| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/04701/И |
| Дугаар | 181/ШШ2024/02680 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/02680
2024 07 03 181/ШШ2024/02680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Д.Э /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Ш.Г /РД:../-д холбогдох,
Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 69,099,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгчийн ээж С.С нь иргэн Ш.Гтай 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр "Зээлийн гэрээ" /цаашид "Гэрээ" гэх/-г байгуулж, түүнд 20,000 америк долларыг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож, 20,000 америк долларыг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр олгосон байдаг.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд зээлдүүлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээлийг хүү, алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь янз бүрийн шалтаг тоочсоор зээлдүүлэгчийг нас барах хүртэлх хугацаанд зээлж авсан 20,000 америк долларын зээлийн төлбөртөө ганц ч төгрөг төлөөгүй болно.
Нэхэмжлэгч нь С.Сийн хууль ёсны өвлөгчийн хувьд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний төлбөрт Ш.Бгаас 31,500 америк доллар буюу 99,720,495 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаар бүхий магадлал гарсан. Тус магадал хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаар бүхий магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хангалгүй хэвээр үлдээсэн хэдий ч магадлалын "Хянавал" хэсгийн "4е" заалтад "... Талийгаач С.Сээс хариуцагч Ш.Бд өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөс шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно..." гэж тодорхой зааж өгсөн болно. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар гагцхүү талийгаач С.С "зээлийн гэрээний дагуу Ш.Бгаас зээлийн мөнгөн төлбөр шаардах эрхтэй эсэх" асуудлыг л дүгнэсэн бөгөөд С.Сээс хариуцагчид олгосон 20 000 америк долларыг зээлийн гэрээнээс бусад үндэслэлээр шаардах эрх нээлттэй гэж дүгнэж шийдвэрлэсэн ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Хариуцагч Ш.Б нь талийгаач С.Сээс 2012 онд 20,000 америк доллар авсан болохоо ямар нэгэн маргаангүйгээр бүрэн хүлээн зөвшөөрдөг хэдий ч талийгаачийн нэрийг барин илт худал зүйлсийг дур зоргоороо зохион ярьж, бусдаас үндэслэлгүйгээр авсан мөнгөө буцааж өгөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, өнөөдрийг хүрч байна.
Талийгаач С.С нь амьд сэрүүн ахуйдаа Ш.Бд өгсөн мөнгөө буцаан авахаар түүний араас байнга хөөцөлдөж, мөнгөө шаардаж байсан ба 2016 оны 08 сарын зуны ид халуун үед Ш.Б болон өөр нэг хүнээс зээлсэн мөнгөө шаардах гэж явж байх үедээ цус харваж нас барсан байдаг.
Хүн ёсны талаасаа ч талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нь энэхүү Ш.Бгийн үндэслэлгүй авсан мөнгөтэй холбоотой байсныг мэдсээр атлаа хариуцагч нь худал шалтаг тоочиж авсан мөнгөө өгөхгүй, нэхэмжлэгчийг шүүхэд хандахаас өөр аргагүйд хүргэж байгаа нь харамсалтай байна. Бусдын эд хөрөнгө, мөнгийг авсан бол түүнийгээ буцаан төлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бүрийн үүрэг болно.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг болон холбогдох бусад зүйл, заалтад заасны дагуу хариуцагч Ш.Бгаас 20 000 /хорин мянга/ америк доллар буюу 69 099 800 (жаран есөн сая ерөн есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байгаа. С.С нь 2016 онд нас барж өв нээгдсэн. Түүний хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Д.Э тогтоогдсон. Д.Эын ээж талийгаач С.С нь 2012 онд Ш.Бд 20,000 ам долларыг хүлээлгэж өгсөн. 20,000 ам доллар шилжүүлсэнд маргаан байхгүй. Харин хариуцагч 2012 оны 06 сард хамтын ажиллагааны хүрээнд л авсан гэдэг. Зээлийн гэрээнээс бусад үндэслэлээр шаардах эрхтэй талаар Магадлалын 4е хэсэгт дүгнэсэн. Хариуцагч хамтын ажиллагаа байсан гэдгээ нотлоогүй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ үүссэн гэж үзэж байсан боловч уг үүрэг байхгүй болж байгаа учир нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоолж уг нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 10 жил байхаар заасан. 2012 оноос хойш 4 жилийн дараа С.С нь нас барсан, 2022 онд гэрчилгээ гарсан шүүхэд хандсан. Ш.Бгийн нөхөр Н.А нь манай гэр бүл авсан гээд зөвшөөрөөд, ах нь өгнө өө гэдэг. Ш.Бгийн өмнөөс Н.Амарсанаа яагаад төлөх гээд байгаа вэ, Эрх шилжүүлсэн гэрээ байхгүй байна гэж Арбитрын шүүх дүгнэсэн. Бид үүрэг үүсээгүй гэдэг үндэслэлээр 492.1.1-д заасныг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийн бүхэлд нь хангах үндэслэлтэй. Учир нь авсан бол буцааж төлөх, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх ёстой. Хариуцагч тал татгалзлаа нотолсон ямар нэгэн баримт байхгүй байна...Маргаантай харилцааг эцсийн байдлаар гараагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрчлөлт орох боломжгүй байгаа. Бид гэрчилгээнд заасан 20,000 ам долларыг л шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Иргэн Д.Э нь анх 2022 оны 7 дугаар сарын 28 ны өдөр тус дүүргийн шүүхэд хандаж Ш.Б надаас 99,720,495 төгрөгийг нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн анхан шатны шүүх хурал Ц.Амармэнд шүүгчийн Сүхбаатар дүүргийн Иргэний даргалснаар хуралдаж 181\Ш32022\16761 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Д.Эын нэхэмжлэлтэй Ш.Бд холбогдох 31,500 ам.доллар буюу 99,720,495 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээн анхнаасаа уг гэрээ гэгчийг хүчингүй хэмээн үзэж захирамжилсан.
Д.Э тус захирамжийг үл зөвшөөрөн гомдол гаргаж Ерөнхий шүүгчид хандсанаар 2 дахь шүүх хурал 2023 оны 1 дүгээр сарын 18-нд дахин хуралдаж 181\ШШ2023\00 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 281.1, 282.3, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бгаас 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 31500 ам.доллар буюу 99.720.495 төгрөгийг гаргуулах тухай Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор бас шийдсэн. Д.Э мөн л уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар дахин гомдол гаргасан. Уг гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал, шүүгч Ц.Аийн даргалснаар шүүгч Э.З, Г.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 4 дүгээр сарын 5-нд Д.Эын мөнөөх л гомдлыг дахин хэлэлцэн хуралдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18 ны өдрийн 181/ШШ2023/00 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281-р зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ...." гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй хэмээн 210\МА2023\00... тоот магадлал гаргасан. Харин энэ удаад Д.Э Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж Улсын дээд шүүхэд хандаагүй. Иргэн Д.Э хяналтын журмаар Улсын дээд шатны шүүхэд давж заалдах гомдол хуулийн хугацаанд гаргаагүй мөртөө дахин анхан шатны шүүхэд мөнөөх л зээлийн гэрээний асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг би эсэргүүцэж байна. Энэ гомдлыг би Хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э нь түүний ээж талийгаач С.С бид хоёрын хооронд хийгдсэн бизнесийн тохироог мэдэхгүй мөртөө өөрт нь үзүүлэх гэж ёс төдий гэрээний загварын дагуу хийгдсэн бичгийг үндэслэн удаа дараа мөнгө нэхэмжилж байгаагаар зогсохгүй улмаар талийгаач ээжийнх нь үхлийн шалтгаан надаас болсон хэмээн шууд намайг гүжирдэж байгаа нь эрдмийн зэрэг цолтой, Монгол Улсын Их сургуулийн хуулийн сургуулийн багш, мэргэжлийн хуульч хүнд огт байж боломгүй, ёс зүйгүй байгаад би харамсаж байна.
Талийгаачийн нас барсан явдлын тухайд гэвэл цус харвалт өгөх үедээ бидний бас нэг гэр бүлийн найзтай хамт өөр ажил хөөцөлдөн явж байхдаа харвалт өгсөн байдаг. Хамт явж байсан, түүнийг түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн хүн нь одоо ч амьд сэрүүн байгаа. Талийгаач юунд явж байсан юу ярьж байсныг гэрчлэх хүн байгаа гэдгийг энэ тайлбараар дамжуулан Б.Эд уламжилъя.
Энэхүү зээлийн гэрээ гэгдэх баримт нь иргэн талийгаач С.С бид хоёрын хооронд яригдсан бизнест хамтрах, миний хийж байсан бизнесийг худалдан авах, надад дэмжин туслах тухай яриа байсан. Ингэснээр надад 2012 оны 6 сард дээрх мөнгийг өгсөн. Тэр үед ямар нэгэн гэрээ хэлцэл бичиг баримт үйлдээгүй. Дараа нь чамд мөнгө өглөө гээд манай охин Б.Э нь уурлаад аашлаад байна хоёул гэрээ хийе гэсний дагуу Б.Эд үзүүлэх бичиг баримт үйлдсэн. Зээлийн гэрээ байсан бол би 20,000 ам.доллар хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар батлуулан, авсан мөнгөн тэмдэгтээ бичих байсан.
Талийгаач С.С надад мөнгөө төлөх талаар удаа дараа утасдаж, уулзаж сануулж байсан зүйл байхгүй ээ. Уг мөнгө авсан асуудал 2012 оны 8-р сарын 6 ны өдөр биш, 2012 оны 6 дугаар сард болсон асуудал. Яагаад гэвэл би талийгаач Саранцэцэгийн ажиллуулж байсан "Натур хүнсний дэлгүүрийн санхүүгийн бичиг баримтыг 2012 оны 4 дүгээр сарын сүүлээс 6 дугаар сарын сүүл хүртэл 2012 оны санхүүгийн 2 дугаар улирал дуусахаас өмнө янзалж цэгцэлж өгсөн. Тухайн үед харилцан тохиролцож бизнесийнхээ бэлтгэн нийлүүлэгчийн хаяг, худалдан авдаг барааны үнэ ханш, эрэлт хэрэгцээний тухай мэдээллийг өгч, мөнгө авсан болохоос мөнгө зээлээгүй. 2012 оны 8 дугаар сард Д.Эд үзүүлэх гэрээ гэгч зүйлийг нөхөж бичсэн.
Хэрвээ зээл байсан бол 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл Талийгаач С.С амьд сэрүүн байхдаа яагаад нэхэж байгаагүй юм. Ээжийнхээ амьд сэрүүнд Д.Э яагаад шүүхэд өгөөгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах боломж, цаг хугацаа хангалттай байсан. Өөрөө ч хуульч хүний хувьд сайн мэдэж байгаа. Яагаад заавал ээжийгээ нас барсны дараа удаа дараагийн бүх шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдсон гэрээ гэгчийг барин хуульчийн өндөр боловсрол, эрдмийн цол зэргээрээ түрий барьж зөвхөн нэг харилцаанд төрөл бүрийн өнцөг гарган өөр өөр үнийн дүнтэй нэхэмжлэл гаргаад байгаа нь хачирхалтай юм. Монголын олон улсын ба үндэсний арбитрын болон Шат шатны шүүхийн гаргасан шийдвэрүүдийг үл хүндэтгэн өөрийн таалалд нийцүүлэх гэж улайрч байгаа нь хуульч хүний хувьд байж боломгүй үйлдэл юм. Ийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.2 Хариуцагч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёр уялдаа холбоогүй байна. Нэхэмжилж байгаа зүйлээ бичихдээ 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан. Зээл хүү төлөөгүй гэдэг. Шүүхийн шийдвэрт заасан өвлөгчийн шаардах эрхийг хөндөөгүй гэдгийг үндэслээд байна уу зээлийн гэрээг үндэслээд байна уу, Арбитрын шүүх зээлийн гэрээ биш гэж үзсэн, Иргэний шүүх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлага биш юмаа гэдгээ өөрсдөө нотлох ёстой. Гэрээний бус харилцаа гэж үзэж байвал шүүхэд гарган өгч байгаа нотлох баримтуудаар нэхэмжилж байгаа байх. Хэрэгт авагдсан өв залгамжлалын гэрээг харвал зээлийн гэрээний эрхийг өвлөж авсан. 2012 онд өгсөн, 4 жилийн дараа С.С нь нас барсан. Хууль бусаар өмчлөлд байсан бол хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Гэхдээ хууль бусаар алдаагүй оронд нь зээлийн гэрээ хийх гэж оролдсон. Өнгөрсөн үйл явдлыг өнөөдөр шүүхэд гаргаж байгаа. Шаардлагын үндэслэлээ солиод яваад байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 0025, Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 0025 Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2023/00 дугаар магадлал, ханшийн лавлагаа, дансны хуулгын хуулбар хувь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00 дугаар шийдвэрийн хуулбар,
3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт: урьд шүүхэд гаргаж байсан гэх тайлбарууд, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 181/ШЗ2022/ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаар ... Монголын Олон Улсын ба үндэсний арбитрын шийдвэр,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Голомт банк ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 14/хх103-651 албан бичиг, түүний хавсралт 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн С.Сийн дансны хуулга зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч П.Б.Э нь хариуцагч Ш.Бд холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 69,099,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хамтын ажиллагааны үндсэн дээр шилжүүлэн авсан үндэслэлээр буцаан өгөхөөс татгалзсан.
6. Хэрэгт цугларсан баримт, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Дархад овгийн Сэржмаагийн Саранцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барж, өв нээгдсэн ба нэхэмжлэгч буюу төрсөн охин Боржигон овогт Д.Э нь түүний хууль ёсны өвлөгч мөн болох нь хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх-ийн 5-6/
6.2 Нэхэмжлэгчийн эх С.С нь хариуцагч Ш.Бд 2012 онд 20,000 ам.долларыг шилжүүлэн өгсөн үйл баримтад талууд маргаангүй. Нэхэмжлэгч С.Сийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан. /хх-ийн 77-78/
6.3 Зохигч мөнгө шилжүүлэн өгсөн, авсан үйл баримтад маргаангүй ч түүний зориулалт, талуудын хүсэл зоригт маргаантай.
6.4 Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 99,720,495 /20,000 ам.доллар, хүү, алдангийн хамт/ төгрөгийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүчин төгөлдөр арбитрын шийдвэртэй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16761 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, арбитрын шийдвэр тус тус хэрэгт авагдсан. /хх-ийн 42-54/
6.5 Д.Э нь Арбитрын шүүхэд Ш.Бгийн нөхөр Н.Амарсанаад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, арбитрын шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
6.6 Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Э нь Ш.Бд холбогдуулан гаргасан тус зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаар нотлогдож байна. /хх-ийн 7-9, 81-87/
7. Нэхэмжлэгч тал нь С.С, Ш.Б нарын хооронд 2012 оны 08 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, түүнд 20,000 америк долларыг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож, 20 000 америк долларыг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр олгосон, харин зээлийн гэрээний дагуу шаардах үндэслэлгүй талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, өөр үндэслэлээр мөнгө хүлээлгэж өгсөнтэй холбоотой шаардлага гаргах өвлөгчийн эрхийг нээлттэй үлдээсэн гэж тайлбарлаж байна.
7.1 Шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэг үндэслэлээр зээлийн гэрээний дагуу шаардаж урьд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй нөгөө талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 718 дугаар магадлалд Талийгаач С.Сээс хариуцагч Ш.Бд өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөс шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно гэж дүгнэсэн байх тул шүүх энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй.
8. Шүүх зөвхөн хэрэгт цугларсан баримтад үндэслэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийх үүрэгтэй.
8.1 Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвлөх эрхийн гэрчилгээ, хүсэлт, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэр, Арбитрын шийдвэр, дансны хуулга, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг баримт авагдсан. Эдгээр баримтаас хариуцагч Арбитрын шийдвэр болон шүүгчийн захирамжийг өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтаар гарган өгсөн.
8.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан өөрийн татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй.
8.3 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Талуудын хооронд хөрөнгө оруулалтын журмаар өгсөн гэж үзэж байгаа, хамтын ажиллагааны үндсэн дээр авсан зэргээр тайлбарлаж байх боловч тайлбар, татгалзлыг нотлох аливаа баримт гарган өгөөгүй.
8.4 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Гэрээний бус үүрэг, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа гэж тодорхойлж, шаардаж байна.
Иргэний хуулийн гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 4 дүгээр хэсгийн, 1-р дэд хэсэгт хуульд зааснаар үүсэх үүрэг, 51-р бүлэгт Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг зохицуулсан.
Түүний гуравдугаар дэд бүлэгт Үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцааг зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж хууль зүйн үндэслэлийг заасан.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, эд хөрөнгө олсон явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байхыг шаарддаг.
Иймд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн байх ёстой гэж маргасан. Гэвч хөрөнгө буюу 20,000 ам долларыг хариуцагч олж авсан, олж авсанд маргаангүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж үүргийн дагуу шилжүүлсэн боловч үүрэг үүсээгүйг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул уг зохицуулалтын дагуу шаардах эрх үүсжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бгаас 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 503,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА