэд аав маань ирж намайг гэрлүүгээ авч явсан юм. Би эцэг, эхийнхээ гэрт 1 сар орчим болоод нөхөр маань гуйгаад байсан тул дахин нөхрийнхөө гэрт ирсэн юм. Тэгтэл очоод 2-3 хоногийн дараа дахин цохьсон. Ж уурлах болгондоо намайг зоддог бөгөөд бөөр, толгой, нуруу уруу цохиод байдаг юм. 2016 оны 05 сарын эхээр дахин миний бөөр лүү цохисон тул би А гэх ойролцоо нутагладаг айлын залуугаар охиныхоо хамт төрсөн  гэр лүүгээ хүргүүлсэн юм. Түүнээс хойш нөхөр дээрээ очихгүй 1 жил өнгөрүү тусаа амьдарч байтал Ж гэрээ ачиж ирээд манай аавын  дэргэд буусан. Тэгээд “Дахин зодохгүй, гар хүрэхгүй, хамт амьдрана” гэж хэлээд гуйсаар байгаад 2017 оны 07 сарын 20-ны үед ирээд 08 сарын 23-ны  орчимд намайг авч “Нарийн ус” гэх газарт гэрээрээ очиж буусан. Ж намайг авч явахдаа эцэг, эхэд маань амлалт тангараг өргөж “Дахин зодохгүй” гэж амлаад аваад явсан боловч 7 хонолгүй намайг дахин зодсон юм. Би сүүлд зодуулсны улмаас толгой эргэж, нүд харанхуйлаад байгаа тул явж чадахгүй хэвтэрт голдуу байгаа. Одоо хажуудаа хүнгүй явж чадахгүй байгаа. Эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Нөхөр маань намайг эцэг, эхтэй минь утсаар яриулдаггүй, миний утсыг өөрөө бариад явчихдаг. Тэгээд явж байгаад “Гээчихлээ” гэж хэлдэг байсан. Эцэг, эхтэйгээ утсаар ярина гэхэд “Чи утсаар ярьж яах гээд байгаа юм бэ, хамаагүй юм ярьж хэлчихнэ” гэж хэлээд яриулдаггүй байсан. Миний утсыг булааж авчихаад өөрөө ашиглаад байдаг юм. Ж жижиг зүйлээр шалтаглан уурлаж, уцаарлаад шууд намайг зоддог байсан. Архи их уудаг бөгөөд уухаараа үргэлжлүүлж олон хоногоор буюу 7-8 хоногоор гэртээ ирэхгүй уугаад явчихдаг юм. Ж намайг дандаа эрүүл үедээ зодож байсан. Би зодуулсан талаараа ихэнхдээ хэлдэггүй байсан. Нэг л удаа эцэг, эхдээ хэлж “Ирж ав” гэж хэлсэн бөгөөд нэг удаа би өөрөө эцэг, эх дээрээ очиж байсан. Би нөхөр охины хамт амьдардаг бөгөөд намайг зодуулж байхад харсан хүмүүс байгаа. Сүүлд зодуулахад С, Ч нар салгасан. Өмнө нь 1 удаа зодуулчихаад А гэх хүнээр гэртээ хүргүүлж байсан. Манай гэр хадам аавынхтай хамт байдаг тул хадам аав, ээж маань зодуулдаг талаар мэддэг. Би хадам аав, ээждээ зодуулсан талаараа хэлэхэд хадам ээж “Хүн зодуулж, цохиулаад амьдарч л байдаг биздээ. Би бүр хутгалуулж байсан” гэж хэлээд тоодоггүй юм. Ж намайг зоддог гэдгийг С-гийн хүүхдүүд болон ойр орчмын айлууд мэддэг юм. Д, П, С-ийн эхнэр гэх хүмүүс намайг зодуулсан байхад ирж байсан юм. Одоо миний толгой эргэж, нүд харанхуйлаад явж чадахгүй байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч дээрдэхгүй байна. Гэрээр 10 хоногийн эмчилгээ хийлгэхээр болсон байгаа. Миний хувьд нөхөртөө зодуулж эрүүл мэндээрээ, амьдралаараа хохирсондоо гомдолтой байна ” гэх мэдүүлэг / хх-ийн 8-9-р тал/,

                2. Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр лүү С гэх хамаатны хүн утасдаад “Танай охин У нөхөртөө зодуулчихсан хэвтэрт байна” гэж хэл дуулгасан тул тэр  өдөртөө нөхөр бид хоёр “Улаан даваа”-ны цаанаас “Нарийн ус” гэх газарт байдаг Ж-ийн гэрт очсон юм. Биднийг очиход У гэртээ хэвтэж байсан бөгөөд ойролцоо айлын хэдэн эмэгтэй гар, хөлийг нь барьж дулаацуулсан байдалтай байсан. Юу болсныг асуухад “Өчигдөр нөхөр нь зодоод түүнээс хойш толгой нь эргээд босож чадахгүй нүд нь харанхуйлаад байгаа. Гар, хөл нь бас хөрөөд байна” гэж хэлсэн. Тэгээд охин У-гаас асуухад нөхөр нь “Өвс бухалдаж өгсөнгүй” гэж хэлээд толгой болон шилэн хүзүү рүү нь цохиж байсныг хажуу талын айлын залуу салгасан гэж хэлсэн юм. Бид тэр дор нь багийн эмчийг дуудаж У-г үзүүлэхэд “Даралт нь ихэссэн байна. Хөдөлгөж авч явж болохгүй. Өвчин намдаах эмчилгээ хийе. Маргааш сумын эмчийг авч ирж үзүүлээд аймаг уруу авч явж нарийн шинжилгээ хийх шаардлагатай” гэж хэлсэн тул бид тэр оройгоо хүргэн Ж-ийн гэрт хоносон юм. Маргааш нь багийн эмч ирээд хувийн унаагаар У-г аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж үзүүлэхэд эмч нар “Толгой доргилттой байна” гэж хэлээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Тухайн үед У-гийн толгойн ар дагз, хүзүүний ар орчмоор хавдсан байсан. Түүнээс биш ямар нэгэн шалбарч цус гарсан зүйл байгаагүй. Охин маань өмнө нь ч гэсэн зодуулж байсан талаараа тэр үед хэлсэн. Зодохдоо дандаа бөөр, нуруу, толгой уруу нь цохьдог байсан гэсэн. Охин маань бидэнд энэ талаар хэлдэггүй байсан юм билээ. Охин маань Ж-той гэр бүл болоод хэдхэн сар болж байгаад нэг удаа манайд ирэхэд У-гийн нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед учрыг асуухад нуугаад хэлээгүй бөгөөд “Юм мөргөсөн” гэж хэлээд өнгөрсөн. Сүүлд нөхөр нь зодсон  болохыг нь мэдсэн юм. Түүний дараа хүүхдээ төрүүлээд 1 сар ч болоогүй байтал өвлийн хүйтэнд У охиноо аваад мотоцикльтой  манайд ирсэн. Тухайн үед “Нөхөр маань намайг зодчихоод хэд хоног архи уугаад явчихсан. Хэд хоногийн дараа утсаар яриад “Намайг очиход зайлсан байгаарай. Байж байвал хохь чинь шүү” гэж хэлсэн тул айгаад хүрээд ирлээ” гэж ярьсан юм. Тэгээд манайд амьдарч байхад нь Ж ирж гуйсаар байгаад аваад явсан. Гэтэл 2016 оны 05 сард охин маань дахин манайд ирээд “Ж зодож дарамтлаад болохгүй байна. Утсаар ч яриулахгүй байна. Би энэ хүнтэй амьдарч чадахгүй сална, дахин очихгүй” гэж хэлсэн юм. Тиймээс бид шүүхэд хандаж гэр бүл салгуулах гэтэл “Нялх хүүхэдтэй тул салгах боломжгүй” гэж хэлээд өргөдөл хүлээж аваагүй юм. У манайд 1 жил өнгөрүү бидэнтэй хамт амьдарсан. Өнгөрсөн 2017 оны 07 сард Ж гэрээрээ нүүж ирээд манай хажууд 1 сар орчим амьдарсан. Энэ хугацаанд гуйгаад “Дахин зодож цохихгүй, жаргаана” гэж амлаад байсан юм. Тэгж байгаад 2017 оны 08 сарын сүүлээр “Танай хажууд байж чадахгүй, би өөрийнхөө амьдарлыг өөрөө мэднэ” гэж хэлээд У-г аваад, гэрээ ачаад нүүгээд явчихсан юм. Тэгээд “Нарийн ус” гэх газарт очиж буугаад 7 хонолгүй охиныг минь зодож гэмтээсэн байсан. Бид Ж-д маш их гомдолтой байна. Ж охиныг минь зодохдоо дандаа нүдэнд үл харагдах битүү газар болох толгойны ар хэсэг, хүзүү, бөөр орчмоор нь зоддог байсан гэсэн. Тиймээс нүдэнд харагдах гэмтэл бэртэл ажиглагдаж байгаагүй. Бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

                3. Гэрч Л.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Эхнэр бид хоёр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд том охиныг маань У гэдэг, 21 настай. У 2015 онд Ж гэгч залуутай гэр болсон. Одоо 1 ой 6 сартай охинтой юм. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай хамаатны Сэлэнгэ гэдэг хүн над уруу утасдаад “Таны охин У-г нөхөр нь зодсон гэнэ. Гэртээ хэвтэрт байгаа юм байна. Энэ талаар У надад өөрөө утсаар хэл дуулгалаа” гэж хэлсэн юм. Манайх хөдөө байдаг бөгөөд гэрийн утас сүлжээ муу ордог учир заримдаа холбогдох боломжгүй болчихоод байдаг юм. Би энэ талаар сонсоод тэр өдөртөө эхнэр О-ын хамт өөрийнхөө машинаар Сагил сумын “Нарийн ус” гэх газарт очиход миний охин У зодуулж гэмтсэн байдалтай, босож чадахгүй хэвтэрт байсан. Ойролцоо айлын хоёр эмэгтэй “Гар, хөл нь хөрчихөөд байна” гээд гар, хөлийг базаж барьж байсан. Охиноос болсон явдлын талаар асуухад 2017 оны 08 сарын 27-ны өдөр “Өвс бухалдаж чадахгүй” гэж хэлэхэд нөхөр нь зодсон байсан. Маргааш өглөө нь нөхөр нь “Өвсөндөө явна” гэхэд охин маань “Толгой өвдөөд босож чадахгүй байна” гэхэд уурлаад “Нэг мөсөн болгоно” гэж хэлээд дахин зодож байсныг ойролцоо айлын С гэх залуу салгасан байсан. Түүнээс хойш босож чадахгүй хэвтэрт байсан юм байна лээ. Тэгээд би “Өндөр мод” багийн эмч Б гэх хүнийг дуудаж үзүүлэхэд өвчин намдаах хэдэн тариа хийгээд “Өнөөдөртөө хөдөлгөж болохгүй. Маргааш сумын эмнэлгийн их эмчтэй ирж авна” гэж хэлээд явсан тул тэр өдөртөө охиноо хөдөлгөхгүй тэндээ хоносон юм. Маргааш нь Б эмч ирж У-г авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Миний хүргэн Ж гэгч нь миний охинтой гэр бүл болсноосоо хойш охиныг минь удаа дараа зодож гэмтээж байсан. Тухайн үед нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандахгүй өнгөрөөж байсан юм. Энэ явдлаас өмнө 2016 оны 05 сард У “Нөхөр зодлоо” гэж хэлээд охиноо аваад ойролцоо айлын хүнээр мотоциклоор хүргүүлж ирсэн. Тухайн үед У “Нөхөр маань архи уусан үедээ хэд хоногоор явчихдаг. Ирээд удаа дараа зодсон. Энэ хүнтэй таарч тохирохгүй юм байна. Нөхрөөсөө сална” гэж хэлж байсан. Түүнээс хойш Ж манайд ирж “Дахин ийм зүйл хийхгүй, зодож гар хүрэхгүй, жаргаана” гэж гуйсаар байсан тул 2017 оны 08 сарын сүүлээр охиноо дахин өгч явуулсан юм. Үүнээс өмнө бас зодож цохиж байсан гэж охин маань сүүлд хэлсэн. Миний хажууд Ж охиныг маань зодож цохиж байгаагүй. Ж, У нар хоорондоо таарамж муутай, хэрүүл маргаантай байдаг байсан. Би тэдэнд “Ийм янзаар амьдрана гэж байхгүй. Та хоёр зан харьцаагаа өөрчилж эвтэй амьдрах хэрэгтэй” гэж эцэг хүний хувьд сургааль хэлж байсан. Ж-ийн эцэг, эх нь миний охинд их сайн бөгөөд хүүгээ загнаад хүүгээс нь хамаг зүйл болсон гэж ярьдаг юм. Сая очиж охиноо авахад хүртэл “Наад залуугаа цагдаад өгч шоронд нь явуул” гэж хэлж байсан юм. Ж архи уудаг, уухаараа олон хоногоор тэнээд явчихдаг. Агсам согтуу тавьдаг, ялихгүй зүйлээс хэрүүл маргаан гаргаж охиныг маань зоддог гэж сонссон. 2016 оны 05 сард охин маань нөхөртөө зодуулаад ирэхэд нуруу, хөл, гар орчмоор нь хөх няц болсон байсан. Сая 2017 оны 08 сарын 29-ний өдөр очиход баруун гар орчимд нь шалбарсан байсан. Нүүр царай бусад газарт хөхөрч няцарсан зүйл ажиглагдаагүй. Хажуу айлын хүн салгасан гэж хэлж байсан. Манай охин У эрүүл саруул өссөн, архаг хууч өвчингүй хүүхэд байгаа юм. Ж-той гэр бүл болохоос өмнө болон гэр бүл босоноос хойш эмнэлэгт хэтэж эмчлүүлж байгаагүй. Хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/

                 4. Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ж нь миний төрсөн хүү юм. Хүү Ж маань У гэх охинтой гэр бүл болж тусдаа гараад 2 жил болж байна. Тэд гэр бүл болоод удалгүй хүүхэдтэй болсон бөгөөд хүүхэд нь 2 ой хүрээгүй байгаа. 2016 оны 4 дүгээр сард эхнэр бид 2 “Нарийн ус” гэх газарт өвчтэй эцгээ сахиж байсан бөгөөд тэр үед Ж “Зах нарийн” гэх газарт гэртээ үлдсэн юм. Тэгээд бид нар 14 хоноод ирэхэд Ж гэртээ ганцаараа байсан бөгөөд У байхгүй байсан. Учрыг нь асуухад Ж “Би Сагил сум яваад Боршоо ороод замдаа саатаад 1 хоноод ирэхэд эхнэр маань хүүхдээ аваад эцэг, эх рүүгээ явчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед мал хуй эзэнгүй, зутарсан байдалтай байсан юм. Тэгээд би У-гийн араас очиж аав, ээж, ах, дүү нартай нь 3-4 удаа уулзаж тэр хоёрыг цаашид амьдруулах талаар асуухад У “Ж намайг ганцааранг маань хаяад явчихдаг. Би хүнгүй газар нялх биетэй ганцаараа байж чадахгүй” гэж хэлсэн юм. Түүний дараа би Ч-тэй уулзаад Ж-ийг тэдний гэрийн гадаа гэрээр нь буулгасан юм. Түүнээс хойш 1 сарын дараа Ж хүүхдээ У-гийн эцэг, эхэд үлдээгээд эхнэрийн хамт гэрээрээ “Нарийн ус” гэх газарт нүүж ирж буусан юм. Тэнд буугаад удаагүй байтал ийм асуудал болсон байна лээ. Тухайн үед би “Зах нарийн” гэх газарт өвс хадаж байсан тул болсон явдлыг хараагүй юм. Ж, У нар нь сүртэй маргалдаад байдаггүй ч нэг нэгнийхээ үгийг даадаггүй, жижиг явган хэрүүл маргаан гаргаад байдаг юм. Өнгөрсөн жил У нөхрийгөө байхгүй хойгуур нь явчихсан байсан. Ж У-г зодож, цохидог талаар би мэдэхгүй. Тэр хоёр гэр бүл болоод хэсэг хугацаанд манай гадна байсан бөгөөд тэр үед зодож, цохиж байхыг нь би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

                5. Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 05 дугаар сараас Сагил суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. У, Ж нар нь эхнэр, нөхөр бөгөөд Сагил сумын “Өндөр мод” багт оршин суудаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ч гэх хүн над уруу утсаар яриад “Миний охин У-г түүний нөхөр Ж зодсон байна” гэж мэдээлсэн. Тухайн үед би морьтой эргүүлээр хөдөөгүүр Түргэн, Сагил сумдын нутгаар эргүүлтэй, зодоон болсон газраас хол зайтай явсан учир яаралтай эмнэлэгт үзүүлээд, аймгийн төвд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргах шаардлагатай талаар зөвлөгөө өгсөн юм. Тэдний зүгээс урьд өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

                6. Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2014 оны 06 дугаар сараас 2017 оны 05 сар хүртэл хугацаанд Сагил суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан. У, Ж нар нь эхнэр, нөхөр бөгөөд Сагил сумын “Өндөр мод” багт оршин суудаг юм. Угийн зүгээс  өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаагүй. Ж-ийг эхнэрээ зодож цохидог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар ямар нэгэн мэдээлэл,  өргөдөл гомдол ирж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

                7. Гэрч Т.Б / С /-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ж миний төрсөн ахын хүүхэд юм. 2017 оны 08 дугаар сард Ж манай хажууд ирж буугаад 7, 8 хонож байсан юм. Өглөө 09:00-10:00 цаг орчимд У манайд орж ирээд удалгүй араас нь Ж орж ирсэн юм. Тэгээд Ж Уг “Өвс бухалдъя” гэхэд У “Чадахгүй” гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр манайд хэрэлдээд Ж нь У-гийн толгой уруу цохиод дахин нуруу руу нь нэг удаа цохисон юм. Тэр үед би дундуур нь орж Ж-ийг салгасан бөгөөд дараа нь Ж эхнэрээ дагуулаад хадлан хадаж байгаа газар луугаа явсан юм. Маргааш нь У “Толгой өвдөөд байна” гэж хэлээд хэвтээд байсан бөгөөд түүнээс болж У-гийн аав, ээж нь ирж эмч дуудаж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн юм. Ж эхнэр У-г цохих үед би гэртээ хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд манай эхнэр айлд байсан. У-гийн биед ил харагдах бэртэл, гэмтэл ажиглагдаагүй бөгөөд тархи нь доргисон бололтой “Толгой өвдөж байна” гэж хэлээд хэвтээд байсан. Өмнө нь эхнэрээ зоддог байсан эсэхийг би мэдэхгүй. Манайх тэднийхтэй өмнө нь хамт нутаглаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,  

                8. Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “У, Ж нар нь эхнэр, нөхөр хүмуус бөгөөд манай багийн иргэд тул би танина. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр У гэгч нь “Нөхөртөө зодуулчихаад гэртээ хэвтсэн байдалтай байна” гэх дуудлагын дагуу Сагил сумын нутаг “Нарийн ус” гэх газарт байдаг гэрт нь очиход У гэртээ хэвтрийн байдалтай байсан. Тэдний гэрт нөхөр нь болон ар гэрийн хүмүүс нь ирчихсэн байсан юм. Би У-гийн биед үзлэг хийхэд “Толгой болон нуруу хэсгээр нь эмзэглэлтэй өвдөж байна” гэж хэлж байсан. Босоход толгой эргэнэ, бөөлжүүлнэ гэсэн зовиуртай байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл шарх сорви, цус гарсан, зулгарсан зүйлгүй байсан. Амин үзүүлэлтүүдийг үзэхэд даралт хэвийн хэмжээнээс ихэссэн байсан тул даралт ихэссэн, тархи толгой өвдсөн гэж үзээд Гипертензия, Мигрень гэсэн онош тавьж “Аймгийн төв рүү аваачиж нарийн мэргэжлийн шинжилгээ өгч, томгографид үзүүлэх шаардлагатай” гэсэн зөвлөгөө өгөөд тэр өдөртөө өвчин намдаах тариа хийгээд маргааш хүртэл харзнаад аймгийн төв үрүү аваачихаар тогтсон юм. Маргааш нь өөрийнхөө унаагаар У-г аймгийн төв үрүү Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. У урьд өдөр нь нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Толгой, нуруу орчимд цохиж, зодсон гэж хэлсэн. У-г жирэмсэн байхад нь би хянаж үзэж байсан. Яг зодуулсан гэж дуудлага өгч байгаагүй. Түүний биед урьд өмнө нь үзлэг хийж байхад биед нь ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаж байгаагүй. Надад нөхөртөө зодуулсан талаар юм ярьж байгаагүй. У зодуулахаасаа өмнө 1 жил гаруй хугацаанд нөхрөөсөө усдаа амьдарсан юм. Шалтгаан нөхцлийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

                9. Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 06:00 цаг орчимд миний аавын дүүгийн хүүхэд болох У гэх охин над уруу утсаар яриад “Би нөхөртөө зодуулаад босож чадахгүй хэвтэрт орчихсон байна. Гэрийнхэнтэйгээ холбоо барих гэтэл утас нь холбогдохгүй байна. Хэл дуулгаад өгөөч. Мөн цагдаад мэдэгдэх нь дээр байх” гэж хэлсэн юм. У-гийн аав, ээж нь “Улаан даваа”-ны цаана сүлжээ муутай газар байдаг тул сүлжээ унаад байдаг юм. У над уруу 2-3 удаа залгаж ярьсан тул би түүний ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож болсон асуудлын талаар дамжуулж хэлсэн юм. Тухайн үед би Улаангомд байсан юм. У надад утсаар “Нөхөр Ж гар луу нь тавгаар цохисон. Мөн толгой, нуруу луу нь зодсон тул хэвтэрт орсон байна. Толгой нь өвдөж, толгой нь эргээд халуураад босож чадахгүй байна. Нөхрөөсөө нууцаар утсаар ярьж байна” гэж хэлсэн. Мөн зодуулж байхад нь хажуу айлын С гэх залуу салгасан талаар хэлсэн. У нь албан бус сургалтаар Улаангомд сурч манайд амьдардаг байсан тул надтай дотно байдаг юм. Манайд байхдаа Ж-той танилцаж дотносоод жирэмсэн болсон бөгөөд хүүхдээ төрүүлээгүй байхдаа Ж-той гэр бүл болсон юм. Тэгээд гэр бүл болоод удаагүй байхдаа буюу 2015 оны 12 дугаар сард нөхөртөө зодуулсан байсан. Нөхөртөө зодуулаад нүд нь хөхөрчихсөн байсан талаар би сонсож байсан юм. Түүнээс өмнө буюу 2015 оны 09 дүгээр сард намайг эмээгээ асрахаар хөдөө очсон байхад У “Нөхөртөө зодуулсан” гээд нүд нь хөхөрчихсөн байсан юм. Хүүхэд нь төрөөд удаагүй байхад бас нөхөртөө зодуулаад гэртээ хүргүүлсэн байсан. Түүнээс хойш У 1 жил өнгөрүү хугацаанд аав, ээжийнхээ гэрт амьдарсан юм. Ж нь эхнэр У-гаа байнга зоддог, олон хоногоор архи уугаад явчихдаг, онгироо, сагсуу, дураараа зантай залуу байгаа юм. Ж, У нар нь 2 ой хүрээгүй охинтой бөгөөд ар гэрийн амьдарлын хувьд дутагдах, гачигдах зүйлгүй, мал хөрөнгөтэй айл байгаа юм. У надад хэлэхдээ гэртээ гадны хүнгүй үед зоддог гэж байсан. Мөн гар утас бариулдаггүй, гар утсыг нь эвдчихдэг, гар утсыг нь авч яваад хаячихдаг гэсэн. У сүүлд зодуулаад хэвтчихсэн байхдаа надад “Над уруу битгий залгаарай. Ж намайг утастай гэдгийг мэдчих байх. Намайг зодсон талаар ах, дүү, эцэг, эхдээ хэлбэл зодно гэсэн” гэж ярьж байсан. Мөн Уд мөнгө төгрөг өгдөггүй, Уг дарамтлаад байдаг гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,  

              10. Гэрч Л.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “У бол миний төрсөн ах Ч-ийн охин нь юм. 2015 оны 12 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, У манай гэрт ирж надаар бариулахад толгой нь доргисон байсан тул би толгойг нь 2 удаа барьж өгсөн юм. Тухайн үед У-гийн тархи доргисон байсан бөгөөд өөр гэмтэл анзаарагдаагүй. Тэр үед манайх Ч ахынхтай айл саахалт байсан юм. У толгойгоо бариулах гэж ирэхдээ нөхөр Ж-ийн хамт ирсэн бөгөөд юунаас болж тархи нь доргисон гэж хэлж байсныг нь одоо санахгүй байна. Тухайн үед У жирэмсэн байсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сард амаржсан бөгөөд амаржаад удаагүй байтал Уг нөхөр нь зодсон тул Ч ах очиж У-г авч ирж байсан юм. Түүний дараа буцаад нөхөртэйгээ нийлж амьдарч байгаад 2016 оны 04 дүгээр сард дахин нөхөртөө зодуулаад аав, ээжийнхээ гэрт очсон байсан. Тэгээд түүнээс хойш тусдаа амьдарч байгаад  2017 оны 08 дугаар сард нөхөртөө дахин зодуулаад хэвтэрт орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,                      

            11. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №534 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ Үзүүлэгч Ч.У-гийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт гэмтлийн улмаас эмчилгээ хийгдсэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,

            12. Шүүгдэгч Д.Ж, хохирогч Ч.У нарын 501/000337 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-р тал/,

            13. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-46 тал/,

            14. Шүүгдэгч Д.Ж-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р тал/,

            15. Шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “У бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, хурим найраа хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 27-ны орой хадлангаас гэртээ ирчихээд байж байгаад эхнэр У-д “Маргааш хамт явж өвс бухалдах ажилд туслаарай” гэж хэлэхэд урдаас “Би өвс бухалдаж чадахгүй. Чи өөрөө өвсөө бухалд” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би уурлаад хоолны жижиг таваг аваад эхнэр лүүгээ шидчихсэн. Тэгтэл эхнэрийн баруун гарын сарвууны ар хэсэгт цохигдсон юм. Тэгээд хоол ундаа идчихээд маргааш өглөө нь босож цайгаа ууж байгаад эхнэр У-г “Хадланд явъя” гэхэд “Би явж чадахгүй, чи өөрөө очиж хадлангаа хад” гэж хэлсэн тул бид хоёр түүнээс болж маргалдсан юм. Тэгтэл У гүйгээд С /Б/ ахын гэрлүү орсон. Би араас нь ороод толгой уруу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд тонгойход нь нуруун дээр нь нэг удаа тохойгоороо цохисон. Тэгтэл хажуугаас С /Б/ салгасан юм. Бид хоёр тэндээсээ гэрлүүгээ ороод би эхнэрээ аваад өвсөнд явж, өвс бухалдаад орой нь ирж амарсан. Маргааш нь өглөө нь У “Толгой өвдөөд байна” гэж хэлээд бие нь муу сульдсан байдалтай байсан тул би өвсөндөө яваагүй гэртээ өнжсөн юм. Би гэр зуурын ажил хийж, орж гараад явж байх хооронд эхнэр маань эцэг, эхдээ хэл дуулгасан байсан бөгөөд үд өнгөрч байтал хадам аав, ээж хоёр манайд ирсэн. Тэгээд багийн эмчийг дуудаж У-г үзүүлсэн юм. Багийн эмч ирж үзээд “Өнөөдөртөө хөдөлгөж болохгүй, тархи нь доргисон, даралт ихтэй байна” гэж хэлсэн тул тэр оройгоо хоноод маргааш нь багийн эмч Б хувийн машинаараа Уг аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Би аймагт хамт ирсэн бөгөөд Нэгдсэн эмнэлгийн эмч нар У-гийн биед үзлэг хийгээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Би Уг “Өвс бухалдъя” гэхэд “Чадахгүй өөрөө яв” гээд байсан тул миний уур хүрээд түүнийг Б-ийн гэрт байхад нь толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд У айгаад эргэсэн. Би яг хаана цохисон болохоо анзаараагүй. У цаашаа хараад С /Б/-ийн араар орох хооронд  нуруу руу нь нэг удаа тохойгоороо цохисон юм. Тэр үед С ах салгачихсан бөгөөд дахин зодож, цохисон зүйл байхгүй. Би У-тай гэр бүл болоод 2 жил болж байна. Би эхнэрээ урьд өмнө нь зодож байгаагүй. 2016 оны 03 дугаар сарын эхээр У хүүхдээ төрүүлээд 7 хонож байхад би адуугаа эргэхээр хөдөөгүүр явж байтал эхнэр маань над уруу “Одоо гэртээ ирээч” гээд дахин дахин утасдаад байсан юм. Би түүнд “2 морь олдохгүй байна. Мал хайгаад завгүй байна” гэж хэлсэн боловч дахин залгаад байхаар нь “Чи гэртээ ганцаараа байж чадахгүй юм бол тэр эцэг, эх рүүгээ зайлахгүй юу” гээд хэлчихсэн юм. Би гэрээс гарснаас хойш 7 хоноод буцаж гэртээ ирэхэд У-г аав Ч нь ирээд аваад явчихсан байсан. Би ганц хоёр хоноод хадам аавынд очиж уулзахад хадам аав надад “Чи нялх биетэй эмэгтэйг нярай хүүхэдтэй нь орхиод олон хоногоор явчихлаа” гэж загнасан юм. Тэгээд эхнэр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Түүнээс хойш 1 сар өнгөрүү хугацааны дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 01-нд хурдан морины бооцоот уралдаан болох гэж байсан тул 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр би морь уяж байгаад Сагил сумын төв орж хурдан морь унадаг хүүхэд авч ирээд морь унуулж үсэргэж байгаад 2 хоногийн дараа морь унасан хүүхдүүдээ хүргэж өгөөд буцаж иртэл У хүүхдээ аваад ойролцоо айлд байдаг туслах малчин залуугаар эцэг, эх дээрээ хүргүүлсэн байсан. Би хэд хоногийн дараа хадам аавынд очиж уулзахад У хадам аавд “Ж гэр орондоо тогтохгүй хэсээд олон хоногоор алга болчихоод байна. Би энэ хүнтэй амьдарч чадахгүй” гэж хэлсэн байсан. Хадам аав, ээж хоёр “Охиноо өгч явуулахгүй, салгаж авна” гэж хэлсэн тул би буцсан. Түүнээс хойш байсаар дараа жил нь буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны орчимд эцэг, эх маань тэдэнтэй уулзаад хамт амьдруулахаар болсон тул би гэрээрээ хадам аавын гадна очиж 1 сар орчим амьдраад, 2017 оны 08 дугаар сарын 21-нд тэндээс нүүж “Нарийн ус” гэх газарт ирсэн байсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье ” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ч.У-г зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учуулсан нь хохирогч Ч.У, гэрч Т.Б, Б.О, Л.Ч, Ц.С, Э.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ж-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №534 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Д.Ж нь хохирогч Ч.У-тай 2015 оны 10 сард гэр бүл болж хамт амьдарсан байх ба хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ нөхөр Д.Ж хамт амьдрах хугацаанд намайг байнга зоддог, хэл амаар доромжилдог, аав ээжтэйгээ утсаар ярихыг хязгаарладаг байсан, тухайлбал  2015 оны 12 дугаар сар, 2016 оны 3, 5 дугаар саруудад нөхөр Ж-д зодуулсан, энэ шалтгааны улмаас 2016 оны 5 сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл тусдаа амьдарсан, нөхөртөө зодуулсан талаараа аав ээжээсээ болон бусад хүмүүсээс нууж байсан, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ” гэх мэдүүлэг болон гэрч Б.О, Л.Ч, Ц.С, Л.Ц нарын мэдүүлгээс дүгнэхэд Д.Ж нь эхнэр Ч.У-г зоддог буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.                   

                  Хохирогч Ч.У нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Д.Ж-д зодуулсан талаараа өөрийн хамаатан гэх Ц.С-тэй утсаар ярьж хэлснээр түүний аав ээжид нь мэдэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

                  Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.У-г зодож, бие махбодид нь  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх  үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Шүүгдэгч Д.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.У-гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмтлийн улмаас Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2017 оны 8 дугаар сарын 30-аас 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд хэвтэж эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан өвчний түүхийн баримт болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр  нотлогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “ Ж-оос эмчилгээний төлбөрт 350000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй тул тооцоолж гаргах боломжгүй, харин хохирогч, хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

                   Шүүгдэгч Д.Ж-д ял шийтгэхэд хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Ц овгийн Д-ийн Ж-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Ч.У, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                             ДАРГАЛАГЧ,

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН