Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин байрлах “Ф кББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоот хаягт оршин суух Г овогт Г П/РД: /,

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт оршин суух овогт М Б /РД: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Г.П, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК нь хариуцагч Г.П, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

““Ф кББСБ” ХХК нь Г.П, М.Б нартай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ23110059 тоот Зээлийн гэрээ байгуулан сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 87,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

Энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №БГ23110059 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан БГД,   тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн, 54,6 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн 42,29 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй болно. Зээлдэгчид учирсан хувийн нөхцөл байдал, зээлдэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган, уригдсан тал нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн юм.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Г.П, М.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 87,000,000 төгрөг, үндсэн хүү 5,045,523.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,412.15 төгрөг нийт 92,058,935.43 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар нь гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тус тус шаардлагыг гаргаж байна. Хамтран хариуцагч М.Бгаас татгалзаж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч Г.Пхариу тайлбартаа: “Бид 2023 оны 08 сарын 30-ны өдөр “Ф К” ББСБ ХХК-тай 87,000,000 төгрөгний гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа тус ББСБ-ийн Гүйцэтгэх захирал С.Бболон хуулийн зөвлөх Болдбаатар нар нь намайг дуудан “Танай хүүгийн өмнө нь авсан 50,000,000 төгрөгийн зээлийн хүү, алданги нийлсэн 87,000,000 төгрөгийг хэдүүлээ чам дээр зээл гаргаад хаачихъя, тэгэхгүй болохоор чиний хүү чинь муу зээлдэгчийн ангилалд орчихно, залуу хүүхэд нэр хүндэд нь муу” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “надад зээлийн батлан даагч байхгүй” гэсэн чинь “хамаагүй ээ, охиноо л дагуулаад ир, тэр тийм ач холбогдолтой биш” гэж хэлсэн. Ингээд над дээр 2023 оны 08 сарын 30-ны өдөр “Ф кББСБ” ХХК-тай 87,000,000 төгрөгийн №ЗГ23110059 тоот зээлийн гэрээ, №БГ23110059 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн Дугаар №ЗГ21/83 тоот зээлийн гэрээ, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Дугаар БГ21/83 тоот барьцааны гэрээ бүхий зээлийг хаасан.

2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн №ЗГ21/83 тоот зээлийн гэрээ байгуулсан миний хүү М.Б нэр дээр сарын 5%-ийн хүүтэйгээр авч би хамт бизнес хийх зорилгоор Равжирын Бд өгч залилуулан бид зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ хэрэг нь одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд 2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн №ЗГ21/83 тоот зээлийн гэрээтэй зээлийн хүүнд нийт 29,100,000 төгрөг төлсөн бөгөөд сарын 5%-ийн хүүтэй учраас цаашид төлж чадахаа байсан. Энэ талаар тус ББСБ-ийн захирал С.Б тун сайн мэдэж байгаа бөгөөд өөрөө Р.Бтай байнга ярьж өрөө төл гэж хэлдэг байсан. Зээл эрсэдсэн, зээл төлөх чадваргүй болсныг мэдсээр байж өндөр хүүтэй зээл учраас хэт өөрийгөө бодсон эрх ашгаа бодож хүүний төлбөрийг нэмэгдүүлэх, өсгөх байдлаар арга хэрэглэсэн. Мөн төлөгдөх чадваргүй болохыг мэдсээр байж өөрийн ББСБ-ийн балансын чанарыг сайжруулах үүднээс хуулийн зөвлөхтэйгөө нийлэн дахин шинээр төөрөгдүүлэн гэрээ хийсэн, улам баталгаажуулсан юм. Тус ББСБ нь Зээлийг өөр хүнд өгөөд алдсан, зээл төлөх чадваргүй болсныг мэдэж байсан бөгөөд бид удаа дараа хүсэлт тавьж хүүгээ зогсоон эвлэрэн төлөх хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг авч хэрэгсээгүй. Бид аргаа барахдаа өөрсдөө 2023 оны 02 сард Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэмэгдүүлсэн хүү, хүүнээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан.

Энэ нь зохиомол дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд зээлийг гэрээний 2.1.6-д заасан зориулалтын дагуу хувийн хэрэгцээнд ашиглах боломж олгоогүй болно. Иймээс эргээд энэхүү өндөр зээлийг төлөх боломжгүй болсон. Хувийн хэрэгцээнд гэж зээлийн зориулалтаа гаргасан боловч хувийн хэрэгцээнд биш зээл хаахад 100% зарцуулсан. Мөн барьцаа хөрөнгийг тэр өдрөө өөрсдөө чөлөөлөн буцаан барьцаалсан. Өөрөөр хэлбэл, хуучин зээлд байсан барьцаа хөрөнгийг дүр эсгэн өөрсдөө чөлөөлөн буцаан миний зээлд барьцаалсан.

Ингэхдээ “надад мөнгө байхгүй” гэхэд өөрсдөө өдрөөр хүүтэй зээл олгон, зээл чөлөөлүүлдэг хүнтэй хамтран ажилладаг гээд нэг хүн дуудсан. Н.У гэж хүн дуудан тэр хүн нь миний данс руу 87,000,000 төгрөг шилжүүлэн захирал С.Бхуулийн зөвлөхтэйгөө хамт яван зээлээ хаалгаад буцаан зээл олгон олгосон мөнгөө Г.Ун данс руу хийлгэсэн. Энэхүү үйлдэл нь СЗХ-ий банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, олгосон зээлийг 100% зээл хаахад зориулан ашигласан, зохиомол дүр эсгэсэн гэрээ хийсэн гэж үзэж байгаа тул энэ нэхэмжлэлийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Зээлийн гэрээ /хх-8-10/, Барьцааны гэрээ /хх-11-13/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-14/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15/, М.Бий Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/, Зээд төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх-17/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай /хх-18/, Итгэмжлэл /хх-19, 30, 51, 35, 79/, Зарим хариуцагчаас татгалзах тухай /хх-29/, Барьцаа чөлөөлөх тухай /хх-44-45/, Тайлбар /хх-56-57/, “Ф К” ББСБ ХХК-д хүсэлт гаргах туха /хх-58/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-61/, Итгэмжлэл /хх64, 65/,  Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх66-69/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Хариу тайлбар /хх-31/, 2021оны Зээлийн гэрээ /хх-33-34/, Дансны хуулга /хх-35/, Төлбөрийн баримт /хх-36-37/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай /хх-38/, Шилжүүлгийн баримт /хх-39-43/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч нар зээлийг хүлээн авсан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээл 87,000,000 төгрөг, үндсэн хүү 5,045,523.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,412.15 төгрөг нийт 92,058,935.43 төгрөгийг гаргуулж, “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Хамтран хариуцагч М.Бгаас татгалзаж байна.” гэжээ.

3. Хариуцагч Г.Пнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн №ЗГ21/83 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 87,000,000 төгрөгийг чам дээр зээл гаргаад хаачихъя, тэгэхгүй болохоор хүү чинь муу зээлдэгчийн ангилалд орчихно гэж хэлээд өөрсдөө өдрөөр хүүтэй зээл олгон, зээл чөлөөлдөг хүн дуудан миний данс руу 87,000,000 төгрөг шилжүүлэн захирал С.Бхуулийн зөвлөхтэйгөө хамт яван зээлээ хаалгаад буцаан зээл олгон олгосон мөнгөө зээл чөлөөлсөн хүний данс руу хийлгэсэн. Энэхүү үйлдэл нь СЗХ-ий банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, дүр үзүүлж хийсэн хэлцэл.” гэж маргажээ.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.П, М.Б нартай №ЗГ23110059 тоот зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 87,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Г.П, М.Б нар зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн харилцан тохиролцсон байна. /хх-9-10/

 

6. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар М.Бий өмчлөлийн  Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 2 гудамж, 4-1 давхрын 3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий Г-*тоот улсын бүртгэлийн дугаартай 42,29 м.кв талбайтай хувийн сууц, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 2 гудамж, 4-3 давхрын 7 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий Г-*тоот улсын бүртгэлийн дугаартай, 54,6 м.кв талбайтай хувийн сууц үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-11-12, 15 ар тал/

 

7.Талууд зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх, зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгосон эсэх маргааны зүйл болсон.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох, зээлдүүлэгч хяналт тавих үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх нь зүйд нийцэх юм.

 

9. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан.

 

Өөрийн гэрээ байгуулах хүсэл зоригоо гэрээний аль ч тал нөгөө талдаа эхэлж илэрхийлэх боломжтой бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Г.Пнь нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК-д хандаж, “...2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн №ЗГ21/83 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 87,000,000 төгрөгийг миний нэр дээр шилжүүлэн Бий зээлийн ангиллыг сайжруулан хэвийн ангилалд шилжүүлэн өгнө үү, холбогдох зардлыг нэмэн 90,000,000 төгрөгийн зээл олгож өгнө үү.” гэж хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдож байна. /хх-58/

 

Нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК нь Г банк дах Г.Пгийн дансанд зээлийн 87,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.5-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснийг зөрчөөгүй байна. /хх-35/

 

10. Хариуцагч нь өмнө авсан зээлийг төлүүлэхээр зээл олгосон даруйдаа мөнгийг буцааж авсан гэж маргаж байгаа боловч өмнө нь “Ф кББСБ” ХХК-аас М.Б зээл авч байсан, уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.П19,100,000 төгрөгийг төлсөн, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл үлдэгдэл 87,000,000 төгрөг байх ба  үүний дагуу хариуцагч хүсэлт гарган М.Бий зээлийг хааж шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-39-43, 62, 66-67/

 

Нөгөө талаар хариуцагчаас ...зээлийг зориулалтаар ашиглах боломж олгоогүй, зориулалтын бусаар ашигласан нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэрээний талуудын эрх, үүрэгт хамааралтайгаас бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ,” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний 6.1, 6.1.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх ба үүрэг биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч “Ф к ББСБ” ХХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусах 2028 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 хоногийн зээлийн үндсэн хүү 308,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,887 төгрөгийг шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

12. Иймээс хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 87,000,000 төгрөг, зээлийн хүү 4,736,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,524 нийт 91,748,137 төгрөг төлөх үүрэгтэй.

 

13. Түүнчлэн, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчид холбогдуулан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

 

Энэ үүднээс “Ф кББСБ” ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч нарт холбогдуулан гаргасан байх ба өмчлөгч М.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй.

 

Хэдийгээр М.Бээс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Г.Пд итгэмжлэл олгосон байх бөгөөд энэ нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах эрхийг олгожээ. Зээлийн гэрээний шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах хуулийн зохицуулалттай тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зээлийн гэрээний шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

 

14. Барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр “Ф кББСБ” ХХК-ийн гаргасан шаардлагаар М.Бий өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй үндэслэлтэй байна.

 

15. Иймд хариуцагч Г.Пгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,748,137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 310,798 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

16. Нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч М.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Пгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,748,137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 310,798 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф кББСБ” ХХК нь хариуцагч М.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ