Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00095

 

О.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03128 дугаар шийдвэртэй

О.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч “АПГ“” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 86 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Д.Амарсанаа, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205018634 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, ТЗ-21 дүгээр байрны 1 тоот 36.5 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг өргөтгөлийн талбайн хамт 300 000 000 төгрөгөөр худалдаж авах, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Дээрх төлбөрөөс 86 000 000 төгрөгийг Д.Энхтүвшинд төлөөд дараа нь худалдан авах эрхээ “Альянс проперти групп” ХХК-д шилжүүлж өгсөн. Компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлж өмчлөх эрхээ шилжүүлэн авсан боловч тохиролцсон ёсоор Д.Энхтүвшинд төлсөн 86 000 000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа болно. Тухайн үед “Альянс проперти групп” ХХК нь гэрээний урьдчилгаа 86 000 000 төгрөгийг чамд буцаан өгнө, өгөхгүй бол орон сууцыг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Тухайн орон сууцны барилга нь Нийслэлээс дахин төлөвлөлтөд орсон ашигтай байрлалтай тул худалдаж аваад барилга барина гэж “Альянс проперти групп” ХХК-ийн захирлуудтай тохирсон байсан юм гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Амарсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Амарсанаа “Альянс проперти групп” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Уг компани нь миний хувийн компани биш бөгөөд би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, халагдах тушаал гарснаас хойш би ямарваа нэг бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, компанийн тамга тэмдэг ч над дээр угаасаа байдаггүй байсан. Одоо би уг компанитай ямар нэгэн холбоо огт байхгүй. О.Э нэхэмжлэлийг хариуцах этгээд нь би биш юм. Мөн О.Э нь мөнгөө Н.Энхтуяа гэх хүний данс руу шилжүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Э хариуцагч “Альянс проперти групп” ХХК, Д.Амарсанаа нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 86 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:...Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон дараах баримтууд болох О.Э, Д.Энхтүвшин нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах 01/02/15/01 тоот гэрээ, Нэхэмжлэлийн шаардлага болох 86 000 000 төгрөгийг 01/02/15/01 тоот гэрээнд заасан данс руу шилжүүлсэн баримтууд, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Д.Энхтүвшин, “АПГ” ХХК-ийн хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримт байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ дэмжсэн ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн санаатайгаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Хариуцагч тал маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр худалдсан авахдаа төлбөрийг хэрхэн төлсөн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, харин өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл О.Э төлсөн гэх 86 000 000 төгрөгийг оролцуулахгүйгээр Д.Энхтүвшинд маргаж буй орон сууцны үнэ болох 300 000 000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдохгүй. "АПГ" ХХК нь 300 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа төлбөрийг дутуу төлсөн, үлдэгдэл 86 000 000 төгрөгийг О.Ээр төлүүлж өмчлөх эрхийг шилжүүлсэн авсан боловч, өнөөдрийг хүртэл О.Эд өгөх ёстой 86 000 000 төгрөгийг өгөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                       ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулах нь зүйтэй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Э Д.Энхтүвшинтэй 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц худалдах худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр  Д.Энхтүвшингийн өмчлөлийн  Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, ТЗ-21 дүгээр байрны 1 тоот 3 орон сууцыг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээнд заасны дагуу үнийг 3 хувааж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болох нь тогтоогдсон үйл баримт байна.

            Мөн Д.Энхтүвшин нь “АФГ проперти” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж, маргааны зүйл болж буй байрыг тус компанид 300 000 000 төгрөгөөр худалдаж, “АФГ проперти” ХХК 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх 97/

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Энхтүвшин худалдах худалдан авах гэрээний эрхээ хариуцагч “АПГ“ ХХК-д шилжүүлсэн тул орон сууцны үнэд төлсөн мөнгийг “АПГ“ ХХК, Д.Амарсанаа нараас гаргуулна” гэж тайлбарлажээ.          

            Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Э, худалдагч Д.Энхтүвшин түүнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний шаардах эрхээ хариуцагч                                                  “АПГ“ ХХК-д шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

            Д.Энхтүвшин О.Этэй байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дахь заалтад “...орон сууцны төлбөрийг худалдагчийн доорх дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлнө, хүлээн авагч н.Энхтүвшин, н.Энхтуяа, банкны нэр Голомт банк, дансны дугаар 3459057064” гэж заасан, нэхэмжлэгч О.Э орон сууцны урьдчилгаа төлбөрийг Н.Энхтуяагийн Голомт банк болон Хаан банкны дансанд 86 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагджээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх.10/

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Э хариуцагч “АПГ” ХХК, Д.Амарсанаа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

            Харин нэхэмжлэгч О.Э нэхэмжлэлийн шаардлагаа “...худалдагч Д.Энхтүвшин шаардах эрхээ шилжүүлснээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн агуулгаар гаргасан байхад анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээ үүрэг шаардсан гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.