Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 121

 

   Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,           

       Шүүгдэгч: Б.А, Ө.Н,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн А, Б овгийн Ө-гийн Н нарт холбогдох эрүүгийн 1735000000060  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 01-р баг 08-34 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, РД:ОЮ90020951, Х овгийн Б-ийн А.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт, Увс аймгийн Улаангом сумын 01-р баг 07-30 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОО87071479, Б овгийн Ө-гийн Н.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А, Б.А нар согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Б.А-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгчээр өгсөн : “Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20:40 цагийн орчимд Чандманийн 1-р буудал дээр ганцаараа зогсож байгаад  хөрш Н-тай тааралдсан юм. Тэгээд Н бид хоёр нэг газар орж юм ярингаа пиво уухаар  ярилцаж, такси бариад Чандманаас Улаангом сум уруу орж ирээд Андууд бааранд орсон. Бид хоёр “Андууд” бааран дотор 0,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво тус тус 1 лааз, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи авч бааранд бүжиглэнгээ авсан архи, пивоо хувааж уусан юм. Тэгээд 22:00 цагийн үед “Андууд” баарнаас гараад таксинд суугаад Чандманийн 01 дүгээр буудалд байх гэрийнхээ хашааны гадна ирж буусан бөгөөд такси явсны дараа Н нь надад “Чи хэн бэ” гэж хэлэхээр нь би “Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Н бид хоёр маргалдаж явангаа Н-гийн доод талын зэргэлдээ хашааны хөрш Г-ын гэр лүү ороход Г ах халамцуу гэртээ ганцаараа сууж байсан. Г ахын гэрт ороод Н бид хоёр дахин хэрэлдэхэд Г ах бид хоёрыг “Гэрээс гарч хэрэлд” гэж хэлэхээр нь Н бид хоёр Г ахын гэрээс гараад гудманд явж байтал Н надад “Чи хэн бэ, юу юм бэ, намайг мэдэх үү. Би чиний ахын чинь найз байна” гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Н-д “Тэгээд ахын найз гэхээр яадаг юм” гэж хэлээд Н-г зөрүүлээд мөн адил заамдаад авсан юм. Тэр үед Н миний нүүрэнд гараараа 2 удаа цохихоор нь би  зөрүүлээд Н-гийн нүүр лүү мөн адил гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зодолдож эхэлсэн бөгөөд бид хоёр нэг нэгнийхээ нүүр, толгой хэсэгт гараараа харилцан цохисон юм. Тэгж байтал Г ах хашаанаасаа гарч ирээд Н бид хоёрыг салгах гэж байгаад газарт уначихаад босож ирээд Н бид хоёрыг салгасан юм. Удалгүй цагдаа нар хүрч ирсэн юм. Би Н-гийн толгой, нүүр лүү нь гараараа олон удаа цохисон. Н мөн миний нүүр лүү гараараа олон удаа цохисон бөгөөд бид хоёр харилцан зодолдсон юм. Тэр үед гадна харанхуй, гэрэлгүй байсан. Тухайн зодооны үед миний дух язарч, нүүр шалбарсан. Н бид хоёр Г ахыг зодож цохисон зүйл байхгүй. Би Н-тай маргалдаж харилцан зодолдож Н-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Миний зүгээс Н-гаас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 03, 05-р тал/,

                2. Ө.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгчээр өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20:40 цагийн орчимд Чандманийн 01 дүгээр буудал дээр ганцаараа явж байгаад хөрш А-тэй таарсан юм. Тэгээд А бид хоёр уулзаад нэг газар орж юм ярингаа пиво уухаар болоод такси бариад Чандманаас Улаангом сум уруу орж “Андууд” бааранд орсон юм. Бид хоёр “Андууд” бааранд 0,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво тус тус 1 лаазыг уусан. Тэгээд А бид хоёр дахиад “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи аваад бүжиглэнгээ авсан 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр 22:00 цагийн үед “Андууд” баарнаас гараад таксинд суугаад Чандманийн 01 дүгээр буудалд байх гэрийнхээ хашааны гадна ирж буусан. Такси явсны дараа би Аэд “Чи хэн бэ” гэж хэлэхэд А надад “Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд А бид хоёр маргалдаж явангаа манай доод талын зэргэлдээ хашааны хөрш Г-ын гэр лүү ороход Г ах халамцуу гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд Г ах А бид хоёрыг “Гэрээс гарч хэрэлд” гэж хэлээд гаргасан юм. А бид хоёр Г ахын гэрээс гараад гудманд явж байгаад миний уур хүрээд байхаар нь би А-д “Чи хэн бэ, юу юм бэ, намайг мэдэх үү. Би чиний ахын чинь найз байна” гэж хэлээд би эхлээд А-ийг заамдаад авсан. А мөн адил намайг заамдсан юм. Тэгэхээр нь би А-ийн нүүрэнд гараараа 2 удаа цохиход А зөрүүлээд миний нүүр лүү мөн адил гараараа нэг удаа цохисон. Тэгээд А бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн бөгөөд бид хоёр нэг нэгнийхээ нүүр, толгойн хэсэгт гараараа харилцан цохисон юм. Тэгж байтал Г ах хашаанаасаа гарч ирээд А бид хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн юм. Би А-ийн толгой, нүүр лүү нь гараараа олон удаа цохисон бөгөөд яг хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна. А нь мөн миний нүүрлүү гараараа олон удаа цохисон бөгөөд бид хоёр нэг нэгэнийгээ харилцан цохисон юм. Тухайн үед А бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд бид хоёрыг зодолдож байтал Г ах хүрч ирж салгасан юм. Тэр үед харанхуй болсон байсан. Тухайн зодооны улмаас миний нүүр шалбарч, хамар хавдаж, хөхөрч цус гарсан юм. А бид хоёр Г ахыг зодож цохисон зүйл байхгүй. А бид хоёр маргалдаж, харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд бид хоёрын зүгээс нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Миний зүгээс А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, миний хувьд А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. А-ийн ах нь миний найз байсан бөгөөд би А-д чи намайг ахынхаа найз гэж бодсонгүй гэснээс болж бид 2-ын маргаан эхэлсэн. Зодооныг би эхлүүлсэн, миний буруу. Б.А бид 2-т холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11-р тал/,

                3. Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22:00 цагийн үед би Улаангом сумын 1-р багийн нутаг 08-55 тоот хашаанд байх өөрийн гэртээ ганцаараа байж байтал манай хөрш Н, А нар манайд согтуу орж ирсэн. Тухайн үед би гэртээ байсан шимийн архи уучихсан халамцуу байсан бөгөөд А, Н нар манай гэрт орж ирээд хоорондоо маргалдаад байсан юм. Тэгэхээр би тэр хоёрт “Та хоёр гэрээс гарч хэрэлд” гэж хэлэхэд А, Г нар  манай гэрээс гараад явсан. Тэгээд би тэр хоёрын араас гэрээсээ гараад хартал Н, А хоёр гудманд хэрэлдээд, нэг нэгнийгээ цохиод байсан тул би тэр хоёр дээр очоод салгах гэтэл тэр хоёр салахгүй байсан юм. Тэгээд би тэр А, Г нарыг салгах гэж байгаад муу хөлөөрөө бүдэрч унаад газарт байсан чулуунд толгойгоо цохиж гэмтсэн юм. Тухайн үед гадна харанхуй байсан. Тэгээд би босоод А, Г нарыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн юм. А, Н нар намайг зодож цохисон, түлхсэн зүйл байхгүй. Би А, Н нарыг салгах гэж байгаад өөрөө газарт бүдэрч унаад чулуунд толгойгоо цохичихсон юм. Тухайн үед миний зүүн талын хөмсөг язарч цус гарсан ба миний нүд орчим хавдаж хөхөрсөн юм. Би газарт унахдаа нүүрээр унасан бөгөөд ингэхдээ зүүн талын гараараа газар тулж унасан юм. Би А, Н нарыг салгах гэж байгаад бүдэрч газарт унаж өөрийн биед гэмтэл учруулсан явдалд ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

                4. Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Н нь миний үеэл ах юм. Н ах зан аашийн хувьд тогтвортой, аливаа зүйлд хүлээцтэй, эелдэг харьцаатай, даруу төлөв зан ааштай бөгөөд аливаа хүнд тусархаг, цайлган цагаан сэтгэлтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хүнтэй эв зүйгээ ололцчихдог хүн юм. Одоо Улаангом сумын 01 дүгээр багт аав, ээж, ахын хамтаар амьдардаг бөгөөд Н ах одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Н ах хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, эрүүл мэндийн хувьд ямэр нэгэн архаг хууч өвчингүй эрүүл хүн юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

                5. Гэрч Г.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Н бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс бөгөөд бид хоёр найзлаад 3 жил болж байна. Н нь зан аашийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хүнтэй зөв харьцаатай хүн юм. Мөн Н нь хүнтэй хэрэлдэж маргалдаад байгаагүй, аливаа ажилд эв дүй сайтай, хүнтэй зөв харилцдаг бөгөөд урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу хорт зуршилгүй юм. Н одоо Улаангом сумын 01-р багийн нутагт аав, ээж, ахын хамт амьдардаг бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Н нь хааяа найз нөхөдтэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

                6. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.А нь миний 2 дахь хүү юм. А хамт олон найз нөхөддөө тусархуу, нийтэч, зан аашийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, цагаан цайлган сэтгэлтэй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүн юм. А одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаангом сумын 01-р багийн нутагт дүү бид хоёрын хамт амьдарч байгаа. А хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ агсам согтуу тавиад байдаггүй юм. А өмнө нь 2 удаа ял шийтгэгдсэн бөгөөд 2017 оны 07-р сарын 01-ний өдрийн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр Ховд аймгийн хорихоос суллагдаж ирсэн боловч хорихоос гарч ирээд удалгүй 7 хоноод л дахин гэмт хэрэг үйлдэж, 500 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн юм. А бие, эрүүл мэндийн хувьд хэвийн, ямар нэгэн ярхаг хууч өвчингүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй хүүхэд юм. А Улаангом сумын Политехник коллежийг 2008 онд төгссөн бөгөөд тусгай дунд боловсролтой. А урьд өмнө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар өөрөө хичээж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

                 7. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №632 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ө.Н-гийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын муруйлт, дух, хамрын нуруу, баруун шанаа, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний улайлт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд  байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,

                8. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №633 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.А-ийн биед гэмтэл учирсан байна. Духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд  байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/,

           9. Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн засаг дарга Т.Пүрэвжавын 2017.10.16-ны өдрийн 998, 997 тодорхойлолтууд /хх-ийн 41, 47-р тал/,

           10. Шүүгдэгч Ө.Н-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/,

           11. Шүүгдэгч Б.А-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/,

           12. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 81 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 52-55-р тал/,

           13. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 56-60-р тал/,

           14. Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны Магадлал /хх-ийн 61-64-р тал/,

           15. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 65-70-р тал/,

           16. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот Ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж, Б.А-ийн зан байдал, засрал хүмүүжил, ял, хэргийн талаархи тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 71-72, 73, 74-р тал/,

           17. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 67 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 75-81-р тал/,

           18. Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот Ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамж, Б.А-ийн зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 82-84, 85, 86-р тал/,   

           19. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 87-89-р тал/,

           20. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.А, Ө.Н нарын эрүүлжүүлэгдсэн талаархи бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 90-91, 94-95-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.          

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.А, Ө.Н нар 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн нутагт согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ  эрүүл мэндэд  хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Б.А, Ө.Н нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Г-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №632, 633 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                 Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Н-гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын муруйлт, дух, хамрын нуруу, баруун шанаа, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний улайлт гэмтэл, шүүгдэгч Ө.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тус тус учирсан байх ба уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.А, Ө.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.А, Ө.Н нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа ойлгож, харилцан нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн, нэхэмжлэх хохиролгүй” талаараа тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

                   Шүүгдэгч Ө.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч  Б.А гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”–т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй болно.  

                   Шүүгдэгч Б.А нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялаа эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6,8 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоол буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 тоот шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

                  Шүүгдэгч Б.А, Ө.Н нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн А, Б овгийн Ө-гийн Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Н нарт тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ийн өмнөх шийтгэх тогтоол буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 456 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Н нар оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг тус тус дурдсугай.

                   5. Шүүгдэгч Б.А, Ө.Н нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.                

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А, Ө.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ,

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН