| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/06591/И |
| Дугаар | 102/ШШ2024/02817 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/02817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Хоймор оффис 16 давхар, 1604 тоотод оршин байрлах “Ж э э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Н ш ш г гт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Ж э э” ХХК-ийн нь хариуцагч Н ш ш г гт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны цүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дүгээр шийдвэрээр “Ж э э” ХХК, болон А.Э нараас 823,197,152 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 сарын 29-ны өдрийн 4-171/175 дугаар “Үнэлгээний мэдэгдэл”- ийг 12 сарын 05-ны өдөр миний бие хүлээн авсан. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Ж э э” ХХК-ний барьцаа хөрөнгө болох, Я.Б, Н.М нарын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-*дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах, 379 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 905,245,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн доор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч “Ж э э” ХХК, түүнийг төлөөлөх Н.М, Я.Б нараас 3,000,000,000 төгрөгийн үнийн саналыг гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасан шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, энэ зүйлийн 43.7-д заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах эсэх талаар төлбөр төлөгчөөс тодруулаагүй, үнэлгээчин Ц.Оийг шинжээчээр оролцуулахыг огт мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоолоо ч танилцуулаагүй, дээрх хуульд заасан шинжээчийг татгалзан гаргах эрхээр төлбөр төлөгчийг хангах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй. Шинжээч Ц.Оээс хөрөнгийн үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээлцсэн гэх актыг шийдвэр гүйцэтгэгч баталгаажуулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээ мэдэгдэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хуулийн 13.1-д заасан үйл явц, үр дүнг баталгаажуулахаар тэмдэглэл үйлдээгүй үүргээ биелүүлээгүй, хууль зөрчжээ.
Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн гэж үзэхээр байна. Аливаа хөрөнгийн үнэ цэнэ нь өөрийн өртөг, жишиг үнэ, орлогоор тооцогдож, зах зээлийн бодит үнийг тодорхойлох байтал үнэлгээ хийх газартай ойролцоо гэх нийтэд худалдан борлуулахаар мэдээлсэн газрын үнийг үндэслэн арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоосон нь газрын үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.
Шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн газрууд нь үнэлгээ тогтоох газраас зориулалтын хувьд ялгаатай, тухайн газар эзэмшигчдээс өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан борлуулахаар цахим хаягт байршуулсан үнэ болохоос газрын бодит үнэ, өртгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна. Түүнчлэн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.
Иймд шинжээчийн 905,245,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Н ш ш г г хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр 28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дугаар шийдвэрээр А.Э, “Ж э э” ХХК нараас 823,197,152 төгрөгийг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22250852 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулж байна. Төлбөр төлөгч А.Э /Ш364020581/, “Ж э э” ХХК /РД:5373735/ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Я.Б, Н.Мт нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-*дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/22250852 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/22250852 дугаар тогтоолоор хураан, үнийн санал авахад эд хөрөнгийн өмчлөгч Я.Б, Н.Мт нар нь 3,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нь үнэлгээг эс зөвшөөрч шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн 1/942 тоот албан бичгээр ирүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/435 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч Ц.О тус хөрөнгийг 905,245,000 төгрөгөөр үнэлсэн болно. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-171/173, 4-171/174, 4-171/175, 4-171/176 дугаар тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Иймд барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Үнэлгээний мэдэгдэл /хх-5, 20/, “Ж э э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16/, “Ж э э” ХХК-ийн дүрэм /хх-17-19/, Мэдэгдэл /хх-77/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-28/, Хариу тайлбар /хх-38/, Гүйцэтгэх хуудас /хх-39/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.9.28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дугаар шийдвэр /хх-40-43/, Н.Мтын хүсэлт /хх-44/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсэх тухай тогтоол /хх-45/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-46/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-47/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-48/, Жижиг дунд үйлдвэрийн газрын хүсэлт /хх-49/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-49 ар/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэлэл, эрх үүрэг тайлбарласан баримт /хх-50/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-51-63/, Үнэлгээний мэдэгдэл /хх-64-66/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Ж э э” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хан-Уул дүүрэг, 4-р хороо, тоот хаягт байрлах, 379 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 905,245,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн гомдол гаргаж байна. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн гэж үзэхээр байна” гэжээ.
3. Хариуцагч Н ш ш г г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/435 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч Ц.О тус хөрөнгийг 905,245,000 төгрөгөөр үнэлсэн болно. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-171/173, 4-171/174, 4-171/175, 4-171/176 дугаар тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр 28-ны өдрийн 102/ШШ2020/02795 дугаар шийдвэрээр хариуцагч “Ж э э” ХХК, А.Э нараас 823,197,152 төгрөгийг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгож, Я.Б, Н.М нарын өмчлөлийн, эрхийн улсын Ү-*бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, тоот хаягт байрлах, 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. /хх40-43/
Дээрх шийдвэрийг “Ж э э” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 886 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/09195 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн үйл баримт тогтоогдсон. /хх45-47/
6. Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэж, уг ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно.”, мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцжээ.
7. Шийдвэр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, * тоот хаягт байрлах 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/22250852 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаа тогтоосон боловч төлбөр төлөгчийн төлбөр төлөгдөөгүй байна. /хх-45-46/
Ийнхүү Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/435 дугаар тогтоолоор шинжээч Ц.Оийг томилж, үнэлгээ тогтоолгожээ. /хх-49 ар тал/
8. Н ш ш г г шинжээч Ц.От Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл болон шинжээчид эрх үүргийг тайлбарласан байх бөгөөд шинжээч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 905,245,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг “Б” ХХК-ийн нэрээр ирүүлсэн байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргуулах ажиллагаа явагджээ. /хх51-62/
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...үнэлгээн дээр маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш 1,500,000,000-3,000,000,000 төгрөгийн хооронд байна...” гэсэн тайлбар нь гэрээний чөлөөт байдалд үндэслэсэн талуудын тохиролцоо болохоос бус үнэлгээнд хамраахгүй юм. Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх Үнэлгээний Олон Улсын Стандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоожээ. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын гурваас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, эзэмших эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөө хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахтай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
9. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарч төлбөр төлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. /хх-51ар тал, 65 ар тал/
10. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.
11. Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч, мөн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан болно.
12. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул Н ш ш г гт холбогдох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 379.42 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ж э э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ