Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02211

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 30 181/ШШ2024/02211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ..., НУЭ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин байх ЛЛ ХХК /РД:.../-д холбогдох,

 

Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 8,755,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хг, Ю.А, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М

Хариуцагчийн өмгөөлөгч:Б.Б, Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, архи, ликор зэрэг согтууруулах ундааг импортоор оруулан Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Аюуд Тауэрт байрлах Лава ресторанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 44,048,320 төгрөгийг бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлсэн. Хариуцагч компани нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанид хохирол учруулж байна. Иймд хариуцагч ЛЛ ХХК-иас худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагчийн авсан бараа бүтээгдэхүүн, төлсөн төлбөрийг бүгдийг нь огноогоор нь гаргаж баримтыг өгсөн. Тооцож үзэхэд үлдэгдэл нь 8,755,120 төгрөг болсон ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 6 сая төгрөг нийт 44 сая төгрөгөөс хасагдсан байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзэж байна. Эвент арга хэмжээнд нь оролцоно. Нэхэмжлэгч компанийн барааг зарна, нөгөө тал нь орлого олох харилцаа, төлбөрөөс чөлөөлөгдөх талаар гэрээ хэлцэл байхгүй гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.М нь ЛЛ ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн дүн болон шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Ресторан, лоунж, клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд НУЭ" ХХК-тай 2019 оноос бараа бүтээгдэхүүнийг худалдан авах мөн маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг байсан. Нэхэмжлэгч компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зэргээр удаа дараа хамтран эвент, хүлээн авалтыг зохион байгуулж, заалны түрээсийн төлбөрийг бэлэн болон бартерын зүйлээр төлж барагдуулдаг байсан. 2021-2022 онд маркетингийн зорилгоор 5,000,000 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэгүй нийлүүлэн хамтран ажиллахаар 2 компанийн менежерүүд харилцан тохиролцож доорх ажлуудыг хийсэн. Энэхүү аман тохиролцоог тухайн үед манай компанид менежерээр ажиллаж байсан Ж.А хийсэн бөгөөд НУЭ" ХХК-ийн менежертэй 5 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үнэгүй нийлүүлж, амталгаа явуулахаар харилцан тохиролцсон болохыг мэдэж байсан. Үүнд: Виноны менюд 100 хувь тухайн компаний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар сольсон. Менюны зардал 800,000-1,000,000 төгрөг. Шинэ бүтээгдэхүүнийг таниулцуулах болон бусад эвент хүлээн авалтад өөрсдийн эзэмшлийн заалаа үнэгүй ашиглуулах. Нэг өдрийн заалны түрээс 1 500 000 төгрөг байдаг ба 1 удаа арга хэмжээ зохион байгуулсан.

Лхагва, Баасан, Бямба гаригуудад долоо хоног бүр манай компанийн зохион байгуулж байгаа бүх хүлээн авалт болон эвентэд өөрсдийн дарсны амталгаа, зар сурталчилгааны баннер хаяг шошгийг манай ресторанд байршуулан, өөрсдийн ажилчдаа зогсоож, НУЭ" ХХК нь өөрийн компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнийг сурталчилдаг байсан. Ийм сурталчилгааг манай компани нь тухайн үед нэг өдрийн 300 000 төгрөгийн түрээстэй хийдэг байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь нийт 15 удаа ийм байдлаар сурталчилгаа хийж байсан. Мөн тухайн хугацаанд дээрх маркетингийн дүнд тооцож нийлүүлэх шаарлагагүй, захиалаагүй бараа материалыг нийлүүлсэн ба зарлагын падаан нягтлан бодогчид ирээгүй тул тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл НУЭ" ХХК-иас тооцоо нийлж, акт үйлдэхгүйгээр бараа бүтээгдэхүүн ирсэн бол зар сурталчилгаа, амталгааны бараа бүтээгдэхүүн ирлээ гэж ойлгож, манай компани худалдан борлуулах бус амталгаанд ашигладаг байсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компани нь манай компанид амталгааны бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, сурталчилгаа хийсний төлбөрт мөнгө шилжүүлэх зэргээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, харин манай компани нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг таниулахад туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан. Хэрэв дээрх шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг манай компани төлөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд манай компани нь заал түрээс болон меню өөрчилсний төлбөрийг шаардах нөхцөл байдал үүсэх юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 8,755,120 төгрөгийн 5,631,000 төгрөгийг 2022.03.31-ний өдөр тооцоо нийлсэн гэх агуулгаар нэхэмжилж зарлагын баримтыг хавсаргасан байна. Нэхэмжлэгч талын шаардлага 3 хэсэг баримтад хуваагдаж байна. 2022.03.31-ний өдрийн тооцоо нийлсэн актын хувьд 5,000,000 төгрөг нь бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байсан. Үнэ төлбөргүйгээр нэхэмжлэгчийн виног амталгаа явуулахаар нийлүүлсэн бараа байдаг. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 6,000,000 төгрөгийг төлсөн ба баримтыг шүүхэд өгсөн. Энэ 6,000,000 төгрөг нэхэмжилсэн дүнгээс хасагдах ёстой. Хариуцагч тал 651,320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа...Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1дэх хэсэгт зааснаар харилцаа үүсч, 5сая төгрөгийн бараа материалтыг нийлүүлсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар харилцан амаар тохиролцсон. Хариуцагч тал хангалттай сурталчилж үнэ төлбөргүй үйлчилгээг хийсэн. Аман байдлаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч 5,000,000 төгрөгний үнэгүй бараа нийлүүлж манайх хариуд нь сурталчилахаар гол нөхцлийг тохирсон. Иймд 5,000,000 төгрөгийн үнийн дүнг хасч тооцох ёстой гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгт хураамж төлсөн баримт, НУЭ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Авлагын гүйлгээний түүх, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 02-ны, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний, 2022 оны 6 дугаар сарын 06-ны, 2022 оны 6 дугаар сарын 02-ны, 2022 оны 5 дугаар сарын 30-ны, 2022 оны 5 дугаар сарын 12-ны, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрүүдийн Борлуулалтын зарлагын хуулбар баримт,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: ЛЛ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээний мэдээлэл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гүйлгээний мэдээлэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Гэрч Ж.Аын мэдүүлэг.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч НУЭ ХХК нь хариуцагч ЛЛ ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ЛЛ ХХК нь эс зөвшөөрсөн.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн Лава ресторанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 44,048,320 төгрөгийн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлсэн. Хариуцагч компани нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 8,755,120 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч компани нь амталгааны бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, сурталчилгаа хийсний төлбөрт мөнгө шилжүүлэх зэргээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, харин манай компани нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг таниулахад туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан. 2021-2022 онд маркетингийн зорилгоор 5,000,000 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэгүй нийлүүлэн хамтран ажиллахаар 2 компанийн менежерүүд харилцан тохиролцсон үндэслэлээр эс зөвшөөрч марган, мэтгэлцсэн.

 

Хариуцагч 8,755,120 төгрөгийг шаардлагаас 651,320 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

 

8. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

8.1 Нэхэмжлэгч НУЭ ХХК, хариуцагч ЛЛ ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эрх зүйн харилцаанд орж, хамтран ажиллаж байсан үйл баримтад зохигч маргаагүй.

 

8.2 Нэхэмжлэгч дээрх хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэний үлдэгдэл төлбөрийг шаардсан бол, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж ажилласаны 5,000,000 төгрөгийг төлбөрт оруулан нэхэмжилсэн,төлөх үндэслэлгүй гэжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зааснаар шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Авлагын гүйлгээний түүх баримт, борлуулалтын зарлагын баримтууд, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг, хариуцагч тал 2022 оны 6 дугаар сарын 15, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдийн цахим гүйлгээний баримтыг гарган өгч, гэрч Ж.Ааас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна.

 

Шүүх эдгээр нотлох баримт, нотлогооны хэрэгслийг зохигчийн тайлбаруудад үндэслэн хооронд нь харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

9.1 Нэхэмжлэгчээс гаргасан өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагын гуйлтын дагуу үйлдсэн гэж тайлбарлаж байх боловч уг баримтад зохигч байгууллагуудын санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан, нягтлан бодогч нар гарын үсгээ зурсан байх тул хоорондын тооцооны үлдэгдлийн тооцоо нийлж үйлдсэн баримт гэж үзэх үндэслэлтэй, түүнийг няцаах баримт хэрэгт авагдаагүй. /хх-ийн 34-р тал/

 

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2022.01.01-2022.03.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлийг тоооцон дүгнэж акт үйлдэн 5,651,320 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэсэн баримт нь авлагын түүх баримтын 2022.02 хэсгийн 6 дахь мөрөнд бичигдсэн мэдээлэлтэй тохирч байна. /хх-ийн 5-6, 34-р тал/

 

9.2 Хариуцагч шүүх хуралдаанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг гарган өгсөн, тус үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 6,000,000 төгрөгийн тооцоог нэхэмжилж буй үнийн дүнд хамаарах эсэхийг шалгахад Авлагын түүх баримтын 2022.06, 2022.11 гэх хэсгийн мөнгөн орлого баганад бичигдсэн мөнгөн дүнтэй цаг хугацааны хувьд нийцэж байх тул уг төлбөрийг нэхэмжлээгүй гэж үзнэ.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 06, 11 сард хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 6,000,000 төгрөг төлсөн болох нь авлагын баримт, шилжүүлгийн баримтаар нотлогдож байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэл гарах үе буюу 2019.01.01-2023.07.31 хоорондын хугацаагаар тооцон гаргасан авлагын гүйлгээний түүх баримтаар тухайн төлсөн 6 сая төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан болох нь нотлогдож байна.

 

9.3 Хариуцагч тал нэхэмжлэгчтэй 2019 оноос бараа бүтээгдэхүүнийг худалдан авах мөн маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг байсан, нэхэмжлэгч компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зэргээр удаа дараа хамтран эвент, хүлээн авалтыг зохион байгуулж, заалны түрээсийн төлбөрийг бэлэн болон бартерын зүйлээр төлж барагдуулдаг байсан, 2021-2022 онд маркетингийн зорилгоор 5,000,000 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэгүй нийлүүлэн хамтран ажиллахаар 2 компанийн менежерүүд харилцан тохиролцсон гэж тайлбарлан

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийлсэн 5,651,320 төгрөгнөөс дээрх 5,000,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үлдэх 651,320 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

Гэрч Ж.Аын ...бараа материал авч, зарж, борлуулж хамтран ажилладаг байсан. Сүүлд тоглолт, эвентийн арга хэмжээгээр бараа материалаа танилцуулж, сурталчилж хамтран ажилласан...2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл сурталчлах, таниулах үйл ажиллагааны зардлыг 5 сая төгрөгөөр тохиролцсон...бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон. Сурталчлахдаа гэрээ хэлцэл хийдэггүй... гэх мэдүүлэг, уг нотлогооны хэрэгслийг давхар нотлох бараа материал сурталчлах, таниулах үйл ажиллагааны талаар талууд харилцан тохиролцсон гэрээ, хэлцэл хийгдсэн, түүнийг хэрхэн тооцож дүгнэх, талууд ямар нөхцлийг тохиролцсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гарган өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 02, 2022 оны 4 дүгээр сарын 01, 2022 оны 6 дугаар сарын 06, 2022 оны 6 дугаар сарын 02, 2022 оны 5 дугаар сарын 30, 2022 оны 5 дугаар сарын 12, 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 14, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрүүдийн борлуулалтын зарлагын баримтуудыг гарган өгсөнийг шүүх авлагын гүйлгээний түүх баримттай харьцуулан шалгахад огноо, мөнгөн дүнтэй тохирч байна.

 

10. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 155,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЛЛ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 155,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЛЛ ХХК-иас гэрээний үүрэгт 8,755,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НУЭ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЛЛ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 155,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА