| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01207/И |
| Дугаар | 181/ШШ2024/02726 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02726
2024 07 18 181/ШШ2024/02726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... гудамжид байрлах, БХОМ ТБАГ /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б.Б /РД:.../-т холбогдох,
БХОМ ТБАГ-ын эзэмшлийн Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар, Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой гэх судруудыг хууль бус эзэмшигч Б.Баас гаргуулж, хууль ёсны эзэмших эрхийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,
Хариуцагч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл шинжээч, эрдэмтэн Ж.Ц агсан 2014 онд Заябандид Намхайжамцын хөрөг баримал, түүний өмсөж байсан баншуу малгай болон Зш судрыг манай музейд хандивласан юм.
Дээрх 5 дурсгалт зүйлийг зохих заавар, журмын дагуу музейн үзмэрт бүртгэн авч хувийн дугаар өгч хадгалсан билээ. Ж.Ц нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баар дамжуулан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "БХОМ"-н захиргаанд хандаж "Ж.Ц нь өөрийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах болсон тул 2014 онд "БХОМ"-д хүлээлгэн өгсөн "Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой" судар, "Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой" гэх судруудыг түр хугацаагаар эзэмшүүлж тусална уу" гэх утга бүхий хүсэлтийг гаргасан.
Ж.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Бын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/5227 тоот зөвшөөрөл, БХОМн захирал О.Мы 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/36 тоот тушаалыг тус тус үндэслэн "Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар (хэмжээ 22х9,5см, хуудас22), БОМ2014.5.3 хувийн дугаартай "Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой" (хэмжээ:43х16см, хуудас 63) гэх нийт 2 ширхэг судрыг Ж.Цгийн зохион байгуулах гэж буй үзэсгэлэнд оролцуулахаар "Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ" байгуулах болсон. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ж.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 06 дугаартай "Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулж Б.Бт дээрх судруудыг хүлээлгэж өгсөн.
Уг гэрээ нь 2017 оны 06 сарын 28-наас 2017 оны 12 сарын 28-ны өдрийг дуустал нийт 6 сарын хугацаатай байгуулагдсан хэдий ч гэрээний хугацаа дуусгавар болоход Б.Б нь гэрээгээр хүлээж авсан "Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой" судар, "Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой" гэх судруудыг "БХОМ"-д хүлээлгэж өгөөгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш Б.Бт аман болон бичгийн хэлбэрээр хандаж гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан боловч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай "Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ"-ний 5.1 дүгээр зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан "Гэрээ дуусгавар болоход Эд өлгийн зүйлүүдийг эх төрх, бүрэн бүтэн байдлаар буцаан Эд өлгийн зүйлийг эзэмшигчид албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Нэгэнт Б.Бд судруудыг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусаж, Б.Б нь судрыг өгөхгүй байгаа тул Б.Б нь тухайн судруудыг хууль бусаар эзэмшиж байна. Тиймээс тухайн судруудын эзэмшигч болох "БХОМ" ТБАГ нь эзэмшигчийн үүднээс тухайн судруудыг Б.Бын хууль бус эзэмшлээс гаргуулж авах хүсэлтэй байна.
"Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой" судар, "Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой" гэх судруудыг үзэсгэлэнд оролцуулах хүсэлт гаргаж, судруудыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө авахуулсан Ж.Ц нь нас барсан бөгөөд дээр дурдсан судрууд нь одоо Б.Бт байгаа болно.
Иймд, "БХОМ" ТБАГ-ын эзэмшлийн "Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар (хэмжээ 22х9,5см, хуудас22), БОМ2014.5.3 хувийн дугаартай "Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой" (хэмжээ: 43х16см, хуудас 63) гэх 2 ширхэг судрыг хууль бус эзэмшигч Б.Баас гаргуулж, дээрх судруудын хууль ёсны эзэмшигч болох "БХОМ" ТБАГ-т олгож, "БХОМ" ТБАГ-ын дээрх судруудыг эзэмших эрхийг хангаж өгнө үүИргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар судруудыг музейд бэлэглэсэн учир нэхэмжлэгч нь өмчлөгч юм. Хариуцагч Б.Б нь түр эзэмших гэрээ байгуулж судруудыг хүлээн авсан учир гэрээний үүргээ биелүүлж буцаан өгөх үүрэгтэй. Иймд өмчлөгчийн эрхийн дагуу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардлагаа гаргасан гэв.
2. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Батхуяг овогтой Батжав би өөрийн авга ах Ж.Ц агсны хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний Итгэмжлэлийн дагуу БХОМд хадгалагдаж байсан Цагаан шүхэрт, Алтан гэрэл судруудыг эргүүлэн авахтай холбоотой асуудлыг хөөцөлдөн 2017 оны 06 дугаар сарын 28 нд гэрээ байгуулж хүлээн авч ах Ж.Цд хүлээлгэн өгсөн болно.
Энэ асуудал үүсэх болсон шалтгаан болсон үйл явц: Миний авга ах Ж.Ц өөрийн аав Живзун болон нутгийн бусад хоёр хүнээр /бүгд 1930- аад оны дунд үе хүртэл Манханы хийдийн лам нар байсан/ дамжин ирсэн, 60-аад жил нууцлан хадгалж байсан Ойрдын Зая Бандидатай холбоотой түүхэн дурсгалт зүйлсийг Өөрийн санаачилгаар 2014 оны 01 дүгээр сарын 03-нд БХОМд ямар нэг үнэ, төлбөргүйгээр хүлээлгэн өгсөн.
Гэтэл үүний дараахнаас ахын минь бие муудаж бусдын дэмжлэггүй явж чадахгүй болсон төдийгүй өөрийн төрсөн охин нь өвчний улмаас нас барсан. Энэ байдал ахад минь хүндээр нөлөөлж бие нь доройтож байв. Үүнээс шалтгаалан музейд өгсөн зүйлс дунд байсан өөрийнх нь хэлснээр өөрийнх нь аавынх нь уншдаг байсан, үзмэрт холбогдолгүй дээрх судруудыг эргүүлэн авч буян үйлдэх зорилгоор хэрэглэх хүсэлтэй байгаагаа надад хэлж улмаар энэ хүсэлтээ 2016 оны 09 дүгээр сарын 29-нд бичгээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд байсан н.Батсуурьт надаар дамжуулан өгсөн болно. Тухайн үед сайд энэ өргөдлийг Соёлын газрын дарга Н.Бод шийдэж өгөх үүрэг өгөн шилжүүлсэн бөгөөд Болд энэ асуудлыг яамны дэргэдэх Соёл урлагийн зөвлөлд хэлэлцүүлсэн ба надад хэлснээр тус зөвлөлөөс удахгүй болох улсын тооллогоор оруулан хасаж, эргүүлэн өгөх зөвлөмж гаргасан. Тухайн үед тооллогыг хариуцан хийх байгууллага нь Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн газар байсан тул Ж.Ц ах 2017 оны 01 дүгээр сарын 30-нд тус агентлагийн дарга Г.Эд уг асуудлаар хандан хүсэлт гарган, хүсэлтийг би биечлэн өгч, учир байдлыг тайлбарласан.
Энэ асуудлаар тухайн үед музейн захирал байсан О.Мтай байнга харьцан ярилцаж байсан ба БХОМн захиргаанд 2017 оны 05 дугаар сарын 04-нд дээрх судруудыг шашин номын зориулалтаар түр авах, энэ асуудлыг өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрөө хөөцөлдөх боломжгүй байгаа тул надаар өөрийгөө төлөөлүүлэх өргөдөл гаргасан. Удаан хөөцөлдсөний дүнд 2017 оны 06 дугаар сарын 28-нд хоёр судрыг түр эргүүлэн олгох болсныг надад хэлж би тус музейд очсон боловч хүсэлт гаргаж өөрөө ирэх боломжгүй бол албан ёсны итгэмжлэл бүхий хүнд өгнө гэсний дагуу зохих итгэмжлэлийг бүрдүүлж уг судруудыг хүлээн авч тэр даруй Ж.Ц ахад гэрт нь хүргэж өгсөн болно.
Энэ асуудалтай холбоотой зарим тодруулга тайлбарууд: Дээрх судруудыг түр авч болох талаар бид мэдэхгүй байсан бөгөөд энэ талаар музейн захирал байсан О.М надад удахгүй болох тооллогоор шийдэгдэх хүртэл ийм боломж байгааг хэлж, бид үүний дагуу хөөцөлдсөн. Үүнийг нөхцөл байдлыг сайн мэдэж байсан захирал О.Мы ахад минь туслах гэсэн санаа байсан гэж би ойлгосон. Учир нь бидний хүсэлт гаргасан сайд дарга нар бүгд асуудлыг нааштай шийдэж өгөх хариу өгч байсан ба бид ч өөрсдийн үнэ, төлбөргүй өгсөн зүйлсээсээ хоёр судрыг л эргүүлэн авах хүсэлт гаргасан тул асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэж байв.
Эдгээр түүхийн үнэт зүйлийг миний ах нууцлан хадгалж ирсэн бөгөөд 2010 онд Ж.Ц ахын бичиж би хэвлэлтийг нь хариуцсан "Захчины Товчоон" нэртэй захчин олны түүх, уламжлалт ёс заншлын тухай номонд анх оруулан, зургийг нийтэлснээс хойш хүмүүс холбогдож асууж, сурж эхэлсэн төдийгүй гаднаас ч хүмүүс ирж уулзах болсон. Тухайлбал Оросын Холбооны Улсын Халимаг улсаас тус улсын ерөнхийлөгч байсан Илэмжиновын бие төлөөлөгч ирж худалдан авах хүсэлт тавин, 1 сая$ санал болгож байсан ба Дилав хутагтийн сангаас сүм барих, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиньжан дахь Ойрд судлалын төвөөс хамтран судлах, Хөх Нуурын Дээд монголчууд, Шиньжан дахь ойрд, торгуудуудаас тэнд авчирч мөргөл үйлдүүлэх хүсэлт ирж байсан ч зөвшөөрөөгүй. Манай зарим нэг хүмүүс ч зарвал өндөр үнэ хүрэх талаар надад хэлж байсан.
Үүнээс гадна 1990-ээд оны эцсээр Манхан суманд байдаг манай хамаатнууд суманд шинээр байгуулагдсан хийдэд дээр үеэс хадгалагдан ирсэн алтадмал Майдар бурхан хандивласан боловч хулгайд алдсан байдаг. Эдгээр мэдээллийг энд хавсаргасан үзмэрүүдийг музейд өгөх үед хийсэн ярианы тэмдэглэлээс үзэж болно. Энэ бүхнийг дурдах учир нь энд яригдаж буй судруудыг ах маань ямар нэг өөр зорилгоор аваагүй гэдгийг нотлох гэсэн юм.Хэдийгээр бид эдгээр үнэт зүйлсийг хуулийн дагуу бүртгүүлээд өөрсдөө хадгалж байж болох байсан ч олон нийтэд үзүүлж, хүргэх, үүднээс музейд өгөхөөр шийдсэн юм.
Эдгээр дурсгалуудыг бид музейд өгөхдөө хэрхэн хадгалах, музейн аль хэсэгт байрлуулах, ямар зорилгоор ашиглахгүй байх гэх мэт тодорхой нөхцөлүүдтэй өгсөн бөгөөд энэ заалт нөхцөлүүдийг тодорхой заасан, хэрэв зөрчсөн тохиолдолд ар гэр хамаатнууд бид буцаан авах заалтыг тусгасан гэрээ байгуулж баталгаажуулахаар тохиролцсон боловч одоо хүртэл ямар нэг гэрээ хийгдээгүй буюу өөрөөр хэлбэл эдгээр үнэт зүйлсийг өгсөн, хүлээж авсан үйл явц хоёр талын эрх үүрэг, эзэмших, өмчлөх эрхийн харилцаа баталгаажаагүй гэсэн үг юм. Иймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлд ...хууль ёсны эзэмшигч... хэмээн өөрийгөө тодорхойлсон нь ямар нэг хууль эрхийн актаар баталгаажаагүй гэж үзэж байна.
Үзмэрүүдийг өгөх үед тохиролцсон зөвхөн Хааны өвлийн ордонд байрлуулах, ямар нэг засвар хийх үед бидэнд өгч хадгалуулж байх, өгсөн зүйлсэд багтсан Гэгээнтний шавийнх нь бичсэн "Сарны Гэрэл" гэх Зая Гэгээний намтрыг хэвлүүлэх гэх мэт олон асуудлууд /эдгээр нөхцөлүүдийг энд хавсаргасан Ж.Ц ах үзмэрүүдийг өгөх талаар өөрийн бичсэн хүсэлт, ССАЖ-ын сайд асан Ц.Од гаргасан хүсэлтээс харж болно/ зөрчигдөж, өнөөдрийн байдлаар гэхэд үзмэрүүдийг өвлийн ордноос гарган номын сангийн сүмд шилжүүлсэн төдийгүй уг барилга нь засварт орсон тул үзмэрийг бусдад үзүүлэх боломжгүй хаалттай байна.
Гэрээ байгуулагдаагүйгээс наад зах нь үзмэрүүдийг өгөх үеийн ярианы уулзалтын тэмдэглэлд байгаа хадгалуулах гэсэн тодорхойлолт, Ж.Ц ахаас ССАЖ-ын сайд асан Оюунгэрэлд гаргасан хүсэлтэд тэмдэглэсэн "хамтран эзэмшигч" гэдэг тодорхойлолт, хүлээн авсан талын хүлээлцэх акт, судруудыг түр авах гэрээн дэхь "бэлэглэсэн" гэдэг зөрүүтэй тодорхойлолтуудын аль нь зөв болох нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа үзмэрүүдийг хүлээлцэх үеийн ярианы тэмдэглэл, музейд эд өлгийн зүйлс хүлээн авсан акт, хүлээн авсан гэрээ нь гарын үсэг, тамга тэмдэггүй баталгаажаагүй байдаг.
Үүнээс гадна эдгээр дурсгалт зүйлсийг авахдаа музейн зүгээс Ж.Ц ахад яамны батламж, 20-30 сая төгрөгийн урамшуулах олгуулахаар амалж байсан ба би энэ амлалтын талаар яамдын сайд, дарга нарт хэлж байсан ч биелээгүй. Ж.Ц ахын энэ талаар гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06 ны өргөдлийг нэхэмжлэгч талаас ирүүлсэн материалд хавсаргасан байсан.
Судруудын асуудлаар музейгээс утсаар нэг удаа судруудыг авчирч тоолуулах талаар хэлсэн бөгөөд надад албан бичгээр 2019 оны 03 дугаар сарын 29-нд хандсан. Энэ үед ахын бие муудаж, хэвтэрт орсон, харвалтын улмаас ярьж чадахгүй болсон байсан ба надад олгосон нэхэмжлэхийн 1 жилийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусаж би ямар нэг төлөөлөх эрхгүй болсон байв.
2023 онд БХОМн нэхэмжлэхийн дагуу намайг Эрүүгийн Цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан ба н.Ж.Ц ахын хүү, зээ нартай уулзаж асуусан. Цагдаагаас надад хэлсний дагуу би ахын гэрт нь очиж үлдсэн номууд бичиг цаас бүхий хайрцаг савыг үзэж хайсан боловч дээрх судрууд байгаагүй болно. Цагдаагаас дуудсаны дараа би Соёлын сайд Ч.Номинтой уулзаж бүх болсон зүйлийг танилцуулан судруудын талаар нааштай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн ба сайд энэ асуудлаар судалж шийдвэр гаргана гэсэн ч одоо болтол ямар нэг хариу өгөөгүй.
Би судруудыг авч өгснөөс хойш энэ талаар ахаас асууж сураагүй бөгөөд хэрхсэн талаар ямар нэг таамаг алга. Гэрт нь хуучин хамт ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд, өөрийнх нь сүүлд гаргасан номыг нь хэвлэлд бэлтгэсэн хүмүүс, орон нутгаас ирсэн лам нар, музейн ажилтан зэрэг хүмүүс ирж уулзаж эргэж байсан.
Эдгээр судрууд нь ямар нэг алт, мөнгө, үнэт зүйлсэн чимэглэл, зураг дүрсгүй, энгийн цаасан дээр бэхээр гараар бичсэн байсан ба хэрэглэж байсныг нотлох наалт, скочны мөртэй, нилээд элэгдсэн байсныг энд хавсрагдсан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Үзмэр Худалдан Авах Зөвлөлийн тэмдэглэл мэргэжлийн хүмүүсийн тодорхойлтоос үзэж болно.
БХОМн нэхэмжлэхэд эдгээр судрууд надад байгаа мэтээр дурдсан нь үндэслэлгүй бөгөөд миний 2016 оны 06 дугаар сарын 29-ний итгэмжлэлд зааснаар би ...музейн Захиргаанд хүсэлт гаргах, эд зүйлсийг хүлээн авахтай холбоотой... Ж.Ц ахыг төлөөлөх эрхтэй байсан. Энэ асуудал сөхөгдөн яригдах болсон нь хүүхдүүд, ахан дүүс бидний хувьд таатай бус байгаа ба бидэнд Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, Хэл шинжээч эрдэмтэн байсан ахын минь нэр хүнд юу юунаас эрхэм.
Сүүлийн үед хувь хүмүүсийн гар дээр Монголын түүх, соёлын болон шашны өвийн олон үнэт зүйлс хадгалагдаж байгаа ч тэдгээрийг найдвартай, хадгалж, хамгаалж чадах эсэхэд эргэлзэж, сүм хийд, музейд өгөхгүй байгаа ба дээр нь ийм үнэт зүйлсийг гадаадад гарган өндөр үнээр зарж борлуулах хандлага байгаа. Ийм цаг үед миний ах Ж.Ц эдгээр үнэт зүйлсийг өөрийн санаачилгаар, ямар нэг үнэ төлбөргүйгээр Улсад өгсөн.Ж.Ц ах дээрхи судруудыг өөрт учирсан бие болон сэтгэл санааны хүнд байдлын шалтгаанаар, өөрийн аав Живзуны шашин, номын зорилгоор уншиж, хэрэглэж байсан, музейд өгсөн үзмэрүүдтэй холбогдолгүй гэдэг үндэслэлээр, шашин номын зорилгоор хэрэглэх зорилгоор авсан.
н.Ж.Ц ах өөрийн өгсөн зүйлээс тодорхой учир шалтгааны улмаас судруудыг буцаан авах гэж хөөцөлдсөн тул энэ асуудлыг нааштай шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан ба миний биечлэн уулзаж байсан албаны хүмүүс бүгд тооллогоор жагсаалтаас хасаж өгнө гэж хэлж байсан гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Богд хаан ордон музейн захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ж.Цгоос Б.Бд олгосон итгэмжлэлийн хуулбар, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн БХОМн захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 06 дугаартай Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, түүний хавсралт түр хугацаагаар эзэмшүүлэх өлгийн зүйлийн мэдээллийн хуулбар, Техникийн тодорхойлолтын хуулбар, БХОМн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 40 Б.Бд хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Музейд эд өлгийн зүйл санал болгох өргөдлийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 01 Үзмэр худалдан авах зөвлөлийн хурлын тэмдэглэл-ийн хуулбар, БХОМн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар А/1 Музейн сан хөмрөгт үзмэр шинээр бүртгэж авах тухай тушаалын хуулбар, хавсралт, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Музейд эд өлгийн зүйл авах актын хуулбар, Талархлын батламжийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 1 Үнэлгээний комиссын хурлын протоколын хуулбар, үзмэрийн үнэлгээ гэх баримт, Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 5/5227 албан бичгийн хуулбар, БХОМн захирлын 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/36 Музейгээс үзмэр түр хугацаагаар гаргах тухай тушаалын хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 1 Музейд эд өлгийн зүйл авах гэрээний хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 01 Мэргэжил аргазүйн зөвлөгөөний протоколын хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн протоколын хуулбар, БХОМн захиргаанд гаргасан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өргөдлийн хуулбар, Ж.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, БХОМн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар Б/078 тушаалын хуулбар, Э.Бт олгосон итгэмжлэл,
3.2. Хариуцагч Б.Баас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: хүсэлтүүд, протокол, хурлын тэмдэглэл, итгэмжлэл зэргийн хуулбарыг гарган өгсөн.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: БХОМн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч БХОМ нь хариуцагч Б.Бд холбогдуулан БХОМ ТБАГ-ын эзэмшлийн Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар, Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой гэх судрууд-ыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, хууль ёсны эзэмших эрхийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6. Хариуцагч Б.Б нь тухайн судруудыг итгэмжлэлийн дагуу авч Ж.Ц агсанд хүлээлгэн өгсөн, одоо хаана байгааг мэдэхгүй, эд өлгийн зүйлийг музейн өмчлөлд шилжүүлсэн гэрээ хэлцэл байхгүй, хариуцагч биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь зохигч өөрийн шаардлага, татгалзлыг өөрсдөө нотлох үүрэг хүлээдэг бөгөөд шүүх хэрэгт цугларсан хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтын хүрээнд дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:
7.1 Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон судруудыг анх БХОМд хүлээлгэн өгсөн Ж.Цг өөрийн авга ах гэж тайлбарласан, энэ талаар хэрэгт баримтгүй боловч зохигч маргаагүй.
7.2 Нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар, Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой гэх судрууд-ыг Ж.Ц нь БХОМд хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, өөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Музейд эд өлгийн зүйл санал болгох өргөдлийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Үзмэр худалдан авах зөвлөлийн хурлын тэмдэглэл-ийн хуулбар, БХОМн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар А/1 Музейн сан хөмрөгт үзмэр шинээр бүртгэж авах тухай тушаалын хуулбар, хавсралт, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Музейд эд өлгийн зүйл авах актын хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Музейд эд өлгийн зүйл авах гэрээний хуулбар, Мэргэжил аргазүйн зөвлөгөөний протоколын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 15, 17-28, 36-39/
7.3 Зохигч Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар, Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой гэх судрууд-ыг Ж.Ц нь БХОМд хүлээлгэн өгсөн үйл баримт, цаг хугацааны хувьд маргаагүй.
7.4 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд хууль ёсны эзэмшигч мөн учир Б.Бын эзэмшлээс гаргуулах гэсэн үндэслэлийг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөгч болсон гэж үзэж тус судруудын өмчлөгчийн хувиар шаардаж байгаа гэж тодруулж, мэтгэлцэж байна.
Зохигчийн маргааны зүйл нэхэмжлэгч тус судруудын өмчлөгч мөн эсэх, тухайн судрууд хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа эсэх, эзэмшил нь хууль бус эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай.
7.5 Дээрх судруудыг Ж.Ц нь БХОМ ТБАГ-т өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, холбогдох баримтуудыг үйлдсэн боловч хожим буцаан авах хүсэлтээ илэрхийлж, хариуцагч Б.Бт олгосон итгэмжлэлд үндэслэн Б.Б нь судруудыг эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримт нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ж.Цгийн өргөдөл, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл, Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх тухай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, түүний хавсралтууд, тайлбаруудаар тус тус нотлогджээ. /хх-ийн 4-13-р тал/
7.6 Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх тухай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 3.1-т Энэ гэрээ нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаатай байна, 5.1.2-т Гэрээ дуусгавар болоход Эд өлгийн зүйлүүдийг эх төрх, бүрэн бүтэн байдлаар буцаан Эд өлгийн зүйлийн эзэмшигчид албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус зааж, гэрээнд түр хугацаагаар эзэмшигч Ж.Цг төлөөлж Б.Б гарын үсэг зуржээ.
7.7 Уг гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд дээрх судруудыг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэж өгөөгүй талаар зохигч маргаагүй, хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд тухайн үед итгэмжлэлийн дагуу судруудыг хүлээж аваад Ж.Ц ахад аваачиж өгсөн. Мөргөөд дэрэн дороо хийж байна. Түүнээс хойш судруудыг хараагүй, 2022 онд Ж.Ц нь нас барсан гэж тайлбарлаж байна.
7.8 Шүүх зөвхөн хэрэгт цугларсан зохигчийн шүүхэд гаргаж өгсөн, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэж хууль хэрэглэн хэргийг шийдвэрлэдэг ба нэхэмжлэгч БХОМ ТБАГ нь маргааны зүйл болсон судруудыг хариуцагчийн эзэмшилд байгаа талаар нотлох баримт гарган өгөөгүй, хариуцагчийн эзэмшилд бодитой байгаа эсэх талаар нотлоогүй.
Шүүхээс гарсан аливаа шийдвэр биелэгдэх боломжтой, аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх учиртай.
7.9 Нэхэмжлэгч тал Ж.Цгийн эд өлгийн зүйлийг музейд хүлээлгэн өгсөн үйл баримтыг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасанд үндэслэн судруудын өмчлөгчийн эрх үүссэн гэж, улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин мэтгэлцсэн.
Гэвч хариуцагч Б.Б нэхэмжлэгч БХОМ ТБАГ нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй/зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр Ж.Цгийн нэрийн өмнөөс гэрээний харилцаанд орсон/, одоо маргаан бүхий судрууд нь хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа эсэх нь нотлогдоогүй, судрууд хаана байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
7.10 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл өөр үндэслэлээр, аливаа этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар БХОМ ТБАГ-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс Хутагт бусдад үл ялагдагч Цагаан шүхэр оршвой судар, Хутагт судрын аймгийн эрхэт хаан Алтангэрэл хэмээх их судар оршвой судрууд-ыг гаргуулах тухай БХОМ ТБАГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА