Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02826

 

 

                                   

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр             

          Дугаар 102/ШШ2024/02826

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх  дүүрэг, 12 дугаар хороо,   тоотод оршин суух Ц овогт Б Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо,   тоотод оршин суух Б овогт О А /РД: /-д холбогдох,

 

5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Ад холбогдуулан  5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

 

1.1 “Б.Б би 2022- оны 12 сард О.А болон түүний ах бид БМВ машины мотор худалдах худалдан авахаар тохиролцсон юм. БМВ (Engine kod N12.2012 он) моторын үнэ 12,000,000 төгрөгийн ханштай байсан ба 10,000,000 төгрөгөөр тохирсон. Ингээд би өөрийн эзэмшлийн BMW 320/F30 машинаас моторыг тайлуулан бэлэн болгосон. 2023 оны 01 дүгээр сарын 17-нд мотор авахдаа дагалдах сэлбэг өгөөч мөн одоо 5,000,000 төгрөг өгөөд машиндаа тавьж Банк бус байгууллагад барьцаанд тавьж үлдэгдэл 4,000,000 төгрөг өгье гэж гуйсны дагуу итгээд өгөөд явуулсан. Дагалдах сэлбэгт сорох хоолой инжектор өндөр даралт насос стартер зэрэг олон сэлбэгтэй авсан эдгээр сэлбэгээс 2 сэлбэг дээр алдаатай гэж оношилгоогоор гарж байсан. Тухайн үед би Батнасан гэдэг хүнээс 30,000,000 төгрөгөөр үнэлэн авсан машин байсан. Мөнгөний хэрэг гараад машинаа дараа босгоно гэсэн бодлоор Ад итгэж мотороо өгсөн байдаг. Ингээд А өөрийн 6362УБЗ дугаартай BMW520 машиндаа мотороо тавьж барьцаанд тавьж ажлаа амжуулсан боловч үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл өгөөгүй. Мөн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уулзаж зарим зүйлийг тайлбарлаж давхиж явж тест хийсэн байдаг. Үлдэгдэл төлбөрөө нэхэхээр шалтаг тоочдог утсаа авахгүй зэрэг үйлдэл нь итгэл эвдсэн хэрэг юм энэ тухай цагдаад хандаж бас үзсэн. Иймд анх тохирсон 10,000,000 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг хасаж мөн 12 сард мотор тайлуулсан зардал 200,000 төгрөг нийт 5,200,000 төгрөгийг гаргуулна.

1.2 Нэхэмжлэгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж мотор тайлуулсны хөлс 200,000 төгрөгөөс  татгалзаж, 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч  О.А  шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

            3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтэст гаргасан гомдол /хх-5/, Автобокс.мн сайтын 6362 УБЗ дугаартай автомашины мэдээлэл /хх-8/, Дансны хуулга /хх-28/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “БМВ машины мотор худалдах-худалдан авахаар тохиролцон БМВ (Engine kod N12.2012 он) моторын үнэ 12,000,000 төгрөгийн ханштай байсан ба 10,000,000 төгрөгөөр тохирсон ба 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд О.Аэс үлдэгдэл төлбөрт мотор тайлуулсан зардал 200,000 төгрөг нийт 5,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, мотор тайлуулсны хөлс 200,000 төгрөгөөс татгалзаж, 5,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч О.Ад шүүх 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.А нар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ”­-г амаар байгуулж, уг гэрээгээр BMW 320/F30 машиныг мотор, дагалдах сэлбэгийн хамт 10,000,000 төгрөгөөр О.А худалдан авахаар тохиролцон 5,000,000 төгрөгийг Б.Бт дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй автомашины мотор, дагалдах сэлбэгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон автомашины моторыг хүлээн авч, үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Б БМВ автомашины (Engine kod N12.2012 он) моторыг хариуцагч О.Ариун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч уг хөрөнгийг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнээс 5,000,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн дансны баримт, тайлбараар тогтоогдож байна. /хх-28/

           

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж заасан байх бөгөөд хариуцагч О.А энэ талаар гомдол гаргасан гэх баримт хэрэгт аваагдаагүй, мөн нотлоогүй тул БМВ автомашины (Engine kod N12.2012 он) моторыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

7. Хариуцагч О.А 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан боловч хариуцагч өмгөөлөгч аваагүй мөн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч О.А нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл биелүүлээгүй байна.

 

Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

8. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...О.А 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр моторыг дагалдах сэлбэгийн хамт аваад, одоо 5,000,000 төгрөг өгөөд Банк бус байгууллагад машинаа барьцаанд тавьж үлдэгдэл 4,000,000 төгрөг өгье гэж гуйсны дагуу итгээд өгөөд явуулсан.”, мөн  Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтэст гаргасан өргөдөл, гомдолдоо “...өнөөдрийг хүртэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй.” гэх тайлбараас үзэхэд хариуцагчаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Аэс 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ