Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 292

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга,

нийслэлийн Газрын албаны даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь               

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Газрын албанд даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0252 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.8, 20.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-гийн “нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0252 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Их Хурлаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэсэн хуулийн өөрчлөлтийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оруулсан. Хуулиар дүүргийн Газрын албаны даргыг томилж, чөлөөлөх эрхийг дүүргийн Засаг даргад олгосны дагуу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Ц.Б-г томилсон нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.2, 3.3, Төрийн албаны тухай хуулийн 17, 21, 23 дугаар зүйлд заасныг зөрчихгүй юм. Шүүхээс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Нөгөө талаар нэхэмжлэгчийн тухайн ажил албан тушаалд 2 сарын турш ажилласан нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, төрийн албан тушаал тодорхой хугацаанд хашсан тохиолдолд мөнхүү хугацааны цалин хөлс гаргуулах нь Төрийн албаны тухай хуульд нийцэх юм.

4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад эрх олгогдоогүй асуудлаар гаргасан. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаар зүйлд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй” гэж тайлбарласныг зөрчиж гарсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шаардлагыг хангаагүй. Хариуцагч нь техникийн алдаатай уг захирамжийг засах боломжтой гэсэн боловч шүүх хуралдаанаас өмнө захирамжийг засаагүй.

5. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан хууль хэрэглэх зарчмын дагуу сүүлд хүчин төгөлдөр болсон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д заасныг хэрэглэх нь хуульд нийцэх юм.

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж “2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 454 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар томилж шийдвэрлэсэн тул гомдлыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/624 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Б-г томилсон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.2, 3.3-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Ц.Б-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч Ц.Б нь “...хуульд зааснаар дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилох эрхтэй, ...миний бие хууль ёсоор томилогдсон” гэж маргаж, уг захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалин, ажилгүй байсан хугацааны цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, хоол, унааны мөнгө зэрэгт нийт 7,160,307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Газрын албаны даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

9. Нэхэмжлэгч Ц.Б-г Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох үед уг албан тушаалд нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар “түр орлон гүйцэтгэгч”-ээр, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар “жинхлэн” томилогдсон Д.Б ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь тухайн албан тушаалын томилгоог хийх эрхгүй этгээдийн шийдвэрээр хууль бусаар томилогдсон Д.Б ажиллаж байсан, хуулийн дагуу эрхтэй этгээдээс томилогдсон учир өөрийгөө “давуу” эрхтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны Б/32 дугаар захирамж хууль зөрчөөгүй гэдэгт үндэслэжээ.

11. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “...дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”-өөр заасан, 23 дугаар зүйлийн 23.3.6-д “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр ...дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Газрын алба /дарга/ хэрэгжүүлэх”-ээр заасан, дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг зэрэг 2 өөр субьект хэрэгжүүлэхээр байгаа нь хуулийн заалт өөр хоорондоо зөрчилдсөн, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу илүү нарийвчлан зохицуулсан, тийм заалтгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх журамтай тул Газрын тухай хуулийн 20.2.8 дахь заалтыг өөрчлөн найруулсан 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хэрэглэх учиртай.

12. Гэвч, энэ маргааны зүйл нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/624 дүгээр захирамж тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь зөв байна.

13. Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын албан тушаалын “сул” орон тоо гараагүй, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш уг албан тушаалд Д.Б ажиллаж байсан, уг албан тушаалын томилгоог “эрхгүй” этгээд хийсэн гэж хэн нэгэн маргаагүй нь тогтоогдсоноос үзвэл, уг албан тушаалд нийслэлийн Газрын албаны даргын шийдвэрээр томилогдсон Д.Б ажиллаж байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга мэдсээр байж уг байдлыг зохицуулахгүйгээр /зөрчил үүсэхээр байхад/ өөрийн “бүрэн эрхийн дагуу” гэж Ц.Б-г томилсон нь бодит байдал дээр Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар 2 хүн зэрэг ажиллах нөхцөл байдал үүссэн, ийм шийдвэр гаргасан нь буруу тул энэ үндэслэлээр гаргасан нийслэлийн Засаг даргын 2017 оны А/624 дүгээр захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасанд нийцжээ.

14. Тодруулбал, Газрын тухай хуульд дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээг 2 өөр албан тушаалтны аль алинд олгосон заалт үйлчилж байгаа нь хуулийн зөрчил боловч тухайн тохиолдолд “түрүүлж” эрхтэй болсон Д.Б-гийн томилгооны асуудлыг шийдвэрлэлгүйгээр “давхар” томилгоо хийсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр нь “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй.

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй.

16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасан, эс үйлдэхүй /захиргааны акт/ хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдвол “даалгах” нэхэмжлэл хангагдана.

17. Хэргийн оролцогчдын тайлбар, бусад баримтаар нэхэмжлэгч Ц.Б-тэй зэрэгцэн Д.Б Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд уг албан тушаалын цалинг Ц.Б-д “давхар” олгох боломжгүй, нэхэмжлэгчийн ажилласан хугацааны буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх цалинг олгоогүйд хариуцагч нийслэлийн Газрын албаны буруутай үйлдэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

18. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0252 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ