| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2022/02855/И |
| Дугаар | 181/ШШ2024/02494 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2024/02494
2024 06 20 181/ШШ2024/02494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: НПГ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХТ ХХК -д холбогдох,
Гэм хорын хохиролд 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.З
Иргэдийн төлөөлөгч: Т.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч НПГ нь хариуцагч ХТ ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/1721 дугаартай албан бичгээр төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана., Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус заасны дагуу прокурорын нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжоор олгогдсон тул төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжилж байна.
ХТ ХХК-ийн захирал Д.Б болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн гүйцэтгэх захирал Н.Х нарын "Авто тээврийн хэрэгслийн хорт хийн, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны №2012/01/26 дугаартай 830,000,000 төгрөгийн гэрээний гүйцэтгэл нь бодитой, бүрэн хэрэгжсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас тухайн гэрээний дагуу ХТ ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 83,000,000, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 581,000,000, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 83,000000, нийт 747,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, ХТ ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах 2510 ширхэг SHP-600, SHP-800 маркийн төхөөрөмжүүдийг оруулж ирж, үүнээс 1658 ширхэг төхөөрөмжийг Төрийн байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан байна.
Төрийн байгууллагуудын автомашинд суурилуулсан авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-600, SHP-800 төхөөрөмж нь автомашинд сөрөг нөлөөтэй, доголдол үүсгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. ХТ ХХК-ийн захирал Д.Б, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн А.Ц, О.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-800, SHP-600 маркийн төхөөрөмжийг тоолж, 852 ширхэг төхөөрөмж автомашинд суурилуулаагүй болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-800, SHP-600 маркийн төхөөрөмжийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар SHP-600 маркийн төхөөрөмж нь 196,962 төгрөг, SHP-800 маркийн төхөөрөмж нь 283,959 төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Үнэлгээний хорооны дарга Д.Э нь Монгол Улсын Сангийн яамнаас тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчсөн тул дахин нээлттэй тендер зарлах талаар албан бичиг хүргүүлсээр байтал 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/820 дугаартай албан бичгээр шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргасан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нь Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтыг бууруулах төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт нь хуульд нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчсөн байхад 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А-52 дугаартай тушаалаар ХТ" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосноор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ХТ ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэв.
Гэвч Д.Эын үйлдэл нь 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 6/820 дугаартай албан бичгээр шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид өгснөөр, Ж.Бын үйлдэл нь 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А-52 дугаартай тушаал гаргаснаар тус тус ХТ ХХК-д давуу байдлыг бий болгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдэл нь төгссөн гэж үзэхээр байна. Ж.Б, Д.Э нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба тухайн хууль нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар түүнд оногдуулах ял шийтгэл хүндэрч эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил гэж заасан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан байна гэж үзэв. Харин 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн актаар баталгаажсан 852 ширхэг төхөөрөмжийн үнийн дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХТ ХХК нь иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа тухайн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол арилсан эсэхэд прокурор дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Байгаль орчин аялал, жуулчлалын яамны албан тушаалтнууд нь тендер сонгон шалгаруулах тухай хууль, тогтоомж зөрчин ХТ ХХК-тай бараа, ажил, үйлчилгээ худалдах авах гэрээг шууд байгуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэргийг Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тул уг худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байх тул гэрээний эрх зүйн дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсгэхгүй, харин гэмт гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
ХТ ХХК-иас Авто тээврийн хэрэгслээс хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил гүйцэтгэснээс автомашинд суурилуулаагүй SHP-600 маркийн 1 ширхэг нь 196,962 төгрөгийн үнэлгээтэй 348 ширхэг төхөөрөмжийн 68,542,776 төгрөг, SHP-800 маркийн 1 ширхэг нь 283,959 төгрөгийн үнэлгээтэй 504 ширхэг төхөөрөмжийн 143,115,336 төгрөг, нийт 211,658,112 төгрөг байна.
Гэвч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ-ний үнийн дүн 830,000,000 төгрөг шилжүүлэхээс 83,000,000 төгрөг шилжүүлээгүй байх тул уг үнийн дүнг автомашинд суурилуулаагүй нийт 812 тоног төхөөрөмжийн үнийн дүн болох 211,685,112 төгрөгөөс хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул "ХТ" ХХК-аас 128,685,112 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч ХТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОНХЯ, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, ХТ ХХК нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ гурван талт гэрээний дагуу ХТ ХХК-иас БНХАУ-ын Шанхай хотын Сан Лиү тоног төхөөрөмжийн үйлдвэрээс оруулж ирсэн 2510 ширхэг тоног төхөөрөмжийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон.
Тухайн үед энэ оруулж ирсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслүүдэд харилцан адилгүй суурилуулсан. Ингэж суурилуулаад чанар стандартын шаардлага хангаж, лабораториор ороод баталгаажсан. Энэ 2510 ширхэг тоног төхөөрөмжөөс суурилуулах машин байхгүй байсан 852 ширхэг тоног төхөөрөмж үлдсэн байдаг. Энэ тоног төхөөрөмжийг тухайн үед хүрээлэн буй байгаль орчин нөөцийн газрын мэргэжилтэн н.Цэнгэл, Монгол улсын газрын газрын тусгай сангийн цэвэр агаарын зохицуулалтын сангийн мэргэжилтэн Б.Б ХТ ХХК-иас Б.Б, Н.Н гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 852 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Цаашид хадгалах үүргийг ХТ компанид ногдуулж баримт үйлдээд өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна. Тэгэхээр ХТ компани нь ямар нэгэн байдлаар үүргээ биелүүлээгүй, хохирол учруулсан нөхцөл байдал байхгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг агуулгаар мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэдэг үг өгүүлбэрийг оруулсан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2016 онд шинэчлэгдэн батлагдаад энэ хуулиар хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг, эрүүгийн хэрэг гэж ангилдаг болсон. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнийг ямар нэгэн байдлаар эрүүгийн хэргийн сэжигтэн яллагдагчаар татах энэ байдлыг халъя гэх үндэслэлээр хэргийг шалгаад хэрвээ гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байвал хэргийг хааж шийдвэрлэдэг. Үүний дагуу прокурорын дурдаад байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол үйлдэгдсэн. Уг тогтоолын үндэслэх хэсэгт заасан гэрч, хохирогч бусад бичгэн нотлох баримтаар ямар нэгэн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч гэх хүн асуугдаагүй. Тэр тусмаа н.Бадрах гэх хүн буюу ХТ компани энэ хэрэгт ямар нэгэн байдлаар буруутгагдаж, иргэний нэхэмжлэгч, гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Тийм учраас албан тушаалтнуудтай холбоотой асуудал дээр ямар нэгэн хэрэг үүсээгүй учраас хохирол гэдэг асуудал яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэх агуулгаар гаргасан хэр нь доголдлын талаар яриад байдаг. Тэгэхээр тэр доголдлын талаар дурдъя. Сая төлөөлөгч хэлсэн ямар нэгэн байдлаар хүлээж аваад баталгаажсан гэж. Тээврийн зардлыг анх гаргаж байсан. Үүнд бол маркетинг заагаад Монгол Улсын болон олон улсын стандартыг тодорхой заасан. Энэ стандартуудыг зөрчсөн ч юм уу тэр стандартад нийцээгүй гэдэг ч юм уу ямар нэгэн гомдол, гэмт хэрэг, шүүхийн шийдвэр байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Т.А хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ХТ ХХК-ийн нийлүүлсэн агаар шүүгч нь техникийн шаардлага хангаагүй, машинаас хаях хорт утаа багасаагүй тул нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж хохирсон. Шүүсэн бол агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах байсан. Тиймээс Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалж бидний өмнөөс нэхэмжлэл гаргаж оролцож байгаа Нийслэлийн прокурорын нэхэмжлэлийг зөв зүйтэй гэж үзэж байна гэв.
4. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтын тухайд: 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 03/1721 Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрч О.Дуламсүрэнгийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч Э.Уянгын мэдүүлэг, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Лэндс ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний төслийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар НПГ-ын прокурорын тогтоолын хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 1 Тоног төхөөрөмж тоолж баталгаажуулсан актын хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 02 үлдэгдэл тоног төхөөрөмжийг тоолж баталгаажуулсан акт, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01/8/322 дугаартай албан бичгийн хуулбар, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 2 сарын дугаар 12-ны өдрийн 02-2/479 дугаартай албан бичгийн хуулбар, Сангийн яамны 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 5/4359 дугаартай албан бичгийн хуулбар, Сангийн яамны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/6077 дугаартай албан бичгийн хуулбар, Сангийн яамны 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/6200 дугаартай албан бичгийн хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9/2936 дугаартай албан бичгийн хуулбар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1592 дугаартай албан бичгийн хуулбар, Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтийг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлын тендерт оролцогч ХТ ХХК-тай хэлэлцээ хийсэн тухай 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, "ХТ" ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2013/042 дугаартай албан бичгийн хуулбар, Дулааны III цахилгаан станцын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/1082 дугаартай албан бичгийн хуулбар, Үндэсний аудитын газрын 2014 оны 8 сарын 21-ний өдрийн 03/64 дугаартай албан шаардлагын хуулбар, Засгийн газрын тусгай сан цэвэр агаар сангийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/161 дугаартай албан бичгийн хуулбар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-294 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай" тушаалын хуулбар, Хэмжилт хийсэн тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын тэмдэглэлийн хуулбар, Ажлын хэсгийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний газрын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 091в-47 дугаартай албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/372 дугаартай албан бичгийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/8908 дугаартай албан бичгийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 0253 дугаар ангийн 2014 оны 5 сарын 21-ний өдрийн 72 дугаартай албан бичгийн хуулбар, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаартай албан бичгийн хуулбар, Гадаад харилцааны яамны 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/2322 дугаартай албан бичгийн хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/267 дугаартай албан бичгийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч Ц.Батзулын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Ц.Бямбацогтын, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрч О.Дуламсүрэнгийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрч Г.Баярсайханы мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрч Д.Баасангийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрч Д.Бямбаагийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрч Б.Соёлмаагийн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрч Ч.Бат-Амгалангийн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрч Д.Эын мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч Т.Энхтуяагийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрч Ц.Түвшинцэнгэлийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрч Л.Галсандоржийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрч Г.Эрдэнийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч Ш.Отгонбаярын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч Р.Эрдэнэ-Оргилын мэдүүлэг,
4.2 Хариуцагчийн шүүхэд гаргасан баримтын тухайд: "ХТ" ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "ХТ" ХХК-ийн дүрмийн хуулбар,
4.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар НПГ-ын албан бичиг, Нийтийн тээврийн газрын харьяа Оношилгооны төвийн дүгнэлтийн хуулбар, Автотээврийн хэрэгслээс ялгарах тортогжилтыг бууруулах зориулалттай SHP-600 төхөөрөмжийн зориулалт, ашиглах зааврын хуулбар, Шатахуун хэмнэгч, утаа бууруулагч төхөөрөмжийн бүтцийн хуулбар, Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт тортогжилтыг бууруулах зориулалттай SHP-800 төхөөрөмжийн зориулалт, ашиглах зааврын хуулбар, Түлшний найрлагыг сайжруулах, хэмнэлтийг дээшлүүлж, утааны бохирдлыг бууруулах зориулалттай SHP-600-800 төхөөрөмжийн үйлчилгээний зааврын хуулбар, SHP-600 төхөөрөмжийн угсралтын схемийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрч Д.Эын мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Д.Э гэрчээс дахин авсан мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05/7590 Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 03/16 Монгол Улсын сангийн яамны албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 02/398 Үндэсний төв архивын албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/544 Үндэсний төв архивын албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02/398 Үндэсний төв архивын албан бичгийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шууданд хүлээлгэн өгсөн бичгийн бүртгэлийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 03/3530 Сангийн яамны албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 03/6170 Сангийн яамны албан бичиг, 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 3/226 Байгаль орчин аялал жуулчлалын яамны Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Н.Хийн суурь мэдлэг олгох гэрчилгээний хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Д.Нацагмаагийн суурь мэдлэг олгох гэрчилгээний хуулбар, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б.Соёлмаагийн суурь мэдлэг олгох гэрчилгээний хуулбар, 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Д.Эын Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Н.Баатарнямын Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Н.Хийн Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Соёлмаагийн Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн З.Болдбаатарын Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн хуулбар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тендерийн баримт бичгийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/7236 НПГ-ын баримт хүргүүлэх тухай албан бичиг, дугаар 2012/01/26 БОАЖЯ Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч НПГ нь хариуцагч "ХТ" ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 211,658,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 128,685,112 төгрөг гаргуулахаар шаардсан.
6.1 Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/1721 тоот албан бичгээр НПГт хүсэлт илгээж, уг хүсэлтэд үндэслэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /1-р хх-ийн 6-р тал/
7. Хариуцагч ХТ ХХК нь гурван талт гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Сан Лиү тоног төхөөрөмжийн үйлдвэрээс оруулж ирсэн 2510 ширхэг тоног төхөөрөмжийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, "ХТ" ХХК нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2012/01/26 БОАЖЯ дугаартай Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гурван талт гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон. /2-р хх-ийн 92-93-р тал/
8.2 Уг гэрээг ХТ ХХК-ийн ерөнхий захирал Д.Б /нийлүүлэгч/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б /захиалагч/, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн гүйцэтгэх захирал Н.Х /санхүүжүүлэгч/ нар гэрээний талуудыг төлөөлж гэрээнд гарын үсэг зуржээ.
8.3 Гэрээний 2-т захиалагч нь Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ-г 830,000,000 төгрөгт багтаан нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь нийт санхүүжилтийн үүрэг болно гэж, 4-т Нийлүүлэгч нь Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж болох SHP-600 болон AJ-IV үрэл, SHP-800 нэр төрлийн барааг 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө гэж тус тус заасан байна.
8.4 Хариуцагч ХТ ХХК нь уг гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах 2510 ширхэг SHP-600, SHP-800 маркийн төхөөрөмжүүд оруулж ирж, үүнээс 1658 ширхэг төхөөрөмжийг төрийн байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан, үлдэгдэл 850 ширхэг төхөөрөмжийг автомашинд суурилуулаагүй талаар зохигч маргаангүй.
8.5 Нийслэлийн прокурорын газраас гэрээний гүйцэтгэл бодитой, бүрэн хэрэгжсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-ын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд тогтоолд дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Үнэлгээний хорооны дарга Д.Э нь Монгол Улсын Сангийн яамнаас тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчсөн тул дахин нээлттэй тендер зарлах талаар албан бичиг хүргүүлсээр байтал 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/820 дугаартай албан бичгээр шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргасан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн Байгаль Орчинг ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нь Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт нь хуульд нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг зөрчсөн байхад 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А-52 дугаартай тушаалаар ХТ ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгосноор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ХТ ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэв.
Ж.Б, Д.Э нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба тухайн хууль нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар түүнд оногдуулах ял шийтгэл хүндэрч эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил гэж заасан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэв.
Харин 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн актаар баталгаажсан 852 ширхэг төхөөрөмжийн үнийн дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХТ ХХК нь иргэний журмаар шийдвэрлүүлэх зүйтэй гэж үзэв гэж тус тус дүгнээд, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: Хэрэг бүртгэлтийн 180200597 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай гэжээ. /1-р хх-ийн 101-105-р тал/
8.6 Уг хэрэг бүртгэлтийн ажиллагаатай холбоотой материалуудыг нэхэмжлэгч НПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гарган өгсөн байна. /1-р хх-ийн 151-221-р тал/
8.7 НПГ-ын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар тогтоолд дурдсан үндэслэлээс үзэхэд албан тушаалтуудын хууль зөрчсөн үйл ажиллагааг дүгнэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хохирогчоор тогтоогдсон этгээд болон хариуцагч ХТ ХХК-ийн буруутай үйл ажиллагааны талаар шалган тогтоосон талаарх дүгнэлт тусгагдаагүй байна.
8.8 Төрийн байгууллагуудын автомашинд суурилуулсан авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-600, SHP-800 төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "ХТ" ХХК-ийн захирал Д.Б, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн А.Ц, О.Б нар нь тоолж 852 ширхэг төхөөрөмж автомашинд суурилуулаагүй талаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Тоног төхөөрөмж тоолж баталгаажуулсан акт, төхөөрөмжийн хадгалалтын байдлыг шалгаж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үлдэгдэл тоног төхөөрөмжийг тоолж баталгаажуулсан акт-ыг тус тус үйлджээ./1-р хх-ийн 106-107, 115-116-р тал/
8.9 Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг, мөрдөгчийн тогтоолд үндэслэн Авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тортогжилтын хэмжээг бууруулах SHP-800, SHP-600 маркийн төхөөрөмжийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар SHP-600 маркийн төхөөрөмж нь 196,962 төгрөг, SHP-800 маркийн төхөөрөмж нь 283,959 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /1-р хх-ийн 91-100-р тал/
8.10 Гэрээний тендерийн сонгон шалгаруулсан баримт бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. /1-р хх-ийн 248, 2-р хх-ийн 1-55-р тал/
8.11 Талуудын байгуулсан гэрээний үүргийн дагуу санхүүжилтээс 83,000,000 төгрөгийн санхүүжилт ороогүй үйл баримтад зохигч маргаангүй. Улмаар нэхэмжлэгч мөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дууссаны дараа тухайн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол арилаагүй гэж үзэж шүүхэд төр, нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлж хуульд зааснаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч НПГ-ын нэхэмжлэлийн зорилго нь хууль дээдлэх зарчим, шударга ёсонд нийцнэ.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч ХТ ХХК-иас гэм хорын хохиролд 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХТ ХХК-ийг хууль зөрчиж байгуулагдсан хууль бус гэрээнд үндэслэн хөрөнгөжсөн гэж үзэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, ХТ ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ дугаар гурван талт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна, улмаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж ХТ ХХК-ийн гэрээний дагуу суурилуулаагүй үлдсэн 850 ширхэг тоног төхөөрөмжийн үнэ 211,685,112 төгрөгөөс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дутуу шилжүүлсэн 83,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 128,685,112 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд олгуулах нь хуульд нийцнэ гэж тодорхойлсон.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Хэрэгт авагдсан НПГ-ын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б, үнэлгээний хорооны дарга Д.Э нарыг ХТ ХХК-д давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь тогтоогдсон.
Гэвч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэж заасан бөгөөд ХТ ХХК-д давуу байдал олгож, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ дугаар гурван талт гэрээг байгуулсныг эргэлзээгүй тогтоосон баримтгүй.
НПГ-ын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд үндэслэн Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ нь Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрөх ямар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох нь тодорхойгүй байна.
Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, ХТ ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ дугаар гурван талт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйл нь Зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд хамаарах зохицуулалт бөгөөд 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндэслэлдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дах хэсэгт зааснаар хариуцагч ХТ ХХК нь гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд үндэслэлээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдлийг шалган тогтоосон үндэслэлийг тайлбарлаж, уг ажиллагаатай холбоотой баримтуудыг шүүхэд гарган өгсөн боловч дээрх баримтуудад албан тушаалтнуудтай холбоотой Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн ч хариуцагч ХТ ХХК-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас хариуцагч ХТ ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаа, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас автомашинд суурилуулаагүй үлдсэн төхөөрөмжийн үнэ 128,685,115 төгрөг-ийг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол гэж үзэж, хариуцагч ХТ ХХК-иас шаардсан нь ойлгомжгүй, ХТ ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд 128,685,115 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ хариуцагч ХТ ХХК-ийг хууль бус гэрээнд үндэслэн хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, эд хөрөнгө олсон явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байхыг шаарддаг.
Гэвч, ХТ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, ХТ ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ дугаар гурван талт гэрээний дагуу 1658 ширхэг тоног төхөөрөмжийг төрийн байгууллагын эзэмшилд байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан, үлдэх 852 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулах тээврийн хэрэгслийг захиалагч зааж өгөөгүйгээс ХТ ХХК-ийн агуулахад байгааг тоолж баталгаажуулан акт үйлдсэн байх тул ХТ ХХК-ийг 128,685,115 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Дээрх үндэслэлээр, хариуцагч ХТ ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас төрд 128,685,115 төгрөгийн хохирол учирсан, ХТ ХХК-ийг 128,685,115 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул НПГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15. Иргэдийн төлөөлөгч Т.А нь шүүх хуралдаанд ХТ ХХК-ийн нийлүүлсэн агаар шүүгч нь техникийн шаардлага хангаагүй машинаас хаях хорт утаа баталгаагүй тул нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж хохирсон. Шүүсэн бол агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах байсан. Тиймээс Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалж бидний өмнөөс нэхэмжлэл гаргаж оролцож байгаа нийслэлийн прокурорын нэхэмжлэлийг зөв зүйтэй гэж дүгнэлт гаргасан боловч НПГ нь гэрээний доголдолтой холбоотой шаардлага бус, гэм хорын хохирол гэх үндэслэлээр 128,685,115 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дурдъя.
16. Энэ шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан, "ХТ" ХХК нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах 2012/01/26 БОАЖЯ дугаартай гэрээний талууд гэрээний үүрэг, гэрээний доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдав.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХТ ХХК-иас 128,685,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч НПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА
ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН
Г.ЭНХЦЭЦЭГ