Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 59/ДШМ/2017

 

Д.Лд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

 прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, М.Өлзийцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолтой Д.Лд холбогдох 2015 1900 0772 дугаартай 635 хуудас 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

. Шүүгдэгч Д.Л нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутагт иргэн Р.Жаргалсайхантай “лам багшийн өгсөн хүрэмийг урлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Лд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч Цагаан овгийн Дашцэрэнгийн Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лг 3 /гурав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Лд оногдуулсан 3 /гурав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Лгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл нүд 1 ширхэгийг хохирогч Р.Жаргалсайханд, улаан хүрэн өнгийн хүрэм 1 ширхэгийг шүүгдэгч Д.Лд тус тус буцаан олгож, хохирогч Р.Жаргалсайхан нь 103.548.086 төгрөгийг шүүгдэгч Д.Лгээс нэхэмжилснээс шүүгдэгч нь 15.000.000 сая төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хохирогч нь зохих баримтаа бүрдүүлэн 88.548.086 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдолдоо: “Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн хувьд эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нөхцөл байдлыг нь тал бүрээс нь бүрэн дүүрэн судласангүй шийдвэр гаргаж намайг буруутгасан. Би хохирогч болсон Жаргалсайханыг хээр согтуу явган явж байхад нь осгож, хөлдөхөөс сэргийлж мотоциклд суулган авч явж Сүхбатынд хүргэж өгсөн. Гэтэл Жаргалсайхан болон гэрчүүд огт мэдүүлдэггүй бас тэд үгээ нийлүүлэн намайг буруутгаж байгаа нь ийм байна. Ер нь Жаргалсайхан өөрөө болон гэрч Дуламрагчаа Алтанцэцэг эгч намайг ганцаараа Сүхбатынд очоогүй байдлаар мэдүүлсэн огт худлаа. Гэрч болж байгаа хүмүүс хоорондоо төрөл саднаас гадна худ ургийн холбоотой хүмүүс учраас ийнхүү бодит байдалд нийцэхгүй мэдүүлгүүд өгч, бие биеэ зөвтгөж хамгаалсан байна. Жаргалсайхан нь Шижирбаатарынд хүмүүстэй маргалдаж, муудалцсан сурагтай байгаа. Энэ үедээ нүдэндээ гэмтэл авсан байж магадгүй тул энэ асуудлыг сайтар шалгаж үнэн зөвийг тогтоох ёстой болов уу. Ямар ч байсан Жаргалсайханы нүд цийсэн нь миний санаатай үйлдлээс болоогүй юм. Харин Жаргалсайхан надтай зүй бусаар харьцан малгай авч шидэх, хүрэм урах, товч таслах зэрэг зохисгүй байдал гаргасан тул би түүнийг мотоцикл дээрээс түлхчихээд явсан нь үнэн билээ. Иймд эдгээр болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүх хуралдаанд намайг өмгөөлөгчийн хамт оролцуулна уу” гэжээ.

 Хохирогч Р.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо: “Миний бие шүүгдэгч Д.Лгийн давж заалдсан гомдолтой танилцлаа. Л гомдолдоо маш худал зүйлүүдийг бичиж, намайг мотоцикл дээрээсээ түлхсэн гэж худал бичсэнээс гадна Шижирбаатарынд хүмүүстэй маргалдсан сурагтай байгаа. Жаргалсайхан намайг хээр осгож үхэх гэж явсан, би Сүхбатынд хүргэж өгсөн гэх мэтээр маш худал зүйл бичсэн байна. Хохирогч миний бие 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 297 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: шүүх Лгийн миний нүдийг сохолж, хараагүй болгосон гэмт үйлдлийн талаар дүгнэхдээ Лгийн намайг зодож, миний нүдийг сохолж хараагүй болгохдоо согтуу байсан, намайг цохиж унагачхаад дараа нь нүд рүү өшиглөж, орилж чарлаж байсныг танхайрах үйлдэл хийсэн гэж дүгнээгүй, бөгөөд зэрлэг догшин авирласан байдлыг хэрэг хийсэн үйлдэлтэй холбож дүгнээгүй, миний бие эрхтэнд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгөөгүйд гомдолтой байна. Л намайг насан туршид минь хараагүй болгочхоод, мөн хөдөлмөрийн чадваргүй болгож хохироочоод хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй худлаа ярьж байгаад гомдолтой байна. Би нялх таван хүүхэд, эхнэрээ одоо тэжээж чадахгүй болсондоо гомдолтой байна. Цаашид миний сохорсон нүдний ухархай эрүүл нүдэндээ нөлөөлж байгаагаас гадна, зүүн нүдний чамархай, дух ясны хэсэг хугарснаас болж биеийн байдал хүнд байна. Би эмчилгээнд явж эрүүл болж зүүн нүдээ эмчлүүлмээр байна. Иймд миний нүдний эмчилгээний зардал болох 80 000 000 төгрөг /наян сая/ төгрөгийг Лгээс гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Л нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутагт иргэн Р.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөсний улмаас хохирогч Р.Жаргалсайханы зүүн нүд бүрэн хараагүй болсон, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамар ясны хугарал, нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Р.Жаргалсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Л намайг тонгорч унагаад нүд рүү минь өшиглөсөн. Би хүчтэй цохиулаад ухаан санаа орж гараад байсан. Нүдгүй болсондоо дэндүү гомдолтой байна” /1хх-36/ Гэрч Г.Сүхбатын: “...Жаргалсайхан унтаж байгаад сэрэхэд нь зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан, бага зэрэг цус гарчихсан байсан. Би яасныг нь асуухад Цогоотой муудалцаад Цогоо намайг өшиглөчихсөн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх37-38/ Гэрч Г.Дуламрагчаагийн: “...Л Жаргалсайханыг унагаад нүүрлүү нь өшиглөсөн, тэгээд мотоциклоо асаагаад яваад өгчихсөн. Жаргалсайханы нүүр хавдаад зүүн нүднээс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /1хх-49/ Гэрч Б.Алтанцэцэгийн: “...Удалгүй Лгийн хашгичих чимээ гараад байхаар нь хартал Л, Жаргалсайхан хоёр мотоциклийн хажууд ноцолдоод тонгорч унагаад гараараа нүд рүү нь 2-3 удаа цохиод байхаар нь би очоод болиочээ гэтэл өндийлгөж ирээд нүд рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл манай хадам ээж...болиочээ хүн аллаа гэхэд Л мотоциклоо асаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /1хх-50-51/ Гэрч Л.Доржрагчаагийн: “... Жаргалсайханы нүд хавдаад цус гараад байхаар нь юу болсон юм бэ гэхэд Жаргалсайхан Цогоо буюу Л өшиглөчихлөө гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /1 хх- 40/ Гэрч М.Өнөцацралын: “...манай сумын эмнэлэгт дуудлага өгсний дагуу очиход Жаргалсайхан нь Цогоо гэх хүнд зодуулчихлаа гэж байсан, баруун нүд нь хавдчихсан, цус гарсан, хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /1хх-45-46/ Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 425 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх-56 /, шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1389 дугаар дүгнэлт /1 хх-61-63/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн 1035 дугаар дүгнэлт /2хх-60-61/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1470 дугаар дүгнэлт /2 хх-5- 116/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 671 дугаар дүгнэлт /2 хх- 246-248/, шинжээч Н.Туяа, Т.Амартүвшин нарын мэдүүлгүүд /1хх-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-22,57/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх ялтан Д.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ. Анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлан ялтан Д.Лгийн үйлдсэн хэргийг зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна. Давж заалдах шатны шүүхэд хохирогч Р.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Ч.Ням нар нь “Д.Лгийн охин Л.Нямаасүрэнгээс хохиролд 13 сая төгрөг, эхнэр Дуламхандаас 4 бяруу,1 үнээ,10 шүдлэн үхэр нийт 15 үхэр хүлээж авсан. Анхан шатны шүүх хурлаас өмнө 13 сая төгрөг, хууль зүйн үйлчилгээний 2 сая төгрөг авсан байсан. Нийт авсан 28 сая төгрөг, 15 үхрийг давж заалдах шатны шүүх хуралдаан дуусталх хугацааны хохиролд тооцсон, өөрөөр хэлбэл энэ хугацааны хохирол бүрэн төлөгдсөн тул давж заалдах гомдлоосоо татгалзаж байна, Д.Лгийн ялыг хөнгөлж өгнө үү. Хойшид гарах эмчилгээний зардлаа авна” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн, энэ талаар өмгөөлөгч Ч.Ням нь хохирогчийн хүсэл зоригийг илэрхийлж шүүх хуралдаанд тайлбарлаж, хохирогч давж заалдах гомдлоосоо татгалзсанаа илэрхийлсэн болно. Түүнчлэн ялтан Д.Лгийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, М.Өлзийцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Л нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа, маргах зүйлгүй, энэ хугацааны хохирлоо хохирогч Р.Жаргалсайханд нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ. Иймд ялтан Д.Лг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацааны хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн ялтан Д.Л гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялтан хохирогч хэн аль нь хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан ялтан Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Түүнчлэн шүүхээс оногдуулсан 15 000 000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож, ялтан Д.Лгийн цагдан хоригдсон 55 хоног /анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор/, 2017 оны 10 сарын 03-наас 12 сарын 08 өдөр хүртэлх хугацааны 65 хоног, бүгд 120 хоног цагдан хоригдсон хугацааны 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, /120 хоног х15 нэгж=1800 нэгж х1000 = 1.800.000 төгрөг/ торгох ялаас 1.800.000 төгрөгийг хасаж тооцохоор шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лг 03 /гурав/ жил, 06/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай. 3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Лд оногдуулсан арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлөхийг үүрэг болгож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Лгийн цагдан хоригдсон 120 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 1.800.000 төгрөгийг хасаж тооцсугай гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай. 4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Лг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА

ШҮҮГЧИД: О.ОДНЯМАА Г.БОЛОРМАА