Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 016

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч Н.Сакений нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох,

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, энэ хэсэгт Н.Сакенийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыголгохыг нэмж тусгахыг хариуцагчид даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх нөхөн олговор, хоол, унааны зардал 7.583.031 төгрөгийг гаргуулах, мөн аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагч эмчээр түүнийг томилох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгохыг хариуцагчид тус тус даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сакен, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонах, гуравдагч этгээд Ж.Сайын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ерлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Н.Сакен намайг тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 тоот шийдвэрээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн ажилд эгүүлэн тогтоосон ба хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 3 шатны шүүхээр явж тус шийдвэр нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 98 тоот тогтоолоор хүчин төгөлдөр болсон билээ.

Уг шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүйн улмаас миний бие аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсан билээ. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг хариуцагчид биелүүлэхийг удаа дараа шаардсан ба шаардлагыг нь хариуцагч үл хайхран шийдвэрийг биелүүлээгүй учраас дараагийн арга хэмжээ болох Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасны дагуу эрүү үүсгэж, шалгуулахаар прокурорын байгууллагад хандсан.

Аймгийн Прокурорын газраас Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхметэд эрүүгийн хэрэг үүсгэх даваанд намайг ажилд томилсон дүр эсгэж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот хуурамч тушаал гаргаж, прокурорт хүргүүлжээ.

Аймгийн прокурор нь түүнд итгэж, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзээд уг тушаалын хуулбарыг хариу мэдэгдэх хуудасны хамт 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. Уг тушаалын бодит биелэлтийг ханган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга, шийдвэр гүйцэтгэгч Т.Айнагүл болон миний бие Нийгмийн даатгалын хэлтэст яваад очиход тушаал гаргаж ажилд томилсон гэж биднийг хууран мэхэлж шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлүүлэн гарын үсэг зурж, баталгаажуулсан болно.

Миний бие шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдсанаар маргааш өглөө нь ажилд яваад очиход намайг магадлагч эмчийн ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаал танилцуулсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон ажлаа хүлээж авна гэж очиход өөр албан тушаалд томилсон тухай тушаал танилцуулсан тул тушаалыг хүлээж авахаас татгалзсан болно. Учир нь, миний шүүхийн шийдвэрээр томилогдох магадлагч эмчийн ажлын байр хэвээр хадгалагдсан байхад өөр албан тушаалд томилсон тушаалыг танилцуулсан юм. Намайг ажилд эгүүлэн томилсон гэх 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалын эх хувийг одоо хүртэл гардаж аваагүй ба ажил олгогч, ажилтны хооронд ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоо хүртэл дуусгавар болоогүй байгаа.

Иймд шүүхээс хүсэх нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгон, энэ хэсэгт төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувиар, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн 15 хувийн нэмэгдэл, хоол, унааны нэмэгдлийг тооцож олгох талаар нэмж тусгахыг даалгах, мөн 2015 оны 43, 2015 оны Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд томилон ажиллуулахыг даалгах шийдвэр гаргана уу.

Миний ажиллах ёстой гэж маргаж байгаа магадлагч эмчийн бодит жишээ нь өнөөдрийн шүүх хуралдаанд сууж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ж.Сайын нь хэдийгээр магадлагч эмчээр томилогдсон боловч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж чадахгүй байна. Иймд намайг шүүхээс магадлагч их эмчийн ажилд томилох тухай шийдвэр гарлаа гэхэд үүний цаана гуравдагч этгээдийн хувь заяа явагдаж байгаа учраас 43 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн би 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 7583031 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тус шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байсан Н.Сакен нь удаа дараа ажил дээр архи уудаг, ямар ч шалтгаангүйгээр ажил тасалдаг, удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлдэггүй, ил болоод далд аргаар эсэргүүцдэг, хамт олны дунд буруу ур амьсгал төрүүлдэг, аймгийн хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоог огт үндэслэлгүйгээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн хэд хэдэн иргэнд халамжийн сангаас 2,5 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгуулан нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулж байсан.

Зарим иргэний амбулаториор эмчлүүлэгчдийн картад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг өөрөө гишүүдийн гарын үсгийг дурайлган зурж байсан зэрэг Төрийн албан хаагчийн ёс зүй, энэ талаарх журам, дүрмийг зөрчиж Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус аймгийн Прокурорын газрын 5/538 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар батлагдан нотлогдсон тул тухайн үед холбогдох дээд байгууллагад танилцуулаад улмаар Н.Сакенийг үндсэн ажлаас нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалаар халсан шийдвэр гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын хэлтсийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгосон юм.

Хариуцагч байгууллага болох Нийгмийн даатгалын хэлтэс бид дээд байгууллагад гомдол гаргаж улмаар эцсийн шийдвэр гаргасан тул бид Н.Сакенийг ажилд томилох тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалаар эгүүлэн томилсон болно. Н.Сакен нь энэ хоорондын цалинг мөн шүүхээр заргалдаж байгаад авсан юм. Үүнээс болоод Н.Сакен ямар ч хохиролгүй болсон.

Бид Н.Сакенийг Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн хуучин ажилд эгүүлэн тогтоож, миний бие С.Шаяхмет албаны конторт уулзаж өөрт нь урьд гаргаж байсан алдаа зөрчлөө дахин давтагдахгүй байх талаар зөвлөж ажилд нь оруулсан боловч тэрээр урьд гаргаж байсан алдаа дутагдлаа засаагүй бөгөөд Н.Сакен нь өөрөө магадлагч эмчийн ажлаас өөрчлөгдөж өөр ажил хийх сонирхолтойгоо надад мэдэгдэж хүсэлт гаргасан тул Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаалаар Н.Сакенийг магадлагч эмчийн ажлаас өөрчилж, Нийгмийн даатгалын хэлтсийн нэг цонхны үйлчилгээний байцаагч албан тушаалтай ажилд томилсон билээ.

Гэтэл Н.Сакен нь энэ ажлыг мөн адил хийгээгүй, өөрийн хувийн бизнесийн ажил хөөцөлдөж өдий хүрч байна. Н.Сакен нь 20 гаруй тооны гүү, саалгаж, гүүний айраг, сүү борлуулагч том бизнес эрхэлж байгааг аймгийн бүх хүмүүс болон шүүгч та бүхэн ч мэддэг гэдэгт би эргэлзэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10-д төрийн албан хаагч хүн төрийн алба хаах хугацаанд давхар ажил хийхийг хориглосон заалт байхыг Н.Сакен сайн мэддэг боловч түүнд төрийн ажлаас хувийн бизнес эрхлэх нь илүү ашигтай тул энэ хүн бидний ажилд саад болж зүгээр хэвтэж байж цалин нэхэж авч амталчихсан хүн байна гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байгааг та бүхнээс дүгнэлт хийхийг хүсэж байна. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын нэг хувийг прокурор Т.Серикжан, А.Еркегүл нарт өгсөн болно. Тушаалын нэг хувийг өгч болно гэсэн заалт түүний нэхэмжлэлд бичсэнчлэн эх хувийг өгөх заалт хуульд байхгүй байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалууд гараад 3-4 сар болж байна. Хэрэв Н.Сакен эдгээр тушаалуудыг зөвшөөрөхгүй байсан бол хуульд заасан хугацаа болох 1 сарын дотор шүүхэд хандах ёстой баймаар юм.

Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 онд Н.Сакенийг магадлагч эмчийн ажлаас халсан тушаал гарсны дараа түүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байхад Б.Роза гэгч хөдөлмөрийн чадвар алдсан тухай шийдвэр гарсан мэтээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж зөрчил гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан болно. Үүнд та бүхэн дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалууд хуулийн үндэслэлтэй учир Н.Сакений нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь заалтын дагуу Н.Сакенд нэмэгдэл, зэрэг дэв олгогдох ёсгүй болно. Бид урьд гаргасан тайлбар, энэ удаа ч тайлбар болон холбогдох бичиг баримтыг сайтар судалж хуульд заасан шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт би огтхон эргэлзэхгүй байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ж.Сайыныг магадлагч эмчийн ажилд түр авч ажиллуулах тухай Б/55 дугаар тушаалыг Н.Сакений хүсэлт санаачилгаар хүчингүй болгуулах үндэслэл байхгүй.

Их эмч Ж.Сайын нь урьд нь олон жил Нийгмийн даатгалын хэлтэст улсын байцаагч эмчээр ажиллаж байсан бөгөөд тодорхой хугацаанд тэрээр тус хэлтэст өөр албан тушаал эрхэлж байсан тул өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэс болгож магадлагч эмчийн ажилд түр томилон ажиллуулж байгаа юм. Төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Ж.Сайыныг эрүүл мэндийн хувьд хөнгөн ажилд шилжүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журам мөн Б.Асельтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түр томилсон юм. Өөрөөр хэлбэл бидний Б/55 дугаар тушаалын хүчинтэй байх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-нд дуусах ёстой. Энэ тушаалын хүчинтэй байх хугацаа дууссаны дараа бид магадлагч эмч Ж.Сайыныг цаашид уг ажлыг гүйцэтгүүлэх эсэх асуудлыг шийдэх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонах шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо, хавтаст хэрэгтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй эсэхэд тогтож ярья гэж бодож байна. 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Дараа нь 09 дүгээр сарын 14-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Баттулга, Т.Айнагүл гэх шийдвэр гүйцэтгүүлэгчид ажил хүлээлцүүлэхээр нийгмийн даатгалын хэлтэст очжээ. Ажил олгогч С.Шаяхмет, ажилтан Н.Сакен шийдвэр гүйцэтгэгч нартай цуг асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тэгэхэд Н.Сакен шийдвэр гүйцэтгэгч нарт та хоёр гарч бай, бид хоёр хоорондоо ярилцъя гэсэн байна.

Тэгээд нэхэмжлэгч, хариуцагч хоёр хоорондоо ярилцаж хариуцагчаас та өмнө эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүн, та заавал энэ маргаан бүхий ажлын байранд биш өөр ажил албан тушаалд ажиллавал яах вэ гэсэн саналыг тавьсан байна. Нэхэмжлэгч энэ саналыг хүлээн зөвшөөрч маргааш нь хариуцагч тушаалаа гаргаж ТҮ-5 гэсэн цалингийн шатлалаар цалинжсан байсныг нэг шат ахиулж, ТҮ-6 шатлалаар цалинжуулахаар болж нэг цонхны байцаагч гэсэн албан тушаалд томилсон. Маргааш нь нэхэмжлэгч ажилд ирж нэг өдөр ажиллаад дараа өдрөөс нь эхлэн ажилд ирээгүй явсан байна. Сая нэхэмжлэгч хуурамч материал гэж тайлбар хэлж байна. Үүнийг Б.Баттулга, Айнагүл нар тодорхой мэдэхээс гадна тухайн үед гар утсаар зураг авагдсан байна. Зураг нь маш бүдэг гарсан гаргах боломжгүй юм байна. Сүүлд эрүү үүсгэх даваанд тулсан хүнийг ингэж хуурч болохгүй гэсэн асуудал гарч ирсэн.

Аливаа ажилтан авахад Нийгмийн даатгалын хэлтэст дээд шатны байгууллагын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай юм. Тийм учраас Н.Сакений талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт удаа дараа бичиг явуулж байсан байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Н.Сакенийг ажилд томилохыг зөвшөөрөөгүй. Учир нь, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын магадлах комиссын ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага суларсан гэж ажлаас нь чөлөөлсөн мөн Н.Сакенийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан тул энэ хүнийг ажилд томилж болохгүй гэсэн чиглэл өгчээ.

2013.10.16-ны өдрийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухайн тогтоол байгаа. Уг тогтоолд ...2012.05.10-ны өдөр Арганбекийн амбулаторын картад хөдөлмөрийн чадвар алдалтын 1/4 31-б-д зааснаар 60 хувиар 05 дугаар сарын 01-ээс эхлэн сунгав... гэж бичиж, өөрөөс бусад магадлах комиссын гишүүдийн гарын үсэг болон комиссын тамга, тэмдгийн тус тус скайнердэж хуурамчаар үйлдсэн байна.Улмаар хуурамч бичиг баримтыг үндэслэн иргэн Нургүл, Арганбек нарт халамжийн сангаас тус бүр 1,243,200 төгрөг олгож тэтгэвэр, тэтгэмжийн санд бага бус хохирол учруулсан нь материалд авагдсан баримт сэлтүүдээр нотлогдсон байна. Н.Сакений дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн бүрэн агуулсан байна.

Гэвч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болжээ.

Нэг цонхны байцаагч гэсэн албан тушаалд томилсон тушаал гаргасны дараа нэхэмжлэгчийг нэг сар хугацаанд ажилд ирэх эсэхийг хүлээсэн байна. Тэрээр нэг сарын хугацаанд ажилд ирээгүй учраас ажлаас нь чөлөөлсөн. Магадлах комиссын эмч гэдэг нь зүгээр нэг хүнийг томилдог албан тушаал биш юм байна. Уг албан тушаалд томилогдох хүн сонгон шалгаруулалтад орж тэнцэж, тангараг өргөж байж томилогдох учиртай юм. Сонгон шалгаруулалтад орсон Ж.Сайын гэдэг хүн орсон байна. Майра, Н.Сакен нар сонгон шалгаруулалтад ороогүй байгаа юм байна. Мөн уг албан тушаалд ямар нэгэн зөрчил гаргасан хүнийг томилохыг хориглосон байна.

Магадлах комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нь магадлах эмч нарын дарга юм байна л даа. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бол төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл болдог. Гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдох гэдэг нь шүүхээс шийдвэр гарсан байхыг ойлгоно. Прокурорын дүгнэлтэд нэхэмжлэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн байгаа учраас шүүхэд энэ хэрэг ирж шийдвэрлэгдээгүй юм байна. Нэхэмжлэгч ажилд эргэж орохоор боливол яах уу гэдгийг хүсэлтийг дээд шатны байгууллагад тавихад Ерөнхий газраас ачаалал их байгаа тул нэг цонхны байцаагч гэсэн ажилд томилно уу гэж хэлжээ. Нэг цонхны байцаагч гэх албан тушаалд ажиллана гэвэл Н.Сакенийг ажилд авъя гэсэн. Магадлах комиссын магадлагч эмч гэх албан тушаалд Ж.Сайыныг түр хугацаагаар томилсон юм байна. Түр хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусах юм байна. Тийм учраас уг хугацаа өнгөрсний дараа тухайн орон тоог дахиж зарлана. Зарлахад сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүн уг орон тоонд томилогдон ажиллах ёстой.Тийм учраас дээрх хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтад ороогүй ямар нэгэн хүнийг уг албан тушаалд томилох боломжгүй юм. Дүрэм, журамд ийм л зохицуулалттай юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Гуравдагч этгээд Ж.Сайын шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие Жетписбай овогтой Сайын 1957 онд төрсөн, одоо 59 настай. Улсад 35 дахь жилдээ ажиллаж байгаа. Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст магадлагч их эмчийн орон тоонд түр томилогдож ажиллаж байгаа.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүл мэндийн байдлаас гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болон тул ажлаас 1 жилийн чөлөө авахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүсэлт гаргасан.

Миний гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 56 тоот тушаалаар чөлөө олгосон болно. Чөлөө авсан хугацаанд Турк улсад онош тодруулж, эмчилгээ хийлгэж чөлөөний хугацаа дууссаны дараа ажилдаа эргэн орсон. Биеийн байдал сайнгүй учир урьд өмнө нь Эрүүл мэндийн даатгалын албаны даргын албан тушаалаар түр хугацаагаар чөлөөлж, хөнгөн ажилд шилжүүлж өгөх тухай хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 55 тоот тушаалаар магадлагч эмчээр түр томилогдсон. Эрүүл мэндийн ачаалал даахгүй байсан тул түр хугацаагаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа гэжээ. Урьд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст зөвхөн байцаагч эмч гэсэн албан тушаалтан магадлагч их эмчийн ажлыг давхар хариуцаж ажиллаж байсан. Миний бие уг Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн эмчийн орон тоонд 12 жил ажилласан хүн.

Улмаар тэр байцаагч давхар хариуцаж байсан магадлагч их эмчийн орон тоог тусгаарлахад Майра гэдэг эмч томилогдон ажилласан. Гэтэл миний бие эрүүл мэндийн байдлаас болж 2014 онд өөрийн хүсэлтээр жилийн чөлөө авч, гадаадад эмчлүүлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилд эргэж орсон. Би ажилд орох үед Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхметэд хөнгөн ажилд ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар намайг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар магадлагч их эмчийн ажилд томилсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. 3 шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэх даваанд тулахад нэг тушаал гаргаад тушаалыг танилцуулмагц дараагийн өдөр нь бас өөр нэг тушаалаар ажил албан тушаалыг нь өөрчлөн сонсгосон, ажлаас чөлөөлсөн юм байна.

Өөрийн хүсэлтээр өөр албан тушаалд томилсон гэж байгаа 43 дугаар тушаал ямар ч үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байгаа. Ямар үндэслэлээр тухайн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байгаа талаар үндэслэлийг хуулийн зүйл заалттайгаар үндэслэж бичээгүй, хэзээ гаргасан ямар хүсэлтийг баримталж тухайн тушаалыг гаргах болсныг мөн дурдаагүй юм байна. Уг тушаалыг ажлаас чөлөөлсөн бус өөр албан тушаалд шилжүүлэн томилсон тушаал юм байна гэж бодсон. Гэхдээ тушаалыг гарчиг хэсэгт заасан зүйл нь тушаалын бичилт хэсэгт дэх агуулгатай таарахгүй байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбарлахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэг нартай хамт харилцан тохиролцсон, нэхэмжлэгчийн хүсэлтийг авсан байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгч ийм хүсэлт гаргаж байгаагүй. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж надад хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн тухай асуудал байхгүй хэлж байгаа.

Тийм учраас хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь үндэслэлгүй юм. 41 дүгээр тушаалыг өөрчлөн 43 дугаар тушаал болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргамаар байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурорын тогтоолыг үндэслээд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэм буруутай мэтээр хандаж өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхлээр Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад шүүхээс хэнийг ч гэм буруутайд тооцоогүй, тооцохоос өмнө гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.

Харин прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт байж болно. Гэхдээ шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт нь шүүхээр баталгаажуулаагүй юм. Мөн зөвхөн шинжээчийн дүгнэлтээр бусдын гэм буруутай байдлыг тогтоох боломжгүй. Н.Сакен ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн тайлбар гаргаж байна. Шүүхээс хэлэлцэгдсэн асуудлыг дахин хэлэлцэхгүй тухай зохицуулалт байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

Нэгэнт 3 шатны шүүхээс Н.Сакен гэдэг хүнийг магадлагч эмч гэдэг албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад энэ асуудалд маргаж байгаа явдал нь шүүхийн үл хүндэтгэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, санаатай үйлдэл гэж тайлбарламаар байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ..Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан. Саяны байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбоотой боловч өмнө нь тогтоогдсон асуудал юм. Өмнө нь тогтоогдсон асуудлыг өнөөдөр дахин авч хэлэлцэх үндэслэл байхгүй байна.

Тийм учраас өмнө нь тогтоогдсон асуудлын талаар өнөөдөр тайлбар хэлэх нь илүүц байна. Зэрэг дэв, унаа, хоолны зардлын тухай Улсын Их Хурлын 1995 оны тогтоолоор сахилгын шийтгэл гаргасан этгээдэд зэрэг дэв олгохгүй гэсэн зохицуулалт байгаа гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т ...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно... гэж заасан. Н.Сакений хувьд сахилгын шийтгэлгүй тул хариуцагчийн дээрх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Н.Сакенд зэрэг дэв олгох эсэх асуудал нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Н.Сакен зэрэг дэв авах хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Н.Сакен магадлагч эмчээр ажиллаж байвал зэрэг дэв, хоол унааны мөнгө авах байсан гэдэг нь Нийгмийн даатгалын хэлтсийн нярав Асылбекийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа.

Тийм учраас зэрэг дэвтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчаас нэхэмжлэгч ажлын байранд архи уудаг, дээрээс өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлдэг гэх мэтээр тайлбар гаргасан байна. Энэ асуудал өмнөх асуудал юм. Харин 41 дүгээр тушаал гарснаас хойш Н.Сакен гэдэг хүнийг нэг ч удаа ажиллуулаагүй. Нэг ч өдөр ажиллаагүй хүний хувьд архи уусан, бусад сахилгын шийтгэл гаргасан гэх асуудал яригдах ёсгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагаас гажсан үндэслэлгүй тайлбарыг хариуцагч шүүхэд гаргасан байна. 2015.09.15-ны өдөр гарсан 41 дүгээр тушаалыг 2015.09.24-ний танилцуулж дараагийн өдөр буюу 2015.09.25-ны өдөр 43 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан, мөн тушаал гарсны дараа ганцхан хоног ажиллаад маргаашаас эхлэн ажилд ирээгүй явсан гэсэн тайлбар тавьж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх асуудлын тухайд Төрийн албаны тухай хуульд ажилтны зөвшөөрлийг авч чөлөөлөх, шилжүүлэх ёстой гэсэн зохицуулалт байгаа. Гэвч ажилтны зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлсэн буруу юм. Хариуцагч талын шүүхэд гаргасан талбаруудаас харж байхад шүүхийн шийдвэрийг Нийгмийн даатгалын Ерөнхий газартай зөвшилцөж биелүүлэх талын арга хэмжээ авч байгаа гэж тайлбарлаж байна л даа. Шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг дээд шатны байгууллагатай ярилцаж, зөвшилцөнө гэж биелүүлэхгүй байгаа явдал нь шүүхийг үл хүндэтгэсэн байдлыг илэрхийлж байгаа. Б.Асел гэх хүний асуудлыг мөн ярьж байна л даа.

Өмнөх хэрэгт Б.Асел гуравдагч этгээдээр оролцож байсан. Нэхэмжлэгчийг шүүхээс ажилд нь эгүүлэн томилсон учраас гуравдагч этгээд ажлаас чөлөөлөгдөх ёстой. Б.Аселийн асуудал нэхэмжлэгч Н.Сакенд огт хамааралгүй. Ж.Сайыныг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хэрэв өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Сакенийг томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасан тухай шийдвэр гарлаа гэхэд хариуцагчаас таны маргаж байгаа орон тоонд Ж.Сайын гэх хүн ажиллаж байгаа учраас таныг ажилд авах боломжгүй гэсэн хариу өгөх нь тодорхой байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Сакен нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 41, 43 дугаар тушаалууд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариу[1] авснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хангаж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд: Нэхэмжлэгч Н.Сакений шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох

1. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээх, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, энэ хэсэгт Н.Сакенийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохыг нэмж тусгахыг хариуцагчид даалгах,

2. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалыг хүчингүй болгох,

3. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгох,

4.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийгхүртлэх нөхөн олговор 7.583.031 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлагын зарим хэсгийг,

5. Хоол, унааны зардал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн хэсгийг тус тус хангаж,

Нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг буюу

1. Аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын /цаашид ЭХМК гэх/магадлагч эмчээр түүнийг томилохыг хариуцагчид даалгах,

2. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Н.Сакенийг магадлагч эмчээр томилсон 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн

41 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Н.Сакенийг 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалаар[2] магадлагч эмчийн албан тушаалаас халсныг нэхэмжлэгч хууль бус гэж үзэн тус захиргааны хэргийн шүүхэд хандсанаар шүүх 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр[3] маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг магадлагч эмчийн ажилд эргүүлэн тогтоосон, анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар тогтоолоор тус тус хэвээр батлагдаж хуулийн хүчин төгөлдөр болжээ..

Улмаар аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхээс гаргасан хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг болон түүний үндсэн дээр олгогдсон шийдвэр гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хугацаанд[4] /явцад/ хариуцагч 2015 оны 09 дүгээр 15-ны өдрийн 41 дүгээр тушаалыг[5] гаргаж, нэхэмжлэгчийг мөн өдрөөс эхлэн магадлагч эмчийн албан тушаалд томилж, төрийн захиргааны албан тушаалын ТЗ-5, III дугаар шатлалаар цалинжуулахыг үйл ажиллагааны ня-бод зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байна.

Хариуцагч тал энэхүү гаргасан тушаалаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар очсон ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгчБ.Баттулга, шийдвэр гүйцэтгэгч Т.Айнагүл, нэхэмжлэгч Н.Сакен нарт 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр албан өрөөндөө танилцуулснаар гүйцэтгэх баримт бичгийг хаасан тухай тэмдэглэл[6] үйлдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаагаас гадна хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

Хариуцагч 2015 оны 41 дүгээр тушаалыг тус захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 65 дугаар шийдвэрийг үндэслэл болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д ...Захиргааны хэргийн шүүх хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлнэ... гэж заасны дагуу тушаалын 1 дэх хэсгээр нэхэмжлэгч Н.Сакенийг магадлагч эмчээр томилжээ.

Тодруулбал, хариуцагч шүүхээс гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, харин албадан гүйцэтгэх явцад биелүүлсэн гэж шүүх дүгнэлээ.

Харин энэхүү тушаалын 2 дах хэсэгт нэхэмжлэгчид олгогдох ёстой төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг болон төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг, хоол, унааны зардлыг тус тус олгох талаар хариуцагч тусгаагүй нь /цаашид эс үйлдэхүй гэх/, мөн түүний цалинг төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлийн ТЗ-5, шатлал III-аар тогтоосон үйлдэл ньдараах үндэслэлээр хууль, журам зөрчсөн гэж үзлээ.

1.1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д ...Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно ..., мөн 28.2.2-т ...төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны , цол, зэрэг дэвийн , докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ... гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Н.Сакен нь шинэ захиргааны актаар урьдын хашиж байсан албан тушаалд томилогдсон, төрийн захиргааны албан хаагчаар ажилласан төрийн албан хаагчийн хувьд хуулийн дээрх заалтаар цалин хөлс авах эрхтэй бөгөөд хариуцагчийн дээрх эс үйлдэхүй нь түүний төрөөс цалин хөлсийг бүрэн авах эрхийг хязгаарласан гэж үзлээ.

1.1 Нэхэмжлэгч урьд магадлагч эмчээр ажиллаж байх үед албан тушаалын ангиллын дэс түшмэл, зэрэг дэвийн дөтгөөр зэрэгтэй байсан нь хэрэгт авагдсан түүний Нийгмийн даатгалын №575386 дугаартай[7], №А000164218 дугаартай[8] дэвтрээр, мөн түүнийг нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилсон 2015 оны 43 дугаар тушаалын[9] 4-д ...дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдлийг тооцож олгохыг... гэсэн заалтаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч тал ... сахилгын шийтгэл хүлээсэн бол ... Н.Сакенд нэмэгдэл, зэрэг дэв олгогдох ёсгүй... гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т ...ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно... гэж, мөн Монгол Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам-ын 13-д ...Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-ийн 1,2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн мэргэшлийн түвшин , ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа тэнцэхгүй тохиолдолд төрийн захиргааны албан хаагчид олгосон зэрэг дэвийг бууруулж болно... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар сахилгын шийтгэл авч байсан, энэ нь хуулийн үндэслэлтэй болох нь тус захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 65 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

Хууль болон журмын дээрх заалтууд нь хэрэв Н.Сакений дэс түшмэл-ийн зэрэг дэвийг сахилгын шийтгэлтэй нь холбогдуулан бууруулах бол эрх бүхий тушаалтнаас гарсан шийдвэр байх ёстойг шаардаж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй тул хариуцагчийн ... зэрэг дэвийн нэмэгдэл олгогдох ёсгүй... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

1.2. Нэхэмжлэгч Н.Сакен 13 жил төрийн албад ажилласан, тэрээр Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 2-т зааснаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувийг, мөн нэгэнт томилогдон ажиллаж байгаа тохиолдолд түүнд хоол, унааны зардлыг Улсын нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан Хоол, унааны үнийн хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай тушаалын[10] дагуу бусад ажилтнуудын нэгэн адил тус тус авах эрхтэй байна.

1.3. Төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл-ийг тогтоосон Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад улсын байцаагчийн эрхтэй, төрийн захиргааны албан тушаалтны зэрэглэлийг ТЗ-6-аар тогтоожээ.

Н.Сакен нь магадлагч эмчээр ажиллаж байх үед улсын байцаагчийн эрхтэй байсан нь хэрэгт авагдсан Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газраас олгосон 11/849 дугаартай улсын байцаагчийн үнэмлэхээр[11] батлагдаж байгаа тул түүний төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг тогтоохдоо ТЗ-6-гаар тогтоох үндэстэй байна.

Дээрх үндэслэлүүдээр 2015 оны 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгон, энэ хэсэгт Н.Сакенд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгох талаар тусгахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

2. Н.Сакенийг нэг цонхны үйлчилгээний байцаагчийн албан тушаалд томилсон

2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаал, мөн магадлагч эмчээр Ж.Сайыныг түр томилсон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг магадлагч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс нэг цонхны үйлчилгээний байцаагчийн албан тушаалд томилж, түүнийг захиргааны албан тушаалын ТЗ-6, III шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн зэрэг дэвийн 15 хувийн нэмэгдэл, хоол унааны нэмэгдлийг тооцож олгохыг үйл ажиллагааны ня-бод зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ.

Хариуцагч энэхүү үйлдлээ ...Н.Сакенийг нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн хуучин ажилд эргүүлэн тогтоож, миний бие С.Шаяхмет албаны конторт уулзаж өөрт нь урьд гаргаж байсан алдаа зөрчлөө дахин давтахгүй байх талаар зөвлөж ажилд нь оруулсан боловч тэрээр урьд гаргаж байсан алдаа дутагдлаа засаагүй бөгөөд Н.Сакен нь өөрөө магадлагч эмчийн ажлаас өөрчлөгдөж, өөр ажил хийх сонирхолтойгоо надад мэдэгдэж хүсэлт гаргасан тул нийгмийн даатгалын хэлтсийн нэг цонхны үйлчилгээний байцаагчийн албан тушаалд томилсон ...[12] хэмээн тайлбарлажээ.

2.1. Гэтэл нэхэмжлэгч Н.Сакенд энэхүү тушаалыг гарсан өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулахад тэрээр хүлээн авахаас татгалзаж, шинээр томилсон албан тушаалд ажиллахгүй гэдгээ хариуцагчид бичгээр[13] мэдэгдсэн нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар, түүнчлэн нэхэмжлэгч уг тушаалын талаар тухайн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй гэж хүсэлт гаргасан нь шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас ирүүлсэн нотлох баримтаар[14] тус тус тогтоогдож байгаа ба энэ нь хариуцагчийн тайлбарласан өөрөө хүсэлт гаргасан гэснийг үгүйсгэж байна.

2.2. Н.Сакенийг магадлагч эмчээр томилсон тухай шинэ захиргааны акт гарсны дараа хариуцагч тал болон Н.Сакенийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, мөн хариуцагчаас түүнд ажиллах боломж олгоогүй байхад урьд гаргасан алдаагаа засаагүй гэсэн үндэслэлээр өөр албан тушаалд томилсон нь буруу болжээ.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...Төрийн жинхэнэ албан албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө... гэж заажээ.

Шүүхээс Н.Сакенийг магадлагч эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоосон байхад түүнийг хүсэл зоригоос гадуур, сонгон шалгаруулалтгүйгээр нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилсон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж үзлээ.

2.4. Маргаан бүхий албан тушаалд 2015 оны Б/55 дугаар тушаалаар[15] хариуцагч Ж.Сайыныг түр томилсон тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус үндэслэл болгожээ.

Төрийн албаны тухай 21 дүгээр зүйлийн 21.1-д ... эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно..., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36..2-т ...ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй... гэж тус тус заасан.

Гуравдагч этгээд Ж.Сайын урьд нь нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын албаны даргаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан түүнийг төрийн албанаас чөлөөлсөн тухай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар[16], мөн энэ орон тоо цомхотгогдоогүй болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр Аймаг , дүүрэг, /нийслэл/-ийн даатгалын хэлтэс/газар/-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаал/ажлын байр/-ын жагсаалтыг батлах тухай тушаалын гуравдугаар хавсралтаар[17] тус тус нотлогдож байна.

Гэтэл дээрх хуулийн заалтуудыг үндэслэж магадлагч эмчийн орон тоонд шүүхээс Н.Сакенийг эргүүлэн томилсон байхад эзгүй байгаа албан хаагчийн албан үүрэг гэж үзэн, мөн гуравдагч этгээд Ж.Сайыны урьд ажиллаж байсан эрүүл мэндийн даатгалын албаны даргын орон тоо цомхотгогдоогүй байхад түүнийг магадлагч эмчийн орон тоонд түр томилсон хариуцагчийн үйлдэл хууль бус байна.

Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2015 оны 43, Б/55 дугаар тушаалууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-дэх хэсгийн ...Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй... гэснийг зөрчсөн, ийнхүү зөрчсөнөөр нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалагдсан эрхийг хөндсөн байх тул хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ... хууль дээдлэх ... , 4.2.4-д заасан ... иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх..., 4.2.6-д заасан ...төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах..., 17 дугаар зүйлийн 17.2-т заасан ...Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй ... гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-наас

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх нөхөн олговор 7.583.031 төгрөгийг хоол унааны зардалтай хамт гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Н.Сакен нь тус шүүхэд нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хүртлэх хугацааны цалин, хоол унааны зардал болох нийт 7.583. 031 төгрөгийг /долоон сая таван зуун наян гурван мянга 31/ гаргуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд үүний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна. Учир нь,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ... Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно ... гэж заасан.

Тэрээр урьд магадлагч эмчээр ажиллаж байх үед авч байсан үндсэн цалин нь тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр баталсан 78 дугаар тогтоолд заасан 444020 төгрөг /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр/ байжээ.

Энэхүү үндсэн цалинтай уялдуулан түүний ажлаас халагдахаас өмнөх авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлс 2012 оны 10 дугаар сард 1.189.250 төгрөг /нэг сая нэг зуун мянга хоёр зуун тавь/, 11 дүгээр сард 780750 төгрөг /долоон наян мянга долоон зуун тавь/, 12 дугаар сард 557678 төгрөг /таван зуун тавин долоон мянга зургаан зуун далан найман / болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр [18] тогтоогдож байна.

Сүүлийн 3 сарын цалингийн хэлбэлзэлтэй байдлыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... ЭХМК-т ажилласан цагаас шалтгаалж сар бүр урамшуулал олгодог байсан... гэж тайлбарласан тул түүнийг ЭХМК-ийн бүрэлдэхүүнд ажиллах ёстой байсан гэж шүүх урьдчилан тооцоолж, дундаж цалинг тодорхойлох боломжгүй, нөгөөтэйгүүр дээрх Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын холбогдох хэсэг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор хүчингүй болсон тул 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан 8 сар 20 хоногийн цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн сүлжээгээр буюу Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу тогтоох нь зүйтэй байна.

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтад төрийн захиргааны албан тушаалтны ТЗ-6, III шатлалын албан тушаалтны сарын үндсэн цалин 613669 төгрөгөөр тогтоосон байх ба үүнд урьд авч байсан төрийн алба хаасан хугацааны 10 %-ийн нэмэгдэл 61366 төгрөг, мөн зэрэг дэвийн 15%-ийн нэмэгдэл 92050 төгрөг, нэг сард авах цалин хөлс нь 767085 төгрөг, 8 сар 20 хоногт /нэг хоног 767085:21,5=28.542х20=570840 төгрөг, үүний удаан хугацааны 10%, зэрэг дэвийн 15%, нийт 142710 төгрөг/ нийт авах цалин хөлс 7,085,5529 төгрөг /долоон сая наян таван мянга таван зуун хорин ёс / байна.

Үүнд 8 сар 20 хоногийн ажлын өдрүүдэд олгогдох хоол, унааны зардлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан Хоол, унааны үнийн хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай тушаалыг үндэслэж 378000 төгрөг /хоногийн 2000 төгрөгөөр/-ийг нэмж нэгтгээд , нийт 7,228.239 төгрөгийг /долоон сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин ёсөн/ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Сакенд олгохоор шийдвэрлэж, түүний илүү нэхэмжилсэн 354729 төгрөг /гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун хорин ёс/-ийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар Н.Сакенд олгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 11 хувийг ажил олгогч буюу аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тул 795106төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөж шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4. Аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд магадлагч эмчээр Н.Сакенийг томилохыг хариуцагчид даалгах.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар[19] Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм-ийг баталжээ.

Энэ дүрмийн Хоёрын 2.4 дэх хэсэгт ... орон нутгийн комиссын бүрэлдэхүүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга энэ дүрмийн 3.3-т заасан сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн аймаг /дүүрэг/-ийн Засаг дарга болон Төв комиссын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө..., 3.3-т ...Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн шатны Засаг даргатай орон нутгийн комиссын төрөлжсөн мэргэжлийн /орон тооны бус/ эмч нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ... гэж тус тус заажээ.

Дүрмийн дээрх заалтуудаас үзэхэд ЭХМК-ийн бүрэлдэхүүнд орох магадлагч эмчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ аймгийн нийгмийн хэлтсийн даргад байхгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан аймгийн ЭХМК-ийн бүрэлдэхүүнд магадлагч эмчээр томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

70 70.1, 70.2.8, 72 72.5

 

:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.6, 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Сакенээс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхметэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, энэ хэсэгтН.Сакенийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохыг нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх цалин хөлс, хоол унааны зардал 7.583.031 төгрөг /долоон сая таван зуун наян гурван мянга гучин нэг/-өөс 7.228.239 төгрөг /долоон сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин ёсөн/-ийг Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 795106 төгрөг /долоон зуун ерөн таван мянга нэг зуун зургаа/ нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөж шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сакенээс аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд магадлагч эмчээр томилохыг хариуцагчид даалгах шаардлагыг болон илүү нэхэмжилсэн цалин хөлс 354,792 төгрөг /гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун ерөн хоёр/-ийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөггаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаасхойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 


[1] Хэргийн 10 дугаар хуудас

[2] Хэргийн 248 дугаар хуудас

[3] Хэргийн 85 дугаар хуудас

[4] Хэргийн 32-39 дүгээр хуудас

[5] Хэргийн 52 дугаар хуудас

[6] Хэргийн 41-42 дугаар хуудас

[7] Хэргийн 238-241 дүгээр хуудас

[8] Хэргийн 148 дугаар хуудас

[9] Хэргийн 43 дугаар хуудас

[10] Хэргийн 195 дугаар хуудас

[11] Хэргийн 149 дүгээр хуудас

[12] Хэргийн 18-19 дүгээр хуудас

[13] Хэргийн 28 дугаар хуудас

[14] Хэргийн 44-45 дугаар хуудас

[15] Хэргийн 67 дугаар хуудас

[16] Хэргийн 172 дугаар хуудас

[17] Хэргийн 78 дугаар хуудас

[18] Хэргийн 148 дугаар хуудас

[19] Хэргийн 188-189 дүгээр хуудас