| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03668/И |
| Дугаар | 181/ШШ2024/02255 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/02255
2024 06 05 181/ШШ2024/02255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, А.Э /РД /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, З.Г /РД /-д холбогдох,
Нэр төр сэргээлгэж, Дорнод аймгийн Ж телевиз, Ж сайтаар тараасан худал мэдээллээ няцаахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
Хариуцагч Г.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Г.Оод холбогдуулан нэр төр сэргээлгэж, Дорнод аймгийн Ж телевиз, Ж сайтаар тараасан худал мэдээллээ няцаахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Э миний бие нь1998-2021 он хүртэл төрийн жинхэнэ болон улс төрийн албан тушаалд нийт 24 жил ажилласан. 2019-2021 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын албан тушаалд томилогдон ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 10 сард ар гэрийн гачигдлаар тус албанаас чөлөөлөгдсөн.
Гэтэл 2021 оны сүүл, 2022 оны 3 дугаар сарын орчим Дорнод аймгийн Ж телевиз, Ж сайтаар Дорнод эв нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч гэх ГГ.О гэдэг хүн Улаанбаатар хотоос очиж олон нийтийн сүлжээнд өөрийн биеэр ярилцлага өгч тус сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Э гэгч нь М ХХК-иас онц их хэмжээний буюу 100.000.000 төгрөгийг авч завшсан баримттай тул АТГ-т өгч байна гэж илт үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд цацаж иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох М гэх компани нь манай сумын 2-р багийн нутаг дэвсгэрт нүүрсний уурхайн ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагааг явуулж хөрс хуулалтын ажлыг явуулж байсан. Сумын засаг даргад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон эрх хэмжээнд нутгийн бэлчээр, мал бүхий иргэдийнхээ нөхцөл байдлыг дордуулахгүй тулд арга хэмжээг авч ажиллаж байсан. Ковидын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нөхцөл байдлын үед тус компани нь манай сумын эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлаж, улмаар нийгмийн хариуцлагын хүрээнд уурхай байгаа сумандаа тодорхой хөрөнгө оруулалт хийх саналыг сумын удирдлагын хувьд надад тавьсан. Тэгэхдээ сумын төрийн санд 100.000.000 төгрөг байршуулж түүгээр суманд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой гэж санал тавихад миний бие нь хуулийн дагуу сум хандив тусламж шууд авах боломжгүй бөгөөд хөрөнгө оруулалтын ажлыг төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомжоор шийддэг тул дээрх мөнгийг хүлээн авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн.
Ингээд М ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд суманд оруулахаар төлөвлөсөн 100.000.000 төгрөгийг сумын ахмадын хорооны дансанд байршуулж иргэдээс санал авч дэмжигдсэн хөрөнгө оруулалтад өөрсдийн хяналттай зарцуулж ирсэн байдаг. Энэ талаарх баримт мэдээ Прокурорын бичигт тусгагдсан байгаа болно. Гэтэл хариуцагч Г.О нь А.Э миний Үндсэн хуулиар хамгаалагдсан нэр төр улмаар ажил хэргийн алдар хүндэд маш ноцтой халдсан. Тухайн үед дээрх асуудлыг АТГ-аас шалгаж байсан учраас миний бие хууль хяналтын байгууллага шалгаж дуусах хүртэл элдэв асуудал хөндөхгүй байх нь хуульд нийцнэ гэж үзэж Прокурорын шийдвэр гарах хүртэл хүлээсэн. Ингээд Дорнод аймгийн Прокурорын газраас 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 232 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай нэхэмжлэгч надад холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тогтоол гарсныг миний бие 2023-06-р сард гардан авсан. Мөн Ж телевиз болон иргэн Г.Оыг худал мэдээллээ залруулахыг хүссэн ярилцлагыг хэвлэл мэдээлэлд өгсөн. Иймд иргэн Г.О нь Дорнод аймгийн Ж телевиз, Ж сайтаар А.Э намайг их хэмжээний хээл хахуулийг албан тушаалын байдлаа ашиглан авсан мэтээр илтэд гүтгэсэн үйлдлийн улмаас хохирсон нэр төрийг сэргээж, хариуцагчийг энэхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчээс уучлал гуйж өөрийн мэдээллийн алдаатай байдлыг няцаах үүргээ хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү...Хариуцагчийн хариу тайлбарт бичсэн Ашигт малтмалын тухай хуулийн 42.1, 42.2, 42.3 дахь хэсэгт заасан заалтууд нь Сумын засаг даргад огт хамааралгүй заалтууд байгаа. Цагдаагийн байгууллагад хариуцагч өргөдөл гаргасны дагуу шалгаж 100 сая төгрөгийг нэхэмжлэгч нь хувьдаа авч ашигласан эсэх үйлдлийг шалгасан, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Хувийн дансандаа шилжүүлж авсан гэж ярьдаг ч тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдээр няцаалгаж, залруулга хийлгэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.О нь шүүхэд дараах тайлбарыг гаргасан: Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байгаа Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргаар ажиллаж байсан А.Эий нэхэмжлэлтэй иргэн Г.О надад холбогдох иргэний хэрэгтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Э нь тус сумын засаг даргаар ажиллаж байхдаа Баянтүмэн сумын 2-р баг Хашаатын цав гэх хилийн бүсэд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий М ХХК-тай харьцахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1, 42.2, 42.3-д заасан хууль журмын дагуу ажиллаагүй байдал нь иргэн миний хардах нөхцөл байдлыг бий болгосон. Өөрөө дур мэдэн сумын ахмадын холбоо ТББ-ийн дансаар 100 000 000 төгрөгийг байршуулж өөрийн үзэмжээр захиран зарцуулсан үйлдэл болон тусгай зөвшөөрөл бүхий компанид хуулийн шаардлага тавихгүй байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсныг хууль хяналтын байгууллагад хандаж шинжээч томилуулж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж миний бие баримт нотолгоо бүрдүүлэн ажиллаж байгаа болно. Миний бие нь хууль журмын хүрээнд хууль бус үйл ажиллагаа үйлдэл бий болоод байгааг иргэний журамт үүргийнхээ хүрээнд хардаж шүүх цагдаагийн байгууллагад хандсан нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Дорнод аймгийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаар прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар,
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Г.Оын иргэний үнэмлэхийн хуулбар,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Ж нум ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 45 дугаар албан бичгээр ирүүлсэн Си Ди бичлэг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ж телевизээс ирүүлсэн Си Ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд хариуцагч Г.Оод холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг хариуцагч Г.О нь Дорнод аймгийн Ж телевиз-ээр 2022 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Э гэгч нь М ХХК-иас онц их хэмжээний буюу 100,000,000 төгрөгийг авч завшсан баримттай тул Авлигатай тэмцэх газарт өгч байна гэх мэдээлэл тарааж, Jaran.mn сайтаар тухайн мэдээ нь давхар шууд дамжуулагдсан, илт худал мэдээллийг олон нийтэд цацаж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар А.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй гэжээ.
7. Хариуцагч иргэний хувьд хардах нөхцөл байдал бий болсон, хууль журмын хүрээнд хууль бус үйл ажиллагаа үйлдэл бий болоод байгааг иргэний журамт үүргийнхээ хүрээнд хардаж шүүх цагдаагийн байгууллагад хандсан нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. /хх-ийн 15-р тал/
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1. Хариуцагч Г.О нь Дорнод аймгийн Ж телевиз/Jaran.mn сайт/-ээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын удирдлагуудтай холбоотой мэдээ, ярилцлага өгсөн байна.
Уг мэдээнд Сумын засаг дарга асан А.Э нь засаг даргаар ажиллаж байхдаа М ХХК-иас 100,000,000 төгрөгийг сумын ахмадын холбооны дарга Данжин гэдэг хүний дансаар дамжуулан санхүүжилтийг авсан гэж байгаа. Авахдаа энэ хүн бол нэгт тус компанидаа тайлан, мэдээ мэдээллийг хүргээгүй, хоёрт сумын засаг даргын тамгын газрын албан ёсны дансаар шилжүүлж, сумынхаа хөгжил дэвшилд зарцуулах ёстой байсан мөнгийг энэ хүмүүс хувийнхаа дансаар авч байгаа нь ашиг сонирхол албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг ээ гэж үзэж байгаа гэж мэдээлсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон./хх-ийн 34-40-р тал/
8.2. Дорнод аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн 222100141 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
Тус тогтоолд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар А.Эг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргаар томилж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар Баянтүмэн сумын Засаг даргын албан үүргээс чөлөөлжээ. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Ахмадын хорооны Төрийн банкны ...тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-иас 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. А.Эг Баянтүмэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Баянтүмэн сумын ахмадын хорооны тоот дансанд шилжсэн 100,000,000 төгрөгнөөс Цэцүүх трейд ХХК-ийн...тоот дансанд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ болох 3,600,000 төгрөг, хутаг усны төлбөрт Д.Амарсайханы ...тоот дансанд 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Меланж ХХК-ийн захирал Д.Өлзийжаргал нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр Р.Наранчимэгтэй бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна...100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь хахуул өгөгчийн ашиг, сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахуул өгөхийг шаардсан нөхцөл байдал тогтоогдохгүй, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна./хх-ийн 4-7-р тал/
9. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг гэж хуульчилсан.
Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж юм.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.
Сумын засаг дарга асан өмнөх засаг дарга А.Э нь засаг даргаар ажиллаж байхдаа М ХХК-иас 100,000,000 төгрөгийг сумын ахмадын холбооны дарга Данжин гэдэг хүний дансаар дамжуулан санхүүжилтийг авсан...Энэ хүмүүс хувийнхаа дансаар авч байгаа нь ашиг сонирхол албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж үзэж байна гэх агуулгатай мэдээ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, гутаасан агуулгатай байх тул хариуцагч Г.О нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зааснаар мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй байна.
Иймд хариуцагч Г.О нь Дорнод аймгийн Ж телевиз/Ж сайт/-ээр 2022 онд тараасан Сумын засаг дарга асан өмнөх засаг дарга А.Э нь засаг даргаар ажиллаж байхдаа М ХХК-иас 100,000,000 төгрөгийг сумын ахмадын холбооны дарга Данжин гэдэг хүний дансаар дамжуулан санхүүжилтийг авсан...Энэ хүмүүс хувийнхаа дансаар авч байгаа нь ашиг сонирхол албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж үзэж байна гэх мэдээ тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүүхдийн эрүүл мэндийн шалтгаанаар хөдөө байгаа тухай шүүхэд мэдэгдэж, шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч тал иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг илэрхийлсэнд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Ж телевиз/Ж сайт/-ээр 2022 онд тараасан Сумын засаг дарга асан А.Э нь Засаг даргаар ажиллаж байхдаа М ХХК-иас 100,000,000 төгрөгийг сумын ахмадын холбооны дарга Данжин гэдэг хүний дансаар дамжуулан санхүүжилтийг авсан...Энэ хүмүүс хувийнхаа дансаар авч байгаа нь ашиг сонирхол албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж үзэж байна гэх мэдээнд нэхэмжлэгч А.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг хариуцагч Г.Оод даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
Б.ТҮМЭНЦЭЦЭГ