Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02212

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 30 181/ШШ2024/02212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, О.О/РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Д.Д /РД:../-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Түрээсийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр 96,200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Нэхэмжлэгч О.О болон Хариуцагч Д.Д нар нь эртнээс бие биеэ таньдаг хөршүүд бөгөөд 2022 оны хавар хариуцагч Д.Д өөрийн эзэмшлийн үйлчилгээний обьект дээр хамтран ажиллах санал тавьсан. Улмаар О.О өөрийн найз нарын хамтаар Д.Дийн үйлчилгээний объектод хоолны газар ажиллуулж эхэлсэн бөгөөд Д.Д үйлчилгээний байраар хангаж, О.О найзуудын хамтаар үйл ажиллагааг хариуцан ажиллаж талууд олсон ашгаас тэнцүү хуваан авахаар тохиролцсон юм. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас болон ашиг орлого багатай байсан учраас аль аль тал нь цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул үйл ажиллагааг зогсоосон билээ. Хамтран ажиллаж эхлэх үед Д.Д ашиг орлого олж эхэлснийхээ дараа өөрийн авах ёстой ашгаасаа өгье мөнгө зээлээч гэхээр нь Д.Д.Дийн Хаан банкны 5041438698 тоот данс руу 20,000,000 (хорин сая) төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 31-ны өдөр шилжүүлж хариуцагчид зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Цаашид хамтарч ажиллахгүй нь тодорхой болсон тул нэхэмжлэгчид учраад буй хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байх тул тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч зээлсэн 20,000,000 төгрөгөө шаардсан. Тухайн үедээ хариуцагч амаараа хэлээд аман гэрээ байгуулж зээлсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Хамтран ажиллах аман тохиролцоо хийсэн. Хамтран ажиллах гэрээний төслөө цахимаар илгээж байсан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа. Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар заавал бичгээр байгуулна, бүртгэлийн газарт бүртгүүлнэ, уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн. Талуудын хооронд хамтран ажиллах харилцаа байсан нь үнэн. Хамтраад юм хийх харилцаанаас гадна тусдаа 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, хэрвээ хамтраад ашигтай болбол дараагаас буцааж олгоно гэж тохирсон. Тийм учраас байрыг нь буцааж өгөөд хүмүүс нь гараад мөнгөө авъя гэж шаардсан. Кофены машин, бутлагч зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн юм уу байсан эсэх бодитой баримт хавсаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

2. Хариуцагч Д.Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 Тус шүүхэд О.Оын нэхэмжлэлтэй, Д.Д.Д надад холбогдуулан гаргасан Зээлүүлсэн 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай..." иргэний хэрэг маргаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, мөн хуулийн 25.2.2-т тус тус заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй оролцдог бөгөөд уг үүргээ биелүүлээгүй /нотлох баримт байхгүй/ худал тайлбар гаргасан байна. 1.Хэргийн үйл баримтын талаар тайлбарлавал: Миний бие О.Отэй найз нөхдийн харилцаатай бөгөөд 2022 оны 03 сард өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 6-р хороо, бага тойруу, 4-16 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхээр зар тавьсан. Гэтэл найз О.О нь үл хөдлөх эд хөрөнгөө надад түрээслүүлчих манай Солонгос Улсад ажиллаж байсан найзууд бий тэд нартай нийлээд мах шардаг хоолны газар болгон ажиллая гэх саналыг анх надад тавьсан. Үүний дагуу түүний мах шардаг хоолны газар ажиллуулах саналыг хүлээн зөвшөөрч бусдад түрээслэх гэж байсан хөрөнгийг О.От сарын 17.000.000 төгрөгөөр /хямд үнээр/ түрээслэхээр болж талуудын хооронд амаар түрээсийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д "... Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно..." мөн хуулийн 43.3-т "...Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ..." гэж тус тус заасны дагуу О.Од үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгч шилжүүлснээр, мөн түрээсийн төлбөрт 20.000.000 төгрөгийг төлснөөр талуудын хооронд бодит үйлдлээр хийгдсэн түрээсийн гэрээний харилцаа үүссэн юм.

Ийнхүү түрээсийн гэрээний дагуу би түүнд үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх, харин О.О нь надад сарын 17.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 3 сарын түрээсийн барьцаа болгон 51.000.000 төгрөгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж оролцсон. Улмаар О.О нь хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад авснаар найзуудын хамт үл хөдлөх эд хөрөнгөд мах шарах хоолны газрын зориулалтад нийцүүлэн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. /агааржуулалтын хоолой суурилуулсан/. Үүний дараа хоолны газраа албан ёсоор 2022 оны 04-р сараас эхлэн 2022 оны 09 р сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан ба төлөхийг шаардахад үйл ажиллагаанаас ерөөсөө ашиг олохгүй байна гэх зэргээр худал үнэн шалтаг тоочин, мөн түрээсээр ашиглаж буй обьектыг анх хэлэлцэн тохиролцсон зориулалтын дагуу ашиглаагүй /цагийн хуваарийн дагуу шөнийн 00 цагт хаахгүй, архидан согтуурч дотор зааландаа тамхи татах/ зэрэг зөрчлүүдийг үүсгэж бидний хооронд маргаан үүсэж эхэлсэн. 2. Д.Дт зээлүүлсэн 20.000.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон. Гэвч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний харилцаа огт биш бөгөөд дээр дурдсанчлан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр төлсөн 20.000.000 төгрөгийг зээл олгосон мэтээр шүүхэд худал тайлбар гаргасан байна. Тодруулбал талуудын хооронд харилцаж байсан Facebook chat хуудсаар түрээсийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгчийн зээл олгосон гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Миний бие О.Оаас 20.000.000 төгрөг зээлэх санхүүгийн хэрэгцээ шаардлага огт байхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн объектыг нэхэмжлэгчид түрээслүүлсний дагуу түүнээс олж авч буй үр шим юм. Хэрэв нэхэмжлэгч тал дээрх 20.000.000 төгрөгийг надад зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлж байгаа бол хэдэн сарын хугацаатайгаар хэдий хэмжээний хүүтэй зээлж буй, мөн хэзээ, ямар цаг хугацаанд эргэн төлөгдөх, дуусгавар болох талаар тодорхойлсон байх шаардлагатай ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрсдөө нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д "...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..." гэж хууль тогтоогчоос хуульчилсан байх ба дээр дурдсанаар бидний хооронд хуульд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа огт үүсээгүй буюу түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрийг зээлүүлсэн гэж үзэх хууль зүйн ойлголт байхгүй. Харин ч би өөрийн эзэмшлийн объектыг О.От 2022.04-р сараас 2022 оны 9 сар хүртэл 5 сар ашиглуулчхаад, үлдэх 4 сарын түрээсийн төлбөрийг авч чадахгүй хохирч байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...О.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 4-16 тоот хаягт байрлах 170м талбай бүхий Д.Д миний өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулахаар 2022.03.25-ны өдөр надтай харилцан тохиролцож улмаар бид амаар түрээсийн гэрээг байгуулсан. Ингэснээр бидний хооронд зээлийн гэрээ биш харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1- т"... Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлдээ ч энэ талаар тодорхой дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.О нь түрээсийн зүйлийг надаас хүлээн авч тодорхой хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх гэж найдаж байна. О.О бид харилцан тохиролцож түрээсийн зүйлд үйл ажиллагаа явуулахдаа түрээслэн үйл ажиллагаа явуулж олох орлогыг 1 өдөрт 3.000.000 төгрөг, сард 90.000.000 төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцож, үүний 40%-ийг нь цэвэр ашиг гэж үзвэл 1 сард 36.000.000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж ярилцан үүнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ингэснээр нэхэмжлэгч надад 1 сард 18.000.000 төгрөгийг төлж байхаар амаар бид тохиролцсон. Мөн ийнхүү төлөвлөсөн орлогыг түрээслэгч олж чадаагүй тохиолдолд сар бүр түрээсийн төлбөрт 17.000.000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх нөхцөлийг бид амаар харилцан тохиролцсон.

Д.Д миний бие өөрийн өмчлөлийн дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь рестораны зориулалтаар ашиглаж байсан тул дотор нь байсан том тек, кофены машиныг бутлагчийн хамт нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. О.О нь 2022 оны 4 сараас эхлэн миний түрээсийн зүйлд рестораны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түрээсийн төлбөрөө огт төлөөгүйгээс гадна зөрчлийн шинжтэй үйлдэл Удаа дараа гаргасан тул би түрээсийн гэрээг цуцлан 2022.09.18-ны өдөр түүнээс үл хөдлөх э хөрөнгийн түлхүүрийг хүлээж авсан. Ингээд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө дээрээ очиход дотор нь байсан кофены Машин эвдэрчихсэн ашиглах боломжгүй болсон байсан ба надад 8.200.000 төгрөгийн үнэ бүхий кофены машин, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий кофены бутлагчийг шинээр худалдан авах шаардлага үүссэн. Үүнд миний бие 11.200.000 төгрөгийн зардал гарахаар байх тул үүнийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 326.2-т ...түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно..." гэж заасны дагуу 2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл 5 сарын түрээсийн төлбөрт нэг сарын 17.000.000 төгрөг гэж тохиролцсоны дагуу түрээсийн төлбөр нийт 85.000.000 төгрөг болон түрээсийн зүйлийг эвдэж гэмтээсэн хохирол болох 11.200.000 төгрөгийг би нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд түрээсийн төлбөрт 85,000,000 төгрөг, хохиролд 11,200,000 төгрөг нийт 96,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 14, 2023 оны 10 дугаар сарын24-ний өдрүүдийн Н.Нд олгосон итгэмжлэлүүд, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт,

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримтын тухайд: Б.Бд олгосон итгэмжлэл, Д.Дийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Д.Дийн гэрээслэл, кофены машины зурагын хуулбар,

3.3 Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтууд: 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Д.Д.Дт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, Түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Түрээсийн гэрээний үүрэгт 96,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6. Нэхэмжлэгч О.О болон хариуцагч Д.Д нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд хариуцагч Д.Д ийн эцэг Д.Дийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 4 дүгээр байрны 16 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 57 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд хоолны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсонд зохигч, төлөөлөгч маргаангүй.

 

7. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 4 дүгээр байрны 16 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 57 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Дийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. /хх-ийн 85-р тал/

 

8. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2022 оны хавар хариуцагч Д.Д.Д өөрийн эзэмшлийн үйлчилгээний объект дээр хамтран ажиллах санал тавьсан. Д.Д.Д үйлчилгээний байраар хангаж, О.О найзуудын хамтаар хоолны газрын үйл ажиллагааг хариуцан ажиллаж талууд олсон ашгаас тэнцүү хуваан авахаар тохиролцсон юм. Хамтран ажиллаж эхлэх үед Д.Дт 20,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн, талуудын хооронд хамтран ажиллах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон.

 

8.1 Хариуцагч Д.Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбараар хариуцагч тал хамтран ажиллах болон зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

 

9. Зохигч хэлцлийн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа-нд маргаантай.

 

9.1 Тухайлбал нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа амаар байгуулсан гэж үзэж 20,000,000 төгрөгийг буцаан шаарддаг бол хариуцагч Түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний баталгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

 

9.2 Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл болоод сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нотлогдох эсэхийг шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай.

 

10. Зохигчийн хооронд Зээлийн гэрээ, Түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг шалгавал:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Хариуцагч тал Түрээсийн гэрээний үүргийн дагуу барьцаа болгож 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлэн авсан гэж татгалзлын үндэслэлийг тайлбарладаг.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагч Д.Д.Дт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг Degi гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь шилжүүлгийн мэдээллийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 4-р тал/

 

Маргаан бүхий 20,000,000 төгрөгийг талуудын хооронд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй зөвхөн шилжүүлсэн зорилго, хүсэл зоригт маргаж байх тул хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар баримт шүүхэд гарган өгөөгүй, зээлийн гэрээний нөхцөл, зээл төлөх хугацаа, хүү тохиролцсон эсэх, хэзээ хэрхэн буцаан төлөх талаарх нөхцөлийг тодорхойлоогүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт буюу үзлэг хийсэн баримтаар тухайн цаг мөчид талууд ямар харилцааны талаар ярилцаж байсан, хүсэл зоригийн шинжийг илэрхийлэх цахим захидлын агуулгыг үнэлэн талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх нотлох баримт авагдаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн цаг хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичсэн цахим захидалд нөгөө 20 оо авч байж болох уу, Нэг мөсөн хийе, 20 хийчихлээ, баярлалаа, гэрээгээ чулуудна биз, аахан гэх зэргээр харилцаж, хамтран ажиллах гэрээний төсөл илгээж байсан, уг харилцсан захидлаас зээлдүүлсэн, зээлийн гэрээний шинжтэй харилцааны агуулга харагдахгүй байгаа болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 104-127-р тал/

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Түрээсийн гэрээний дагуу ...2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл 5 сарын түрээсийн төлбөрт нэг сарын 17,000,000 төгрөг гэж тохиролцсоны дагуу түрээсийн төлбөр нийт 85,000,000 төгрөг, түрээсийн зүйл кофены машиныг эвдэж гэмтээсэн хохиролд 11.200.000 төгрөгийг нийт 96,200,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Зохигчийн хооронд Түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, зохигч уг гэрээний харилцаа үүссэн эсэхэд маргаантай, хэрэгт уг гэрээний харилцааг нотлох баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д "... Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно..." мөн хуулийн 43.3-т "...Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсанаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ..." гэж тус тус зааснаар талуудын хооронд бодит үйлдлээр хийгдсэн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч зохигч хэлцэл, тохиролцоонд маргаантай, хуульд заасан гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ зохигч хэн аль нь биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн болон түрээсийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх хуульд нийцсэн эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Харин үзлэгийн тэмдэглэл, гэрээний төсөл, зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд хоолны газар ажиллуулах талаар амаар тохиролцсон болох нь харагдаж байх ба энэ үйл баримтын тухайд зохигчоос гадна өөр этгээдүүд оролцсон гэх тул хэлцэл хийсэн талууд, тухайн хэлцэлд тохиролцооны дагуу хэн нь ямар үүрэг хүлээж оролцсон, үүргээ хэрхэн биелүүлсэн, зөрчсөн эсэх талаар дүгнэж, улмаар зохигч уг аман хэлцлийн дагуу өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл тухайн харилцааны оролцогч нарыг оролцуулан зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав. Үзлэгийн тэмдэглэлээр 20,000,000 төгрөгийг уг хэлцэл, тохиролцооны дагуу шилжүүлсэн гэх нөхцөл байдал харагдаж байна.

 

12. Талууд хамтран ажиллан тухай тайлбарлаж, нэхэмжлэгч тал хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлж гэрээний төсөл илгээж байсан тухай, хариуцагч тал хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины шаардлагын үндэслэл биш тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, уг үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй болно.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 96,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА