Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/02405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо,   тоотод оршин суух Ү овогтой Б Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо,   тоотод оршин суух, Х овогтой, Б М /РД: /-д холбогдох,

 

27,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Г нь Б.Мд холбогдуулан 27,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Мд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,150,000 төгрөгөөр, 300,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 170,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг нийт 27,120,000 төгрөг зээлдүүлжээ.

Ийнхүү Иргэний хуулийн мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..." гэж, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “....Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх” зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж тус тус зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 27,120,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч Б.М хариу тайлбартаа: “Би Б.Гтэй 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк мессэнжирээр танилцсан бөгөөд дараа нь амьдран сууна гэж хэлж бичдэг байсан. Би Б.Гээс мөнгө зээлэх нь бүү хэл мөнгө гуйж байгаагүй болно. Иймд миний бие Б.Гийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй мөнгийг зээлсэн бол хэзээ яаж, мөн дүн яах гэж зээлсэн баримттай хэлэхийг хүсч байна.” гэж маргажээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-3/, Дансны хуулга /хх-4-24/, Гадаад паспортын хуулбар /хх-67/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар /хх-30-31/, Дансны хуулга /хх-39-61/, Гадаад паспортын хуулбар /хх-70/, Мөнгөний тооцоо /хх-71-74/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-68/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр цахимаар харилцсан мессэж болон зурагт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх75-104/ баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Би Б.Мд 27,120,000 төгрөг зээлдүүлсэн, хуульд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар шаардах эрхтэй.” гэжээ.

3. Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Б.Гтэй дотно харилцаатай байсан, мөнгө зээлэх нь бүү хэл, мөнгө гуйж ч байгаагүй. гэж маргажээ.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.           

5. Зохигчдын дансны хуулгыг нэгтгэж үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 26,120,000 төгрөгийг “s, saihan ayalaarai hairaa, ss, orlogo, muuhai aashtad huurhun aashtaas” гэсэн утгаар шилжүүлжээ. Энэхүү шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан.

 

Харин хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 9,803,000 төгрөгийг “G, s, s zu, mashind bo turba” гэсэн утгаар шилжүүлжээ. /хх-39-61/

 

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудал байна.

 

7. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч 2 талын харилцан нийцсэн саналын үндсэн дээр нэг тал нь мөнгө зээлэх, эсхүл зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө талын хүлээн зөвшөөрч хүлээн авсан хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг талаар хуульд заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь үүрэг хүлээсэн хэлцэл юм. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бодитоор хөрөнгийг шилжүүлснээр байгуулагддаг гэрээ биш юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэх хүсэл зориг байсан эсэх, энэхүү хүсэл зориг хэрхэн илэрхийлэгдсэн болохыг тогтоох учиртай. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч гоо сайханчаар ажилладаг, бараа авахаар зорилгоор нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, мөн нэхэмжлэгчтэй БНХАУ-ын Эрээн хотруу хамт явж бараагаа авсан, үүгээр зээл авах хүсэл зориг илэрхийлсэн” гэж тайлбарласан атлаа, хариуцагчид хэдий хэмжээний мөнгийг хэдий хүртэл хугацаанд өгсөн, мөнгө зээлж байсан гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байх ба энэхүү үйлдэл нь зээлийн гэрээний мөн чанар болон агуулгад нийцээгүй гэж үзэхээр байна.

 

8. Хариуцагч шүүх хуралдаанд “...Б.Г нь Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг, ажлын шугамаар өөрт нь мөнгө орж ирдэг байсан, тэр мөнгөө надруу шилжүүлээд бид хоёр хамтдаа хоёр гэрийнхээ хүнсийг дэлгүүрээс авдаг, манай хоёр хүүхдэд бэлэг аваарай гээд мөнгө шилжүүлсэн, мөн надад бэлэг авч өгсөн, би ч бас өөрт нь бэлэг авч өгч байсан, би нэхэмжлэгчээс зээлж аваагүй.” гэх тайлбар, хариуцагчид зээл олгосон болон зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрх хариуцагчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.

 

9. Зохигчдын хоорондоо харилцаж байсан цахим мэссэжид шүүхээс үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн баримтад хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэх, нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг шаардсан агуулга бүхий мэдээлэл авагдаагүй байх ба нэхэмжлэгчийн S M хаягнаас 2023.8.16-ны өдөр ...Миний хайр нэг завандаа хослол дээрээ өмсөх юм аваарай, Пүүзээ авахдаа залгаарай. Эсвэл конверсоо очоод авчихаа..., 2023.8.21-ний өдөр ...Миний хайр битгий юм бодоорой, за хэрэгтэй юмандаа зарцуулах хэрэгтэй, би чамаасаа юу ч харамлахгүй ээ, дуртай хувцсыг нь аваад өгөөрөй, за хайраа гуйж байна шүү... гэж харилцаж байснаас үзэхэд талуудын хооронд дотно харилцаа байсан, нэхэмжлэгчээс хариуцагчид хэрэгтэй зүйлдээ мөнгийг зарцуулах, хувцас худалдаж авах талаар зөвшөөрөл өгсөн, хэн алиндаа бэлэг худалдан авч, өгч байсан үйл баримт тогтоогдов.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Б.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөнгө зээлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

10. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хариуцагчид 1,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийн 1105368888 дугаарын дансанд орлого 1,000,000 төгрөг /selem/ орсон болох нь тогтоогдож байна. /хх-15/

 

11. Иймд нэхэмжлэгч Б.Гээс хариуцагч Б.Мд бараа худалдаж авах зорилгоор 26,120,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ