Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0433

 

 

 

 
2017 оны 06 сарын 20 өдөр     Дугаар 221/МА2017/0433             Улаанбаатар хот


Ц.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.Б нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасныг тус тус үндэслэн нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан иргэн Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн О.Э, Э.М-т холбогдох хэсгийг Ц.Б-ын эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр хүчингүй болгож, гуравдагч этгээд О.Э-ийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Тус шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн тухайд: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн а/170 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн иргэн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний бие анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Улмаар тус газрынхаа эзэмших эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгуулсан..., гэвч бусдын хууль бус үйлдлийн улмаас болж тус газраа ашиглах боломжгүй болсон учир талбайн байршил өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг эзэмших эрхтэй болж, ... уг газартаа үйлчилгээний орон сууц барих хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан бөгөөд газрын зориулалтыг өөрчлүүл гэсэн шаардлагын дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн байхад миний эзэмшил газартай газар давхцуулан олгож хууль бус үйлдэл гаргасан тул иргэн О.Э, Э.М нарт газар өмчлүүлснийг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан байдаг ба шүүх уг тайлбарыг хүлээн авч шийдвэрлэхдээ иргэн Д.Ц-ийн 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн Нийслэлийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2008 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг буруугаар үнэлж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрүүдээр иргэн Ц.Б-ын газар эзэмших эрхгүй гэдгийг тогтоож, холбогдох захирамжийг хүчингүй болгосон нийтэд илэрхий үйл баримт байхад үл анзаарах байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргаж байгаа нь гуравдагч этгээд нарын хуулийн дагуу үүссэн өмчлөх эрхэд ямар ч хууль үндэслэлгүйгээр халдсан зүйл болсон.
Захиргааны шүүхийн тухайд: хууль ёсны дагуу үүссэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн /эсэх/ эрх, түүнийг зөрчсөн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг хуульд заасны дагуу хянан үзэж тухайн зөрчигдсөн эрхийг нь сэргээх тухай шийдвэр гаргах үндсэн чиг үүрэг бүхий шүүх. Үүний ч дагуу гарч буй шийдвэр нь уг зорилгодоо нийцсэн байх ёстой.
Гэтэл энэхүү шийдвэрийн тухайд бол энэхүү шүүхийн үндсэн зорилгоосоо хазайсан, илэрхий тодорхойгоор нэхэмжлэгчид хууль ёсны дагуу эрх үүсээгүй байхад, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд хэт ашигтай байдлаар үнэлж, хууль, шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулж эзэмших эрх түрүүлж үүссэн нэг ч хууль ёсны баримт байхгүй байхад байгаа мэтээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.
Түүнчлэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх түрүүлж үүссэн тухай Газрын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ бодит байдал нийцээгүй, тухайн хуулийн агуулгыг буруугаар буюу хууль бус аргаар ч хамаагүй /дуудлага худалдааны үнэ, үйлчилгээний зориулалт болгон өөрчлүүлэх хүсэлт, байршил солиулах хүсэлт/ хамгийн түрүүлж хүсэлтээ гаргасан этгээд тухайн газрыг түрүүлж эзэмших эрхтэй гэх байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Ц.Б нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-н газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Гуравдагч этгээд О.Э, Э.М нар “Нийслэлийн Засаг даргын 2014оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/770 дугаар захирамжийн, 2015 оны 04 дүгээр захирамжийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан байна.
Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Б-д Хан-Уул дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгожээ.
Харин “... Ц.Б-д газар эзэмших эрх олгоогүй байхад ...” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах” тухай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийн Ц.Б-д газар эзэмшүүлсэн эрхийн хугацааг сунгаж, түүнд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороонд амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг 15 жилийн хугацаатай дахин эзэмшүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон захиргааны актыг буюу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийг хугацааг дахин сунгаж, иргэн Ц.Б-д Хан-Уул дүүргийн … дүгээр хороонд амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийг гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-д “газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Ц.Б-д газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамж хүчингүй болсон байхад уг Ц.Б-ын газрын эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэл юм.
Мөн нэхэмжлэгч Ц.Б нь “... танай байгууллагын хариуцлагагүйгээс би уг газрын эзэмших, ашиглаж чадахгүй байна. Газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд уг газартай чанарын хувьд дүйцэхүйц өөр байршилд шилжүүлж өгнө үү. Талбайн хувьд … га болгож зориулалтыг өөрчилж үйлчилгээний орон сууц болгож өгнө үү” гэсэн өргөдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргажээ.
Улмаар Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар иргэн Ц.Б-д эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул дүүргийн … дүгээр хороонд амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх” тухай 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар … м.кв газрыг Ц.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Ц.Б-д Хан-Уул дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон … м.кв газрын зориулалтын өөрчлөн “үйлчилгээний” зориулалт гэж өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын “газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх” тухай 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамж гарсан байна.
Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар Ц.Б-д Хан-Уул дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт … м.кв газрыг эзэмшүүлэхдээ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3-д заасныг зөрчиж гарсан хууль бус Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийг үндэслэл болгосон.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж газар эзэмших хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг хуульд заасан байна.
Гэтэл дээрх хуулийн шаардлагын дагуу “батлагдсан загварын дагуу газар эзэмших өргөдлөө гаргаагүй, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” зэргийг хавсаргаж газар эзэмших хүсэлтээ Ц.Б гаргаагүй байхад Нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Б-д газар эзэмшүүлсэн нь хууль бус юм.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамж, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч Ц.Б-д газар эзэмшүүлэх үндэслэлгүй байхад түүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна.
Иймд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх нэхэмжлэгч Ц.Бд түрүүлж үүссэн гэх үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/29 дүгээр тогтоолоор “Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг” баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтаар хавсралтаар Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, … гудамжинд … га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.
Гэтэл анхан шатны шүүх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн байршилд дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
  Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/29 дүгээр тогтоолоор  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан “нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх” гэж тодорхойлон тогтоогоогүй юм.
Мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 04 дүгээр тогтоолоор дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, дүүргийн … дүгээр хороо, … гудамжинд … га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөсөн болох нь нотлогдож байгаа
Нэгэнт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн … дүгээр хороо, … гудамжинд тус тус … м.кв газрыг гуравдагч этгээд О.Э, Э.М нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасантай нийцсэн байна.
Эдгээр дүгнэлтээр болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Б-д нь маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрх хууль ёсны дагуу үүсээгүй, харин гуравдагч этгээд О.Э, Э.М нар маргаан бүхий газрын Газрын тухай хуульд заасныг дагуу эзэмших, улмаар өмчлөх эрх олж авсан болох нь тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тиймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн, 2015 оны 04 дүгээр 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гуравдагч этгээд О.Э-ийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд О.Э-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд О.Э-ээс давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Н.ХОНИНХҮҮ
                    ШҮҮГЧ                         Д.БААТАРХҮҮ
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР