| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/05774/И |
| Дугаар | 181/ШШ2024/02332 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/02332
2024 06 10 181/ШШ2024/02332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ВА СӨХ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоотод оршин суух Г.П -д холбогдох,
4,420,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Хариуцагч Г.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... тоотод банк бус санхүүгийн байгууллага, Ж.Ц ХХК, барилгын болон томоохон зураг төслийн томоохон компанийн эзэн Г.П нь ашигласан гэрэл, цахилгаан, ус, дулаан, хог, лифт болон СӨХ-ны төлбөрөө огт төлж сураагүй, арга заль хэрэглэж, бултаж сурсан, мэргэшсэн хүмүүс бөгөөд иргэний үүргээ ухамсарлаж, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж, нийт оршин суугчид болон СӨХ-г хохироож байгаа оффисийн нэг болно. Мөн "Ж.Ц" ХХК болон банк бус санхүүгийн байгууллагын эзэн Г.П нь арга зальтай, иргэний үүргээ биелүүлдэггүй, огт төлбөрөө төлж сураагүй, мэргэшсэн нэгэн бөгөөд биднийг болон СӨХ-г олон удаа залилаж, хуурч байсан. "ВА СӨХ-ны дарга Г.Г миний бие хууртагдаж, арга залинд нь орж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр өнөөдөр, одоохон, удлаа гэхэд хоёр хоногоос хэтрүүлэхгүй, бат, мөнгөө төлчихнө гэхээр нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй, хүнд байгаагийн улмаас, хууртагдаж 2023оны 10-р сарын 03-нд хууль бус баримт хийгээд өгчихсөн байсан. "МТТ" ХХК захирал н.А нь бидний тооцоо танд хамаа байхгүй. Танай СӨХ тэд нараас авах өр, төлбөр, тооцоотой бол тэд нараас л ав гээд уурлаж байсан. Ийнхүү хүний гараар могой барьж, өөрсдөө мөнгөө гаргахгүй, эргэлдүүлж, мөнгө хүүлж сурсан, мэргэшсэн хүмүүс юм. Иймд нийт оршин суугчдыг хохироож байгаа иргэний үүргээ огт биелүүлж сураагүй, үл тоомсорлож, барилгын болон банк бус санхүүгийн байгууллагуудын удирдлага болох эзэн, хариуцагч Г.Пгээс хэрэглэсэн гэрэл, цахилгаан, ус, дулаан, хог, лифт болон СӨХ-ны олон жилийн өр төлбөрийг нэхэмжлэж байна.
Иймд бид 2021 оны 04-р сараас 2023 оны 11-р сар дуустал, ашигласан, хэрэглэсэн, лифт, хог, дундын өмчлөлын талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны, жижүүр, харуул, хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардал, СӨХ-ны зардал болох нийт 4,420,510 төгрөг /Дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга таван зуун арван төгрөг нэхэмжилж байгаа тул СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү. Алданги тооцоогүй болно гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 17 дугаар байр 201 тоот Г.П миний бие 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нэхэмжлэгч ВА СӨХ-ийн дарга Г.Гын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Надад холбогдуулан гаргасан 4,420,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Шүүхээс шударга үнэнийг тогтоож нэхэмжлэлийг зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн хүсч байна. Ж.Ц ХХК нь ВА хотхоны 201 тоотод 2020 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Бид тогтсон хугацаанд шаардлагатай төлбөр мөнгийг шилжүүлж одоог хүртэл хэрэглэсэн ус, дулаан, тогны мөнгийг зохих газарт төлж ирсэн бөгөөд төлбөрийн баримтыг хариу тайлбарын хамт хавсаргасан болно. Нэхэмжлэгч ВА Сөх нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанаар хэрэглэсэн лифт, хог, дундын өмчлөлийн талбайн засвар, үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, цэвэр, бохир усны төлбөр, жижүүр харуул хамгаалалт, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмжийн цахилгаан, дулааны зардалд сар тутам манай Ж.Ц ХХК-д 130,000 төгрөгийн төлбөр оногдуулан нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. ВА Сөх-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл:
1. Ж.Ц ХХК-нь тус барилгын 2 дугаар давхарт байрладаг тул лифт ашигладаггүй болно. Гэвч тус Сөх нэхэмжлэлийн үндэслэлдээ лифтний төлбөр нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2. Бид хэрэглэсэн цэвэр бохир усны төлбөрийг зохих газарт тушаадаг тул тус сөхийн гаргасан нэхэмжлэлд усны төлбөрийг дурдсан нь үндэслэлгүй болно.
3. Бид УБЦТС-д хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийг тушаадаг тул тус СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагадаа дулааны зардал хэмээн оруулсан нь мөн хууль бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4. Бид хогны төлбөр, харуул хамгаалалтын төлбөр, дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг хүлээн зөвшөөрдөг ба уг төлбөрийг төлөх боломжтой гэдгээ цаг тухай бүрт СӨХ-д мэдэгдэж байсан боловч ВА СӨХ нь компаний ашиглаж буй талбайн метр квадрат тутамд 1000 төгрөг тооцон 80,0015 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр нэмж тооцон нийт 130,000 төгрөгийг сар бүр нэхэмжилж байгаа нь хэтэрхий хууль бус дур зоргоороо үйлдэл байсан тул хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс өмнөх хугацаанд СӨХ-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхгүй байх үндэслэл болсон юм.
5. Би ямар ч үндэслэлгүйгээр сар бүр нэмж тооцон нэмэгдсэн 80,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ СӨХ-ийн даргад мэдэгдэж энэ 80.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэмж бодож байгаа гэдгээ үндэслэлтэй нотлох баримттай танилцуулахыг шаардсан боловч СӨХ-ийн зүгээс надад хууль ёсны төлбөр болохыг нотолж чадахгүй байсан тул энэхүү нэмж тооцож байгаа 80,015 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй юм.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Орон сууцны тухай хуулиудад ерөнхийлөн зааснаар СӨХ нь оршин суугчаас дур мэдэн мөнгө нэхэх хуулийн зохицуулалт байхгүй юм. Холбогдох хууль тогтоомжид зааснаар Нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлыг ам метр тутамд 200-300 төгрөгөөр тооцож, айл өрхөөс авна гэж заасан байдаг. Тэгвэл нэхэмжлэгч СӨХ иргэд, оршин суугчдын саналыг авч хэлэлцэлгүй дур мэдэн СӨХ байгуулж, өндөр төлбөр нэхэж байгаа гэж үзэж байгаа тул нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхийг шаардаж байна. Тухайн сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх ёстой болохоос биш өөрийн эзэмшилд байгаа орон сууц, талбай тутамд дахин Сөх-д төлбөр төлөх нь шударга бус билээ. Энэхүү төлбөрөөс бусад өөрийн өмчлөлд байгаа орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, цахилгаан зэргийн ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлдөг. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу СӨХ-д төлөх мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, СӨХ-ны дүрмээр тогтоодог. Гэтэл ВА Сөх нь сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй хэрнээ сар бүр ашиглалтын зардал дээр нэмж, өөрсдийн дур зоргоор оршин суугч тутамд метр квадрат бүрийг 1000 төгрөгөөр тооцон ямарч үндэслэлгүй төлбөр төлөхийг шаардаж байгаа нь өөрөө хууль бус, бусдын мөнгөн хөрөнгийг шамшигдуулах гэсэн оролдлого юм. Уг асуудлаар хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шалгуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэгч Сөх-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргуулан шалгуулах болснийг энэхүү хариу тайлбараар мэдэгдэж байна. Мөн шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад намайг мэргэшсэн заль хэрэглэж сурсан, мөнгө хүүлэгч мэтээр ёс бус хэллэгээр гутаан доромжилж миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд шууд халдаж байгаад гомдолтой байна. Би дундын эзэмшлийн талбайн зардлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү ямар ч үндэслэлгүйгээр бусдын эзэмшилд байгаа 80 метр квадрат тутамд 80.000 төгрөг төлөхөөс татгалзсан тул энэ асуудал 2023 оныг хүртэл сунжирсан билээ. Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг иргэний үүргээ биелүүлэхээс татгалзаагүй бөгөөд гагцхүү хууль бусаар үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүх хуулийг харгалзан үзэж, шударга ёсыг тогтоож, хууль бусаар нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчидоос гарган өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ВА СӨХ-ны дугаар 20/135 гэрчилгээний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 06-ны өдрийн ВА сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, Г.Пгийн өр төлбөрийн тооцоо, 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх нэхэмжлэх, Оршин суугчдын хурлын протокол, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/19 Айл өрхөөс авах төлбөрийн тухай албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ВА сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, Г.Пгийн өр төлбөрийн тооцоо, 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын төлбөрийн баримт, гэрэл зураг, 2021 оны 5 дугаар сарын төлбөрийн баримт, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ВА СӨХ-ны албан шаардлага хүргүүлэх тухай баримт бичиг, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 06 Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар, Орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний үнийн жишиг тарифийн хуулбар,
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт, 2022 оны 9 дүгээр сарын 27, 2022 оны 11 дүгээр сарын 23, 2023 оны 5 дугаар сарын 03, 2023 оны 4 дүгээр сарын 07, 2023 оны 4 дүгээр сарын 29, 2021 оны 11 дүгээр сарын 11, 2021 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 8 дугаар сарын 03, 2022 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 1 дүгээр сарын 05, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдийн шилжүүлгийн мэдээллийн баримт, дансны хуулга, төлбөрийн нэхэмжлэхүүд, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, М.Бий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 01/24/А-01 ВА СӨХ-ны удирдах зөвлөлийн Гомбожав овогтой Ганболдод мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 001/24/01 ВА СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын Сууц өмчлөгчдийн холбооны түр орлон Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол, 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 хороо, 11 хороолол, 17 байрны ВАын оршин суугчдын хурлын шийдвэр, 2024 оны 4 дүгээр 14-ний өдрийн дугаар 001/24 ВА СӨХ-ны бүх гишүүдийн хурлын сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүдийг батлах тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 002/24 ВА СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тогтоолыг хүчинтэйд тооцох тухай тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 002/24 ВА СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүнд сонгогдсонд тооцох тухай тогтоол, гэрэл зураг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 181/ШТ2024/00194 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ВА СӨХ нь Г.Пд холбогдуулан 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 4,420,510 төгрөг гаргуулахаар шаардсан.
6. Орон сууц өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүрэгтэй гэх нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, сар бүр төлөх төлбөр 130,015 төгрөгний 80,015 төгрөгийн задаргаа үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй шалтгаанаар төлөхөөс татгалзсан.
7.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
7.1 Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, 17-р байрыг байрыг нэхэмжлэгч ВА СӨХ харьяалан үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 20/135 тоот гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 3-р тал/
7.2 Хариуцагч Г.П нь тус СӨХ-ийн харьяалдаг Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, 17-р байрны 201 тоотод хуулийн этгээдийн чиглэлээр үйл ажиллагааг удирдан явуулдаг, тус хөрөнгийн өмчлөгч нь хариуцагчийн хүү М.Б бөгөөд үйл ажиллаагаа явуулж, эзэмшиж ашиглаж байгаа этгээд нь хариуцагч бөгөөд хариуцагч зарим төлбөрийг төлөхөд маргаагүй./хх-ийн 88-р тал/
Зохигч орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй этгээд Г.Пгээс ашиглалтын зардлыг нэхэмжилсэнд хариуцагч маргаангүй, зөвхөн төлбөр нэхэмжилсэн мөнгөн дүнгийн үндэслэлд маргаж байх тул шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэв.
7.3 Нэхэмжлэгч ВА СӨХ-г үүсгэн байгуулсан үйл баримттай холбоотойгоор тус байрны оршин суугчдийн төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор тус тус нотлогдсон./хх-ийн 82-83-р тал, 115-116-р тал/
8. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.
9. ВА СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой сард авах хэмжээг тогтоохдоо айл өрхийн талбайн хэмжээ нэг мкв талбайгаар 300 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага 600-1000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, хог 3000/10000/төгрөг, лифт 8,000 төгрөг, харуул хамгаалалт 18000/20,000/ төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан дулааны засвар 10,000 төгрөг байхаар төлбөрийн хэмжээг тогтоожээ. /хх-ийн 52-р тал/
Хариуцагч Г.П нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Би дундын эзэмшлийн талбайн зардлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү ямар ч үндэслэлгүйгээр бусдын эзэмшилд байгаа 80 метр квадрат тутамд 80.000 төгрөг төлөхөөс татгалзсан ... иргэний үүргээ биелүүлэхээс татгалзаагүй бөгөөд гагцхүү хууль бусаар үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул мөнгөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү гэжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.Пгийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн талбайн хэмжээ 130.05 м.кв байх бөгөөд аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг үйл баримтад маргаагүй тул 130.05 х 600/сард 78,030/ төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчийн сар бүр төлөх 130,015 төгрөгийн задаргааг: ашиглалтын зардалд 80,015 төгрөг, хог 10,000, харуул хамгаалалт 20,000, цэвэрлэгээ 10,000, цахилгаан дулаан 10,000 төгрөг гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан өр төлбөрийн тооцоо баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн лифтний мөнгө төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй, лифтний төлбөр нэхэмжлээгүй байна./хх-ийн 7-р тал/
Иймд 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд нийт 4,224,990 төгрөг гаргуулж, 195,520/сар бүр 80,015-78,030=1,985 зөрүүг нийт нэхэмжилсэн сард үржүүлж/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Тус СӨХ-ийг 2020 онд хууль бусаар байгуулсан гэж хариуцагч тайлбарлаж оршин суугчдын хурлын протокол, бусад холбогдох баримтыг гарган өгсөн байх боловч хэрэгт авагдсан баримтаар хууль ёсоор шинээр Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн баримтгүйг дурдав.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. . Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Пгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 4,224,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВА Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 195,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА