Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02554

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 181/ШШ2024/02554

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрэгтэй, Ц.Б -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... давхарт байрлах, ЭМ ХХК /РД:/-д холбогдох,

 

ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э, О.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.Ш, Ө.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Ц.Б нь ЭМ ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЭМГЛ-23/ХГ дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг байгуулж, "Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн" гэх ажлын байранд ажиллаж байсан. Үүний өмнө ЭМ ХХК-д 2021 оны 02 сард анх ажилд орсон байдаг. ЭМГЛ-23/ХГ дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм.

Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байтал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/20 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1, 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон "Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Бгийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Ц.Бгийн ажиллаж байсан мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно.

Мөн "ЭМ" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нөгөө талаар компанийн үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь мэдээлэл, технологид суурилж цахим байдлаар буюу компаниас цахим шилжилтийг хийж байгаа тул миний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй юм.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо миний ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг надад танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан уу, өөр ажлын байртай нэгтгэгдсэн үү зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөр, эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үндсэн эрхийг тус тус ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл тул нэхэмжлэгч нь "ЭМ" ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, харьяа дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан. Шүүхэд хандахаас өмнө ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн боловч үр дүн гараагүй бөгөөд "ЭМ" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож, түүнийгээ залруулах арга хэмжээг авахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж байна.

Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн заалтад зааснаар ажлын байр хассан гэдгийг тухайн ажлын байр үгүй болж, чиг үүрэг нь огт байхгүй болсон байхыг ойлгодог. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд тухайн ажлын байр нь байхгүй болчихсон бол тухайн ажлын байрыг бий болгохгүй, тухайн ажлын байранд ажилтан авч ажиллуулахгүй байх тийм тусгайлсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл Ц.Бгийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн бодлого, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гэдэг ажлын байр бүхэлдээ хасагдаагүй. Ажлын байрны нэршил нь өөрчлөгдсөн байдаг. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хуульд заасан үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл болохгүй, ажлын байр хассан гэдэг зохицуулалтад хамаарахгүй байгаа юм. Тодруулах юм бол нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны хувьд Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс гэдэг хэлтэст ажиллаж байсан. Тэр дурдагдаад байгаа компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд Мэдээлэл технологи, олон нийтэдтэй харилцах хэлтсийн Мэдээлэл технологийн хэлтэс гэдэг нэртэй болсон. Тухайн ажлын байран дээр нь Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэдэг нэртэй болсон. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь ажиллаж байснаас ахлах гэдэг үгийг нь аваад хаячихсан. Тэрнээс биш доторх нэг бүрчлэн судлаад үзэх юм бол ажлын байрны чиг үүрэг, зорилт нь адилхан. Зорилго нь адилхан. Түүнчлэн хийж гүйцэтгэж байгаа ажлын байрууд нь адилхан байдаг. Мөн дээр дан ганцхан Ц.Бгээс гадна өөр бусад нэр бүхий ажилтнууд, олон тооны нэр бүхий ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөөнөөр гаргах үеийн зохицуулалт хэрэгжих тохиолдол байсан. Гэтэл бөөнөөр гаргах үеийн зохицуулалт хэрэгжээгүй, бөөнөөр халж байгаа тохиолдолд ижил төрлийн ажлын байрыг хамгийн түрүүн санал болгох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс юу гэж ярьдаг вэ гэхээр бид нар сонгон шалгаруулалтад ор гэсэн гэдэг. Сонгон шалгаруулалт чинь өөр ажлын байрыг санал болгож байгаа хэлбэр биш. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцэхгүй тохиолдолд тэр хүн ажилгүй болно. Хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа үр дагавар үүсэж байгаа. Тийм учраас тухайн маргаан бүхий тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болсон байгаа учраас тухайн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ..Цалинтай тэнцэх олговрыг тооцвол дундаж цалин маань 4,117,396.83 мөнгө болж байгаа. Нийт 16 сар 24 хоног ажилгүй байсан хугацааны цалин 69,172,266.69 мөнгө болж байна.

...Ц.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж ирээгүй. Ц.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлээ 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэж үзэж байгаа. Борхүүд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн 0953 дугаартай мэдэгдэлд юуг дурдсан байдаг вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1-т заасныг үндэслэсэн боловч Мэдээлэл технологи, олон нийтэдтэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан та ЭМ ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах ажлын байрныхаа сонгон шалгаруулалтад оролцоно уу гэдэг мэдэгдлийг ирүүлдэг. Гэтэл энэ 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн мэдэгдэлдээ хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулагдаж, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэдэг асуудал тавьдаг өөрөөр хэлбэл ажлын байр хасагдсан гэдэг нөхцөл байдлыг ажил олгогч анхнаасаа мэдэгдэлдээ дурдаагүй. Энэ бөөнөөр халах үйл явцтай холбогдуулан ажил олгогч тухайлсан хууль тогтоомжийн дагуу чиг үүрэг, зохицуулалтыг хэрэглэх ёстой гэдэг 2021 онд батлагдсан шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан зохицуулалтад орж ирсэн шинэ зохицуулалт байгаа тухайлбал нийт ажилчдын 50 -аас дээш хувийн эрхлэлтийн хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа нөхцөл байдалд ажил олгогч маш хариуцлагатай хандах ёстой маш олон хүний хөдөлмөр эрхлэлтийг зөрчөөд түүнтэй холбогдуулаад ажил амьдралынх эрх ашигт хөндөгдөж байгаа учраас түүнтэй холбогдуулан маш нарийн зохицуулалтаар энэ ажилтнуудын эрх ашгийг хамгаалах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байтал хэрэгжүүлээгүй...гэв.

 

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.4 дэх хэсэгт заасан "Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах" зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 426 дугаар тогтоолоор "ЭМ" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "ЭМ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.

Дээрх тогтоолуудад үндэслэн "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар "компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар "Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн"-ий ажлын байрны орон тоо хасагдсан.

Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ц.Бд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/953 тоот албан бичгээр, 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд ЭМ" ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.

Ажлын байр нь хасагдсан хэдий ч Ц.Б нь тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт "хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах"-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Ц.Бгийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Ц.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.2 Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шинэ бүтцээр мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч Ц.Бгийн ажиллаж байсан мэдээлэл технологийн бодлого, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн ажлын байрны орон тоо бүхэлдээ хасагдсан байгаа. Ц.Бгийн ажиллаж байсан орон тоо хасагдсантай холбоотойгоор ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Ц.Бд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/953 тоот албан бичгээр буюу 12 дугаар сарын 30-ны өдөр буюу ажлаас чөлөөлөгдөхөөс 30 хоногийн өмнө мэдэгдэж, хойд талд нь танилцуулж гарын үсэг зуруулж авсан байгаа. Тэгээд тухайн мэдэгдэл бол ЭМ компаниас 80.1.1-д заасан үндэслэлээр ажлын байрны орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн харилцааг цуцлагдах гэж байна гэдэг нь хууль зүйн үндэслэл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг, 80.4 дэх хэсэг, тэгээд ТУЗ-ийн тогтоол дээр үндэслээд энэ мэдэгдлийг хүргүүлж байна гэдэг үндэслэлийг зааж өгсөн байдаг. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр ЭМ компанийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсонтой холбогдуулаад энэхүү сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар хамгийн сүүлд нь дурдаж өгсөн байдаг. Энэ ажлын байр нь хасагдсан ч гэсэн одоогийн хувьд бол сонгон шалгаруулалтад оролцоод нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод ажилдаа буцаж орох боломж нь нээлттэй байсан. Тэрийг ажил олгогчийн зүгээс хязгаарлаагүй.

Шинээр бий болсон ажлын байрны хувьд буюу тэргүүн ээлжид авч ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй гээд байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81.5-д зааснаар ажил олгогч шинээр бий болгосон ажлын байранд ажилтныг түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна гэсэн байдаг. Гэтэл ажилтан өөрийнхөө зүгээс ямар нэгэн ажлын байранд ажиллах хүсэлтээ илэрхийлээгүй, аль ч сонгон шалгаруулалтад бүртгүүлж оролцоогүй учраас ажил олгогч түүнийг шинээр бий болсон ажлын байранд авч ажиллуулах ийм боломж нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа. Дээрээс нь бөөнөөр халах үйл явц болсон хэлэлцээр хийх хэлэлцээрийн талаар ярьж байна. Бөөнөөр халах үйл явц болсонтой бол талууд маргаагүй бөөнөөр халах үйл явц болсон. Бөөнөөр халах үйл явцыг хэрэгжүүлээд Үйлдвэрчний эвлэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хуульд заасны дагуу мэдэгдсэн. Мөн түүнчлэн ажилтнуудын төлөөлөлтэй 2 удаагийн хэлэлцээр хийсэн байдаг. Тэгэхээр хэлэлцээрээр ямар асуудлууд ярьсан бэ гэхээр ажилтнууд шинээр бий болж байгаа энэ ажлын байранд оролцох боломжтой. Та нар өөрсдөө хүсэх юм бол сонгон шалгаруулалтад оролцоорой гэдэг асуудлын талаар ярьсан. Мөн дээрээс нь ажилтнуудад олгох тэтгэмжийн хэмжээг мөн дурдсан байдаг. Үйлдвэрчний эвлэл байхгүй учир ажилтнууд өөрсдөө төлөөллүүдээ томилсон. 2023 оны 01 сарын 19, 20-ны өдрүүдэд 2 удаа хэлэлцээр хийсэн байгаа. Эдгээр хэлэлцээрээр ажилтнуудынхаа Хөдөлмөрийн хуульд заасан тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлээд, тэтгэмжийн хэмжээг нь 3 сараар нэмэгдүүлээд, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоё гэсэн ийм хэлцлийг нь хийсэн учраас эдгээр Хөдөлмөрийн хуулийн заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

Ахлах мэргэжилтэн гэдэг ажлын байрны чиг үүрэг энэ бүгдээс хасагдсан учраас одоо ажлын байр нь хасагдсан. Энэ мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн рүүгээ шилжчихсэн байна гээд ажлын байрны тодорхойлолт зорилго, тэгээд энэ хийж гүйцэтгэж байсан гол ажлууд нь яг юу байсан юм бэ гэдэг нь чухал байдаг. Нэхэмжлэгч Ц.Бгийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрны зорилго нь нэгдлийн мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийх шаардлагатай мэдээллийн систем, программ хангамж нэвтрүүлэх, мэдээллийн системийн аюулгүй байдлыг ханган ажиллах гээд байна. Гэтэл энэ одоогоор энэ төслийн өөрчлөлтийн дагуу ЭМ компани менежментийн өөрчлөлт хийснээрээ зөвхөн энэ ЭМ компанийн дүрэм дээр заасан Охин хараат компанийн хурлын зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, энэ хурлаас гарсан шийдвэрээрээ охин хараат компанийн хэмжээнд менежмент үзүүлэх бодлого шийдвэрүүдийг батлах энэ ажлуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл нэгдлийн хэмжээнд байгаа охин компани болон нийт мэдээллийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хийхгүй, мэдээллийн аюулгүй байдал, эрх бодлогод бол нөлөөлөхгүй. Яагаад гэхээр зөвхөн гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд компанийн дотоод эрх хэмжээнд нь оролцохгүй зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ хурлыг хийх замаар энэ олон улсын менежмент, үйлчилгээ үзүүлдэг толгой компанийн энэ чиг үүргүүдийг хөгжүүлэх үүднээс энэ охин хараат компанийн энэ мэдээллийн технологийн талаар баримтлах нэг бодлогуудыг хийхээ больсон...гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 30 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, ЭМ ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн хуулбар, Монгол Улсын Их сургуулийн дугаар Е20223754 дипломын хуулбар, Удирдлагын академийн Төрийн алба, удирдах сургуулийн дугаар 17624 дипломын хуулбар, Компьютерын инженерийн Алтай коллежийн дугаар .. Бакалаврын дипломын хуулбар,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: ЭМ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар Б/20 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ц.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 14 Хэлцэл, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 01/953 ЭМ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Албан тушаалын тодорхойлолт, ЭМ ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/144 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, хавсралт, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар А/61 Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 426 ЭМ ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, ЭМ ХХК-ийн дүрмийн хуулбар, ЭМ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 56 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар А/113 ЭМ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 01/953 ЭМ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ЭМ ХХК-ийн ажилтнуудын тэтгэмжийн жагсаалт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 62 ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тогтоолын хуулбар, ЭМ ХХК-ийн болон ЭМ ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлэх тухай, 2023 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 01/13 ЭМ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЭМ ХХК-ийн мэдэгдэл авсан ажилтнуудын жагсаалтын хуулбар, ЭМ ХХК-ийн ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн тайлан, төлөвлөгөө 1 дүгээр боть гэх хуудсын хуулбар, Үнэлгээний хуудсын хуулбар, Ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн тайлангийн хуулбар, 12 дугаар сарын ажлын төлөвлөгөөний хуулбар, 11 дүгээр сарын ажлын төлөвлөгөөний хуулбар,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05/1138 нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, ЭМ ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар А/145 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ЭМ ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам батлах тухай тушаалын хуулбар, ЭМ ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 4/5793 Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, ЭМ ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ЭМ ХХК-нд холбогдуулан ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг урьд ажиллаж байсан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-ийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн, үндэслэл бүхий тушаал шийдвэрийг танилцуулаагүй гэж тодорхойлжээ.

 

6. Хариуцагч ЭМ ХХК нь компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан, улмаар холбогдох тогтоол, тушаалуудад үндэслэн " Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

7.1 Нэхэмжлэгч Ц.Б нь "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар Ц.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/20 тоот тушаалаар Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-ий үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тушаал, тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 45-р тал/

 

7.2 Нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, тайлбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 1-2, 29-30-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасантай нийцжээ.

 

7.3 Хариуцагч ЭМ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/953 дугаар албан бичгээр ажилтан Ц.Бд мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг, 80.4 дэх хэсэг, ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Цэнджавын Борхүү танд энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

...Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан та ЭМ ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам-ын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (ЭМГЛ-23/ХГ дугаар)-г 2023 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 47, 103-р тал/

 

7.5 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор "ЭМ" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, тогтоолын 3 дахь заалтаар дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд тус тус даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 71-79-р тал/

 

7.6 Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоолоор хариуцагч компанийн орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоожээ. /хх-ийн 80-р тал/

 

7.7 "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-ийн ажлын байр хасагдсан, харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болгосон болох нь тушаалууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 1-3, 58-62-р тал/

 

7.8  "ЭМ" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Цэнджавын Борхүүтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/20 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, Компанийн тухай хуулийн 83.1, ЭМ ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай" 144 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг тус тус үндэслэжээ. /хх-ийн 45-р тал/

 

7.9 ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, нэхэмжлэгч Ц.Б нар нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 дугаартай хэлцэл байгуулж, талууд мэдэгдэл өгсөн асуудлаар хэлэлцэж, ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж нийт 5 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хэлцэл нэртэй баримтаар нотлогдсон. /хх-ийн 46-р тал/

 

7.10 Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гүйцэтгэх захирлын шийдвэрээр 47 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг хүргүүлснийг дурдаад, жагсаалтыг хүргүүлсэн, жагсаалтын 18 дахь мөрөнд нэхэмжлэгчийн нэр багтсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт Ажил олгогч бөөнөөр халах шийдвэрээ гаргаснаас хойш 30 хоногийн дотор харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бичгээр мэдэгдэнэ гэж заасантай нийцсэн.

 

8. Ажилтнуудыг бөөнөөр халах үйл явц явагдсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэлбэр төдийд хийсэн гэж нэхэмжлэгч тал мэтгэлцсэн.

Ажилтнуудаас гаргасан шаардлагын дагуу, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл уулзалт хийж зарим асуудлуудыг хэлэлцсэн болох нь Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн тэмдэглэлүүд, шаардлага хүргүүлэх тухай бичиг, тайлбаруудаар нотлогдсон./хх-171-186-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж хэлэлцэх асуудлыг заасан ба дээрх хэлэлцээрийн тэмдэглэлээс үзэхэд хуульд заасан хэлэлцэх асуудлыг бүрэн хэмжээгээр хэлэлцэж шийдвэрлэсэн гэхэд учир дутагдалтай байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 80.1.1т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.

 

9.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт засан ажлын байр хасагдсан үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон эсэхийг шалгах шаардлагатай.

Нэхэмжлэгч тал ажлын байрны зөвхөн нэршил л өөрчлөгдсөн гэж тайлбарлаж өөрийн урьд ажиллаж байсан "Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-ийн ажлын байрны чиг үүрэг нь мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-ий ажлын байрны чиг үүрэгтэй адил гэж тайлбарлаж, хариуцагч тал ахлах мэргэжилтэн-ий чиг үүрэг байхгүй болсон, мэргэжилтэн-ий орон тоо шинэ бүтцээр шинээр бий болсон албан тушаал гэж мэтгэлцэж байна.

 

9.2 Хэрэгт авагдсан "Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн болон Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ажлын байрнуудын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд:

ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдийн А/61 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийг хэлтсийн дарга-1, мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн-1, мэдээлэл технологийн инженер-1, өгөгдлийн шинжээч-1, олон нийттэй харилцах мэргэжилтэн-1 байхаар орон тоог тогтоосон. /хх-ийн 63-66-р тал/

 

ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалын 3 дахь заалтаар дээрх А/61 дүгээр тушаалыг хүчингүйд тооцон, Мэдээлэл технологийн хэлтсийг мэдээлэл технологийн хэлтсийн менежер-1, системийн инженер-1, техник хангамжийн инженер-1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар орон тоог өөрчлөн тогтоосон. /хх-ийн 58-62-р тал/

 

Хэрэгт авагдсан ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар баталсан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар баталсан Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг агуулгын хувьд адил байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан, зохигчийн мэтгэлцэж ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Иймд ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 

Шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны нэршлийг урьд эрхэлж байсан, нэхэмжлэгчийн тодорхойлсон, зохигчийн мэтгэлцсэн ажлын байр болох Мэдээлэл технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байрны хуучин нэршлээр эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг ажлаас чөлөөлөгдөх хугацааны өмнөх 3 сарын дунджаар тооцох нь зүйтэй. /хх-ийн 132-р тал/ 

Үүнээс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас 69,172,266 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. 

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв. 

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЭМ ХХК-иас 503,811 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Бг ЭМ ХХК-ийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллийн технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭМ ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 69,172,266 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ЭМ ХХК-д даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЭМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,811 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА