Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 155/2023/01000/И |
Дугаар | 155/ШШ2024/00302 |
Огноо | 2024-03-22 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00302
2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00302 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/01000/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Л,
Хариуцагч: Д.Э,
Хариуцагч: Б.А,
Хариуцагч: Н.Г,
Хариуцагч: Э.У,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 168,044,233 (нэг зуун жаран найман сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Н, түүний өмгөөлөгч: Ч.Пүрэвсүрэн,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Хариуцагч: Н.Г, түүний өмгөөлөгч: Б.М,
Хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П, түүний өмгөөлөгч: Б.Батдорж,
Иргэдийн төлөөлөгч: С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Л нь шүүхэд хариуцагч Д.Э, Б.А, Н.Г, Э.У нарт холбогдуулан гэм хорын хохиролд 168,044,233 (нэг зуун жаран найман сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэм хорын хохиролд 1668,044,233 (нэг зуун жаран зургаан сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин гурав) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүүгээ алаад нилээд хэдэн сар болж байна. Талийгаач хүүгийн маань оршуулгын зардал 27,794,233 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөг, нийт 168,044,233 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өнөөдөр хариуцагч нарын хүүхэд миний хүүхдийн оронд тухайн ослын улмаас нас барчихсан байсан бол ямар үг хэлээд байж байх байсан бол гэж бодож байна. Мөн тухайн ослын улмаас өөрсдийнх нь хүүхэд нас барчихсан байсан бол...гэж бодоосой гэж хүсэж байна. Хэрэв би зөвхөн оршуулгын зардлыг хариуцагч нараас авах байсан бол энэ хүртэл явахгүй байх байсан. Хариуцагч нараас авсан мөнгөөрөө хүүхдийнхээ хойдын насанд буян хийх гэсэн болохоос хүүхдийнхээ амь насыг мөнгөөр үнэлээд байгаа асуудал байхгүй.
-Буян ажлын зардалд 27,794,233 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:
-Хүнсний зардалд 6,018,100 төгрөг,
-Өглөг болон бусад хүмүүст өгсөн зардал нь 15,914,533 төгрөг,
-Ном уншуулсан болон лам нарт өгсөн зардал 5,861,600 төгрөг, нийт 27,794,233 төгрөгийг тус тус зарцуулсан.
Манай гэр бүлийн зүгээс хуулийн дагуу бүх шийдвэрийг гаргуулна гэж ярьсан. Тухайн хэрэг гарах үед машин жолоодож байсан хүүхэд насанд хүрсэн байсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байсан боловч хэрэг хүлээх насанд хүрээгүй байсан учраас өдийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Тэр хоёр хүүхдийн өмнөөс эцэг, эх нь өнөөдөр ингээд сууж байгаа, хүүхдүүдээ ямар хүмүүжүүлсэн, хүүхдүүддээ ямар техник хэрэгсэл өгөөд явуулсан гэдгээ энэ хугацаанд ойлгосон байх гэж бодож байна. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67,3 байдаг гэсэн статистикийн мэдээлэлд үндэслээд шинээр батлагдсан хуулинд нөхөн олговор олгох, хохирлыг барагдуулах талаар зохицуулсан байсан тул бид нар талийгаач хүүгээ 51 жил 2 сар насална гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 2,750,000 төгрөгийг 51 жил 2 сараар нь үржүүлж, нийт 140,250,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэртээ гэр бүлээрээ элэг бүтэн амьдарч байгаа хүмүүс энэ мөнгийг төлөх боломжтой гэж бодож байна. Манай талийгаач хүү тухайн осол гарахаас 2 сарын өмнө Солонгос улс руу виз мэдүүлж, ажил хийж, өрхийнхөө орлогыг нэмэгдүүлье гэж ярьж байсан. Хэрэв тухайн осол гарахад миний хүүгийн буруутай үйлдэл байсан бол өнөөдөр хариуцлагаа хүлээе гээд яриад байж байх байсан.
Манай нөхөр бид хоёр хүүгийн буянд зориулаад 108 мод тарих талаар ярьж байсан боловч одоо манай нөхрийн эрүүл мэндийн байдал муу байгаа, би ганцаараа ажил хийж байгаа учир боломжгүй болсон.
Иймд хариуцагч нараас оршуулгын зардал 27,794,233 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 140,250,000 төгрөг, нийт 168,044,233 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө талийгаач хүүгийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай гэр бүлийн зүгээс талийгаач хүүгийн гэрт 3 удаа очиж эмгэнэл илэрхийлж, уй гашуугаас нь хуваалцаж байсан боловч тэдний сэтгэлд хүрээгүй учраас талийгаач хүүгийн гэр бүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уучлалт гуйгаагүй, уй гашуугаас хуваалцаагүй гэж гомддог. Тухайн үед бид нарт маш хэцүү байсан, мөнгө бариад очих бүүр хэцүү, үр хүүхдээ алдсан эцэг, эхийнх нь урд байн байн уучлалт гуйлгаад очоод байх хэцүү гэж бодсон учраас удаа дараа очоод байж чадаагүй. Иймд дахин дахин эмгэнэл илэрхийлж байна.
Тухайн хэрэг гардаг өдөр нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд бүх нийтийн амралтын өдөр байсан. 10 дугаар ангийн хүүхдүүдийн хичээл нь амарчихсан байсан. Манай хүүхэд 12 цагийн үед найзуудтайгаа гарч хоол идэж, парк дээр тоглоод, талбай дээр болж байгаа тэмцээн, наадамд оролцчихоод ирье гэж хэлээд явсан. Тухайн үед ангийнх нь хүүхдүүд уулзана гээд цаг товлочихсон байсан юм билээ. Ингээд 2-3 цагийн дараа хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож явснаас ийм хэрэг гарсан байдаг. Тухайн хэрэг гарах үед Д*** цогцолбор сургуулийн н.Н***багштай *** ангийн 15-16 насны 9 эрэгтэй хүүхэд өөрсдийн сайн дураар эцэг, эхдээ хэлэхгүйгээр нуугаад, н.Т гэх хүүхэд аавынхаа машиныг унаж гарч ирээд хүүхдийн зуслан оръё эсхүл Соёмбо цогцолбор оръё гэж ярилцсан байдаг. Энэ үед хүүхдүүдийн эцэг, эх нь гэртээ хүүхдүүдээ баярлуулна гээд хоолоо хийгээд ширээгээ засаад хүлээж байсан боловч оройн 16-17 цагийн үед цагдаагийн утаснаас дуудлага ирж осол гарсан талаар эцэг, эхчүүдэд нь мэдэгдсэн. Тухайн осол үнэхээр аймаар, гэнэтийн байсан бөгөөд ямар хэцүү вэ гэдгийг ойлгож байгаа боловч одоо яаж ч хичээсэн энэ бүгдийг залруулах боломжгүй болсон. Хэрэв бид нарын зүгээс хүүхдүүддээ тээврийн хэрэгсэл авч өгөөд, тээврийн хэрэгсэл эзэмших гэрчилгээг нь хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж өгөөд уг зам тээврийн осол гарсан бол бид нар бүрэн хэмжээгээр нь хариуцлага хүлээх ёстой байсан. Гэтэл орчиндоо аюултай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ хүүхдүүддээ хараа хяналтгүй өгчихдөг асуудал гарсан. Тухайн осол гарахаас 4-6 сарын өмнө манай хүүхэд манай ангийн хүүхдүүд машин унаж сургууль дээрээ ирдэг, аав, ээж нь төрсөн өдрөөр нь машин бэлэглэсэн гэж байна, та надад машинаа унуулчих гэж хэлэхээр нь миний хүү тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай болж, жолооны курст сууж, эрхийн гэрчилгээ авч байж тээврийн хэрэгсэл жолоодох ёстой гэж хэлэхэд манай хүүхэд та яагаад ийм байдаг юм бэ бусад айлын хүүхэд машин, мотоцикль жолоодож унаж ирж байгаа гэж хэлж хүү бид хоёрын хооронд маргаан үүсч байсан. Тухайн хэрэг гардаг өдөр н.Т гэх хүүхэд аав, ээжийнхээ машиныг унаж гарч ирээд хүүхдүүд тээврийн хэрэгслийг ээлжилж жолоодсон байдаг ба осол гарахаас хэдхэн минутын хийсэн бичлэг байдаг. Үүнийг хүүхдүүдийн эцэг, эх бүгд хоорондоо дамжуулж үзсэн. Талийгаач хүү ч гэсэн мөн адил машины урд суучихсан инээчихсэн, хүүхэд бүхэн инээлдээд хөөрчихсөн явж байгаад уг осол гарсан байсан. Үнэхээр харамсалтай, талийгаач хүүхэд урд талын суудал дээр нэг хүүхэдтэй давхралдаж суусан байдаг ба талийгаач хүүгийн талын машины цонх онгойгоод хаагддаггүй цонх байсан учраас уг цонхоор талийгаач хүү толгойгоо гаргаад явж байсан талаар хамт байсан бусад хүүхдүүд нь ярьдаг. Осол гарах үед талийгаач хүүгийн толгой машины цонхонд хавчуулагдаж нас барсан байдаг. Миний хүү тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгсөн байдаг боловч хэрэг хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр тухайн хэрэг хаагдсан. Үүнийг ойлгохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний ар гэрийнхнээс хүсч байна. Манай хүү тухайн ослоос хойш өдөр бүр сэтгэл санааны гутралтай, хямралтай байгаа, хүү маань найзынхаа дүү нарт би яаж туслах вэ гэж бодож шөнө нойргүй хонодог болсон. Үүнээс болж манай хүү нойрны эм ууж унтаж, тайвшруулах эм сүүлийн 8 сар хэрэглэж байгаа. Заримдаа би амиа хорлоод найзынхаа араас очиж найздаа хань болдог ч юм бил үү гэж орилж, уйлдаг. Миний хүү ч гэсэн тухайн ослын улмаас маш их тарчилж, зовж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр энэ нь талийгаач хүүгийн гэр бүлд харагдахгүй боловч насаараа миний хүү ангийнх нь найз өөрөөс нь болж амиа алдсан гэж өөрийгөө зовоож амьдарна. Үүгээрээ тухайн хэрэгт хүлээх гэм буруугаа хүлээж байгаа гэж бодож байна. Хүү маань уг хэргээс хойш сэтгэл санаа нь тогтворгүй, ямар ч зүйл рүү халтирч ороход бэлэн сэтгэл зүйтэй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс та нар миний хүүхдийн оронд өөрийнхөө хүүхдүүдийг алдчихсан байсан бол яах байсан бэ гэж байна. Энэ талаар өдөр бүр бодож, шаналж зовдог гэдгийг нэхэмжлэгч талд хэлмээр байна. Мөн үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Хэрэв бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжтой байсан бол өдийг хүртэл ингээд явахгүй байсан байх. Бид нар бүгд л дундаж амьдралтай, зээлээс зээлийн хооронд явдаг гэр бүл юм. Бид нарт шууд аваад өгдөг, хуримтлуулсан мөнгө байдаг бол өгчихмөөр байна, боломж үнэхээр байхгүй болоод өнөөдрийг хүртэл яваад байгаа. Тэгэхээр бид нарын зүгээс нийтдээ 15,000,000 төгрөгийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс нотлох баримтыг судалж үзээд ер нь бол 15,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах байх, миний зүгээс 49 хоногийг нь хураахад 2,000,000 төгрөгийг өгсөн. Гэхдээ 2,000,000 төгрөгийг хасаж тооцох, тооцохгүй байхыг дурдаж ярихгүй байх шиг байна. Миний зүгээс тухайн 2,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөс хасаж тооцохыг хүсч байна. Сэтгэл санааны гэм хортой холбоотой асуудлыг хууль, дүрэм, журам, хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэргээс хамаарч шүүх шийдэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцож байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал сэтгэц учирсан хохирлоо Монгол хүний дундаж насжилтаас тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сэтгэл санаанд учирсан хохирлоо эмчлүүлээд эмчилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт гаргаж өгсөн бол маргах зүйлгүй. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэх мэтээр сэтгэл санаагаа эмчлүүлэх зардал үнэхээр өндөр юм билээ. Бид ч гэсэн хүүдээ энэ гэмт хэргийн улмаас сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа болохоор сайн мэдэж байгаа... гэв.
Хариуцагч Н.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө үр хүүхдээ алдсан нэхэмжлэгч Х.Л-ын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн үед манай гэр бүлийн зүгээс удаа дараа очсон, уучлалт гуйсан, юу хэрэгтэй байна гэхэд та нарыг харахад хүнд байна, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санаа нь хямраад байна гэсэн учир бид нар дахин очихгүй байя гэж бодсон. Манай зүгээс хүүгийн оршуулгын чулуу, зулын тос авч өгч байсан, үүнийг дурдахгүй байж болохгүй байх, бид нарыг ирээгүй, уучлалт гуйгаагүй гэж хэлж болохгүй байх. Нэхэмжлэгч тал бид нарыг ослоос хойш очиж уучлалт гуйгаагүй гэж тайлбарлаж байна. Манай гэр бүлийн зүгээс удаа дараа очиж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөхөр Х.Л-нд гэр бүлийнхэндээ бид нарыг ирсэн талаар дамжуулаарай гэж хэлээд эхнэр бид хоёр гэрийнх нь гаднаас буцсан. Манай гэр бүлийн зүгээс 5,000,000 төгрөгийг өгье гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэлж байсан ба өөрсдийн хэрэглэх хэрэгцээ, хувцас, хоол ундаа хасаад нэмж 5,000,000 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг Э.У нь 2016 онд унаж байгаад яндангаас нь утаа гараад байна гээд манай хашаанд 4 дугуйг нь аваад бүтээгээд тавьсан байсан. Ингээд 2019 онд хариуцагч Н.Г хадам аав н.Батцэрэн гэх өвгөн дэлгүүрийн үүдэнд надтай таараад чиний унаж байсан машин хаана байгаа вэ гэхээр нь явахаа болиод манай хашаанд байгаа гэж хэлсэн чинь ахдаа арьсыг нь зарчих хэрэг болоод байна гээд, бид хоёр манай хашаанд очиж үзсэн. Тэгээд би машины арьсыг нь 300,000 төгрөгт н.Батцэрэн гэх өвгөнд зарсан, би зарахдаа машин дотор тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгааг мэдээгүй. Тухайн үед хариуцагч Н.Г нь хадам аавтайгаа ирээд манай хашаанаас уг машиныг чирээд аваад явсан. Ингээд тухайн машины арьсыг сэлбэгт оруулаад янзлаад машин болгоод унаад явсан байсан. Үүнээс хойш хэдэн жилийн дараа намайг татварын алба дээр дуудсан байхаар нь би очиж уулзаад энэ машины гэрчилгээний асуудлыг хэлсэн. Хариуцагч Э.У ирчихсэн байсан учир Н.Г уулзаад нэг тийш нь болгоё гэж бодоод Н.Г дуудсан боловч ажилтай байна, дараа шилжүүлж авъя гээд өнгөрсөн. Тухайн тээврийн хэрэгслийг хөдөлж байх үед нь би зараагүй зөвхөн уг машины арьсыг нь 300,000 төгрөгт зарсан байхад хариуцагч Н.Г, түүний хадам аав нар машины моторыг янзлаад унасан байсан. Энэ тээврийн хэрэгсэл нь ямар ч ашиглах боломжгүй байсан. 2016 оноос 2019 оны хооронд явсан тээврийн хэрэгсэл байсан. Надтай наймаа хийсэн н.Батцэрэн гэх хүн одоо нас барчихсан юм байна лээ. Н.Г энэ талаар мэдэж байгаа. Энэ асуудал нь надад ямар ч хамаа байхгүй... гэв.
Иргэдийн төлөөлөгч С.Б: Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй явагдаж буй нэхэмжлэгч Х.Л-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, Б.А, Н.Г, Э.У нарт холбогдох гэм хорын хохиролд 168,044,233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг холбогдох хуулийн дагуу шийдвэр гаргах нь зүйтэй. гэх дүгнэлтийг гаргав.
Нэхэмжлэгч Х.Л нь шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Уудам хангай хязгаарлагдмал компаниас үхрийн мах, хонины мах авсан 1,041,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Уудам хангай хангай хязгаарлагдмал компаниас үхрийн мах, хонины мах авсан 840,000 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Уудам хангай хангай хязгаарлагдмал компаниас хонины мах авсан 627,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Цагаан-Уул захаас усан үзэм, алим, апельсин, мандрин, интоор, слив, хиам авсан 728,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Уул захаас ногоон усан үзэм, ногоон алим, сагстай алим, холимог үзэм, мандрин, уут, хиам, майонез, улаан усан үзэм авсан 692,500 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Цагаан-Уул захаас орос алим, мандарин, улаан усан үзэм, ногоон усан үзэм, слив, тоор, майонез, огурцы авсан 676,500 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр малчин Х.Н сүү авсан 90,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан 150,000 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр авсан 60,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х Хангайн хишигээс төмс, лууван, манжин, байцай, сонгино авсан 277,600 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Х Хангайн хишигээс төмс, лууван, манжин, байцай, сонгино авсан 102,000 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Х Хангайн хишигээс төмс, лууван, манжин, байцай, сонгино авсан 146,900 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х Хүнс хангай хязгаарлагдмал компаниас чингүнжав цай, алх хадуур авсан 297,800 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 381,460 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Миний дэлгүүрээс хүнсний бараа авсан 212,011 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүнсний бараа авсан 62,400 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-2 худалдаа үйлчилгээний төвөөс бараа авсан 5,400 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Тотал бөөний төвөөс бараа материал авсан 909,940 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Голомт банкны 104,000 төгрөгийн гүйлгээний баримт, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа авсан 211,600 төгрөгийн, 45,600 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Өгөөмөр Ундралаас бараа авсан 7,500 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Х хүнс хангай хязгаарлагдмал компаниас чингүнжав цай авсан 390,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Голомт банкны 83,600 төгрөгийн гүйлгээний баримт, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Тотал бөөний төвөөс бараа авсан 291,940 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эрхэс-1 бөөний төвөөс бараа материал авсан 183,855 төгрөгийн, 108,471 төгрөгийн, 30,350 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Титаник хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 155,600 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Голомт банкны 40,000 төгрөгийн гүйлгээний баримт, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Эрхэс-1 бөөний төвөөс бараа хүнс авсан 76,209 төгрөгийн, 76,300 төгрөгийн, 47,500 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бараа материал авсан 83,600 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10,000 төгрөгийн гүйлгээний, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн бараа материал авсан 20,695 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эрхэс-1 бөөний төвөөс бараа материал авсан 70,720 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүнс авсан 7,200 төгрөгийн, огноо нь тодорхойгүй 66,300 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 27,590 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 229,746 төгрөгийн, 3,300 төгрөгийн, 2023 оны 6 дугаар 17-ны өдөр Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 9,090 төгрөгийн, 291,600 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Болор макс хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 301,420 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бүтэн-Оргил хангай хязгаарлагдмал компаниас бараа материал авсан 168,280 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бараа материал авсан 193,470 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бараа материал авсан 291,100 төгрөгийн, 16,604 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бараа материал авсан 149,862 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр бараа материал авсан 65,950 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Тотал бөөний төвөөс бараа материал авсан 30,150 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Голомт банкны 41,200 төгрөгийн гүйлгээний баримт, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бараа материал авсан 45,159 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бараа материал авсан 228,648 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Эрхэс-2 худалдаа үйлчилгээний төвөөс бараа материал авсан 24,000 төгрөгийн, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бараа материал авсан 103,188 төгрөгийн, Х Ус суваг хангай хязгаарлагдмал компанид 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн бэлэн мөнгөний орлогын баримт, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Уудам хангай хангай хязгаарлагдмал компаниас нохойн хоол авсан 57,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ПетроСтар хангай хязгаарлагдмал компаниас Аи-92 шатахуун авсан 30,000 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сод Монгол группээс 92 газ авсан 25,400 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Петро Стар хангай хязгаарлагдмал компаниас Аи-92 шатахуун авсан 74,520 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сод Монгол группээс 92 газ авсан 25,400 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Магнай трейд шатахуун түгээх станцаас Аи-92 бинзен авсан 51,800 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сод Монгол хангай хязгаарлагдмал компаниас 92 газ авсан 20,000 төгрөгийн, Халтарын Отгонбазаррагчаагийн 5911063685 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1205043863 тоот Голомт банкны дансны хуулга, Халтарын Лутсайханы 5022402369 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зоригтбаатарын Нармандахын 5890597242 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Гандантэгчэнлин хийдэд ном уншуулсан 58,000 төгрөгийн, 50,000 төгрөгийн, 200,000 төгрөгийн, 20,000 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Л-ын Хас банкны 1,000,000 төгрөгийн гүйлгээний баримт, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Х тэвхэн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 128,100 төгрөгийн, Баруун хариад Л.Дын 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсний болон нас барсны гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн багийн их эмч Д.Ц-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, Х.Л-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архив ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Прокурорын газрын 10 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Үлэмж эмийн сангаас бараа материал авсан 33,500 төгрөгийн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Марал од гариг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 6,000 төгрөгийн, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Оюу эмийн сангаас бараа материал авсан 68,950 төгрөгийн, 4,800 төгрөгийн, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 31,080 төгрөгийн, 2023 оны 10 дугаар 26-ны өдөр Х эм хангамж хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 1,400 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хонгор арвис хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 5,750 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 9,750 төгрөгийн, Оюу эмийн сангаас бараа материал авсан 36,000 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 14,500 төгрөгийн, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хонгор арвис хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 29,700 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 1,000 төгрөгийн, огноо, хаанаас авсан нь тодорхойгүй эм бараа гэх бичвэр бүхий 339,800 төгрөгийн, мөн огноо, хаанаас авсан нь тодорхойгүй 4,300 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 54,600 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үлэмж эмийн сангаас бараа материал авсан 42,000 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Оюу эмийн сангаас бараа материал авсан 170,500 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үлэмж эмийн сангаас бараа материал авсан 17,000 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Лидэр өвс хязгаарлагдмал хариуцлагатай компаниас бараа материал авсан 13,960 төгрөгийн, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Оюу эмийн сангаас бараа материал авсан 17,400 төгрөгийн, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн баримт, Х.Л-д 2024 оны 02 дугаар сарын 16, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олгосон эмнэлгийн магадлагаа, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас зэрэг баримтуудыг,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Г, хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нар шүүхэд хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Үндэсний статистикийн хороо, Х аймгийн Статистикийн хэлтсээс эр, эм Монгол хүний дундаж наслалтыг 2023 оны байдлаар тогтоосон баримтыг гаргуулж,
хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-А-ын хүсэлтээр Х аймгийн Прокурорын газарт хадгалагдаж буй 2338000000257 дугаар эрүүгийн хэрэгт үзлэг хийж нотлох баримтыг бүрдүүлсэн.
Иргэдийн төлөөлөгч С.Б: Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд Х.Л-ын нэхэмжлэлтэй, Б.Э, Б.А, Н.Г, Э.У нарт холбогдох гэм хорын хохиролд 168,044,233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг холбогдох хуулийн дагуу шийдвэр гаргах. гэсэн дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Хэрэв би зөвхөн оршуулгын зардлыг хариуцагч нараас авах байсан бол энэ хүртэл явахгүй байх байсан. Хариуцагч нараас авсан мөнгөөрөө хүүхдийнхээ хойдод буян хийх гэсэн болохоос биш хүүхдийнхээ амь насыг мөнгөөр үнэлээд байгаа асуудал байхгүй.
Хүнсний зардалд 6,018,100 төгрөг, өглөг болон бусад хүмүүст өгсөн зардал нь 15,914,533 төгрөг, ном уншуулсан болон лам нарт өгсөн зардал 5,861,600 төгрөг, нийт 27,794,233 төгрөгийг хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан.
Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67,3 байдаг гэсэн статистикийн мэдээлэлд үндэслээд шинээр батлагдсан хуулинд нөхөн олговор олгох, хохирлыг барагдуулах талаар зохицуулсан байгаа тул бид нар талийгаач хүүгээ 51 жил 2 сар насална гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 2,750,000 төгрөгийг 51 жил 2 сараар нь үржүүлж, нийт 140,250,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжилж байна...гэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А: ...Хэрэв бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжтой байсан бол өдийг хүртэл ингээд явахгүй байсан байх. Бид нар бүгд л дундаж амьдралтай, зээлээс зээлийн хооронд явдаг гэр бүл юм. Бид нарт шууд аваад өгдөг, хуримтлуулсан мөнгө байдаг бол өгчихмөөр байна, боломж үнэхээр байхгүй болоод өнөөдрийг хүртэл яваад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал сэтгэц учирсан хохирлоо Монгол хүний дундаж насжилтаас тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сэтгэл санаанд учирсан хохирлоо эмчлүүлээд эмчилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт гаргаж өгсөн бол маргах зүйлгүй. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэх мэтээр сэтгэл санаагаа эмчлүүлэх зардал үнэхээр өндөр юм билээ. Бид ч гэсэн хүүдээ энэ гэмт хэргийн улмаас сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа болохоор сайн мэдэж байгаа.... гэв.
Хариуцагч Н.Г:...Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг Э.У нь 2016 онд унаж байгаад яндангаас нь утаа гараад байна гээд манай хашаанд 4 дугуйг нь аваад бүтээгээд тавьсан байсан. Ингээд 2019 онд хариуцагч Н.Г хадам аав н.Батцэрэн гэх өвгөн дэлгүүрийн үүдэнд надтай таараад чиний унаж байсан машин хаана байгаа вэ гэхээр нь явахаа болиод манай хашаанд байгаа гэж хэлсэн чинь ахдаа арьсыг нь зарчих хэрэг болоод байна гээд бид хоёр манай хашаанд очиж үзсэн. Тэгээд би машины арьсыг нь 300,000 төгрөгт н.Б гэх өвгөнд зарсан, би зарахдаа машин дотор нь тээврийн хэрэгслийг гэрчилгээ байгаа талаар мэдээгүй. Тухайн тээврийн хэрэгслийг хөдөлж байх үед нь би зараагүй зөвхөн уг машины арьсыг нь 300,000 төгрөгт зарсан байхад хариуцагч Н.Г, түүний хадам аав нар машины мотор зэргийг янзлаад унасан байсан... гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Д.Э, Б.А нарын хүү Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг, Өгөөмөрийн ам гэх газар ***улсын дугаартай Тоёота Дуэт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Л.Д амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй нөхцөл байдлын улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Х аймгийн Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримттай талууд маргаагүй.
Иргэний хуулийн 16 дугаар зүйийн 16.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх тул түүний эцэг Б.Э, эх Б.А нар насанд хүрээгүй хариуцагчийн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Г нар нь буяны ажилд зарцуулсан төлбөрт хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 15,000,000 төгрөг, хариуцагч Н.Г нь 10,000,000 төгрөг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Г нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын...амь нас...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж,
Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д: Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас,...хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж, 499.3-т: хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. гэж,
Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д: Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Л нь нас барагч Л.Д төрсөн эцэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэрээр шаардах эрхтэй.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Хариуцагч Э.У итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь... Тухайн тээврийн хэрэгслийг хөдөлж байх үед нь би зараагүй зөвхөн уг машины арьсыг нь 300,000 төгрөгт зарсан байхад хариуцагч Н.Г, түүний хадам аав нар машины моторыг янзлаад унасан байсан. Энэ тээврийн хэрэгсэл нь ямар ч ашиглах боломжгүй байсан. Энэ асуудал нь надад ямар ч хамаа байхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойллоо.
Хариуцагч Н.Г, хариуцагч Э.У нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архив ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Прокурорын газрын 10 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол зэрэг баримтуудаар *** ХӨВ улсын дугаартай Тоёота Дуэт маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Э.У өмчлөлийнх бөгөөд хариуцагч Н.Г эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Э.У хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Иймд хариуцагч Д.Э, Б.А, Н.Г, Э.У нь нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээдүүд мөн байна.
Гэвч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 15,000,000 төгрөгийг, хариуцагч Н.Г нь 10,000,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нас барагчийн буяны ажлын зардалд нэхэмжилж буй 25,794,233 төгрөгөөс үлдэх 794,233 төгрөгийг хариуцагч Э.Ууганбаяраас гаргах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэлээр хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 140,250,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэх 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг нэмж өгсөн бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой гэмт хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан шаардах эрх үүсээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд оршуулгын зардалд хариуцагч Б.Эрдэнэбэт, Б.А нараас 15,000,000 төгрөгийг, хариуцагч Н.Г-аас 10,000,000 төгрөгийг, хариуцагч Э.У** 794,233 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Л-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 140,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Б.А, Б.Э нараас зөвшөөрсөн шаардлага болох 15,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг, хариуцагч Н.Г-аас зөвшөөрсөн шаардлага болох 10,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг, хариуцагч Э.У-раас 794,233 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 23,612 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод орууллаа.
Нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар хариуцагч Б.А, Б.Э нараас 15,000,000 төгрөгийг, хариуцагч Н.Г-аас 10,000,000 төгрөгийг, хариуцагч Э.У-с 794,233 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Л-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Б.А, Б.Э нараас 232,950 төгрөгийг, хариуцагч Н.Г-аас 174,950 төгрөгийг, хариуцагч Э.У-аас 23,612 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ с.оюунжаргал