Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00864

 

“Эм Би Ай Эф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 380 дугаар шийдвэр,         

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр магадлалтай,

“Эм Би Ай Эф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Л.Агваан, Б.Одончимэг нарт холбогдох,

32.627.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазар нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Эм Би Ай Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянмонгол” төсөл 2007 онд Булган аймгийн Гурванбулаг сум, 2008 онд Дашинчилэн сумдад хэрэгжиж эхэлсэн байдаг бөгөөд Булган аймгийн Дашинчилэн сум дахь орон нутгийн зохицуулагч /ОНЗ/ Д.Гүррагчаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд төслийн хөрөнгөөр 2009 оны 8 дугаар сарын 20-нд Л.Агвааны эцэг Лхагва агсанаас 100 эм хонь худалдан авч, Л.Агваан болон түүний эхнэр Б.Одончимэг нартай компанийн нэрийн өмнөөс гэрээг танилцуулан өөрийнх нь хүсэлтээр гэрээ байгуулан төсөлд хамрагдсан. Энэхүү гэрээгээрээ иргэн Л.Агваан 2011, 2012, 2013, 2014, 2015 он тус бүрд 50 охин төлөг, 10 эр сувай хонь /жил бүр 60/ бүгд 300 хонь төслийн талд хүлээлгэн өгч байхаар тохиролцож малчин өрхтэй байгуулах гэрээг 3 хувь үйлдэн гарын үсэг зурж эхнэр нөхрийн фото зургийг хамтад нь авч баталгаажуулсан байдаг.

Тухайн үед гэрээний шаардлагыг иргэн Л.Агваан, Б.Одончимэг нар ханган гэрээ хийсэн бүрэн материал 2009 онд бүрдүүлэн бид албан ёсоор Л.Агваан, Б.Одончимэг нарыг төслийн малчнаараа бүртгэн, хамтран ажиллах боломжтойг ОНЗ Д.Гүррагчаа гэрээ болон бүртгэлийн материалыг хүлээн авч тухайн жилдээ төслийг хамтран зохион байгуулж буй Бельгийн талдаа тайлагнаж интернетэд тавьсан байдаг. Эхэндээ иргэн Л.Агваан, Б.Одончимэг нар нь гэрээний заалтыг биелүүлж, 2011 онд 60 хонио манай ОНЗ Д.Гүррагчаагаар дамжуулан Дашинчилэн сумын 1-р багийн иргэн Д.Ганзолбоод шилжүүлэн өгсөн. Дараа жил буюу 2012 онд гэрээний дагуу 60 хонио авах гэсэн боловч ОНЗ Д.Гүррагчааг элдвээр доромжлон, зодож, бүдүүлэг авир гарган Баянмонгол төслийн малчин биш хэмээхэд ОНЗ Д.Гүррагчаа нь тухайн үед /2009 онд/ хийсэн өөрт байсан 1 хувь гэрээг үзүүлэхэд, гэрээг уран галд шатаасан байдаг.

Мөн цаашлаад зурсан гарын үсгээ санаатай өөрчилж, гэрээ байгуулаагүй хэмээн бүдүүлгээр манай төслийн нэр хүнд болон бид бүхнийг гүжирдэж байгаа нь иргэн Л.Агваан, Б.Одончимэг нарыг гэрээгээ биелүүлээгүйн улмаас төслийн малчин байх эрхгүй хэмээн үзэж байна. Иймд Л.Агваанаас гэрээгээ цуцлахтай холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Анх Агваанд олгосон 100 эм хонь, 2012-2014 онд авбал зохих бүгд 280 хонь буюу 31.500.000 төгрөг, мөн бусад зардал буюу өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, бие төлөөлөгч Ц.Дашдондогийн хөлс 50.000 төгрөг, ОНЗ Д.Гүррагчаагийн мэдүүлэг өгөх гэж дуудагдаж Булган аймаг орж буцсан замын зардал 50.000 төгрөг, гэрч Нямдашийн Улаанбаатараас Булган аймаг орж буцсаны зардал 200.000 төгрөг, ОНЗ Д.Гүррагчаагийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралд орохоор Булган орж буцсан зардал 50,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн давж заалдах шатны хуралд орохоор Д.Гүррагчаа, өмгөөлөгч Д.Дарьбазар нарын Орхон аймаг ирж буцсаны замын зардал 80.000 төгрөг, нийт 32.430.000 төгрөгийг иргэн Л.Агваанаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь гэрээний эрх зүйн маргаан юм. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн эсэх, талууд гэрээнд ямар эрх үүрэгтэй оролцох, гэрээний дагуу үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Нэхэмжлэгч тал нь гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа. Л.Агваан Б.Одончимэг нар Д.Гүррагчаа нь аавтай хонины наймаа хийсэн, энэ асуудал дууссан гэж аав хэлсэн. 2011 онд аав нас барсан гэж ярьдаг. Хариуцагч нар гэрээ байгуулагдаагүй, хэлцэл тохироо хийгээгүй гэж хэлдэг. Гэрээг зурсан гэх гарын үсгийг 3 удаа шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн. Шинжилгээнд тэдний гарын үсгийн харьцангуй чөлөөт загварыг авч 2010, 2011 онуудад бичигдсэн бичиг баримттай харьцуулан шинжилгээ хийхэд тэдний гарын үсэг мөн болох нь тогтоогдоогүй байна. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж зааснаас үзэхэд талуудын хооронд гэрээ хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний үнэмлэх шинэчлэн олгох ХААТР 21 дүгээр маягтад /1998 он/ Авгаан гэж гарын үсэг зурсан байдаг хэдий ч цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн үнэмлэх, сайн малчны гэрчилгээ зэрэгт Агваан гэж бичсэн байдаг. Л.Агваан гэрээ хийсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ хийсэн гэдэг нь нотлогдохгүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш болж байна.

Орон нутгийн зохицуулагч компани хоёрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд компанийн өмнөөс бие дааж гэрээ байгуулах нөхцөл орон нутгийн зохицуулагчид олгогдоогүй байна. Тус компани нь малжуулах төсөл хэрэгжүүлэх чиг үүрэг байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй. Хуулийн этгээдийн гэрчилгээнд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй гэж бичсэн байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй байна. Мөн Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл дотор Баянмонгол төсөл гэж байхгүй байгаа. Эм Би Ай Эф ХХК нь үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж малчдаас мал хямд авч хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Үүнээс үзэхэд хуулийн этгээд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар үйл ажиллагааны чиглэлээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэлцлийн хүрээнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Л.Агваанд 100 толгой мал хүлээлгэн өгсөн ямар ч баримт байхгүй байна. 7 дугаар сарын 25-нд Л.Агваан гэж бичээд 9.000.000 төгрөг өгсөн баримт байдаг. Энэ баримтын гарын үсэг нь Л.Агвааны гарын үсэгтэй тохирохгүй байна. Лхагваас 200 хонь авч Бэрхбаатар, Доржнямбуу нарт хүлээлгэн өгсөн гэх баримт нотолгоо байдаггүй. Лхагваас мал худалдаж авсан гэдэгт талууд маргадаггүй. 2012 оны 9 дүгээр сарын 28-нд нэхэмжлэгчийн ярьж байгаа асуудал болсон бөгөөд Лхагва нас бараад 49 хоног болж байхад очсон гэж ярьсан. Гэтэл Лхагва нь 2011 оны 9 дүгээр сарын 21-нд нас барсан байдаг. 49 хоног дуусаагүй байна гэж хэлсэн гэж ярьж байгаа нь худал болох нь үүгээр батлагддаг. 2012 оны 9 дүгээр сарын 28-нд мал авахаар очсон. Хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзвэл энэ өдрөөс гэрээнээс татгалзах эрх нь үүсэж 2013, 2014 оны төлийг нэхэх эрхгүй юм. Мөн нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаад түүнээс үүдэн гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Л.Агваан, Б.Одончимэг нартай байгуулсан гэрээг цуцалж, 280 хонь буюу 31.500.000 төгрөг, бусад зардалд 1.127.000 төгрөг тус тус гаргуулах тухай Эм Би Ай Эф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320.100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 380 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эм Би Ай Эф” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Л.Агвааны 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Гүррагчаатай байгуулсан гэрээнд зурсан гарын үсэгний хэв түүний иргэний үнэмлэх болоод ХААТР маягтанд зурсан гарын үсэгтэй тохирдог.

-Гэрч Г.Жаргалсайхан 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө 2011 оны 09 дүгээр сард Л.Агвааныд очиж 50 эм хонь, төлөг ялгаж авсан. Малжуулах төслийн хонь юм байна гэдгийг тухайн үед ойлгосон гэж мэдүүлсэн.

-Л.Агваан.Б.Одончимэг нар нь малжуулах төсөлд хамрагдсан тухайгаа фото зураг тайлбарын хамт интернетэд тавигдсан тухай материал хэрэгт байгаа.

Шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчин зөвхөн шинжээчийн дүгнэлтийг урьтал болгож шийдвэр гаргасан.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 “хамтран ажиллах гэрээ”, 225 дугаар зүйлийн 225.1 “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, 205 дугаар зүйлийн 205.1 “гэрээ биелүүлснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг баримтлан гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь шийдвэрийн тогтоох хэсгийн заалтуудтай зөрчилдсөн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн “нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй алдааг засаж залруулаагүй зөвхөн мал хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой” байна. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч “Эм Би Ай Эф” ХХК нь хариуцагч Л.Агваан, Б.Одончимэг нарт холбогдуулан 32.627.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг “хамтран ажиллах гэрээ байгуулсан, үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...гэрээнд зурсан гарын үсэг биш” гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Малчин өрхтэй хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд зурсан гарын үсэг хариуцагч нарынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд гэрээг бичгээр байгуулсан бол хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Хариуцагч нар дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, энэ тохиолдолд зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээнээс татгалзах, улмаар хохирол шаардах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 100 эм хонь хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Иргэний хуулийн  476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Л.Агвааны 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд зурсан гарын үсэг түүний үнэмлэх болон ХААТР маягтад зурсан гарын үсэгтэй тохирдог, гэрч Г.Жаргалсайхан 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө 2011 оны 09 дүгээр сард Л.Агвааныд очиж 50 эм хонь, төлөг ялгаж авсан. Малжуулах төслийн хонь юм байна гэдгийг тухайн үед ойлгосон гэж мэдүүлсэн, Л.Агваан, Б.Одончимэг нар нь малжуулах төсөлд хамрагдсан тухайгаа фото зураг тайлбарын хамт интернетэд тавигдсан тухай материал хэрэгт байгаа...” гэх гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 380 дугаар шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 320.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ