Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 119

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор:  Б.Баярмагнай,

       Шүүгдэгч : М.Т,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга : Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн М-ийн Т-д холбогдох эрүүгийн 1735001070059 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, аав, ээж, 4 дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЗ88100519, Ш овгийн М-ийн Т.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Алдар” багийн нутагт хохирогч А.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би ээж Б-гийн  гэрийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хяргас нуурын хөвөөнөөс нүүлгээд Наранбулаг  Гүнбүрд багийн нутаг дэвсэрт буулгаж байх үед М, түүний хүү Т нар ирсэн. М манай ээжтэй мэндлээд байж байхад түүний хүү Т “Яах гэж энд бууж байгаа юм, манай өвөлжингийн газраас нүүж зайл. Энэ баядын хошуу биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би ч гэсэн Наранбулаг сумын хүн. Яагаад намайг зайл гэдэг юм. Би хужаа хүн биш” гэж хэлээд зогсож байхад Т ирээд намайг заамдаж аваад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл миний шүднээс цус гарсан. Тэгэхээр нь би “Яаж байгаа юм, залуу” гэж хэлэхэд Т “Юу нь сүртэй юм” гэж хэлээд Т аавтайгаа хамт яваад өгсөн. Би Т, М нарыг зодож цохисон асуудал байхгүй. Т намайг цохичихоод надтай маргалдаад байхаар нь би заамдаж байгаад тавьчихсан. Т манай дүү Б-тай бас хэсэг заамдалцаж, хэрэлдэж байгаад нэг нэгнээ цохилгүйгээр салаад Т өөрийн аав М-тэй хамт яваад өгсөн юм. Тухайн үед манай ээж Б, хүргэн ах Буянжаргал, дүү Б, М, түүний хүү Т бид зургуулаа байсан. Т намайг цохисны улмаас миний үүдэн 1 шүд хөдөлсөн бөгөөд өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний шүд өвдөөд байгаа болохоор хоол идэж, зажилж чадахгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг / хх-ийн 10-р тал/,

                 Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний бие Тээр зодуулсны улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Би Т-д зодуулсны улмаас Наранбулаг сумаас аймгийн төв рүү эмчид үзүүлэх болон мэдүүлэг өгөх зорилгоор 3 удаа замын унаанд хөлсөөр сууж ирсэн. Т надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд би Т-ээс хөдөлсөн шүдээ эмчлүүлэх зорилгоор 500.000 төгрөг болон Наранбулаг сумаас аймгийн төвд 3 удаа ирж, очсон замын зардал болон бусад зардалд 100.000 төгрөг, нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна. Би Т-д гомдолтой байна. Би одоогоор шүдээ эмчлүүлээгүй байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлэгийн дээд талд байх шүдний эмнэлэгт очиж үзүүлэхэд 500.000 төгрөгөөр миний шүдийг эмчилнэ гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

                2. Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайх Тэвхийн гануугаас “Тэвх” рүү нүүж буусан юм. Би малаа туугаад ирэх үед манай гэрийг манай хүргэн ах Х, ах Б, ээж Б нар барьж байсан юм. Тэр үед М, түүний хүү Т нар манайд мотоцикльтой ирсэн. Т мотоциклоосоо буугаад “Дээрэлхээд байгаа шүү. Нүүж зайл” гэж хэлэхээр нь манай ах Б “Бид нар ямар хужаа юм уу” гэж хэлэхэд Т шууд манай ах Б-ыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр үед ах Б-ын амнаас нь цус гараад “Шүд өвдөж байна” гэж хэлж байсан. Б ах хэн нэгнийг цохиогүй бөгөөд Т Б ахын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

                3. Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Наранбулаг сумын “Тэвх” гэх газарт нүүж ирсэн юм. Тэгээд манай хүргэн Б, хүү Б, Б бид дөрөв гэрээ бариад байж байтал 18.00 цагийн үед М нь хүү Т-ийн хамт мотоцикльтой ирсэн юм. Т мотоциклоосоо буугаад “Нүүж зайлцгаа” гэж хэлэхэд манай хүү Б “Бид нар хужаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Т манай хүү Б-ыг шууд заамдаж аваад нүүрэн тус газарт нь цохих шиг болсон. Тэр үед Б, Т нарыг 2 тийш нь салгахад Б-ын амнаас нь цус гарчихсан байсан. Б “Шүд хөдөлгөөд хаячихлаа” гэж хэлж байсан. Түүнээс хойш Б, Т нар дахин зодолдоогүй бөгөөд М, Т нар хэсэг сууж байгаад явцгаасан. Б Т-ийг зодож, цохиогүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

                4. Гэрч Н.М/ М /-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би хүү Т-ийн хамт Б-гийн гэрт очсон бөгөөд Б-гийнх дөнгөж “Тэвх” гэх газарт нүүж ирээд гэрээ барьж байсан. Тэнд Б, түүний хүргэн Х, Б-гийн хүү Б, Б нар байсан. Тэгээд би Б-гаас мэнд асуугаад “Эгч дээшээ эргээд буучихмаар байна. Энд манай өвөлжөө байдаг” гэж хэлэхэд Б эгч “Хаана буух нь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд уурласан. Тэгтэл Т “Гэрээ буулга, дээшээ эргүүлээд буулгая” гэж хэлээд нэг унь аваад газар хаячихсан. Тэр үед Б “Нугасанд чинь хутга шаана шүү” гэж хэлэхэд Т “Одоо шаачих” гэж хэлээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд Б нь Т-ийн хоолойноос нь боогоод газарт унагаах үед би салгасан юм. Б миний хүү Т-ийн цээжин тус газарт нь 2 удаа, толгой тус газарт нь 1 удаа цохисон. Би Б, Т нарыг салгасны дараа Б “Миний шүд гэмтчихлээ, шүднээс цус гарлаа” гэж хэлж байсан. Тэгээд би хүү Т-ийн хамт гэрлүүгээ явчихсан юм. Тухайн үед Б, Т нар л хоорондоо барьцалдсан бөгөөд өөр хэн нэгэнтэй зодолдсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

                 5. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хадам ээж Б-гийн гэрийг нүүлгээд “Тэвх” гэх газарт буулгаж байтал М, түүний хүү Т нар мотоцикльтой ирсэн юм. М гэдэг нь манай нутгийн хүн бөгөөд албан ёсны нэрийг нь М гэдэг бөгөөд М ирээд “Та нар ямар газар бууж байгаагаа мэдэж байна уу. Энд буулгахгүй, нүү” гэж хэлсэн. Тэгтэл Б “Нүүлгэх гэж байгаа бол ачиж өг. Энэ чиний газар биш. Монгол улсын иргэн хаана ч буух эрхтэй” гэж хэлэхэд Т мотоциклоосоо буугаад гүйж ирээд Б-ыг заамдаж аваад нүүр нь тус газарт нь нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь Б-ын дүү Б бид хоёр тэр хоёрыг салгасан бөгөөд тэр үед Б-ын амнаас цус гарч байсан. Б Т-д хандаж “Чи шүд рүү цохичихлоо. Чамайг шүүх, цагдаад өгнө. Чамтай хэрэлдэж, зодолдохгүй” гэж хэлсэн. Т “Энэ та нарын буудаг газар биш, хол очиж буу” гэж хэлээд хэрэлдэж байгаад гэрийн 2 ширхэг унь салгаж шидсэн. Тэгэхээр нь Б “Боль” гэж хэлээд Т-ийг багалзуурдаад авахаар нь би Т, Б нарыг салгаад М, Т нарыг гэрээс зайдуу дагуулж очоод “Та маргааш ирээд хадам ээжтэй уулзаж, ярилцаад эв зүйгээ олоорой” гэж хэлээд тэр хоёрыг мотоцикльд нь суулгаад явуулсан. Тухайн үед Т нь Б-ын нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон бөгөөд Б нь Т-ийн хоолойг нэг удаа багалзуурдсан. Түүнээс өөрөөр Б нь Т-ийг зодож, цохиогүй юм. Б тухайн асуудлаас өмнө хэн нэгэнтэй хэрэлдэж, зодолдсон асуудал байхгүй, түүний шүд зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

                6. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тийн хүргэн ах нь юм. Т нь Наранбулаг сумын “Улаан үзүүр” багт аав, ээж, 4 дүүгийн хамт мал маллаж амьдардаг юм. Т зан байдлын хувьд төлөв даруу, янз бүрийн ааш авир байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, элдэв муу зуршилгүй залуу юм. Т урьд өмнө нь хулгайн хэргээр 2 удаа ял шийтгүүлж байсан. Эд хөрөнгийн хувьд 200 гаруй бог мал, 10 гаруй адуу, 15 орчим тэмээтэй юм. Т бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчингүй бөгөөд өмнө нь ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Т морь малд сонирхолтой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, аливаа зүйлд шударга ханддаг, хөдөлмөрч, нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

                   7. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №565 дугаартай шинжээч эмчийн “шүүгдэгч М.Т-ийн биед гэмтэл тогтоогдоогүй” талаархи дүгнэлт /хх-ийн 22-р тал/,

                   8. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №548 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Дээд 1 /22-р/ үүдэн шүд гэмтлийн гаралтай, 3-р зэргийн хөдөлгөөнтэй, тал тал уруу санжигнаж хөдөлж байна. Дээрхи гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь тухайн өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/,

                  9. Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн засаг дарга Хүрлээгийн 2017.10.31-ний өдрийн 88 тоот тодорхойлолт /хх-ийн 38-р тал/,

           10. Шүүгдэгч М.Т-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/,

           11. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 43-46-р тал/,

           12.  Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 49-55-р тал/,

           13. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот Магадлал /хх-ийн 56-59-р тал/,

           14. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 47 тоот Тогтоол /хх-ийн 59-62-р тал/,

           15. Шүүгдэгч М.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Наранбулаг сумын 4-р баг Гүнбүрд гэх газарт аав, ээж, 4 дүүгийн хамт амьдардаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай өвлжөөний хажууд 1 километрийн зайтай газарт манай нутгийн Б-гийнх ирж бууж байсан. Тэгэхээр нь манай аав болох М бид хоёр мотоцикльтой тэдний гэрт очсон. Тэнд Б эгч, хүү Б, Б, хүргэн Б нар байсан. Тэгээд аав М Б эгчтэй уулзаад “Манайхантай зэрэгцээд жаахан цаашаа буучих. Манай өвөлжөөтэй хэтэрхий ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэгтэл Б эгч аавд “Хаана буух нь чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл Б аав бид хоёрт “Бид нар хужаа нар биш” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б-д “Дээшээ буучих” гэж хэлэхэд Б “Нугасанд чинь хутга шаачихна шүү” гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр маргалдсан бөгөөд би очоод Б-ыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл Б миний шилэн хүзүүн дээр хальт ташаад, цээж рүү гараараа 2 удаа цохиод, нүүр лүү нэг удаа хальт цохисон юм. Тэгж байтал манай аав М, Б-ын хүргэн ах Б нар ирж Б бид хоёрыг салгасан юм. Тэгээд би Б-ын барьж байсан гэрийнх нь нэг унийг авч шидээд “Зайл” гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би Б-ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Зодоон болж байхад бидний хажууд манай аав М, Б эгч, Б, Б нар байсан юм. Тухайн үед Б амнаасаа цустай шүлс хаяж байсан бөгөөд надад “Чи миний шүдийг гэмтээчихлээ, шүд хөдөлж байна” гэж хэлж байсан. Б бид хоёр урьд өмнө нь зодолдож, маргалдаж байгаагүй бөгөөд бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Би Б-ыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Бас уучлал гуйсан бөгөөд түүнд учирсан хохирлыг төлж бараглуулахад бэлэн байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч М.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Алдар” багийн нутагт хохирогч А.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Б, гэрч А.Б, Д.Б, Н.М, Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Т-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №548 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч М.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ын  биед дээд 1 /22-р/ үүдэн шүд хөдөлсөн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч М.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600000 төгрөг нэхэмжилж байгаа талаар хохирогч мэдүүлсэн байх боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй байх тул хохирлыг тооцож гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

                   Шүүгдэгч М.Т-д ял шийтгэхэд хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Ш овгийн М-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ,

                                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН