Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/02193

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 181/ШШ2024/02193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, П.Э /.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин байх, ИА ХХК/РД: ..../,

Хариуцагч: ... тоотод оршин суух, ЖГ,

Хариуцагч: .... тоотод оршин суух, ЦА,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б.Ж нарт холбогдох,

 

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: П.Э нь орон байр худалдаж авах зорилгоор Сentury-21 үл хөдлөх зуучийн компанид хандсан. Зуучлагч Б.н.С нь 95,000,000 төгрөгийн үнэтэй бартераар орж ирсэн байр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай "ТР" айлын орон сууцны барилгын 2 давхрын 7 тоот 68.5 м.кв 3 өрөө орон сууц байна гэсэн. Байршил болон үнэ нь таалагдсан учраас тус байрыг худалдан авахаар болсон. Энэ талаар худалдах худалдан авах хэлцлийг Б.н.С зуучлагчаар дамжуулан н.Лтэй хийсэн. Ингэхдээ 95,000,000 төгрөгийг н.Л болон зуучлагч н.С нарт шилжүүлсэн. Тус байр нь "ИА" ХХК-ний барьсан орон сууц байсан тул миний бие бартераар авсан иргэнээс бус "ИА" ХХК-тай гэрээ байгуулах шаардлага тавьж улмаар 2021 оны 01 сарын 27-ний өдөр ИА ХХК-ийн захирал Ц.Атэй очиж уулзсан. "ИА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.А захирал нь миний хажууд цааш н.Л рүү утсаар ярьж чи бартераар авсан байраа энэ хүнд зарж байгаа юм уу гэж асуугаад цаад хүн нь тиймээ гэсний дагуу надтай Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээг 2021 оны 01 сарын 27-ний өдөр байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулахдаа өөрийн байрны зах зээлийн борлуулалтын үнээр гэрээг байгуулахгүй бол болохгүй. Бартераар авсан хүн нь хэдээр чамд зарах нь өөрийнх нь асуудал гэж хэлээд 150.000.000 төгрөгийн төлбөр бүхий гэрээ байгуулсан. Улмаар Захирал Ц.А нь "ИА ХХК-ийн инженер н.Хт байрны түлхүүрийг нь өгч шалгаж хүлээлгэж өг гэсэн. Энэ тухай орон сууц хүлээлцэх акт үйлдэн орон сууцанд орсон.

Гэтэл маргаан бүхий орон сууцыг "ИА ХХК-ний эзэн, 100 хувь хувьцаа эзэмшигч Ц.А нь өөрийн эхнэр болох Б.Жэд дүр үзүүлсэн хэлцэл хийж, 2022.01.20-ны өдөр бодитоор худалдсан байна. Бодит нөхцөл байдалд орон сууцны гэрчилгээ гарах боломжгүй байгаа мэтээр тайлбарлаж байсан атлаа өөрийн эхнэртээ худалдсан. Ингээд Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараагаар хамаарал бүхий этгээд болох Ж.Гд худалдсан байна. Учир нь Ж.Г нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бодитоор үзэхгүйгээр худалдах худалдан авах гэрээ хийсэн байна. Хамаарал бүхий этгээд биш л бол үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хүн заавал үл хөдлөх хөрөнгийг шалгаж авах учиртай. Иймд "ИА" ХХК-ний захирал Ц.Аээс 2022.01.20-ний өдөр Б.Жэд шилжсэн "орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл юм. Тодруулбал, Ц.А нь тус үл хөдлөх хөрөнгийг П.Эт худалдсан болохыг мэдсээр байж, эхнэртээ худалдсан. Иргэний хуулийн 243-т заасныг зөрчсөн. Харин Б.Ж нь тус үл хөдлөх хөрөнгө хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр шилжсэн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Гд 2022.05.09-ний өдөр ХХАГ-ээр худалдсан. Тус хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56.1.0-т заасны дагуу хууль бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн юм. Ингээд нэхэмжлэгчийн хувьд 2022.01.20-ний өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ", 2022.05.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул хүчингүй болох эрх зүйн үр дагавартай. Харин 2021.01.20-ний өдрийн ХХАГ-ний дагуу өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг ИА ХХК болон Ж.Ггээс гаргаж өгөхийг даалгахаар шаардаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж байгаагүй, мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан нь гэрээнээс нь харагддаг. Нэмж төлөх төлбөрийн талаар огт дурдаагүй, гэрээний төлбөрийг Ц.Аийн хэлсний дагуу барагдуулсан. Хууль зөрчсөн, гэрээний талууд аль аль нь мэдэж байсан. Хариуцагч Б.Ж, Ц.А нар нь өөрсдөө мэдэж байсан, мөн хариуцагч Ж.Гд эрхийн доголдолтой гэж мэдсээр байж орон сууцыг шилжүүлсэн. Анхнаасаа зохион байгуулалттай нэхэмжлэгчийг хэрхэн байрнаас гаргах вэ, өмчлөлийн гэрчилгээг өөр этгээдэд гаргачихвал орон сууцнаас гаргана гэж тооцсон зүйл харагдаж байна. ИА ХХК-нд хариуцагч Ж.Г нь эрхийн доголдлын талаар шаардлага гаргадаггүй хэрнээ нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөлийн талаар шаардлага гаргасан байдаг. Тухайн байр нь бодитой баригдсан байсан. Бүтэн 2 жил хөрштэйгөө газрын маргаантай байна гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхгүй хүлээлгэсэн. Энэ хугацаанд Ц.Аийн зүгээс гэрчилгээ гарахгүй байгаа талаар тайлбарладаг болохоос Ш.Лтэй холбоотой шаардлага тавьж байгаагүй. Гэтэл гэнэт Ж.Ггээс шаардлага гаргасан. Хариуцагч Ц.А нь эхнэр Б.Жтэйгээ гэрээ байгуулахдаа огноог өөрчилж байгуулдаг. Хожим хуурамчаар байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн 243 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн. 2021 оны 02 дугаар сараас хойш нэхэмжлэгч уг байранд тасралтгүй амьдарч байсан. Энэ байрыг хүн худалдаж авч байгаа талаар өөр хүн ирж байгаагүй. Харахгүйгээр байр худалдаж авахгүй. Хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэж байгуулагдсан. 4 тал нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгаа нь нэг байр суурьтай нэг субъект, П.Эийг хохироож байна. Хуулийн 204.1 зааснаар мэдэгдэх ёстой. Гэтэл гэрээг цуцлах, татгалзах журам хэрэгжээгүй. Хүчин төгөлдөр гэрээ. Ц.А н.Ж нарын хооронд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, Жаргалсайхан Гомбосүрэн нарын хооронд 80сая гэсэн баримт байдаг боловч 30 сая төгрөгийн баримт нь баримтгүй. Гэрээнд цуцлах нөхцөлийг 10-р зүйлд зохицуулсан ч бичгээр мэдэгдээгүй, Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, зөвхөн нэрээ өөрчилчихсөн. Ж.Гд худалдсан гэдэг баримт байгаа боловч бодитой гэхэд эргэлзэж байна. Бодитой байсан гэхэд Ж.Гд худалдах үед худалдах эрхгүй байсан, Ж.Гг залилж байгаа, эсхүл эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, Ж.Г үзэлгүй байр авсан тайлбар гаргадаг. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан этгээд, түрүүлж гэрээ байгуулсан гэх аль аль нөхцөлийг хангасан. Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбаруудыг гаргажээ. Үүнд: "ИА" ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд ТР айлын орон сууцыг хууль, журмын дагуу барьж ашиглалтад оруулсан бөгөөд компанийн захирал бөгөөд барилгын хөрөнгө оруулагч Ц.А нь барилгаас 5 давхрын 19 тоотод байрлах 68.5 мкв талбай бүхий 3 өрөө бүхий орон сууцыг 1 мкв талбайг 2.200.000 төгрөгөөр тооцож нийт 150.000.000 төгрөгөөр худалдах, төлбөрийн нөхцөлийг бартераар буюу барилгын материалаар төлөхөөр иргэн Шаравын Ш.Лтэй 2020 оны 02 дугаар сарын 19-нд тохиролцож "Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан. Ажлын явцад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ш.Л нь өөрийн байгуулсан гэрээгээ Пүрвээгийн П.Эт шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд миний бие хүсэлтийг хүлээн авч гэрээг шилжүүлэн 2 давхрын 07 тоот болгон шилжүүлэн байранд оруулсан боловч гэрээнд дурдсаны дагуу барилгын материалыг нийлүүлээгүй. Хариуцагчийн зүгээс Ш.Л, П.Э нарыг төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Б.Жэд шилжүүлсэн. Учир нь миний бие барилгад хөрөнгө оруулахдаа түүний автомашиныг худалдаж барилгад зарцуулсан байсан. Эхнэр Б.Ж уг байрыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ж.Гд 110.000.000 төгрөгөөр Иргэний хуулийн 243.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдсан байдаг.

Нэхэмжлэгч П.Этэй Арилжааны гэрээ хийсэн боловч гэрээнд заасны дагуу 274.1. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. 274.2. Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. 274.3. Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасны дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд харин хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж байрыг эзэмшүүлж өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө төлсөн гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргалддаг боловч тэр төлбөрийг надад биш бас Ш.Лд биш хаа хамаагүй хүнд шилжүүлсэн бөгөөд хууль журмын дагуу тэр хүнээсээ мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүАнх ИА ХХК нь Ш.Лтэй гэрээ байгуулж бартерын гэрээ хийсэн. Гэтэл Ш.Л өөрийн 150 төгрөгийн эд хөрөнгийг барилгад нийлүүлээгүй учир Ц.Аийг эхнэр нь өөрийн машинаар хөрөнгө оруулсан. Гэтэл мөнгө төлөөгүй. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.Г 110 сая төгрөгөөр худалдан авч 80 сая төгрөгийг төлж 30 сая төгрөгт автомашин өгсөн. Мөнгөө аваагүй шилжүүлэх боломжгүй. Хариуцагч Ж.Ггийн хувьд шударга өмчлөгч, мөнгөө төлсөн, гэрчилгээтэй, манайх эрх ашгийг нь зөрчөөгүй, харин ч нэг ч түрээсийн хөлс аваагүй хохирч байгаа. Яг адилхан хохирсон хүн. ИА ХХК, Ц.А хоёрт зарах эрх нь байгаа. Төлбөрөө төлсөн хүнд шилжүүлэх эрхтэй, П.Э нь Ц.Аэд төлбөр төлөөгүй, 150 саяас 95 сая төгрөгийг өөр хүнд төлчхөөд үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж маргаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, У.Пад олгосон итгэмжлэл, Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээний хуулбар хувь, мөнгөн шилжүүлгийн баримтууд, орон сууц хүлээлцсэн баримт, улсын бүртгэлийн дугаар 0050371 гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны тодорхойлолт /хавсралт 4 хуудас/, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Харилцагчийн гүйлгээ, Юнител ХХК-ийн тодорхойлолт гаргасан албан бичиг, Югител ХХК-ийн НӨАТ-ын баримт, 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дансны хуулга, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дансны хуулга, 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дансны хуулга, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дансны хуулга, 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дансны хуулга, 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дансны хуулга, 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн дансны хуулга, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар БА140/1021 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар,

 

3.2 Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: ИА ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ИА ХХК-иас О.Бд олгосон итгэмжлэл, Ж.Ггээс О.Бд олгосон итгэмжлэл, Б.Жээс О.Бд олгосон итгэмжлэл, Ц.Аээс О.Бд олгосон итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн мөнгө тушаасан баримтын хуулбар /4 хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар БА140/2021 Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Ж.Ггийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Ц.А, Б.Ж нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж-худалдах худалдан авах гэрээ, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 2020/03 Орон сууц захиалгаар барьж-худалдах худалдан авах гэрээ,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 5/1559 Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Б.Жийн иргэний үнэмлэхний хуулбар, Эд хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай тодорхойлолтын хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 04/2846 Хот байгуулалт хөгжлийн газрын хаягийн тодорхойлолтын хуулбар, Хаяг байршлын зургын хуулбар, Б.Жийн дугаар 000957535 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 0902 Худалдах худалдан авах гэрээний хуулбар, Б.Жийн дугаар 000986555 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 04-128/14732 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 он 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 10497/02 Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 9/6273 Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн иргэний улсын бүртгэлийн холбогдох лавлагааны баримтууд, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Мөнхзулын материал хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Мөнхзул үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийн хуудасны хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Б.Жийн Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, гэрч Б.н.С, Ч.Цогбадрах нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч ИА ХХК, Ж.Г, Ц.А, Б.Ж нарт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус гаргасан.

 

6. Хариуцагч ИА ХХК болон Ж.Г, Ц.А, Б.Ж нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баар төлөөлүүлсэн болох нь итгэмжлэлүүдээр нотлогдож байна. /хх-ийн 39-42-р тал/

 

6.1 Хариуцагч нар нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд ИА ХХК нь нэхэмжлэгч П.Э нь гэрээний үнийн 105,000,000 төгрөгөөр байгуулсан, гэрээний төлбөрийг хариуцагч ИА ХХК-д төлөөгүй гэж, хариуцагч Ж.Ггийн хувьд орон сууцны төлбөрийг Б.Жд төлсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжсэн гэж, хариуцагч Б.Ж нь өөрийн нөхөр Ц.Аийн бизнест хөрөнгө оруулсны төлбөрт орон сууцыг шилжүүлэн авсан үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч П.Э Сentury-21 үл хөдлөх зуучийн компаниар зуучлуулан Баянгол дүүргийн 2-р хороо, "ТР" орон сууцны барилгын 2 давхрын 7 тоот хаяг байрлах, 68.5 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ИА ХХК, түүний захирал Ц.Атэй гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 116-121-р төл/

 

7.2 Хэрэгт авагдсан ИА ХХК, түүний захирал Ц.А, Шаравын Ш.Л нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээгээр талуудын хооронд мөн орон сууцны барилгаас 68,5 мкв хэмжээ бүхий 3 өрөө орон сууцыг, 150,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байх ба уг гэрээний харилцаа нь Арилжааны гэрээний харилцаа байсан гэж талууд тайлбарладаг./хх-ийн 123-127-р тал/

 

7.3 Маргаан бүхий орон сууц нь Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол,/16050/ энхтайваны өргө чөлөө гудамж 47в байр 7 тоот хаягаар улсын бүртгэлд бүртгэгдэж, Ү-2205079201 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ нь Жамбалдоогийн Гомбосүрэнгийн нэр дээр бүтгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх-ийн 98-р тал/

 

7.4 Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ИА ХХК, түүний захирал Ц.А, нэхэмжлэгч П.Э нарын хооронд байгуулсан гэрээний зүйлийг өөрийн эхнэрт шилжүүлж Ц.А нь Б.Жтэй маргаан бүхий орон сууцыг Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн. /хх-ийн 77-85-р тал/

 

7.5 Хариуцагч Ц.А, хариуцагч Б.Ж нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 201-р тал/

 

7.6 Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний огноо 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байх ба нэхэмжлэгч тал гэрээний огноог бодит байдалтай зөрүүтэй өөрчилж байгуулсан гэх тайлбар гаргадаг ба уг гэрээг талууд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан тойргийн нотариатч Б.Мөнхзулын үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл баримтаар нотлогдож байна. /хх-ийн 217-230-р тал/

 

7.7 Түүнчлэн уг орон сууцны барилгын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан буюу Хариуцагч Ц.А, Б.Ж нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулах үед ашиглалтад ороогүй байжээ. /хх-ийн 192-196-р тал/

 

7.8 Хариуцагч Б.Ж нь Ц.А/өөрийн нөхөр/-тэй байгуулсан гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцны гэрчилгээ хариуцагч Б.Жийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээр нотлогдсон. /хх-ийн 86-93-р тал/

 

7.9 Улмаар Б.Ж нь хариуцагч Ж.Гтэй маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаас хойш 3 сар гаруйн хугацааны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авэх гэрээ байгуулж, өмчлөх эрх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ж.Гд шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалаар нотлогдож байна. /хх-ийн 94-98-р тал/

 

7.10 Маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч П.Э нь ИА ХХК-тай гэрээ байгуулж, орон сууцыг хүлээлцсэн актыг дагуу эзэмшиж тухайн цаг хугацаанаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан ашиглалттай холбоотой зардлын баримтууд, дансны хуулга, тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 148-175-р тал/

 

7.11 Хариуцагч ИА ХХК, Ц.А, Б.Ж нар нь нэхэмжлэгч П.Эт гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах талаар аливаа мэдэгдэл хүргүүлээгүй, орон сууцыг шилжүүлэн бусдад худалдсан талаар мэдэгдээгүй, Ц.А, Б.Ж нар нь Ж.Гд урьд өөр этгээдтэй гэрээ байгуулсан талаараа мэдэгдээгүй үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй.

 

8. Зохигч маргаан бүхий орон сууцад холбогдох гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, орон сууцны өмчлөх эрхэд маргаантай.

 

8.1 Нэхэмжлэгч П.Э нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай гэж тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

 

Хариуцагч Ц.А Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, гэрээний талууд эхнэр, нөхөр бөгөөд нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэрээний тал болох ИА ХХК-ийн захирал Ц.А нь гэрээний дагуу өөр этгээдэд худалдсан, нэхэмжлэгчээс төлбөрийг нь заасан этгээдэд шилжүүлсэн талаар мэдсээр байж өөрийн эхнэр Б.Жэд маргаан бүхий орон сууцыг шилжүүлж байгаа үйлдэл нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Жээс Ц.Аэд гэрээний дагуу орон сууцны үнэ төлсөн үйл баримтыг нотлох баримт байхгүй, Б.Ж нь уг орон сууцны өмчлөгч болох хүсэл зориггүй байсан болох нь түүний цааш Ж.Гд орон сууцыг худалдсан үйлдлээр нотлогдож байна гэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан зарчимд харшилсан.

 

Угтаа хариуцагч ИА ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.А нь нэхэмжлэгч П.Этэй байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байсан.

 

Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийг /Э.М-д /гэрээний талын заасан дансанд шилжүүлсэн гэх, 5,000,000 төгрөгийг Б.н.Сд /зуучлагч/ Ц.Лд 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 64-66-р тал/

 

П.Э нь гэрээ байгуулахдаа хариуцагч ИА ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компанийн ажилтантай хамт очин гэрээ байгуулах нөхцөл, төлбөрийг хэнд хэдэн төгрөгийг хэмжээнд төлөх, хожим эрх зүйн сөрөг үр дагавар гарахгүй талаар Ц.Аийн тайлбарт итгэн гэрээ байгуулж, төлбөрийг заасан этгээдийн, заасан дансанд шилжүүлсэн болох нь дансны шилжүүлгийн баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх ба уг үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

Тухайлбал гэрч Гэрч Б.Сын Төмөр замын сургуулийн баруун талд байрлалтай орон сууцыг худалдаж авахаар Баянбүрдийн тойргийн баруун хойно байрлалтай төв оффис дээр нь очсон. Очиход нягтлан бодогч гээд 1 хүн бид хэдийг хүлээж аваад гэрээг нь бэлдэж өгсөн. Гэрээ бэлэн болоод 2,3 цаг Ц.А захирлыг хүлээж байгаад захиралтай нь уулзсан. Захирал нь орж ирээд өмнөх худалдан авагч нь өргөдлөө өгсөн үү гээд Ц.А захирал баталгаажуулаад гарын үсэг зураад, тамга дарж өгсөн. Би Ц.А захирлыг зүс таньдаг болж таарсан учир энэ байр шилжүүлэхэд асуудал байхгүй биздээ гээд манай худалдан авагч нар авч байгаа учир өөрөөр нь би лавлаж асууж байсан. Тэгэхэд Ц.А захирал өмнөх худалдан авагчийн өргөдөл байгаа учир асуудал байхгүй. Энэ хүмүүс рүү шилжүүлэхэд гэрээ хийхэд болно гэж хэлж байсан. Анх өөр хүн захиалсан байгаад дараагийн худалдан авагчид шилжүүлж болно гэсэн өргөдөл гараар бичиж үлдээсэн байсан. ..2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ш.Л гэдэг хүн манай компанитай үл хөдлөх зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тус орон сууцыг худалдан борлуулахаар зах зээлд зарлаж, иргэн П.Э худалдан авахаар болсон. захиалгын гэрээг ИА ХХК тай байгуулж төлбөр тооцооны хэсэгт 100 хувь бартераар төлөв гэдэг заалт оруулж өгсөн. Гэрээг байгуулж дууссаны дараа Ш.Л гэдэг хүн рүү мөнгийг нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл бартераар тухайн компаниас байр авсан хүн рүүТухайн үед байр ашиглалтад ороогүй байсан. Ц.А захирал комисс авч гэрчилгээг гарахад танай худалдан авагч нар руу ярьж мэдээлэл өгөх болно. Төлбөрөө та нар бартерын компанитайгаа хийгээрэй гэдэг зүйлийг ярьсанХэдийгээр гэрээнд 150сая төгрөг гэж байсан. 95 сая төгрөг өгсөн нь бартерын байрыг хямд авах тохиолдол байдаг. Үүний дагуу тухайн үед хоорондоо тохиролцож захиалгын гэрээ байгуулсан.Ц.А захирал бартер 100 хувь төлөгдөөгүй байгаа талаар ямар ч зүйл яриагүй. Хэрэв тооцооны ямар нэгэн маргаантай байсан бол Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж байхад хэлэх ёстой байсан гэсэн, гэрч Ж.Цогбадрахын тэр хүн рүү мөнгөө хий гэсэн. Мөнгөө хийсний дараа асуудал гарахгүй биздээ гэж Ц.А гэдэг хүнээс тодруулж асуусан гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. /хх-ийн 231-238-р тал/

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн.

 

Тухайн хэлцэл нь Иргэний хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч П.Э, хариуцагч ИА ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа хүчин төгөлдөр үүссэн байна.

Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын хуулиар хүлээсэн үүргийг гэрээний талууд хэн аль нь биелүүлэх хүсэл зориггүй хэлцэл хийсэн байх тул хариуцагч Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасныг мөн дурдах нь зүйтэй.

 

8.2 Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байх тул түүнд үндэслэн маргаан бүхий орон сууцыг Б.Жийн өмчлөлд шилжүүлж цааш Ж.Гд худалдах, худалдан авах хэлцлийн үндсэнд өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй.

 

Б.Ж Ж.П нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээний дагуу орон сууцыг 110,000,000 төгрөгөөр түүний 80,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 30,000,000 төгрөгийг бартераар ажил гүйцэтгэж төлсөн гэж тусгасан байх ба хариуцагч Ж.Г нь хариуцагч Б.Жэд 20,000,000 төгрөгийн гүйлгээгээр нийт 4 удаа 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /101-104,109 р тал/

 

8.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул түүнээс гарах үр дагаврыг мөн хуулийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар Ж.Г нь Б.Жээс шаардах эрхтэй.

 

Түүнчлэн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд зохицуулсан болохыг дурдав.

 

8.4 Түүнчлэн хариуцагч ИА ХХК-ийн хувьд нэхэмжлэгчтэй орон сууц захиалан худалдах худалдан авах гэрээ байгуулахаас өмнө гэрээний эрх зүйн харилцаанд орсон гэх Ш.Лд холбогдуулан аливаа шаардлага гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

 

9.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар Б.Ж, Ж.Г нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П.Э, ИА ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээ-ний дагуу .... тоот хаягт байршилтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ИА ХХК болон Ж.Г нарт даалгаж шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,400 /774,450+707950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,482,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А, Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар Б.Ж, Ж.Г нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П.Э, ИА ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээ-ний дагуу .... тоот хаягт байршилтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ИА ХХК болон Ж.Г нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,400 /774,450+707950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,482,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА